| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2026/0053/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/48 |
| Огноо | 2026-01-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 26.1.1., |
| Улсын яллагч | Э.А |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2026/ШЦТ/48
2026 01 22 2026/ШЦТ/48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2026/0053/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг,
Улсын яллагч Э.Азжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.********,
Шүүгдэгч М.****** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Азжаргалын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ********* овгийн ********* ******д холбогдох 2539006530325 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч М.****** нь 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн ****** сумын 4 дүгээр баг “******" 01-01 тоотод үйл ажиллагаа явуулдаг "******" ХХК-ийн ажлын байранд байхдаа иргэн С.******гийн гар цүнхнээс иргэний үнэмлэхийг нь авч түүний тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэн интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууцыг үгийг нь хуулбарлан, уг мэдээллийг ашиглан Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулиар хамгаалагдсан “Хөрөнгийн мэдээлэл" буюу кибер орчинд хадгалагдаж буй хөрөнгийн мэдээлэлд эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар халдаж, "*********" банк бус санхүүгийн байгууллагад зээлийн эрх үүсгэж, улмаар дээрх эд хөрөнгийн эрхийг ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 750,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.****** нь 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн ****** сумын 4 дүгээр баг “******" 01-01 тоотод үйл ажиллагаа явуулдаг "****" ХХК-ийн ажлын байранд байхдаа иргэн С.******гийн гар цүнхнээс иргэний үнэмлэхийг нь авч түүний тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэн интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууцыг үгийг нь хуулбарлан, уг мэдээллийг ашиглан Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулиар хамгаалагдсан “Хөрөнгийн мэдээлэл" буюу кибер орчинд хадгалагдаж буй хөрөнгийн мэдээлэлд эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар халдаж, "****" банк бус санхүүгийн байгууллагад зээлийн эрх үүсгэж, улмаар дээрх эд хөрөнгийн эрхийг ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 750,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1.Хохирогч С.******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн ****** сумын 4 дүгээр багийн нутагт ****** 1-1 тоотод үйл ажиллагаа явуулдаг. "Цагаан цахир уул" ХХК-ийн ажлын байрандаа байж байсан юм. Тухайн үед би ширээний доор байх тавиур дээр цүнхээ тавьчихсан байсан юм. Цүнхэн дотор миний иргэний үнэмлэх байсан. Ширээн дээр миний самсунг загварын гар утас байсан ба би гар утас болон цүнхээ үлдээчихээд даргын өрөө рүү ороод гараад иртэл ****** миний ширээн дээр суугаад И-баримт хэвлэж Байсан. Тэгээд би даргын өрөөнөөс гарч ирээд цүнхээ үзтэл миний бичиг баримт, карт хийдэг хавтас их сонин дараалал нь алдагдаад миний иргэний үнэмлэх anra болсон байна гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө би гэртээ хариад маргааш нь ажил дээрээ очоод ****** рүү залгаад би цагдаад өглөө шүү миний иргэний үнэмлэхийг өг гэж хэлтэл за эгчээ би одоо аваачаад өгье гэж хэлээд удалгүй миний иргэний үнэмлэхийг аваад ирсэн. Тэгээд миний гар утас байсан ХААН банкны мессэжүүд бүгд устчихсан байхаар нь би гайхаад ХААН банканд очиход таны банк руу нэвтрэх гэж оролдсон байна гэхдээ нууц үгийг нь мэдэхгүй тул ороогүй байна гэж хэлсэн. Тэгээд 2025 оны 05 дугаар сарын сүүлээр би интернет банк руу ороод дансны хуулгаа хартал 750,000 төгрөгний зээл авалт хийгдээд ******гийн данс руу зарлага хэлбэрээр гарсан байсан. Тэгээд би мэдээд ******гийн гэрт очоод ******тэй уулзаад асуутал тиймээ би таны нэр дээр аппликэйшнээс зээл авчихсан юм гэж хэлсэн ба уучлаарай эгчээ би тэрийг төлж өгнө гэж хэлсэн. ****** 750,000 төгрөгийг хүүтэй нь хамт 889,000 төгрөг болгож эргүүлж төлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42, 46-47, 129-130-р хуудас/,
2.******** ****** гэх эзэмшигчтэй ХААН банкны ****** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 62-р хуудас/,
3.Омни капитал ББСБ-ын Хаан банк дахь депозит дасны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 63-64-р хуудас/,
4.2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн №2025-193091 дугаартай цахим зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 65-66-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Кибер орчин гэдгийг мэдээлэлд хандах, нэвтрэх, цуглуулах, түүнийг боловсруулах, хадгалах, ашиглах боломжийг олгож буй мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний орчинг хэлнэ гэж тодорхойлсон.
Кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэргийн хувьд мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр нэвтрэх, танилцах зэргээр хандалт хийсэн байх үндсэн шинжийг агуулах бөгөөд энд тусгай арга хэрэгслээр халдсан байхыг шаардахгүй, нууц түлхүүрийг мэдэж байсан ч хандахыг зөвшөөрөөгүй байхад нэвтэрсэн, танилцсан үйлдлээр төгсдөг онцлогтой.
Харин хулгайлах гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг олж авах санаа сэдэл анхнаасаа үүсэж чиглэсэн, эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууц, далд сэм аргаар идэвхтэй үйлдэл хийж өөртөө авч захиран зарцуулах бололцоо бүрдүүлсний улмаас Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх шинжийг агуулдаг.
Хохирогч С.******гийн интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц үгийг нь хуулбарлан, уг мэдээллийг ашиглан Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулиар хамгаалагдсан “Хөрөнгийн мэдээлэл" буюу кибер орчинд хадгалагдаж буй хөрөнгийн мэдээлэлд эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар халдаж, "Омни Капитал" банк бус санхүүгийн байгууллагад зээлийн эрх үүсгэж эдгээр мэдээллийн системүүдэд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, мөнгийг захиран зарцуулсан үйлдэл нь хулгайлах болон кибер орчинд хууль бусаар халдах гэсэн хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан байна.
Иймд шүүгдэгч М.******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийн системд нэвтэрсэн”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Нэг талаас амар хялбар аргаар мөнгө олох санаа сэдэл, нөгөө талаас хувийн мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалт сул, хайхрамжгүй харилцаа хандлага зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл болжээ.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийн системд нэвтэрсэн”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94 дүгээр хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч М.******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч М.******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч М.******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар буюу Хэнтий аймгийн ****** сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
3.Гэм хор, хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.******д 889,000 (найман зуун наян есөн мянга) төгрөгийн хохирол учирсан буюу ********* ББСБ ХХК-д үүссэн зээлийг шүүгдэгчээс төлсөн баримт хэрэгт авагдсан байна. Иймд шүүгдэгч М.******г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч М.****** нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 36.2, 36.6, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ********* овгийн ******** ******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийн системд нэвтэрсэн”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч М.******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялуудыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар буюу Хэнтий аймгийн ****** сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.****** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
6.Шүүгдэгч М.******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч М.****** нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР