| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2026/0008/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/08 |
| Огноо | 2026-01-02 |
| Зүйл хэсэг | 13.12.1., |
| Улсын яллагч | Э.А |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2026/ШЦТ/08
2026 01 02 2026/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2026/0008/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул,
Улсын яллагч Э.Азжаргал,
Шүүгдэгч Н.********** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Азжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ****** овгийн ********* **********т холбогдох 2539000000451 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Н.********** нь 2025 оны 08 дугаар сараас 10 дугаар сарын 17- ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн ********** сумын нутаг дэвсгэрт хохирогч Б.**********г мөрдөн мөшгөж, түүний эзэмшлийн "филдэр" загварын **** ХЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд байршил заагч GPS төхөөрөмж байршуулан хянасан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хохирогч Б.**********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Н.**********тэй 2022 оноос хамтран амьдарч эхэлсэн юм. Бид дундаасаа нэг охинтой. Түүнээс хойш жил гарны дараа буюу 2023 оны 06 дугаар сараас бид хамтран амьдархаа больсон. ********** нь маш их огцом ууртай бөгөөд уурлах болгондоо над руу уураа гаргаж, гар хүрдэг байсан. ********** нь манай гэрээр орж ирдэггүй бөгөөд хашааны энд тэндээс давж орж ирээд хашааны булан тохойд суучихдаг байсан. Ямар ч байсан намайг олоод энд тэндээс нууцаар дагаад байдаг. **** ХЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийг аав, ээж бид 3 ээлжлэн унадаг ба голцуу би унадаг байсан. 2025 оны 10 дугаар сарын эхээр би өөрөө машинтай болоод уг машиныг унахаа больсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,
2.Гэрч Б.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай охины нэр дээр байдаг **** ХЭН улсын дугаартай хар өнгийн филдэр загварын тээврийн хэрэгслийг би аймгийн төвд хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульд нь зөөгөөд харин манай нөхөр хөдөө мал дээрээ унадаг. 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрийнхээ хашаанд байхдаа машинаа цэвэрлэсэн. Цэвэрлэж байтал машины хойд суудлын жолоочийн ар талын суудал доор хар өнгийн дөрвөлжин зүйл байсан. Би гайхаад аваад хартал малын GPS байсан. Тэр GPS-ийг аваад гэртээ оруулсан. Энэ талаар гэрийнхээ гишүүд болох нөхөр, охиноосоо асуутал бүгд мэдэхгүй гэж байсан. Би GPS-ийн симийг аваад утсандаа хийж үзтэл **********ийн утасны дугаар байсан. Энэ өдрөөс хойш 2-3 хоногийн дараа ********** манай гэрт ирээд би танай машинд GPS үлдээчихэж тэрийгээ авъя гээд машины хаалга татаад байсан. Би мэдээгүй мэт царайлаад чи юу яриад байгаа юм гэсэн чинь танай машинд миний GPS байгаа тэрийгээ авъя гээд байсан. ********** нь манай охин **********гийн нөхөр байгаа юм. Одоо **********гаас салаад 2, 3 жил болж байгаа. Зандандпүрэв нь **********гийн араас хөөгөөд чаргууцалдаад байдаг. Уг тээврийн хэрэгсэл нь манай охин ******* нэр дээр байдаг боловч охин ********** ихэвчлэн унадаг. ********** нь энд тэндээс гараад ирдэг. Ихэвчлэн харанхуй болохоор гэр хашааны энд тэнд булан тохойд байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10, 23-24-р хуудас/,
3.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 29-33-р хуудас/,
4.Н.**********ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 34-37-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Н.**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.**********ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд тус тус заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Н.**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Н.**********т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгчийн оршин суугаа газар буюу Хэнтий аймгийн ********** сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
3.Гэм хор, хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.********** нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.**********ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.********** цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн ********** **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.**********т 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар буюу Хэнтий аймгийн ********** сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.********** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5.Шүүгдэгч Н.**********т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.**********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.********** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай
9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.**********т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР