Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2026/ШЦТ/49

 

2026         01          22                                         2026/ШЦТ/49

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2026/0057/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг,

Улсын яллагч Н.Амгалан,

Шүүгдэгч О.******, Э.******** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ********* овгийн ******* ******, ********** овгийн ******** ******** нарт холбогдох эрүүгийн 2539008320509 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.********, О.****** нар нь бүлэглэн Хэнтий аймгийн ******** сумын 5 дугаар багийн нутагт дэвсгэрт, аймгийн төвөөс хойд зүгт 2 км орчим зайд "ахаа гэж дуудсангүй гэх шалтгаанаар" хохирогч М.********ийг нүүрэн тус газар нь гараараа цохих, дээрээс нь хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр олон удаагийн давтамжтайгаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.********, О.****** нар нь бүлэглэн Хэнтий аймгийн ******** сумын 5 дугаар багийн нутагт дэвсгэрт, аймгийн төвөөс хойд зүгт 2 км орчим зайд "ахаа гэж дуудсангүй гэх шалтгаанаар" хохирогч М.********ийг нүүрэн тус газар нь гараараа цохих, дээрээс нь хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр олон удаагийн давтамжтайгаар зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын үзүүрт шарх, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн хацар, хамрын нуруу, баруун шууны дотор дээд хэсэгт зулгаралт, зүүн бугалгын урд дунд хэсэгт цус хуралт, зулгаралт, зүүн бугалгын дотор доод хэсэг, шууны дотор дээд хэсэг, цээжний зүүн дээд хэсэг, зүүн гуяны урд дунд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

1.Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/,

2.Хохирогч М.********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...2025 оны 9 дүгээр сарын 16-ны өглөө унтаж байгаад сэрээд байж байхад Энхтайван хоёр найзтайгаа дэлгүүр явах гэж байхад нь би бас тамхигүй болчиж гээд хамт явсан юм. Тэгээд дэлгүүрээс нөгөө гурав Сэруун гэх 3 том пиво аваад гараад ирсэн. Тэгээд аймгийн төвөөс чанх хойшоо 2 км газар яваад пивоо ууцгаасан. Би пивоноос нь уугааrуй тэр гурав уугаад байсан. Тэгээд намайг ахаа гэж дуудсангүй гээд өндөр залуу буюу ****** нь намайг нүүрэн тус газар хоёр удаа цохисон, тэгээд намайг пиво аягал гээд суусан. Тэгээд ******* намайг ахыгаа дууд гэсэн, тэгэхээр нь дугаарыг нь мэдэхгүй байна гэхэд хамт явж байж яахаараа мэддэггүй юм гээд байсан. Шинэ дугаар авсан болохоор нь би мэдэхгүй байна гээд хамт ажилладаг хүнийх нь дугаарыг нь ******** надад өгөөд би ******ын утсаар залгасан. Тэгээд зүгээр зогсож байхад жижиг биетэй нь ******** намайг унагаж дээрээс дэвссэн, нүүрэн тус газар нилээн цохисон, хел гар руу өшиглөсөн. Цохиж дуусахаар нь пивийг нь аягалаад сууж байхад ахынхаа утсыг олснуу ахиад залгаадах гээд байсан. ******ын утсаар өөрийнхөө чатыг оруулаад ахын эхнэр рүү нь чат бичээд дугаарыг нь авсан. Тэгээд залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд тогооч эгч рүү залгаж, ********* ахыг сэрээгээд яриулаач гэхэд аниа нь ажлаас гараад явж байна гэсэн. Ажил руу очоод яриулъя гэсэн. Хажуунаас ****** илүү зүйл ярьвал ална шүү гээд байсан. Тэгээд сууж байхад ****** нүүрэн тус газар 4-5 удаа цохиход хамраас цус гарсан. Тэгэхэд ****** чи ямар хүнд зодуулсан биш наад пивоороо нүүрээ угаа гэсэн, тэгэхээр нь нүүрээ угаасан. ******** залгана гэсэн яав гэхэд ****** намайг өөрөөр чинь булшийг чинь ухуулна, чи Хэнтий аймагт ингэж надтай харьцахгүй 2003 оны бацаан минь гэсэн. ******** чамайг машинаараа дайраад ална гээд машинаа асаагаад хөдөлсөн. Тэгэхэд ******** миний хажууд зогсож бай, гэхээр нь хажууд зогсож байхад ******** машинаас бууж ирээд жийж унагааж, 2-3 удаа хөлөөрөө дэвссэн. Би тэгээд намайг явуулчаач цагдаад хэлэхгүй гээд зөндөө гуйсан, намайг чирээд машиныхаа багаажинд суулгасан. Тэгээд цаашаа явж байгаад зогссон. Овоолсон шороон дээр очоод намайг буугаад ир чи ямар овоо пиздаа вэ гээд гарандаа чулуу атгаад, миний хөл гар руу нилээн олон удаа цохисон, ийшээ хэвт гэсэн, тэгээд ******** цааш эргээд нилээн том чулуу татаж байсан. Тэгэхээр нь боломж олдсон дээр нь зугтаасан. Тэгээд нилээн гүйж байгаад том хавтгай төмөр доор орж нуугдаад 2 цаг шахам болсон тэгээд урагшаа кэмп рүү очоод Цагдаагийн байгууллагад хандсан. Ахаа гэж хэлсэнгүй гээд ******, ******** хоёр цохиж, зодож эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11-р хуудас/,

3.Гэрч Д.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 09 дүгээр сарын 16-ны өглөө 08 цаг өнгөрөөгөөд дэлгүүрээс "Сэрүүн" гэх 2 том пиво аваад Хэнтий аймгаас хойш 3 км гаруй яваад пивоо ууцгаасан юм. Тэгээд манай хоёр найз ********, ****** хоёр ********ийг ахаа гэж дууд гээд алгадаж, муудалцаж эхэлсэн. Тэгээд би болиулах гэхэд байж бай, ална шүү, наанаа байж бай, чамайг ч гэсэн адилхан болгоно шүү. энд чинь та хоёрыг булшилчихна шүү гэх зэргээр дарамтлаад байсан. Тэгээд ******** эхлээд ****** машинаас буулгаж ирээд алгадаж, цохиж, унагаж өшиглөөд байсан. Өшиглөсний улмаас хамар нь сэтэрч гэмтсэн байх. Тэгээд ******ыг болиулах гэхэд намайг зөрүүлж байж бай, гээд байсан. ******** дараа нь дахин ********ийг алгадаж, унагаж, цохиж, өшиглөөд байсан. Тэгээд би болигоод сууцгаасан. Тэгээд би удалгүй тасраад унтчихсан байсан. Нэг мэдэхэд цагдаа ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

 

4.Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ц.******* 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 540 дугаартай “...М.********ийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын үзүүрт шарх, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн хацар, хамрын нуруу, баруун шууны дотор дээд хэсэгт зулгаралт, зүүн бугалгын урд дунд хэсэгт цус хуралт, зулгаралт, зүүн бугалгын дотор доод хэсэг, шууны дотор дээд хэсэг, цээжний зүүн дээд хэсэг, зүүн гуяны урд дунд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...." гэх дүгнэлт /хх-ийн 32-34-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч О.******, Э.******** нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох” журамд заасан хөнгөн зэргийн хохирол учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн обьектив шинжийг бүрдүүлдэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгч О.******, Э.******** нар бүлэглэн хохирогч М.********ийн биед халдсан үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ Бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

          Иймд шүүгдэгч О.******, Э.******** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

          Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.******, Э.******** нарыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдгээрт хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.******ын хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Э.********ийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 дүгээр хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч О.******, Э.******** нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

            Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч О.******т 1,300 (нэг мянга гурван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгөөр торгох ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Э.********д 1,300 (нэг мянга гурван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

           

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.******, Э.******** нарт тус бүрт оногдуулсан 1,300 (нэг мянга гурван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ял солих болохыг шүүгдэгч нарт мэдэгдэв.   

 

            Гурав.Гэм хор, хохирлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.********ийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч М.******** нь ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..., мөн сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэсэн байна.

 

Шүүгдэгч О.******, Э.Алтэнгэрэл нар нь Эрүүл мэндийн даатгалын санд 28,350  төгрөг төлсөн баримт /хх-ийн 103 дугаар хуудас/-т авагдсан байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч М.******** нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарч болох эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч О.******, Э.Алтэнгэрэл нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

          Дөрөв.Бусад асуудлын талаар:

          Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч О.******, Э.******** нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч О.******, Э.******** нараас Эрүүл мэндийн даатгалын санд 28,350 (хорин найман мянга гурван зуун тавь) төгрөг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овгийн ********* ******, ********** овгийн ********* ******** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч О.******т 1,300 (нэг мянга гурван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгөөр торгох ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Э.********д 1,300 (нэг мянга гурван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.******, Э.******** нарт тус бүрт оногдуулсан 1,300 (нэг мянга гурван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

           

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ял солих болохыг шүүгдэгч О.******, Э.******** нарт мэдэгдсүгэй.

  

5.Шүүгдэгч О.******, Э.******** нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг тэдгээрийн оршин суугаа газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.******, Э.******** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч М.******** нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарч болох эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч О.******, Э.******** нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч О.******, Э.******** нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч О.******, Э.******** нар нь Эрүүл мэндийн даатгалын санд 28,350 (хорин найман мянга гурван зуун тавь) төгрөг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.       

         

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

           10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

          

           11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.******, Э.******** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.