Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/39

 

                                                                                                          

О.******* холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Шүүх хуралдаанд:

Прокурор М.Сайнзаяа

Шүүгдэгч О.*******

Түүний өмгөөлөгч Р.*******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******

Түүний өмгөөлөгч Х.******* /онлайнаар/

Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

         Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолтой О.******* холбогдох 2115000000129 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч О.*******гийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Булган аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, ам бүл 1, Булган аймгийн Булган сумын * дүгээр багийн *-** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бага боловсролтой, мэргэжилгүй,

урьд 5 удаагийн ял шийтгэлтэй, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж ял эдэлж байсан, Боржигон овогт *******ы ******* 

 

О.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д тус тус заасан онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Боржигон овогт *******ы *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д заасан онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8- д зааснаар шүүгдэгч О.*******г 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан шүүгдэгч О.******* тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын,31-ний өдрийн 2021/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, түүнийг оршин суугаа газар буюу Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.******* энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ял, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.*******гийн цагдан хоригдсон 87 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ялыг эдлэж дууссаны дараа 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх бөгөөд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлж,

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжпэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т заасныг баримтлан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, оршуулгын зардалд 13.123.605 төгрөгийг шүүгдэгч О.*******гаас гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжпэгч Б.*******т олгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нь 15.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжпэх эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон төмөр хутга 1 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон тал саарал өнгийн блок, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 3 хэсэгхугарсан шалны мод, шалан дээр үүссэн байсан цус мэтулаан хүрэн өнгийн зүйлийн хоёр хэсгээс дээж болгон авсан 2 дээж, О.*******гийн хэрэг үйлдэх үедээ өмсөж байсан хар өнгийн богино савхи, хөх өнгийн, улаан, цагаан өнгө орсон босоо захтай бэлтгэлийн цамц, хөх өнгийн 2 хажуу талдаа босоо цагаан судалтай биеийн тамирын өмд, бор саарал өнгийн дотуур өмд, хар эрээн давуун дотоож, хар өнгийн гар утас 1 ширхэг, амь хохирогч Б.*******ийн өмсөж байсан гэх саарал өнгийн урд талдаа 2 халаастай, нэг нь хөндлөн олон судал бүхий өмд, шаргал өнгийн торгон цэцгэн хээ оруулгатай дотоож зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.******* давж заалдах гомдолдоо:

“Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж 20 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. Би өөрийн хэргийн гэм бурууг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа, гарсан бүх хохирлыг бүгдийг нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулна. Би хөгшин настай ээжтэй, ээж минь өвчтэй буюу чихрийн шижин өвчний хүндэрсэн хэлбэрээр өвдсөн байгаа. Миний бие үнэхээр маш буруу зүйл хийж хань ижлийнхээ амь насыг хохироосондоо туйлын их гэмшиж, харамсаж, өөрийгөө яллаж өөртөө гомдож байна. Эрхэм шүүгч та бүхэн надад ногдуулсан ялаас хасч өгөхийг хүсэж байна.

Би 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн хохирлыг бүгдийг нь төлж барагдуулна. Надад оногдуулсан хорих ялаас хасч, ялаа эдэлж гарч ирээд өөрийн буруу үйлдэл хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүү, ээжийнхээ өмнө бага ч гэсэн өөрийн ажил амьдралаараа хүлээхэд тусалж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Сайнзаяа дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ... гэв.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.*******гийн гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

             Шүүгдэгч О.******* нь 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Булган сумын * багийн *-** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.******* олон удаа хутгалж онц хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

  Шүүгдэгч О.*******гийн гэм буруутай үйлдэл /олон удаа хутгалах, шалны модоор цохих зэрэг/-ийн улмаас амь хохирогчийн биед цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн зүрх, уушги, элэг, дэлүү, нойр булчирхайг гэмтээсэн, зүүн бугалга, тохой, цээж, хэвлий, баруун гарын сарвуунь олон тооны хатгагдаж, зүсэгдсэн шарх, хуйх, баруун шанаа, шуу шилбэ, зүүн бугалга, шуу, гуя, өвдөг, цээжний баруун дээд хэсэгт олон тооны цус хуралт, баруун гарын сарвуу, баруун зүүн мөрөнд олон тооны зулгаралт бүхий гэмтлүүд учирсан, дээрх гэмтлүүд нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх шүүгдэгч О.******* холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байна.

Мөн шүүгдэгч О.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д заасан онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Харин Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан түүнд Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, 20 жилийн хугацаагаар хорих ял болон 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийг буруу хэрэглэжээ.

Тодруулбал: Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, ... хэд хэдэн  шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд өршөөл үзүүлэхдээ зүйл хэсэг, тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ...” гэж заасан.

Хэдийгээр шүүгдэгч О.*******гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг, ялын төрөл, хэмжээ нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасанчлан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих дүйцүүлэн солих зохицуулалтад хамаарах ба шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулахаар заасан боловч

ялтны дүйцүүлэн сольсон зорчих эрхийг хязгаарлах ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т заасны дагуу өршөөлд хамрагдаагүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг тогтоох юм.

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.******* энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэх,

хорих ялыг эдэлж дууссаны дараа зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

Үүнээс гадна хэд хэдэн гэмт хэрэгт ... нэмж нэгтгэсэн ялын хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй ба давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэх эрхгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч О.*******гийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй тул түүний гаргасан “...надад ногдуулсан ялаас хасч өгөхийг хүсэж байна...” гэсэн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 2. Шүүгдэгч О.*******гийн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

 3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О.******* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  4.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

          

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            М.ХҮРЭЛБААТАР 

 

                        ШҮҮГЧ                                           С.УРАНЧИМЭГ

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ё.БЯМБАЦЭРЭН