Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 1276

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2016/01073

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.О** цэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, *******н *** тоотод оршин суух, Ч*** Д*** /РД: *** /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, *** ХХК-д холбогдох,

 

"Ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэх тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д*** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *** ХХК-д 2013 оны 3 дугаар сарын 2-нд тогоочоор ажилд орсон. Тэгээд 2016 оны 6 дугаар сарын 29-нийг хүртэл би энэ компанид ямар ч алдаа дутагдал гаргалгүй ажиллаж ирсэн. Би ажиллаж байх хугацаандаа Эрүүл мэндийн газраас сумын жуух бичгээр шагнуулж, цалингийн 10 хувийн нэмэгдлээр урамшуулал авч байсан. 2016 оны 6 дугаар сарын 28-ны өглөө О** эмч бид нарыг зэрлэг зулгаа гэж хэлсэн. Орой 16 цагийн үед бид нар бүгдээрээ талбайн зэрлэг зулгаасан бөгөөд Б*** эгч ирээгүй. Тэгээд оройн хоолны цаг болох гээд бид нар зэрлэгээ зулгааж дуусаад Б*** эгчийг ирээгүй юм чинь үлдсэн зэрлэгээ түүнд үлдээе гэж бүгд ярилцаад ажилруугаа орох гэтэл менежер А*** та нар энэ жоохон хэсгээ дуусгасангүй. Ямар арга хэмжээ авахыг мэдэж байгаа биздээ гэж хэлсэн. Тэгээд зарим хүмүүс нь ажлын цаг дууссан болохоор явлаа гээд явцгаасан. Би хоолны материалаа батлуулах гээд О** эмчийн өрөөнд ортол О** эмч *******, А*** нар бүгдээрээ ууртай сууцгааж байсан бөгөөд О** эмч та нар юу ч хийгээгүй зүгээр суусан байж, өндөр цалин авдаг. Хуучин ажилчид шинэ ажилчиддаа дандаа буруу үлгэр дууриал үзүүлдэг. гэж хэлэхэд нь би бид нар зэрлэгээ зулгаасан ш дээ гэж хэлчихээд материалаа батлуулаад гараад явсан. 2016 оны 6 дугаар сарын 29-нд сонгуулийн өдөр гээд бид амарсан тул 2016 оны 6 дугаар сарын 30-ны өглөө би ажил дээрээ 7:50 цагт орж ирээд хувцасаа солиод сууж байхад ******* эгч сувилагч Б*** ийг чи дандаа олон нийтийн ажилд ирдэггүй гэж загнасан. Тэгээд би бас Б*** сувилагчийг та дандаа зохиосон юманд ордоггүй гэх утгатай зүйл ярьж байсан чинь менежер ******* орж ирээд бид нарыг та нар муусайн ёс зүйгүй юмнууд, өнөөдөр ажлаа хүлээлгэж өгөөд өргөдлөө одоо бичиж өгөөд зайлаарай гэж хэлсэн. Тэгээд би менежер *******д ажлаа хүлээлгэж өгөөд явсан. Би 2016 оны 7 дугаар сарын 1-ний өглөө 9 цаг өнгөрч байхад ажил дээрээ очоод О** эмчээс халагдсан тушаалаа авах гэсиймаа, ажлаас гэнэт халагдсаны мөнгө нийгмийн даатгалаас гаргуулж авах гэсэн юм. гэж хэлсэн. Гэтэл О** эмч тушаал өгөхгүй, тийм юм байхгүй. Харин ажлаас өөрийн хүсэлтээр халагдсан тухай өргөдлөө бичиж өг гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед нууцаар гар утсаараа бичлэг хийсэн. Тэр бичлэгийг CD дээр буулгаж, сая хэрэгт хавсаргасан байгаа. Тэгээд би шүүхэд хандах гээд байж байхад намайг халсан тушаалыг хүнээр өгч явуулсан байсан. Иймээс ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтрийн нөхөн бичилтийг хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Би нэг удаа цалингийн 10 хувиар хасуулж байсан. Түүнээс өөр арга хэмжээ авагдаж байгаагүй. Энэ тушаалуудыг шүүх дээр ирээд харж байна гэв.

 

Хариуцагч *** ХХК-ийн захирал Г.О*** шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Д*** нь 2013 оны 03 дугаар сарын сараас манай компанийн Ц*** эмнэлгийн тогоочоор ажилд орж, 2016 оны 07 сарын 04-ний өдрийн *** тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Б.Д*** нь ажиллах хугацаандаа байгууллагын дотоод журам зөрчиж, ёс зүйн алдаа зөрчил гаргаж байсны улмаас хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сануулах, цалингийн арга хэмжээ тухай бүр авагдаж байсан.

... 2016 оны 07 сарын 28-ны өдөр нийт ажилтнуудыг гадна талбайн зэрлэг зулгаахаар гаргасан бөгөөд миний бие гадуур ажилтай байсан тул менежер Т.А*** эд энэ асуудлыг даалгасан.Ажил дээр иргэн ирэхэд ажилтнууд үгэнд орохгүй, ирээгүй хүмүүстээ үлдээ гээд арын хэсгийг үлдээгээд орцгоосон гэж тайлагнасан.

2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ажилдаа ирэхэд хувцасны өрөөнд тогооч Д*** гийн дуу чанга сонсогдож байсан. Юу болсон талаар менежер Б.*******аас тодруулахад Б.Д*** нь ажилтнуудад хандан биднийг бүгдийг хална, таниас болж байгаа юм гэх мэтээр ярьж байхад нь менежер орж, Б.Д*** д хандан ажилтны ёс зүй чамд алга, ажилтнуудад буруу үлгэр дууриалал үзүүлж байна, өмнө нь бас удаа дараа зөрчил гаргаж байсан, чи ажиллаж чадахгүй бол гар, өргөдлөө бичиг өг гэж хэлсэнд Д*** гарна, явна гээд өглөө 09,00 цагт ажлаа хүлээлгэн өгөөд явсан.

Б.Д*** д Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу шат дараатай арга хэмжээг авсан тул *** ХХК-ийн захирлын 2016 оны 07 сарын 04-ний өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгох боломжгүй юм гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн *** тоот тушаалаар Баатар овогтой Д*** г ажлаас чөлөөлсөн. Б.Д*** д урьд нь 2-3 удаа арга хэмжээ авагдаж байсан. 2015 оны 12 дугаар сарын 4-ний 20 тоот тушаалаар цалингийн 10 хувь хасч арга хэмжээ авсан, Мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар хүнсний бүтээгдэхүүнд зөрчил илэрсэн гэх үндэслэлээр 2016 оны 3 дугаар сарын 25-ны 10 тоот тушаалаар сануулах арга хэмжээ авсан тухай нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Б.Д*** нь удирлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, удаа дараа зөрчил гаргадаг, удирдлагын урдаас тайлбар хэлдэг, хэрүүл маргаан гаргадаг гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан учраас 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн *** тоот тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д*** нь *** ХХК-д холбогдуулан, тогоочийн ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Д*** нь *** ХХК-ийн Ц*** эмнэлэгт тогоочоор 2013 оноос эхлэн ажиллаж байсан бөгөөд тус компанийн захирлын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаар тай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, Б.Д*** гийн нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн гэрээ болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч *** ХХК-ийн захирлын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаар тай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг үндэслэн гаргасан байх бөгөөд тушаалд Б.Д*** нь байгууллагын дотоод журамд заасан эмнэлгийн ажилтны ёс зүйн болоод сахилгын зөрчлүүдийг удаа дараа давтан гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Б.Д*** нь 2015 оны 09 сарын 25-ны өдрийн 18 дугаар арга хэмжээ авах тухай тушаалаар байгууллагын цайны газрын орлогын тодорхой хэсгийг хуваан авч, хувьдаа ашиглахыг санаархсан, гал тогооны багаж, хэрэгсэл тоног төхөөрөмжийг ажил олгогчийн зөвшөөрөлгүй ажлын цагаар ажиллуулж, торт талх зэргийг хийн хувьдаа ашиглаж, байгууллага хамт олонд буруу үлгэр дууриалал үзүүлж, ёс зүйгүй үйлдэл гаргасан үндэслэлээр сануулах, мөн 2015 оны 12 сарын 04-ний өдрийн 20 дугаартай тушаалаар дотоод хяналтаар илэрсэн зөрчлийг арилгуулах талаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг биелүүлээгүй, хоол үйлдвэрлэлтэй холбоотой анхан шатны бичиг баримтын хөтлөлтийг цаг хугацаандаа удаа дараа хөтлөөгүй, хоолны амт чанар муу, ажлын хуваарилалт, дотоод зохион байгуулалт, ажлын байрны эмх цэгц муу байсан үндэслэлээр 1 сарын үндсэн цалинг 10 хувиар бууруулах, 2016 оны 03 сарын 25-ны өдрийн 10 дугаартай тушаалаар байгууллагын дотоод хяналтын багаас хийсэн 2016 оны 1 дүгээр улирлын хяналтаар гал тогоо, хоол үйлдвэрлэл, сувилахуйн тусламж үйлчилгээнд зөрчил илэрсэн тул тогооч Б.Д*** д сануулах сахилгын шийтгэл тус тус ногдуулж байсан бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нийт ажилтнууд талбайн зэрлэг зулгаалгахаар гаргахад хариуцсан ажилтны үгэнд орохгүй, хэсэг газрыг үлдээсэн, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өглөө ажил дээр хүмүүстэй маргаан үүсгэн, шаардлага тавьсан менежертэй маргасан зэрэг ёс зүйн зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцласан нь үндэслэлтэй гэж, нэхэмжлэгч Б.Д*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Ер нь ажил олгогчийн зүгээс биднийг байнга дарамталж харьцдаг. Би өмнө нь арга хэмжээ авагдаж байгаагүй. Энэ арга хэмжээ авсан гэх тушаалуудыг шүүх дээр ирээд л харж байна. Хэрэв өмнө нь ийм тушаал гаргаж байсан бол надад мэдэгдэх ёстой. Иймд дур зоргоороо хандаж, ялихгүй зүйлээр шалтаглан ажлаас халж байгааг зөвшөөрөхгүй гэж тус тус маргадаг болно.

 

*** ХХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал-д нэхэмжлэгч Б.Д*** г байгууллагын дотоод журамд заасан эмнэлгийн ажилтны ёс зүйн болоод сахилгын зөрчлийг удаа дараа давтан гаргасан гэсэн байгаа боловч хэрэгт тус байгууллагын дотоод журам нотлох баримтаар авагдаагүй, хариуцагчаас шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч Б.Д*** гийн гаргасан ямар үйлдэл нь дотоод журмын аль заалтыг зөрчсөн зөрчил болж байгаа талаар дээрх тушаалд заагаагүй байна.

Хариуцагчийн тайлбарт Б.Д*** г 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гадаа талбай цэвэрлэх асуудлаас болж, 2016 оны 06 сарын 30-ны өдөр ажилчдын дунд маргаан үүсгэн, ажилтнуудад буруу нөлөө үзүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү үйлдэл нь дотоод журамд заасан ямар ёс зүйн болон сахилгын зөрчил болж байгаа нь тодорхойгүй, үүнийгээ хариуцагч тал нотолж чадаагүй байна.

 

Хариуцагч талын хүсэлтээр О.Эрдэнэтуяа, Б.Б*** , Ү.Б*** , нэхэмжлэгч талын хүсэлтээр О.У*** ас тус тус гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд эдгээр гэрчүүдийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, гэрчүүд гадаа талбай цэвэрлэх ажлаас болж үүссэн маргааны талаар ярьдаг боловч гэрчүүдийн мэдүүлэгт дурдсан гадаа талбайг бүрэн цэвэрлээгүй асуудал нь зөвхөн Б.Д*** д хамааралтай эсэх, түүний гаргасан зан байдал нь ёс зүйн зөрчил гэж үзэх эсэх, мөн ажил олгогчийн гаргасан Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын үндэслэлийг нотолж чадахгүй юм.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгодог бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай юм.

Гэтэл Б.Д*** гийн 2016 оны 06 сарын 28, 30-ны өдрүүдэд гаргасан гэж хариуцагчийн тайлбарт дурдагдсан үйлдлүүд нь байгууллагын дотоод журамд заасан зөрчил мөн болох нь тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар хариуцагч нь хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалын үндэслэлээ нотлох, нотлох баримтаа өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Хариуцагч талаас Б.Д*** г удаа дараа буюу 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс өмнө арга хэмжээ авагдаж байсан гэж байгаа боловч *** ХХК-ийн захирлын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаартай арга хэмжээ авах тухай тушаал хэрэгт авагдсан боловч нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар, 2015 оны 11 сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэл гэх баримт мөн нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар байх тул шүүх эдгээр баримтыг үнэлээгүй болно.

 

Мөн захирлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 20 дугаар тушаалаар цалинг 10 хувиар бууруулах, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаартай арга хэмжээ авах тухай тушаалаар сануулах сахилгын шийтгэл тус тус оногдуулсан тушаалууд хэрэгт авагдсан бөгөөд нэхэмжлэгч Б.Д*** нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн тушаалаар нэг удаа арга хэмжээ авагдаж байсан нь үнэн боловч бусад арга хэмжээ авсан тушаалуудыг шүүх дээр л харж байна, ийм тушаал байгаагүй гэж тайлбарладаг болно.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тус байгууллага нь ажилтанд арга хэмжээ авах тушаал гаргахдаа удирдлагын багийн хурлаар шийдвэрлэдэг журамтай гэж тайлбарлаж байгаа боловч эдгээр тушаалуудыг Б.Д*** д танилцуулж байсан эсэх, хурлын тэмдэглэл, зөрчлийг шалгасан талаарх материал зэрэг холбогдох баримтууд хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр *** ХХК-ийн захирлын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Д*** г тус компанийн Ц*** эмнэлгийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор олгохоор заажээ.

 

Нэхэмжлэгч Б.Д*** нь 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр миний ажлыг хүлээн авсан бөгөөд ажлаас халсан тушаалыг гаргаж өгөхгүй байсаар сүүлд нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн тушаалыг хүнээр өгүүлсэн байсан гэж тайлбарладаг бөгөөд шүүхэд гаргасан хариуцагчийн ... 2016 оны 06 дугаар сарын 30-ны өглөө 08.20 минутад ажилдаа ирэхэд хувцасны өрөөнд Б.Д*** гийн дуу чанга сонсогдож байсан...Чи ажиллаж чадахгүй бол гар, өргөдлөө бичиж өг гэж хэлсэнд Д*** гарна гээд тэр өглөө 09.00 цагт ажлаа хүлээлгэн өгөөд явсан гэсэн тайлбараас үзэхэд ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрээ бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажлыг нь хүлээн авсан, ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй, цалин хөлс олгоогүй болох нь тогтоогдож байна.

Иймд ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тооцсон болно.

 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн *** тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу олговор олгох хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасны дагуу Б.Д*** гийн ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдахын өмнөх 3 сарын цалингийн дунджаас нэг өдөрт ногдох цалинг 18,605 төгрөг /1 сарын дундаж цалин нь 400,000 төгрөг, 1 өдөрт ногдох цалин 400,000/21,5=18,605 төгрөг/ гэж тооцож, нийт 62 хоногийн хугацааны цалин 1,153,510 төгрөгийг хариуцагч *** ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Б.Д*** д олгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Д*** г *** ХХК-ийн Ц*** эмнэлгийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч *** ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор болох 1,153,510 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Д*** д олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг *** ХХК-д даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Д*** нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 102,434 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.О** ЦЭЦЭГ