Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2026/ШЦТ/14

 

2026        01          05                                          2026/ШЦТ/14

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2026/0007/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул,

Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн ********* *******ид холбогдох эрүүгийн 2539000000456 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.******* нь 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн орчимд Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар баг Булагийн 21-16 тоотод орших өөрийн гэртээ төрсөн хүү Л.*******ийг “дүү нараа уйлууллаа" гэх шалтгаанаар галын төмөр хайчаар чулуудаж улмаар нүүрэн тус газарт нь онож биед нь баруун хөмсөг, баруун нүдний дээд зовхинд язарсан шарх, баруун нүдний алимын салстад цус харвалт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.******* нь 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн орчимд Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар баг Булагийн 21-16 тоотод орших өөрийн гэртээ төрсөн хүү Л.*******ийг “дүү нараа уйлууллаа" гэх шалтгаанаар галын төмөр хайчаар чулуудаж улмаар нүүрэн тус газарт нь онож биед нь баруун хөмсөг, баруун нүдний дээд зовхинд язарсан шарх, баруун нүдний алимын салстад цус харвалт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,

2.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-11-р хуудас/,

3.Мөрдөгчийн 2025 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 22-р хуудас/,

4.Насанд хүрээгүй хохирогч Л.*******ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Бид 3 гэртээ ноцолдож тоглоод байж байтал Тэмүүжин, Тэмүүлэн хоёр уйлчихсан. Тэр үед аав, ээж 2 гаднаас орж ирсэн. Аав хоёр дүүгээ уйлууллаа гээд над руу галын төмөр хайч аваад шидчихсэн. Миний нүдийг оноод би уйлсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

5.Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Д.********* 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 617 дугаартай “...Л.*******ий биед баруун хөмсөг, баруун нүдний дээд зовхинд язарсан шарх, баруун нүдний алимын салстад цус харвалт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэх дүгнэлт /хх-ийн 37-40-р хуудас/,

6.Иргэний нэхэмжлэгч С.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Насанд хүрээгүй хохирогч Л.******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас 2,908,408 төгрөгний тусламж, үйлчилгээ авсан байна... Төрийн сангийн данс руу шилжүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Л.******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох” журамд заасан хөнгөн зэргийн хохирол учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн обьектив шинжийг бүрдүүлдэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгч Л.******* насанд хүрээгүй хохирогч Л.*******ий биед халдсан үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

          Иймд шүүгдэгч Л.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

          Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л.*******ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Л.*******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

   Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Л.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ. 

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Л.*******ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгчийн оршин суугаа газар буюу Хэнтий аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

          Гурав.Гэм хор, хохирлын талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Л.*******ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирлын баримт гаргаж өгөөгүй, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Гантуяа нь ...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.*******оос 2,908,408 (хоёр сая есөн зуун найман мянга дөрвөн зуун найм) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлж шийдвэрлэв.

 

          Дөрөв.Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан галын төмөр хайч 1 (нэг) ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах, шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ********* овгийн ****** *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ид 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар буюу Хэнтий аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох байдлаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

 

5.Шүүгдэгч Л.*******ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.*******оос 2,908,408 (хоёр сая есөн зуун найман мянга дөрвөн зуун найм) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлсүгэй.

 

8.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан галын төмөр хайч 1 (нэг) ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах, шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай

           

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

          

           11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.ЭНХБААТАР