Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2017/ШЦТ/36

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн,

улсын яллагч Э.Нямбилэгт,

шүүгдэгч Б.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Сартуул овгийн Баасанхүүгийн Бямбасүрэнд холбогдох эрүүгийн 201708000058 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Эрдэнэ суманд 1971 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгааны монтёр мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 6 дугаар баг, Өл гэх газар нутаглах, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ЕЙ71052916 дугаарын регистртэй,  Сартуул овгийн Баасанхүүгийн Бямбасүрэн

 

Холбогдсон хэргийн талаар

/яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

 

Яллагдагч Д.Бямбасүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг Лүнгийн гудамжинд 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус сумын харъяат Д.Атарбаатартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Б.Бямбасүрэнгийн

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Учир нь хэрэг бүртгэлтийн шатанд болсон хэргийн талаар мэдүүлсэн байгаа. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.          

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн хохирогч Д.Атарбаатарын:

"...Би 2017 оны 04 сарын 10-ны өдөр Лүнгийн эгнээнд ганцаараа явж байсан чинь танил нэг нутгийн Бямбасүрэн гэх хүн надтай таараад чи муу яагаад алга болсон гээд шууд цээж рүү гараараа нэг удаа цохиход нь би газар ойчиход намайг Бямбасүрэн дээрээс хэд хэдэн удаа өвдөглөх шиг болсон. Тэгээд би босоод ирсэн чинь Бямбасүрэн миний зүүн гарнаас гараараа барьж аваад нөгөө гартаа чулуу барьж байгаад миний толгойн зүүн орой хэсэгт нэг удаа цохисон. Мөн зүүн гарын бугуйн хэсэгт язарсан байсан. Энэ язарсан шарх нь газар унахад үүссэн байх. Би анх өгсөн мэдүүлэгтээ гар руу мөн цохисон гэж мэдүүлсэн байгаа. Би тухайн үед өөрөө бас халамцуу байсан болохоор бас сайн санахгүй байна. Би Бямбасүрэнгийн гарыг тавиулаад зугтаагаад Лүнгийн 23 тоотод өөрийн дүү Алтайбаатарын гэрт очсон чинь манай дүү цагдаа дуудсан байсан. Миний толгойн зүүн орой хэсэгт хагарсан. Мөн зүүн гарын шууны хэсэгт язарсан. Өөр гэмтэл шарх учраагүй. ...Өнгөрсөн 2016 онд Бямбасүрэн бид нар хамт архи ууж байгаад мөнгө нийлүүлээд Бямбасүрэнгээс 5000 төгрөг гарсан байсныг би аваад архинд яваад дэлгүүрээс аваад гарсан чинь олон хүн таараад уучихъя гээд шаналгаад байхаар нь Бямбасүрэн дээр буцаж очилгүй би тэр архийг нь дэлгүүрийн гадаа байсан хүмүүстэй хувааж уучихаад яваад өгсөн байсан. Үүнээс хойш Бямбасүрэнтэй ахиж тааралгүй явж байгаад 2017 оны 04 сарын 10-ны өдөр анх таарсан юм. Бямбасүрэн үүнээс болж намайг зодсон. Би Бямбасүрэнгийн өөдөөс гар хүрсэн, зодсон цохьсон асуудал байхгүй. ....Бямбасүрэн надад бэлэн 200000 төгрөг өгөөд дээр нь хоёр хонь өгөхөөр тохирсон. Бямбасүрэн надад өгнө гэж тохирсон мөнгө бүрэн төлсөн. Малаа би өөрөө дуртай үедээ очиж авна. Иймд хойшид надад Бямбасүрэнд хандаж гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй....” /хх-ийн 14-16 дугаар хуудас/,

 

2.2. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн гэрч Б.Ангарагийн:

"...Манай аав Бямбасүрэн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Атарбаатар гэх хүнтэй маргалдсан асуудлаар шалгагдаж байгаа талаар мэднэ. Ямар шалтгааны талаар маргалдсаныг нь мэдэхгүй. Аав Бямбасүрэн нь хөдөө мал маллаж амьдардаг. Адуучин хүн байгаа юм. Манай аав Монгол улсын манлай уяач гэсэн цол тэмдэгтэй. Үг дуу цөөнтэй, архи дарс нээх уугаад байдаггүй. Хүмүүстэй нийтэч, тусч зантай хүн. Хааяа архи уудаг ч гэсэн хүмүүстэй муудалцах болон гэр орондоо агсам тавиад байдаггүй. Архи уухаараа чимээгүй унтаад өгдөг...” /хх-ийн 17 дугаар хуудас/,

 

2.3. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн гэрч Б.Одончимэгийн:

"...Миний найз Бямбасүрэн нь хөдөөний малчин. Манай гэрээр орж гарч манай нөхөртэй найзалж явдаг хүн байгаа юм. Бямбасүрэн архи дарс нээх уугаад байдаггүй. Хааяа хөдөөнөөс орж ирсэн гээд манайхаар ороод гарахдаа архи дарс уугаад байдаггүй. Хүнд тусархуу, үг дуу цөөнтэй, төлөв даруу зантай хүн байгаа юм. Хааяа архи уухаараа чимээгүй байж байгаад унтаад өгдөг томоотой хүн байгаа юм....” /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

2.4. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн гэрч Б.Жавхлангийн:

"...Б.Бямбасүрэнг саатуулах байранд хэргийн холбогдлоор цагдаа нар авчирч хүлээлгэн өгөхөд Б.Бямбасүрэн нь анх ирэхдээ драгер үлээх чадваргүй, согтуу ирсэн тул тухайн үед нь согтолтын зэргийг шалгаж тогтоох боломжгүй байсан тул саатуулах байранд хонуулж өглөө 07 цаг 50 минутанд унтаж байгаад сэрэхэд нь драгер багажаар үлээлгэж согтолтыг нь шалгахад 1.18 гэсэн тоон үзүүлэлт зааж байсныг тэмдэглэлээр баталгаажуулан өөрт нь танилцуулан гарын үсэг зуруулан авсан....” /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

2.5. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн сэжигтэн Б.Бямбасүрэнгийн:

"...Би өнгөрсөн 2016 оны хавар 05 сард би хөдөөнөөс Чойрт орж ирээд архи уугаад явж байгаад Атарбаатарт 5000 төгрөг өгөөд архинд явуулсан чинь эргэж ирэлгүй тэр чигтээ алга болсон. Үүнээс хойш тааралдахгүй явж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Лүнгийн гудамжинд явж байгаад таараад чи муу 5000 төгрөг аваад зугтаасан гэж хэлээд би Атарбаатарыг барьж аваад цээж рүү нь нэг удаа цохиход Атарбаатар газар унаад босоод ирэхээр нь би газраас чулуу аваад толгой руу нь нэг удаа цохьсон. Би Атарбаатарыг цохьсон чулуугаа тэр хавьд нь хаясан. Өөр зүйл болоогүй, би яваад өгсөн. Би Атарбаатартай анх таарахдаа архи уусан нилээн халамцуу байсан. Атарбаатар бид хоёр тухайн үед хамт архи уугаагүй. ...Би Атарбаатарыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Анх би Атарбаатарт хоёр хонь өгөхөөр тохирсон чинь түүний эхнэр нь дээрээс нь нэмээд хёр зуун мянган төгрөг нэмж өг гээд нэхээд байгаа. Атарбаатарыг анх эмнэлэгт үзүүлээд гарсан 2500 төгрөгийг би төлсөн. Учруулсан хохирлоо барагдуулаагүй байгаа...” /хх-ийн 27 дугаар хуудас/,

 

Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн яллагдагч Б.Бямбасүрэнгийн:

"... Би 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Лүнгийн гудамжинд явж байгаад өмнө надаас нийлж архи авч ууя гээд 5000 төгрөг аваад ирэлгүй яваад өгсөн Атарбаатартай таараад түүнтэй маргалдаж Атарбаатарыг барьж аваад цээж рүү нь нэг удаа гараараа цохьсон чинь Атарбаатар газар унаад босоод ирэхээр нь нэг гараараа гарнаас нь барьж аваад нөгөө гараараа газраас чулуу аваад толгой руу нь нэг удаа цохиж түүний биед гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Атарбаатарыг 2016 оны хавар надтай хамт архи ууж байгаад архи авч ирнэ гээд надаас 5000 төгрөг авч яваад эргэж ирээгүй юм. Би түүнтэй огт таараагүй байж байгаад тухайн өдөр халамцуу явж байгаад таараад уур хүрээд түүнийг зодсон юм. Атарбаатар бид хоёрыг Лүнгийн гудамжинд муудалцахад ойр хавьд хүн байгаагүй. Надаас өөр Атарбаатарт гар хүрсэн зодсон, цохьсон хүн байхгүй. ..Би Атарбаатарыг цохьсон чулууг гудамжинд хаясан байх. Яг хаана хаясан гэдгээ сайн мэдэхгүй байна. Би одоо тэр чулууг хараад ялгаж танихгүй, зааж өгч чадахгүй....” /хх-ийн 29 дүгээр хуудас/,

 

2.7. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 148 дугаартай дүгнэлтэд

            "...Д.Атарбаатарын биед тархи доргилт, хуйхны зүүн зулай хэсгийн няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, аймхайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь "Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй..." /хх-ийн 21 дүгээр хуудас/,

 

            Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд

3.1. Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4, 5 дугаар хуудас/

3.2. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/

 

3.3. Б.Бямбасүрэнгийн оршин суугаа газрын тодорхойлолт, шүүгдэгч Б.Бямбасүрэнгийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, банкууд дахь харилцах дансны мэдээлэл, дансны хуулгууд, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-ийн 30-38 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Бямбасүрэн нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг Лүнгийн гудамжинд иргэн Д.Атарбаатартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь

хохирогч Д.Атарбаатарын ...Би 2017 оны 04 сарын 10-ны өдөр Лүнгийн эгнээнд ганцаараа явж байсан чинь танил нэг нутгийн Бямбасүрэн гэх хүн надтай таараад чи муу яагаад алга болсон гээд шууд цээж рүү гараараа нэг удаа цохиход нь би газар ойчиход..., ...би босоод ирсэн чинь Бямбасүрэн миний зүүн гарнаас гараараа барьж аваад нөгөө гартаа чулуу барьж байгаад миний толгойн зүүн орой хэсэгт нэг удаа цохисон. Мөн зүүн гарын бугуйн хэсэгт язарсан байсан. Энэ язарсан шарх нь газар унахад үүссэн байх... /хх-ийн 14-16 дугаар хуудас/,

сэжигтэн, яллагдагч Б.Бямбасүрэнгийн ...Би өнгөрсөн 2016 оны хавар 05 сард... ...Атарбаатарт 5000 төгрөг өгөөд архинд явуулсан чинь эргэж ирэлгүй тэр чигтээ алга болсон..., ...2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Лүнгийн гудамжинд явж байгаад таараад чи муу 5000 төгрөг аваад зугтаасан гэж хэлээд би Атарбаатарыг барьж аваад цээж рүү нь нэг удаа цохиход Атарбаатар газар унаад босоод ирэхээр нь би газраас чулуу аваад толгой руу нь нэг удаа цохиж түүний биед гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 27, 29 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд, шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 148 дугаартай дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4, 5 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Бямбасүрэнгийн согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/ болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлж авагдсан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бямбасүрэнд холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасан шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцээд эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Бямбасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна гэж дүгнэн, түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй хэдий ч хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай хүсэлтээ шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Б.Бямбасүрэнд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Бямбасүрэн нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэнийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч ...согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тул баривчлах ял оногдуулах нь зүйтэй... гэсэн ялын шүүмж явуулж байгаа ч хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “мансуурсан буюу согтуурсан байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж заасан байдаг ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан ба өөрөөр зохицуулсан ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй байх тул Эрүүгийн хуулийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн тус хоёр заалтыг хэрэглэхэд эргэлзээ төрүүлж байгаа байдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бямбасүрэнд ашигтайгаар хэрэглэж, шийдвэрлэхээр байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2., 283.,

284., 286., 290 дүгээр зүйлийн 290.3., 295-297., 298., 299 дүгээр

зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сартуул овгийн Баасанхүүгийн Бямбасүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Сартуул овгийн Баасанхүүгийн Бямбасүрэнд холбогдох эрүүгийн 201708000058 дугаартай хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Шүүгдэгч Сартуул овгийн Баасанхүүгийн Бямбасүрэн нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэнийг, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

6. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Сартуул овгийн Баасанхүүгийн Бямбасүрэнд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН