Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2026/ШЦТ/07

 

2026       01         02                                         2026/ШЦТ/07

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2026/0007/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул,

Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгч Ч.****** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн *********** ******д холбогдох эрүүгийн 2539000000453 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.****** нь согтуугаар 2025 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 00 цагийн үед Хэнтий аймгийн ******** сумын төвд орших гэртээ төрсөн дүү Ч.********тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас болж маргалдан түүний баруун гарын бугалга хэсэгт цохиж биед нь баруун шуу ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.****** нь согтуугаар 2025 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 00 цагийн үед Хэнтий аймгийн ******** сумын төвд орших гэртээ төрсөн дүү Ч.********тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас болж маргалдан түүний баруун гарын бугалга хэсэгт цохиж биед нь баруун шуу ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

1.Хохирогч Ч.********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Би 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ******** сумын Дуурлиг 4-р багт 16 цагийн үед ирсэн юм. Сумын төвд ирээд "Оюу маркет" гэх дэлгүүрийн хойд талд таньдаг найз М.******* таараад ойрд тааралдаагүй болохоор найзтайгаа пиво ууя гээд "Дуурлиг" дэлгүүрээс 2.5 литрийн "Нийслэл LITE" нэртэй пиво 2 ширхгийг аваад сумын төвийн хойд талын нарийн голын хойд тал руу алхаж очоод тэндээ 2 ширхэг пивоо 20 цагийн үед ууж дуусгаад хүргэн ах болох Д.******* ахын гэрт нь очоод 22 цаг хүртэл байж байгаад өөрийн аав болох Чунагсүрэнгийн гэр рүү нь очиход манай аавынд ээж Д.******* болон ээжийн найз Цэндсүрэн, манай ах Ч.****** нар байж байсан. Тэгээд би гэр рүүгээ ороход ах ****** гэрийн хойд талын орон дээр хэвтэж байхаар нь би очоод ****** ахаас "Ах аа ганц тамхи өгөөч" гэж гуйсан чинь ах ****** ах надад "Тамхи байхгүй" гэж хэлсэн. Тэгэхээр нь би ****** ахад "Дандаа л тамхигүй байх юм, ганц тамхи өгчихгүй" гэж хэлээд ****** ахыг өдөөд байснаа мэдэж байна би тухайн үед нэлээн согтуу байсан юм. Тэгээд ах уурлаад "Би чамд тамхи өгөх албагүй" гэж хэлэхээр нь би ****** ахыг орон дээр хэвтэж байхаар нь гараас нь татаж босгоход ****** ах "Яах гээд байгаа юм бэ чи өдөөд байгаа юм уу гээд бид хоёр барьцалдаж зууралдаад ****** ах миний баруун гараас бугалга хэсгээс бариад доош нь дарахад миний баруун гарын бугалга хэсгээр час гэж чанга дуугараад гар маань хугарчих шиг болсон. Тэгээд ****** ах бид хоёр нэлээн ноцолдож байтал ээж ******** гэрийн гаднаас орж ирээд "Та хоёр ах дүүс байж битгий хоорондоо зодолдож ноцолдоод бай" гэж хэлээд бид хоёрыг салгах гэсэн боловч дийлээгүй болохоор гараад удалгүй орж ирэхдээ манай зүүн талын хашаанд байдаг ******** ахыг дагуулж орж ирээд ******** ах бид хоёрыг салгаад гараад явсан. Тэгээд удаагүй байж байтал сумын олон нийтийн цагдаа Т.****** орж ирээд, ээж Д.******** хамт намайг дагуулаад эмнэлэг рүү явсан. Тэгээд эмнэлэг рүү очоод үзүүлэхэд эмнэлгийн жижүүр эмч нь рентгенд үзээд баруун гарын шууны ар хэсгээрээ хугарчихсан байна гэж хэлээд гарыг маань гипсдэж өгөөд яаралтай маргааш аймгийн төв рүү явж гарынхаа зургийг авахуулаад нарийн мэргэжлийн эмчид үзүүл гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/,

2.Гэрч Н.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн ******** сумын Дуурлиг 4-р баг Эрчим хорооны 10-01 тоотод эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг юм. 2025 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-ныг шилжих шөнө манай баруун талын хөрш айлын эгч болох ******** эгч манай гэрт нэлээн сандарчихсан байдалтай орж ирээд "Манай хүүхдүүд болох ****** болон ******** нар хоорондоо зодолдоод байна би салгах гээд дийлэхгүй байна. Миний дүү нэг салгаад өгөөч" гэж хэлсэн. Тэгээд би ******** эгчийг дагаад гэрт нь очиход ****** хойд орныхоо хажууд газар хулдаасан дээр хэвтэж байсан ******** болохоор хойд талынхаа орон дээр сууж байхаар нь би тэр хоёрт "Архи дарс уусан юм бол зүгээр унтацгаахгүй яагаад байгаа юм бэ" гэж хэлэхэд ээж ********** нь надад ******г эмнэлэгт үзүүлье ******** нь ****** ахыгаа нүүр рүү цохьчихсон болохоор үзүүлэхгүй бол болохгүй гэхээр нь би ******д "Бос эмнэлэг явъя" гээд гэрээс нь гарах гэж байхад ******** нь ах болох ******тэйгээ зууралдаад салж өгөхгүй "Наадах чинь зүгээр яагаач үгүй миний гар хугарчихсан өвдөөд байна" гээд орилоод байсан. Тэгэхээр би нь ер нь сумын цагдаад хэлж дуудлага өгөхгүй бол болохгүй юм байна гэж бодоод гэрээс нь гарч алхаад 01 цагийн үед сумын олон нийтийн цагдаа Т.******** дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,

3.Гэрч Д.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр би гэртээ байж байхад манай хүү болох ****** орой 22 цагийн орчим ажлаасаа буугаад ирлээ гээд жоохон архи үнэртүүлчихсэн орж ирсэн. Тэгээд би орж ирэхээр нь ******г "Яахаараа архи ууж байдаг нюм бэ" гэж хэлээд Ч.****** "За за ээж би унтлаа" гэж хэлээд хойд орон дээрээ бүхлээрээ хэвтээд өгсөн. Тэгтэл удалгүй манай бага хүү болох ******** нь архи үнэртүүлчихсэн халамцуу орж ирсэн тэгэхээр нь би Чи яагаад архи уучихсан юм бэ, ах чинь бас архи уугаад ороод ирсэн, хоёул хоёулаа архи уугаад байх юм хаашаа юм", гэж бас л нөгөө загнадгаараа загнаад байж байхад гаднаас манай хөрш айлын ****** орж ирсэн тэгээд бид хоёр гал тогооны өрөөнд юм яриад байж байтал гэнэтхэн ******, ******** нар нь хоорондоо маргалдаад барьцалдаад эхэлсэн. Тэгэхээр нь би хөгшин настай хүн энэ хоёрыг яаж салгаж дийлэх вэ гэж бодоод хажууд айлын гэрт нь ороход ******* гэртээ байж байхаар нь Н.******* "Манай хоёр хүүхэд хоорондоо зодолдоод барьцалдаад байна. Чи ороод салгаад өгөөч би дийлэхгүй юм шиг байна" гэж хэлээд Н.******* цуг гэр рүүгээ ороход ********, ****** нар хоорондоо зууралдаад байж байхад Н.******* нь "Та хоёр яах гээд байгаа юм боль" гээд ********ыг цааш нь болгож салгаж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

4.Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Д.********* 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 209 дугаартай “...Ч.********ын биед баруун шуу ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо..." гэх дүгнэлт  /хх-ийн 31-33-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчих буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тохиолдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг хэмээн хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасан.

Шүүгдэгч Ч.****** нь хохирогчийн биед халдаж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас хохирогч Ч.********ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Ч.****** хохирогч Ч.********ын биед халдсан үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтээр баруун шуу ясны хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Иймд шүүгдэгч Ч.******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

          2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Ч.******гийн гэмт хэрэг үйлдсэн байдалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ч.******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1,500 (нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.******д оногдуулсан 1,500 (нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.  

 

            3.Гэм хор, хохирлын талаар:

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.********ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчийн ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, ...сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй... гэх хүсэлт /хх-ийн 52-р хуудаст/ ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

          4.Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Ч.****** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ****** овгийн ******** ******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.******г 1,500 (нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.******д оногдуулсан 1,500 (нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.******д мэдэгдсүгэй.

   5.Шүүгдэгч Ч.******д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Ч.****** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.                                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  А.ЭНХБААТАР