| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2026/0055/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/41 |
| Огноо | 2026-01-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., 11.7.1.2., |
| Улсын яллагч | Н.А |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2026/ШЦТ/41
2026 01 20 2026/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2026/0055/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг,
Улсын яллагч Н.Амгалан,
Хохирогч Ц.******,
Шүүгдэгч С.****** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн ******** ******т холбогдох эрүүгийн 2539000000460 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.****** нь 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн үед Хэнтий аймгийн ****** сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Эвт түмэн ХХК-ийн ноосны үйлдвэрийн хашаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ц.******г уусан архиндаа согтуурхаж үснээс нь зулгаах, хацар хэсэгрүү нь алгадах, толгой хэсэгрүү нь гараараа цохих зэргээр зодсон, догшин авирласан,
Мен 2025 оны 10 дугаар сарын 24-ний орой 20-22 цагийн хооронд Хэнтий аймгийн ****** сумын 4 дүгээр баг ******гийн 11-20 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ц.******г уусан архиндаа согтуурхаж агсам, согтуу тавьж улмаар хугархай униар нуруу, дал, гар, хөл хэсэгрүү нь, мөн үснээс нь зулгааж чирэх, толгой хэсэгрүү нь олон удаагийн үйлдлээр гараараа цохих зэргээр зодсон, догшин авирласан,
Мөн 2025 оны 10 дугаар сарын 25-ний өдөр 09 цагийн үед дээрх хаяг бүхий гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ц.******г гэртээ орох гэхэд нь гэрээсээ хөөж, улмаар толгой хэсэгрүү хоолны халбагаар 1 удаа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
Мөн дээрх 2025 оны 10 дугаар сарын 24, 25-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ц.******г дээрх арга хэлбэрээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлүүдийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.****** нь 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн үед Хэнтий аймгийн ****** сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Эвт түмэн ХХК-ийн ноосны үйлдвэрийн хашаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ц.******г уусан архиндаа согтуурхаж үснээс нь зулгаах, хацар хэсэгрүү нь алгадах, толгой хэсэгрүү нь гараараа цохих зэргээр зодсон, догшин авирласан,
Мен 2025 оны 10 дугаар сарын 24-ний орой 20-22 цагийн хооронд Хэнтий аймгийн ****** сумын 4 дүгээр баг ******гийн 11-20 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ц.******г уусан архиндаа согтуурхаж агсам, согтуу тавьж улмаар хугархай униар нуруу, дал, гар, хөл хэсэгрүү нь, мөн үснээс нь зулгааж чирэх, толгой хэсэгрүү нь олон удаагийн үйлдлээр гараараа цохих зэргээр зодсон, догшин авирласан,
Мөн 2025 оны 10 дугаар сарын 25-ний өдөр 09 цагийн үед дээрх хаяг бүхий гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ц.******г гэртээ орох гэхэд нь гэрээсээ хөөж, улмаар толгой хэсэгрүү хоолны халбагаар 1 удаа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
Мөн дээрх 2025 оны 10 дугаар сарын 24, 25-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ц.******г дээрх арга хэлбэрээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1.Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,
2.Хохирогч Ц.******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 19 цагийн үед манай нөхөр гэрээс гараад явсан. 10-20 минут болоод буцаад гэрт ирсэн, ирэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, архи үнэртүүлээд орж ирсэн. Тухайн үед манай гэрт би болон 4 хүүхэд минь байсан. Нөхөр хоёр том охиныг хоёр гөлөг, гуйлгачин гэх зэргээр харааж гэрээс хөөгөөд байсан болохоор би хоёр охиноо өмөөрөөд хэрэлдсэн. Учир нь хоёр том охин маань миний дагавар охин, харин хоёр бага хүүхэд бол одоо байгаа энэ нөхрийн маань хүүхдүүд юм. Бид хоёр хэрэлдэж байсан учир нөхөр хоёр охинруу дайраад хөөгөөд байхаар нь би өөрийн төрсөн дүү Болоржаргалыг дуудаж хоёр охиноо өгөөд явуулаад хоёр бага хүүхэдтэй нөхөр бид 4 тухайн үед гэрт үлдсэн. Нөхөр дэлгүүр гараад тамхи аваад ирье гээд гарсан, би гэрт ойр зуурын юм хийгээд сууж байтал нөхөр буцаж орж ирээд хоол хийхгүй яасан юм бэ чи гээд уурлахаар нь би өөдөөс нь шөнө болсон хойно хоол хийж яадаг юм гэж хэлсэн. Уурлаад байхаар нь би гэрээс гарах гэсэн чинь шүүгээний ард талд байсан хугархай унийг аваад нурууны дал хэсэгт 1 удаа, баруун шууны булчин хэсэгт 1 удаа баруун талын хөлний шагай хэсэгт 1 удаа нийт 3 удаа униар цохисон, үргэлжлүүлээд үсдээд газар мөргүүлээд толгой хэсэгт маш олон удаа цохисон. Би гар утсаараа тусламж гуйх гээд автал миний гар утсыг аваад өгөхгүй байсан. Би зүрх өвдөөд байна гадаа гарч сууя гэж хэлээд би зугтаасан боловч миний хөл өвдөөд явж чадахгүй байсан учир ардаас ирээд барьж аваад үсдээд эргээд намайг дагуулаад гэртээ орсон. Гэрт ороод чи яасан их зугтаадаг юм гээд толгой хэсэгт дахин олон удаа цохисон миний 7 настай охин ********** та ээжийг битгий зодоод бай аав гээд аргадаад унтуулсан. Унтсан хойгуур нь би хоёр бага охиноо дагуулаад дүүгийнхээ гэрт очиж 4 охины хамт хоносон. Өглөө босоод 09 цагийн үед гэртээ ирсэн чинь дахиад бид хэдийг хөөгөөд гэрт оруулахгүй гадаа хөөж гаргаад миний толгой хэсэгт хоолны халбагаар 1 удаа цохисон болохоор Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай нөхөр дандаа согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэдэг, хүүхдүүд дэргэд байх байхгүй хамаагүй дандаа гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Би болон миний 4 хүүхэд дандаа сэтгэл санааны дарамтанд байдаг. Манай нөхөр 2024 оны 03 дугаар сард 1 удаа 2025 оны 08 дугаар сард 1 удаа тус тус нийт 2 удаа гэр бүл хүчирхийлэл үйлдсэн гээд баривчилгаанд явж байсан гэхдээ засраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9-р хуудас/,
3.Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1033 дугаартай шүүхийн шийтгэвэрийн хуулбар /хх-ийн 72-74-р хуудас/,
4.Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.******* 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 630 дугаартай “...Ц.******гийн биед тархи доргилт, толгойн орой хэсэг, зүүн шилбэ, шагайнд зөөлөн эдийн няцрал, баруун даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдулахгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 53-55-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч С.******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, догшин авирласан”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай хэмээн дүгнэв.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, догшин авирласан”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч С.******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэл тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч С.******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч С.******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 (ес) сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.******т оногдуулсан ялыг 9 (ес) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
3.Гэм хор, хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нь “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч С.******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч С.****** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн ********** ******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, догшин авирласан”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч С.******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус журамлан шүүгдэгч С.******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэж нийт эдлэх ялыг 9 (ес) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.******т оногдуулсан ялыг 9 (ес) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч С.****** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР