Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2026/ШЦТ/24

 

2026         01          09                                         2026/ШЦТ/24

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2025/0320/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг,

Улсын яллагч Э.Азжаргал,

Хохирогч Х.**********,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.*******,

Шүүгдэгч Д.******, Н.********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овгийн ********* ******, ******* овгийн ******* ********** нарт холбогдох эрүүгийн 2439000360105 дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.****** нь Н.**********тэй бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 18-аас 19-нийг шилжих шөнө Хэнтий аймгийн ********** сумын 3 дугаар багийн нутаг "Булгийн адаг" гэх газраас Х.**********ийн 3 тооны буюу олон тооны бод малыг машин механизм ашиглан хулгайлж 6.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Н.********** нь Д.******тай бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 18-аас 19-нийг шилжих шөнө Хэнтий аймгийн ********** сумын 3 дугаар багийн нутаг "Булгийн адаг" гэх газраас Х.**********ийн 3 тооны буюу олон тооны бод малыг машин механизм ашиглан хулгайлж 6.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.******, Н.********** нар бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 18-аас 19-нийг шилжих шөнө Хэнтий аймгийн ********** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрийн "Булгийн адаг" гэх газраас машин механизм буюу **** ХЭА улсын дугаартай Land Cruiser 80 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хохирогч Х.**********ийн 3 (гурав) тооны буюу олон тооны бод малыг хулгайлж 6,200,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1.Хохирогч Х.********** шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би бензин авах гээд сумын төв рүү явсан. Бензин олдохгүй болохоор нь машинаа тавиад орой ирсэн. Тэр орой үхрээ татаж амжаагүй. Үхрүүд маань урагшаа ******* саравч руу бэлчээд явчихдаг болохоор орой татаж амжаагүй юм чинь гээд маргааш өглөө нь нар гарч байхад 3 үхрээ татаж авъя даа гээд очиход тэрүүгээр машин явсан маш их мөр байсан. Тэр айлын саравч дээр өвс хураалттай байсан юм. Тэр өвснөөс нь задлаад хажуу талын аман дээр нь өвс тавьсан байхаар нь яагаад мал бэлчдэг газар өвс тавьчихдаг билээ гэж бодоод очиход хашааны зүүн хойд талын буланд нь өвс тавиад оруулаад мал ажилласан байсан. Тэгэхээр нь би үхрээ татаад бүртгэхэд 2 улаан халзан үхэр, 1 том бүдүүн цагаан үхэр нийт 3 үхэр зүсээрээ дутуу байсан. Тэгээд л би машины мөрийг дагаад ********** очиход энэ машины мөр танайд очсон байна гэхэд эхнэр хэлэхгүй жаахан түгдэрч байснаа ****** ах явсан ш дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаашаа явсан юм бэ гэхэд Шарынх руу явсан гэж хэлсэн. Тэгээд маргааш нь билүү нөгөөд нь **********ийнд очсон. Мөн цагдаад тэмдэглүүлсэн. Нөгөөдөр нь цагдаа ажилтай ирж амжаагүй болохоор нь мөр нь арилчихвий гээд би **********ийнд очиход чинь ан хийнэ гээд ирсэн морьтой залуу морьтойгоо, ********** үхрийнхээ баасыг цэвэрлээд зогсож байсан. Намайг гэр рүү нь ороход ********** миний араас ороод ирсэн. Тэгэхээр нь урд ********* саравчин дээр үхэр ажиллачихсан байна гэсэн чинь би мэдээгүй гэхээр нь чи надтай цуг яваад ****** гараад хар даа гээд хэлэхэд сэвсийг нь ачаад явчихсан, ажилласан цусан дээр нь өвс тавьчихсан байсан. Тэгээд би **********өд хэлж байсан юм. Гутлын улны мөр байна гэхэд харин тийм л байна та тэгвэл энэ мөрнийх нь зургийг утсаараа сайн дараад ав гэхээр нь танайхаас энэ мөр гараад явчихсан байна ******ыг явсан гэж байна гэхэд ********** харин тийм байна гэсэн.  ******* эргүүлээд мөр гарсан газруудаар дагуулж явж байгаад буцаагаад өдөр гэрт нь 12 цагийн үед хүргэж өгсөн юм. Тэгэхэд эхэр нь “...чи одоо үхрийнхээ баасыг арилгахгүй, хүн дагаж явлаа” гэхээр нь би ******** буулгачхаад гэр рүүгээ явсан. Тэгээд ****** сумын хэсгийн төлөөлөгч нар ирж хэргийн газар үзлэг хийгээд зургийг нь авсан...” гэв.

2.Х.**********ийн Цагдаагийн газарт хандан гаргасан өргөдөл /1 хх-ийн 31-33-р хуудас/,

3.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 34-44-р хуудас/,

4.Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 49-54-р хуудас/,

5.Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1 хх-ийн 66-69-р хуудас/,

6.Хохирогч Х.**********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 5 тооны үхэр хулгайд алдсан. ... ***** өвөлжөөнд 4-5 тооны үхэр нядалсан ул мөр байсан. ... Хүү ****** бид хоёр тухайн өвөлжөөнөөс үхэр ачаад явсан машины мөрийг дагаад Н.******* очиход гэрийнх нь гадаа байгаа тухайн машины мөрийг асуухад ******* Д.****** ах өчигдөр буюу 12 дугаар сарын 18-ны өдөр 15-16 цагийн орчимд ирээд зүүн тийшээ танай чиглэлд явсан гэж хэлсэн. Ингэж манай үхрийг нядлаад аваад явсан хүн ****** гэдгийг мэдсэн. ****** 18-ны өдөр ирэхдээ манай зүүн талын айл болох ***** буюу Н.**********ийнд ирээд явсан байсан. ... ****** саарал өнгийн Ланд-80 чиргүүлтэй машинтай явж байсан байгаа юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 73-75-р хуудас/,

7.Хохирогч Х.**********ийн дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 18-наас 19-ний шилжих шөнө 3 тооны үхрээ хулгайд алдсан. Би тухайн үед алдсан үхрийнхээ тоо, зүсийг мэдэхгүй байсан. Дараа нь хоёр тооны хүрэн халзан соёолон насны эр үхэр, нэг нь цагаас зүсмийн бүдүүн эр үхэр алдсан. ... ****** 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ирж 3 үхрийг минь хулгай хийсэндээ уучлалт гуйгаад хохирлын мөнгө болох 9,000,000-г минь дансанд хийж хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 78-80-р хуудас/,

8.Хохирогч Х.**********ийн дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шуусын боом гэх газар шуусын голынхоо урд талд бургасан дотор миний 2023 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө алдагдсан гурван эр үхрийн толгой байсан. ... Мөн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ***** цагдаа нартай хамт ******  орой ирсэн. Тэгээд ****** намайг уулъя гэхээр нь гарахад цагдаагийн фургон дотор ****** сууж байсан. Тэгээд ****** надад хэлэхдээ “Эгч бие сайнуу, таны нүүрийг яаж харъя даа гэж бодож байсан юм. Ёстой муухай юм боллоо, уучлаарай эгчээ гээд байсан. .... ****** цааш хэлэхдээ **** /**********/ цагдаа нарт хамаг юм аа тоочсон байх юмаа, ***** бид хоёр нэгэнт л таны 3 үхрийг хулгай хийсэн нь үнэн юм чинь одоо яая гэхэв дүү нь хэргээ даагаад явъя гэж бодож байна, ***** оролцуулаад яах юм бэ гэж хэлсэн. .... Ер нь анх 3 үхрээ ******* саравчин дээр нядлагдахад хэргийн газар чиргүүлтэй жип автомашины мөр байсан. Тэр мөр нь Шар /**********/-н гадаа байсан автомашины мөртэй таарч байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 83-86-р хуудас/,

9.Гэрч С.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Д.****** гэх хүн нэг тооны үхрийн мах авчирч өгсөн. Ингээд хиллэж үзэхэд 196 кг болсон. Тэгээд 1 кг-ийг нь 9000 төгрөгөөр бодож 1.764.000 төгрөг болсныг ****** өөрийнхөө ********* дугаартай дансанд шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 98-100-р хуудас/,

10.Гэрч Ч.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд ****** нь **********т хэлэхдээ дүү нь давхар хэрэгтэй байгаа юм аа, тийм болохоор таны гомдлыг барагдуулъя, гомдолгүй гээд хэлээд өгчих гэж хэлсэн байсан. Яг энэ өдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн үед ********** сумын 3 дугаар багийн ******** гэдэг залуу машинтай манайд ирсэн. Энэ үед ********** ********** сумын төв яваад эзэнгүй байсан. Тэгтэл ******** хэлэхдээ “****** надруу яриад **********ийн 3 үхрийг хулгай хийснээ хүлээсэн юм байна. Өөрөө тэгж утсаар ярьсан. Тэгээд намайг түрүүлж очоод ********** эгчтэй уулзаад гомдолгүй болгож бай гэж хэлсэн юм, тэгээд би ирлээ гэж хэлсэн. ... Манай энд ***** гэж дууддаг **********, ****** нар л хулгай хийдэг шүү дээ. ... 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ... ******** утсаар ******тай ярихад би ******т чи одоо юу болоод яваад байгаа юм дээ гэж асуухад ****** “Харин тиймээ, Увсынхны үхэр юм байх гэж бодсон чинь ********** эгчийн гурван үхрийг хулгай хийчихсэн байна” гэж хэлсэн. **********ийн 3 үхрийг хулгай хийснээ өөрийнхөө амаар хэлж байгаа юм болохоор ****** хулгай хийсэн нь үнэн юм байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 103-105-р хуудас/,

11.Гэрч Х.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Та ********** эгчийг таньдаг юм чинь гомдолгүй гэж хэлүүлээд өгөөч гэж гуйж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 103-105-р хуудас/,

12.Гэрч Ш.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд маргааш өглөө нь 9-10 цагийн үед ****** ах Ланд-80 машинтайгаа чиргүүл дээрээ мод дүүчихсэн баруун талаас ирсэн. Тэгэхэд дотор нь манай нөхрийн ах Шар буюу **********, мөн майжиг хөлтэй танихгүй залуутай ирсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 111-112-р хуудас/,

13.Гэрч Х.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...****** 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр над руу яриад “Би ********** эгчийн 3 үхрийг авчихсан юмаа, дүү нь хэргээ хүлээсэн. Тийм болохоор та ********** эгчтэй очиж уулзаад гомдол, тэмцэлгүй болгоод өгөөч” гэж гуйгаад ярихаар нь би тэр өдөртөө **********ийнд давхиж очиход ********** ********** сум явсан гээд эзгүй байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 114-115-р хуудас/,

14.Хөрөнгийн Бодит Үнэлгээ ХХК-ийн шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 101 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 182-186-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хууль зүйн дүгнэлт:

“Хулгайлах” гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох ба мал хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдах бөгөөд “мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарах бөгөөд “олон тооны мал” гэдэгт найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж Эрүүгийн хуульд тайлбарлажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлгийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэл юм.

Мал хулгайлах гэмт хэрэг зөвхөн шунахай сэдэлтээр буюу бусдын өмчлөлийн малыг хууль бусаар завшиж өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг онцлогтой.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд “...бусдын малыг хулгайлсан...” үйлдлийг мал хулгайлах гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тодорхойлсон бөгөөд энэ гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, машин механизм ашигласан бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.

 

“Мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна” гэж, “олон тооны мал гэж найман бог, хоёр бод түүнээс дээш малыг ойлгоно” гэж тус тус хуульчлан тайлбарласан. Харин “машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарах бөгөөд “машин механизм ашиглах” гэдэгт хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх малын бэлчээрт зорьж очих, малыг хөөж туух зэрэгт хэрэглэснийг хамааруулан үздэг.

Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь уг хөрөнгийг шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах үндсэн эрх, эрх чөлөөн халдсан байдаг.

 

Шүүгдэгч Д.******, Н.********** нар нь бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 18-аас 19-нийг шилжих шөнө машин механизм буюу **** ХЭА улсын дугаартай Land Cruiser 80 маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж Хэнтий аймгийн ********** сумын 3 дугаар багийн нутаг "Булгийн адаг” гэх газраас Х.**********ийн 3 (гурав) тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж, түүнд 6,200,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

 

Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар  бусдын олон тооны малыг хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулжээ.

 

Иймд шүүгдэгч Д.******, Н.********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар бусдын олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч Д.****** шүүх хуралдаанд: “...Би дүү **********өд хадуур зарсан юм. Манай хүүхэд хүнд өвчин туссан учраас 2016 оноос хойш ********** суманд амьдраагүй. Гэхдээ тэнд 2016-2019 он хүртэл хадлан бэлдэж байсан. Тухайн үед ****** сумын нэг найз маань ирж хадлан хадаж байгаад хадуураа орхиод явсан. Тэр хадуурыг нь би дүүдээ зарсан юм. Ингэхдээ ********** надад мөнгөө өгч чадахаа болилоо, оронд нь үхэр өгье гэснээс болж ийм асуудал болсон. Энэ асуудал өвөл болсон. Үхэр хулгайд алдсан талаар ****** эгч над руу яриад “..чи манай үхрийг аваад явчихсан байна гэхээр нь  би танай үхрийг аваагүй” гэдгээ хэлээд та цагдаад шалгуул гэсэн асуудлыг ярьсан. Хавар болоход 3 үхрийн толгой манай гэрийн гаднаас олдсон гэсэн яриа гарсан байсан. Гэхдээ тэр 3 үхрийн толгой манай гэрийн гаднаас олдоогүй. Алга болсон 3 үхрийг шуусын голоос алга болсон гэж хэлсэн байсан. ****** цагдаагийн газраас намайг дуудаад “...та **********ийн 3 үхрийг авсан байна” гэсэн. Надад нэг бичлэг сонсгосон. Тэр бичлэг дээр “..үхэр мал ч” гэх шиг яриа хальт сонсогдсон. Тэгэхээр нь би дүүгээсээ үхэр мал авсан нь үнэн гэхэд цагдаа “тэр чинь хулгайн үхэр байсан юм байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл хэдүүлээ учраа олъё гээд хамт явсан. Тэр орой 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байсан. Бид хэд наашаа яваад ********** сумын нутгаар явж байгаад тэр шөнөдөө Оюунжаргал эгч дээр очсон. Тэгээд ******* эгчтэй олон жил айл хөрш, найз дотно хүмүүс учраас уучлалт гуйя гээд орсон. Би ******** үхэр авсан чинь ийм байсан. Тэгээд “таны үхэр байсан байна би мэдээгүй шүү” гэж хэлсэн. Тэднийхээс хөдлөөд 2,3 цагийн дараа ********** бид хоёр ******* явъя гээд хөдөлсөн. Тэгээд би дүүгийндээ очоод байж байсан. Тэр хооронд бид нарын ярилцсан асуудал байгаа. За эгчээ ийм асуудал боллоо ******* миний хуурай ах хүнд өвчтэй байгаа. Хажуугаар нь ээж нь давхар өвчтэй байсан. Хохирол төлбөр юу болж байгаа билээ гэхэд эгч “...би 3 үхрээ зах зээлийн ханшаар гурав гурван сая төгрөгөөр үнэлнэ” гэхээр нь би дүү нь наад асуудлыг чинь зохицуулъя, ********** бид 2 ард нь болох байхаа гэж ярилцаад тэндээс явсан. Маргааш нь ******** эгч ****** очсон байсан. Тэнд очоод чамайг харагдахгүй болохоор гайхаад гэхээр нь одоо цагдаагаар явж байгаа учраас учир нь олдох байхаа гээд утсаар ярилцсан. Тэгээд цагдаагаас хоёр хоног намайг дуудахгүй байж байгаад би анх дуудсан газар нь яваад очиход бүгдээрээ архи уучихсан согтуу байсан. Энэ дүү маань ч бас архи уучихсан согтуу байсан. Тэгэхээр нь энэ дүүгээ ч бас яагаад асуудлаа шийдүүлэхгүй архи уугаад сууж байгаа юм бэ гэхэд “ахаа ******* ахмад мундаг хүн байна дүү нь жаахан уучихлаа” гэхээр нь би “юу ярьж байгаа юм бэ, асуудлаа шийдүүлэхгүй архи уугаад сууж байхдаа яадаг юм” гэсэн. Тэгэхэд цагдаа ******, *******, *******, цагдаагийн жолооч ******** тэр хэд байсан. ******** эрүүл, ****** халамцуу, *****, ******** нар согтуу байсан. Манай дүү бас нилээн согтуу байсан. Намайг бие засаад гараад ирэхэд ***** цагдаа **********ийн дээр нь суучихсан нүдэж байсан. Тэгэхээр нь би  “ийм асуудал байж болохгүй наад хүн чинь хэргээ шалгуулаад явж байгаа болохоос архи уучаад ингээд зодож нүднэ гэж юу байхав, чамайг хэлдэг газар нь хэлнэ шүү” гэхэд “за ахаа уучлаарай дүү нь архиа жаахан хэтрүүлчхэж дүү нь ажил төрлөө бодъё гээд” тэгээд байж байтал *********, ******** хоёр идэж уух юм авчирч өгсөн.  Тэгээд асуудлаа цэгцлье гээд бид хоёрыг өмгөөлөгчтэй байцаалт өгөх үү гэхээр нь “тэгье” гээд бид хэд ***** сум руу явсан. ****** очсоныхоо маргааш нь бид хоёрыг өмгөөлөгчөө дууд гэсэн. Тухайн үед  өмгөөлөгчтэй холбогдох боломж байхгүй байсан учраас тэгээд 3 хоног явж байгаад салсан...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Д.******ын өмгөөлөгч С.***** шүүх хуралдаанд: “...Өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч ******, ********** нарын өмгөөлөгчөөр миний бие оролцож байгаа. Хэргийн үйл баримтын хувьд 3 тооны үхэр алдагдсан гэдгийг хэн ч  хараагүй үзээгүй мэдэх боломжгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэн, хэрхэн яаж ямар байдалтай оролцсон юм бэ?  гэдэг дээр дүгнэлт хийх ийм л зарчим байгаа. Тэгэхээр цугласан нотлох баримтаар улсын яллагч 3 тооны үхрийг ******, ********** хоёр нядлаад ачаад явсан гэдэг. Нядлаад гэдэг үйл баримт энэ 2 хавтаст хэргийн хэддүгээр хуудсанд ****** 3 тооны үхрийг нядлаад ачаад явсан талаар хэргийн газар дээрээс нотолж байгаа ямар баримт байгааг улсын яллагч та хуудас, тоотой нь хэлээд өгвөл би үүн дээр нь тайлбар хэлмээр байна. Учир юу вэ гэхээр хэргийн үйл баримтыг хэн нэгэн нь таамаглаж, хууль зүйн дүгнэлт хийх боломж байхгүй. Хуульд юу гэж заасан бэ гэхээр хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтад тулгуурлаж шийдвэр гаргах ёстой. Гэтэл улсын яллагчийн ярьж байгаагаар харсан юм шиг ****** гэдэг хүн нядлаад гэж яриад байх юм. Нядлаад гэдэг үг чинь ****** хэргийн газарт байгаад нядлаад аваад явж байгаа энэ үйл баримт байгаа юм. Энэ үйл баримтыг нотолсон ямар баримт байгаа юм бэ гэдэг асуудлыг л хөндөж өмгөөлөгчийн зүгээс ярих гээд байгаа юм. Үүн дээр хавтаст хэрэгт 3 тооны үхэр хулгайд алдагдсан талаар асуудал яригдсан. Үүнийг шалгасан 3 үхрийг ажилласан. Үүнийг ****** ачаад явсан нөхцөл байдал байдаг. Хохирогч **********ийн мэдүүлэгт юу гэдэг вэ гэхээр ерөөсөө энэ 3 үхрийг энэ хоёр хулгайлаад явсан. ******ын машины мөр хэргийн газарт гарсан байсан. Аман дээр нь өвс тавьсан байсан гэдэг асуудал ярьдаг. Гэхдээ өнөөдөр үүнийг би ч хараагүй, та ч хараагүй. Яагаад гэвэл үүнийг мөрдөн байцаалтаар тогтоох ёстой. Бүлэглэн гэж үзэж байгаа бол урьдчилаад хоёулаа хулгай хийе гээд санаа нэгдээд, очоод малыг нь аваад явж байгаа үйл баримтыг хэлнэ. Тэгэхээр хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад ******ыг очихоос өмнө 3 тооны үхрийг ажилласан байсан. Ажилласан 3 тооны үхэр дээр ****** машинтайгаа очсон гэдгийг үгүйсгээгүй, няцаагаагүй. Хэргийн газарт ******ын машины мөр гутлын мөр гарсныг үгүйсгэх арга байхгүй. Тэрүүгээр энэ хүнийг хамтран бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн юм байна гэж үзэхэд өрөөсгөл болчихож байгаа юм. Гэтэл маш олон удаа явсан машины мөр байсан гэж хэлээд байна. Тэгвэл энэ машины мөр ******ын машины мөр гээд хэргийн газраас аваад дүгнэлт гаргасан. Гэтэл тэр ******ын машины мөр биш болсон. Хамгийн гол нь олон удаа явсан учраас ******ыг сэжиглэж байсан гэдэг. ******ын машины мөр гээд тогтоогоод авсан машины мөр чинь ******ын машины мөр биш болсон ш дээ. Тэгэхээр үүн дээр ганц ******аас гадна өчнөөн олон машин явсныг үгүйсгэх аргагүй болчхож байгаа юм. Тэгэхээр үүн дээр ганцхан дүгнэлтээр ******ын машины мөр гарсан, 2 хүний гутлын мөр гарсан гэдэг үндэслэлээр бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн байна гэж шууд дүгнэлт хийх боломжгүй шүү гэж хэлэх гээд байгаа юм. Нөгөө талаасаа ********, *****, ******* нарын мэдүүлгээр нотолсон л гээд байдаг. Тэр нь юу вэ гэхээр хэрэг болсны ард дээр гэрч нар ******, ********** 2 хулгай хийчихээд байгаа юм байна ш дээ сум орон нутгаар яригдаад ****** гэдэг хүн сонсчихоод “...******аа чи яагаад ийм асуудалд холбогдчихсон юм бэ? гайгүй юу” гээд би утсаар ярьсан гэдэг. Үүнтэй холбоотой асуудал. Яалтчгүй ******ын авсан 3 тооны үхэр нь **********ийн 3 үхэр биш болоод явчихсан нөхцөл байдал тогтоогдсон учраас ****** уучлалт гуйгаад ийм юм болчихлоо, муухай юм болчихлоо хохирлыг чинь төлчихье, яаж ийгээд ********** гэдэг хүнээс “гомдолгүй” гэсэн бичиг авчихъя, хохирлыг нь төлчихвөл арай гайгүй хандаж магадгүй гэдэг үүднээс хандаад яваад байсан болохоос биш яг өнөөдөр чиглэсэн нотлогдсон ийм баримт биш.  ******, ******** нарын мэдүүлэг байдаг “гомдолгүй” гээд хэлээд өгөөч гээд тэгвэл бид нар гайгүй болох гээд байна гэдэг ийм л асуудал ярьдаг. Түүнээс би шөнө очоод нядалчихсан юм аа гээд хэргийн процессын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй. ******* гэдэг хүн анхны мэдүүлэгтээ “...би одоо гайгүй мултрах гээд байгаа юм аа гайгүй болгоод өгөөч гээд ярьж байсан” гэж мэдүүлэг өгсөн мөртлөө, дахин мэдүүлэг авахад би тийм юм яриагүй. Тийм зүйл огт болоогүй, би мэдүүлгээ уншихгүй зурчихсан юм аа гэдэг асуудал ярьдаг. ******** гэдэг хүн яагаад ингэж яриад байгаа юм бэ би тийм зүйл яриагүй, харин ч би ******тай “..миний дүү зүгээр үү, яасан юм бэ  гэхэд надад юу гэж хэлсэн бэ гэхээр би **********өөс хадуур авсан өрөндөө 3 үхэр авсан чинь, буруу гарын юм болчхоод асуудал үүссэн байна, гайгүй байхаа” гэдэг зүйл ярьсан гээд эсрэгээрээ нотлох баримт чинь хоорондоо зөрүүтэй болчхож байгаа юм. Тэгэхээр нотлох баримт зөрүүтэй ороод ирсэн байхад алийг нь нотлох баримтаар, алийг нь үгүйсгэх гээд байгаа юм бэ? улсын яллагчаа. Бүгдийг нь ******, **********ийн эсрэг ашиглаж байгаа юм. Гэтэл гэрч ********, ********* нар мэдүүлгээрээ няцаачихсан, нотлох баримт эргэлзээтэй болсон байхад эргэлзээтэй нотлох баримтаар хүнийг шууд буруутгах үндэслэл байна уу гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дахь хэсэгт юу гэж заасан бэ гэхээр хэргийн үйл баримтыг нотлохдоо тогтоосон баримт маань эргэлзээгүй тогтоосон байхыг хуулин дээр шаардаж байгаа юм. Гэтэл яриад байгаа асуудал чинь эргэлзээтэй болчхож байгаа юм. Үнэхээр ********, ********* үнэхээр ингэж хэлсэн юм болов уу, үгүй юм болов уу гээд энэ асуудал дээр чинь эргэлзээ төрж байгаа юм. Эргэлзээтэй нотлох баримтаар хүнийг гэм буруутай гэж үзэх боломж байхгүй.

Дараагийн асуудал бүлэглээд нядлаад аваад явчихсан гэдэг асуудал яригддаг. Гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1-т заасан байна. Хамтран оролцох хэлбэр юу вэ гэхээр гүйцэтгэгч, хамжигч, хатгагч гэсний алингаар нь явж байгаа юм бэ? Бүлэглэн гэдгээр нь  гүйцэтгэгчээр нь явуулж байгаа бол гүйцэтгэгч нь гэдэг асуудал дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих ажиллагаа гээд 6 үндэслэл заасан байна. Үүнийг зайлшгүй тогтооно. Нотолбол зохих ажиллагаа дээр гэмт хэргийг хэн хэзээ, хэрхэн яаж үйлдсэн юм бэ? Үүнийг зайлшгүй тогтоох ёстой. Тэгвэл ****** гэдэг хүн бүлэглэн гэмт хэрэг хийсэн бол энэ хэрэг дээр яг үхэр хулгайлах үед ****** байсан юм уу? үгүй юм уу. Байсан гэж байгаа бол энэ хүн ямар үүрэгтэй, яаж оролцсон юм бэ? Хэрхэн яаж оролцсон талаарх үйл баримтыг заавал тогтоох ёстой. Энэ үйл баримтыг заавал тогтоож байж нядалсан гэдэг үгийг таны яллаж байгаа үг, үсэг үйл баримтаа та ******ыг нядалсныг ********** хэлж байгаа юм аа, эсвэл нядалсан гэдгээ хүнд хэлж байсан юм аа гээд үйл баримтаа тогтоосон байхыг шаардана.  Гэтэл чи **********өөс авсан гэдэг юм уу, ачаад ирсэн 3 үхэр чинь хулгайн үхэр байгаа учраас та өнөөдөр хамт явсан байх ёстой гэдэг байдлаар хүнд хариуцлага хүлээлгэж байгаа нь өөрөө хүний эрхэнд халдсан, хүний эрхийг зөрчсөн асуудал болж ирж байна. Тэгэхээр ****** гэдэг хүн үнэхээр бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа бол энэ үйл баримт нь хавтаст хэргийн хэд дүгээр хуудсанд авагдсан ямар баримтаар тогтоогдсон юм бэ гэдгийг хэлээд өгөөч гэдэг асуултыг тавимаар байна. Хэрэв үнэхээр нотолж чадахгүй байгаа бол бидэнд ашигтайгаар шийдвэрлэх хуулийн зарчмын дагуу ******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн саналтай байна...” гэх санал, дүгнэлт гаргаж шүүгдэгч Д.******ын гэм буруугийн асуудлаар маргаж шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүхээс уг мэдүүлэг, санал, дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар түүнд холбогдох хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит нөхцөл байдалд нийцсэн гэж шүүхээс дүгнэсэн болно.

 

Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.******, Н.********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т  зааснаар  бусдын олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдгээрт хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Д.******ын хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 15-р хуудас/-ыг,

 

Шүүгдэгч Н.**********ийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 32-р хуудас/-ыг тус тус шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.******, Н.********** нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа ... учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдсон, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.  

           

            Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Н.**********өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар 2 (хоёр) жил, 3 (гурав) сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.**********өд оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Д.******т оногдуулсан 2 (хоёр) жил, 3 (гурав) сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.******, Н.********** нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Д.********* өмчлөлийн мөнгөлөг өнгийн **** ХЭА улсын дугаартай “Land Cruiser 80” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10,500,000 (арван сая таван зуун мянга) төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Д.******аас 5,250,000 (таван сая хоёр зуун тавин мянга) төгрөг, шүүгдэгч Н.**********өөс 5,250,000 (таван сая хоёр зуун тавин мянга) төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.

 

Гурав.Гэм хор, хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

            Шүүгдэгч Д.****** нь хохирогч Х.**********т гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 9,000,000 (есөн сая) төгрөг төлсөн бөгөөд энэ талаар хохирогч, шүүгдэгч нар маргахгүй байна.

 

Шүүх шинжилгээний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны хохирлыг тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, шүүх шинжилгээ хийх үндэслэл, журам болон шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ... 17.12 дугаар зүйл /Мал хулгайлах/…-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж тус тус хуульчилжээ.

 

Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дор0826/27 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Х.**********ийн сэтгэцэд учирсан хор уршгийн “нэгдүгээр” зэрэглэл тогтоогдсон.

 

Шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн нөхөн олговрыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгийг хохирогч Х.**********ийн сэтгэцэд учирсан хор уршгийн “нэгдүгээр” зэрэглэлийн 4.99 (дөрөв зууны ерэн ес) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,744,500 (хоёр сая долоон зуун дөчин дөрвөн мянга таван зуу) төгрөгөөр тогтоов.

 

Шүүх Хөрөнгийн Бодит Үнэлгээ ХХК-ийн шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 101 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 183-186 хуудас/-ээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу 3 (гурав) тооны үхрийн үнэлгээ 6,200,000 (зургаан сая хоёр зуун мянга) төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн нөхөн олговор 2,744,500 (хоёр сая долоон зуун дөчин дөрвөн мянга таван зуу) төгрөг буюу нийт учирсан хохирол, хор уршгийг 8,944,500 (найман сая есөн зуун дөчин дөрвөн мянга таван зуу) төгрөгөөр тогтоов.

 

Шүүгдэгч Д.******аас хохирогч Х.**********т 9,000,000 (есөн сая) төгрөг төлсөнийг шүүгдэгч Д.******, Н.********** нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

           

          Дөрөв.Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 603 7,62*54R гэсэн бичиглэлтэй, гуулийн шар өнгийн 5.4 см урттай, хонгионы үзүүр хэсэг нь 7.8 мм, хонгионы толгой хэсэг нь 1.4 мм хэмжээний сумны хонгио 1 (нэг) ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Д.********* өмчлөлийн **** ХЭА улсын дугаартай “Land Cruiser 80” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 06 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгон өмчлөгч Д.********* буцаан олгох, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.******, Н.********** нар цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.******, Н.********** нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ********* овгийн ******** ******, ******** овгийн ******** ********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус заасан олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Д.******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар 2 (хоёр) жил, 3 (гурав) сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.**********өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус  зааснаар шүүгдэгч Д.******т оногдуулсан 2 (хоёр) жил, 3 (гурав) сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.**********өд оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.******, Н.********** нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Д.***** өмчлөлийн мөнгөлөг өнгийн **** ХЭА улсын дугаартай “Land Cruiser 80” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10,500,000 (арван сая таван зуун мянга) төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Д.******аас 5,250,000 (таван сая хоёр зуун тавин мянга) төгрөг, шүүгдэгч Н.**********өөс 5,250,000 (таван сая хоёр зуун тавин мянга) төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгох хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авсугай.

 

5.Шүүгдэгч Д.******, Н.********** нарт урьд авагдсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс тоолсугай.

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 603 7,62*54R гэсэн бичиглэлтэй, гуулийн шар өнгийн 5.4 см урттай, хонгионы үзүүр хэсэг нь 7.8 мм, хонгионы толгой хэсэг нь 1.4 мм хэмжээний сумны хонгио 1 (нэг) ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Д.********** өмчлөлийн **** ХЭА улсын дугаартай “Land Cruiser 80” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 06 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгон өмчлөгч Д.********* буцаан олгох, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.******, Н.********** нар цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.******, Н.********** нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

           

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.******, Н.********** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.ЭНХБААТАР