Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 1504

 

 

МАГАДЛАЛ

 

2019.08.12                                                Дугаар 1504                                     Улаанбаатар хот

 

 

 

В.Б нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/01850 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч В.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч БЗДЗДТГ-т холбогдох,

Хөдөлмөрийн чадвар 75 хувь алдсаны 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч В.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 1995 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын харьяа Аж ахуйн тасагт ажиллаж байхдаа Хонхор дахь ногооны талбайд комбайны гол хөдөлгүүрийн гинжинд зүүн гараараа өртөн /тухайн үед солгой байсан/ бугуйн яс үйрч мэдрэлийн болон нугалагч тэнийлгэгч бүх судас шөрмөснүүд 4.5 см-ийн зайтай 2 тасарч 17 настай тахир дутуу болсон. Үүнээс хойш 22 жилийн хугацаанд 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай байж байгаад 2018 онд оношоо УНДЕГ-ын харьяа ХМТК-д өргөдөл гаргаж Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлд магадлалуулсан. Ингээд уг газрын шийдвэрээр онош өөрчлөгдөж УНДЕГ-ын эмнэлэг магадлах төв комиссын шийдвэрээр хувь 75 болж өөрчлөгдсөн. Хөдөлмөрийн хуульд заасан нөхөн олговрыг авахаар 2003-2004 онд нэг жил гаруй 2 шатны шүүхээр заргалдаж 540 000 төгрөг,       2007-2009 онд 2 жил гаруй зарга хийж гурван шатны шүүх дамжин 1 620 000 төгрөг гаргуулсан. 2-3 жилийн хугацаанд шүүхээр явах хугацаанд өмгөөлөгчийн хөлс, бичиг цаас байнга авах зардалд дээр дурдагдсан нөхөн олговрын ихэнх нь үрэгдэж алга болсон. Тухайн үед сарын 14 500 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бол ямар нэгэн мэргэжилтэй байхыг шаардахгүй бөгөөд Үндэсний статистикийн газраас 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дундаж цалин хөлсний хэмжээ 1 130 000 төгрөг гээд зарласан хэмжээгээр нэхэмжлэх боломжтой боловч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр шүүх тогтооход татгалзах зүйлгүй. Иймд миний хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 75 хувь гэж тогтоосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасны дагуу 18 сарын хугацааны нөхөн олговрыг ажиллаж байсан байгууллага болох БЗДЗДТГ-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Тус дүүргийн Засаг даргын тамгын газрын Аж ахуйн тасагт ажиллаж байсан нэхэмжлэгч В.Б нь 1995 онд үйлдвэрлэлийн осолд өртсөн ба тухайн үед хөдөлмөр магадлалын комиссоос шийдвэр гарч дүүргийн Тамгын газраас 2003, 2009 онуудад тус тус нөхөн төлбөрийг олгосон тул дээрх хуулийн зохицуулалт нь нэхэмжлэгчид нөхөн төлбөр олгохтой холбоотой харилцаанд үйлчлэхээргүй байна. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт 2018 онд дуусгавар болж дахин Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссоос хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгоход 75 хувиар 24 сарын хугацаатай тогтоож хөдөлмөрийн чадвар алдалтын хувь нэмэгдсэн байдаг. Үүний дагуу В.Б-өөс хариуцагчид хандан нөхөн олговор гаргуулах тухай хүсэлт гаргасан ба тухайн үед төсвийн хүндрэлтэй байдал үүссэн байсан тул Тамгын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2/843 дугаартай албан бичгээр нөхөн төлбөр олгох боломжгүй талаар мэдэгдсэн. Гэсэн хэдий ч дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаас 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн В.Б-д нөхөн олговор олгох тухай Б/204 дугаартай тушаалаар нэхэмжлэгчид 500 000 төгрөгийн нөхөн олговрыг олгохоор шийдвэрлэсэн. Ийнхүү нэхэмжлэгчид хариуцагчийн зүгээс нийт 3 удаагийн нөхөн олговрыг олгож шийдвэрлэсэн тул дахин нөхөн олговор олгох хууль зүйн үндэслэлгүй буюу шаардах эрхгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар хариуцагч БЗДЗДТГ-аас нөхөн төлбөрт 5 760 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Б-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч В.Б нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагч БЗДЗДТГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 107 110 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Улсын Дээд Шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолоор "Хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1, 97.1.2-т заасан "нөхөн төлбөр"-ийг 1999 оны 07 дугаар сарын       01-ний өдрөөс хойш үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн хүмүүст хамааруулан ойлгоно гэж тайлбарласан. Нэхэмжлэгч В.Б нь 1995 онд буюу 1999 оноос өмнө үйлдвэрлэлийн осолд өртсөн учир Улсын Дээд Шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйл үйлчлэхээргүй байна. Гэсэн хэдий ч хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн эрх, ашигийг хангах үүднээс 2003, 2009, 2018 онуудад нийт 3 удаа буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасны дагуу нэгээс дээш удаа нөхөн төлбөрийг олгосон тул дахин нөхөн төлбөр олгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч В.Б нь хариуцагч БЗДЗДТГ-т холбогдуулан хөдөлмөрийн чадвар 75 хувь алдсаны 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хонхор дахь хүнсний ногооны талбайд 1995 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр үйлдвэрлэлийн осол гарсныг 1995 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 20 тоот актаар тогтоож, уг ослын улмаас нэхэмжлэгч В.Б-ийг эмнэлгийн хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар алдсан болохыг тогтоосны дагуу хариуцагч байгууллагаас 2003, 2009 онуудад нөхөн төлбөр авсан үйл баримт тогтоогдсон байна. /хх4, 5/

Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоосон 015981 тоот актыг Сүхбаатар дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлгийн хөдөлмөрийн магадлах комиссын 0062942 тоот актаар 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хөдөлмөрийн чадвар алдалтыг 75 хувиар 24 сарын хугацаатай сунгажээ. /хх 49, 50/

Дээрх актыг үндэслэн В.Б нь БЗДЗДТГ-т нөхөн төлбөр гаргуулах хүсэлт гаргасны дагуу хариуцагч 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/204 тоот тушаалаар 500 000 төгрөг олгосон талаар зохигч маргаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа” гэж зааснаар анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/01850 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ОТГОНЦЭЦЭГ

          ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

                                                                           М.НАРАНЦЭЦЭГ