| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/0194/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/34 |
| Огноо | 2026-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.А |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2026/ШЦТ/34
2026 01 15 2026/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2025/0194/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг,
Улсын яллагч Н.Амгалан,
Хохирогч С.****** /онлайнаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.**********,
Шүүгдэгч З.****** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ******** овгийн ********* ******д холбогдох эрүүгийн 2539000000135 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч З.****** нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 18 цагийн үед Хэнтий аймгийн ****** сумын 3 дугаар баг К36 дугаар байрны гадна С.******той тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохиж зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт шарх, зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч З.****** нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 18 цагийн үед Хэнтий аймгийн ****** сумын 3 дугаар баг К36 дугаар байрны гадна С.******той тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохиж зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт шарх, зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,
2.Хохирогч С.******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 16 цагийн үед ****** сумын 3 дугаар баг К36 байрны 02 тоотод найз *******, хамт ажилладаг дүү **********, түүний найз охин ******* нарын хамт байж байхад ******* өмнө нь харилцаж байсан залуу нь байрны гадаа ******* гар утсыг нь өгөх гээд ирсэн гэхээр нь *******, ******** бид гурав гарахад байрны гадаа марк 2 маркийн ГСО серийн дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгслээс зүс харж байсан ****** гэх залуу машинаас буугаад ****** гар утсыг ******* өгчихөөд чи намайг хараарай гээд занаад байхаар нь би чи яагаад эмэгтэй хүн занаад байгаа юм гэж хэлсэн чинь ****** машинаас бууж ирээд чамд хамаагүй ална шүү гээд баруун гараараа зүүн шанаа, хамар хэсэгт тус бүр нэг удаа, нийт 2 удаа цохиод яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,
2.Гэрч М.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...****** машиндаа суугаад хөдлөхдөө ******* би чамайг байхгүй болгоно гэж занаж хэлсэн. Ингээд машинтайгаа хөдлөх үед нь ****** ах ******д хандаж чи яагаад эмэгтэй хүн занаад байгаа юм гэхэд машинаас ****** бууж ирээд ална шүү чамд хамаагүй гээд баруун гараараа ****** ахын зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон. ******* ах нүдний шилээ надад өгөөд эргэж харахад нь ****** дахиад гараараа ****** ахын хамар хэсэгт нэг удаа цохисон. ****** тэгээд машиндаа суугаад яваад өгсөн. ********** бид хоёр ****** ахыг аваад эмнэлэг явсан. ****** ах ********* цохиж зодсон зүйл байхгүй. ****** тавуулаа явж байсан. Хамт явсан залчууд нь боль яах гээд байгаа юм гэж хэлээд Батбямбыг авч явсан. ****** ******, ******, *******, мөн миний таних нэг залуутай хамт явж байсан. ****** ахын хамрын нүхнээс болон хамрын нуруунд үүссэн шархнаас цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
4.Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ц.******** 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 211 дугаартай шинжээчийн “...С.******ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт шарх, зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нийтдээ болон тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 29-30-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч З.****** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох” журамд заасан хөнгөн зэргийн хохирол учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн обьектив шинжийг бүрдүүлдэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч З.****** хохирогч С.******ийн биед халдсан үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтээр эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт шарх, зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд шүүгдэгч З.********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч З.********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 107 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч З.********** үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч З.******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******** оногдуулсан 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.
Гурав.Гэм хор, хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч З.****** Эрүүл мэндийн даатгалын санд 2,546,964 (хоёр сая таван зуун дөчин зургаан мянга есөн зуун жаран дөрөв) төгрөг төлсөн баримт хэрэгт ирүүлсэн байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны хохирлыг тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, шүүх шинжилгээ хийх үндэслэл, журам болон шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ...Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/…-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж тус тус хуульчилжээ.
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 4489 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.******ийн сэтгэцэд учирсан хор уршгийн “хоёрдугаар” зэрэглэл тогтоогдсон.
Шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн нөхөн олговрыг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор шинэчлэн тогтоож 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792,000 (долоон зуун ерэн хоёр мянга) төгрөгийг хохирогч С.******ийн сэтгэцэд учирсан хор уршгийн “хоёрдугаар” зэрэглэлийн 8 (найм) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 6,336,000 (зургаан сая гурван зуун гучин зургаан мянга) төгрөгөөр тогтоов.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар 6,336,000 (зургаан сая гурван зуун гучин зургаан мянга) төгрөгийг шүүгдэгч З.******ас гаргуулж, хохирогч С.******ид төлүүлж шийдвэрлэлээ.
Хохирогч С.****** нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх баримт гаргаж өгөөгүй болно.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч С.****** нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарч болох эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Дөрөв.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч З.****** нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч З.****** Эрүүл мэндийн даатгалын санд 2,546,964 (хоёр сая таван зуун дөчин зургаан мянга есөн зуун жаран дөрөв) төгрөг төлсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн ******** ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.******д 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.******д оногдуулсан 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч З.******д мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч З.******д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.******ас 6,336,000 (зургаан сая гурван зуун гучин зургаан мянга) төгрөгийг гаргуулж хохирогч С.******ид олгосугай.
8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч С.****** нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарч болох эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч З.****** нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч З.******ас Эрүүл мэндийн даатгалын санд 2,546,964 (хоёр сая таван зуун дөчин зургаан мянга есөн зуун жаран дөрөв) төгрөг төлсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З.******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР