| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2026/0010/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/10 |
| Огноо | 2026-01-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.М |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2026/ШЦТ/10
2026 01 02 2026/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2026/0010/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул,
Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг,
Шүүгдэгч Б.********* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ****** овгийн ********* *********ад холбогдох эрүүгийн 2539000000449 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.********* нь согтуугаар 2025 оны 11 дүгээр сарын 03-ны орой 19 цагийн орчимд Хэнтий аймгийн ********* сумын төвд орших "Норовын ундраа" караокед Г.*********тай маргалдаж толгойн тус газарт өшиглөж хоолойг нь боох зэргээр зодож биед нь духанд хууларсан шарх, хүзүүнд цус хуралт, зулгаралт, зүүн тохойнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.********* нь согтуугаар 2025 оны 11 дүгээр сарын 03-ны орой 19 цагийн орчимд Хэнтий аймгийн ********* сумын төвд орших "Норовын ундраа" караокед Г.*********тай маргалдаж толгойн тус газарт өшиглөж хоолойг нь боох зэргээр зодож биед нь духанд хууларсан шарх, хүзүүнд цус хуралт, зулгаралт, зүүн тохойнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,
2.Хохирогч Г.*********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ амарч байх үед оройн 18 цагийн орчимд хүргэн ах Чойжилсүрэн над руу утсаар холбогдож надад хандан ахыгаа сумын хойд талын Баяжуулах дээрээс ирээд авчих гэсэн. Ингээд миний бие ****** ахыг авахаар *****-***** нэртэй Баяжуулах уурхай дээрээс очиж авсан. Намайг очиход хүргэн ах хоёр найзыгаа аваад сумын төв рүү хүргүүлэх болсон юм. Тэр 3 Баяжуулах уурхай дээрээс гарч ирэхдээ 3 уулаа согтуу гарч ирсэн. Ингээд сумын төвд орж ирээд "******" нэртэй караокед орсон. Ингээд намайг явах гэхэд ******* ах надад хандан дүү түр байж бай гэж хэлэхээр нь хамт суусан. Ингээд тэр 3 захиалгаа өгч 2.5 литрийн 2 ширхэг Нийслэл нэртэй пиво захиалсан. Ингээд тухайн пивоо тэр 3 ууцгаасан. Би тухайн пивоноос нь 1 аяга уусан. Ингээд удалгүй би гарч тамхи татчихаад 10 минутын дараа эргээд караокены өрөөнд орж ирэх үед ******* ах Үүрээ гэх найзтайгаа маргалдсан зодолдож байсан. Ингээд тэр хоёрыг би салгах гээд дундуур нь орох үед Чойжилсүрэн ахтай зодолдож байсан Үүрээ гэх залуу над руу дайрч миний хоолойг боож газарт унагасан. Ингээд газар шалан дээр унах үед толгойн дух хэсэг рүү Үүрээ гэх залуу баруун хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Ингээд дух руу өшиглөх үед нь ухаан алдаж толгойн хэсгээс цус алдсан. Тэгээд удалгүй хүмүүс ирж салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,
2.Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн ********* сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулах Шашир-Оргил нэртэй баяжуулах уурхайд 2025 оны 10 дугааp сарын 06-ны өдрөөс одоог хүртэл ажиллаж байна. Ингээд 2025 оны 11 дүгээр сарын 03-ны ажил дээрээсээ ажлын 2 ахын хамтаар ********* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах караокед оройн 19 цагийн орчимд орсон. Тухайн цаг үед ажлын 2 ах болох ********, *********, мөн сумын нэг залуу болох ********* гэх 3 хүний хамтаар орж караокед цаг авч дуулж, пиво ууцгаасан. Тухайн цаг үед ******** ах 2 ширхэг 2.5 литрийн пиво захиалж бид 4 хувааж уусан. Ингээд удалгүй ********* гэх залуу согтоод над руу дайрч чанга чанга яриад агсарч эхлэхээр нь би *********т хандан чи болио гэхэд намайг нэг удаа цохисон. Ингээд удалгүй ********* намайг өмөөрч ********* гэх залуутай маргалдаж зодолдсон. Ингээд нэг харахад ********* гэх залуу газар унасан мөлхөж явсан. Тэр үед ********* гэх залуугийн толгой хэсгээс цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
4.Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Д.********** 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 632 дугаартай шинжээчийн “...Г.*********ын биед духанд хууларсан шарх, хүзүүнд цус хуралт, зулгаралт, зүүн тохойнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 26-28-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.********* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох” журамд заасан хөнгөн зэргийн хохирол учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн обьектив шинжийг бүрдүүлдэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч Б.********* хохирогч Г.*********ын биед халдсан үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтээр духанд хууларсан шарх, хүзүүнд цус хуралт, зулгаралт, зүүн тохойнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд шүүгдэгч Б.*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.*********ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.*********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*********т оногдуулсан 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.
Гурав.Гэм хор, хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.*********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирлын баримт гаргаж өгөөгүй, мөн Г.********* нь “...сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэх хүсэлт хх-ийн 32-р хуудаст авагдсан байна.
Шүүгдэгч Б.********* нь Эрүүл мэндийн даатгалын санд 205,800 (хоёр зуун таван мянга найман зуу) төгрөг төлсөн баримт /хх-ийн 87 дугаар хуудас/-т авагдсан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Г.********* нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарч болох эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Дөрөв.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Б.********* нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.********* нь Эрүүл мэндийн даатгалын санд 205,800 (хоёр зуун таван мянга найман зуу) төгрөг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ****** овгийн ******** *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*********т 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*********т оногдуулсан 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*********т мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Б.*********т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Г.********* нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарч болох эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.********* нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.********* нь Эрүүл мэндийн даатгалын санд 205,800 (хоёр зуун таван мянга найман зуу) төгрөг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.*********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР