Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/40

 

 

                                                                                                          

Х.*******, Б.******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга,

Шүүгдэгч Х.*******, Б.*******

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.*******, М.*******

Хохирогч Ш.*******

Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

         Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 171 дугаар шийтгэх тогтоолтой Х.*******, Б.******* нарт холбогдох 1915005390034 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгч Д.*******ийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн ******* сумын * дүгээр багийн * гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй,******* 

Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймгийн ******* сумын * дүгээр багийн * гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* 

Х.******* нь бие махбодын зовиур үүсгэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, бусадтай бүлэглэж хүнийг алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэмт хэрэгт, Б.******* нь бусадтай бүлэглэж хүнийг алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор:

   Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.*******т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, шүүгдэгч Б.*******ид холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалт болгон хөнгөрүүлж өөрчилж,

   Шүүгдэгч *******,  ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж, бие махбодын зовиур үүсгэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Х.*******, Б.******* нарыг тус бүр 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

     2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч Х.*******, Б.******* нарт тус тус оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг тус бүр 3 жилийн хугацаагаар тогтоож,

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******, Б.******* нарт оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ын цагдан хоригдсон 304 хоног, шүүгдэгч Б.*******ийн цагдан хоригдсон 86 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож,

     Энэ хэрэгт шүүгдэгч Х.*******, Б.******* нар нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Ш.******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж,

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан хэрэгт битүүмжлэгдсэн Б.*******ийн эзэмшлийн **-** БУЗ улсын дугаартай “Даюун” загварын мотоциклийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож улсын орлого болгож, Х.*******ын эзэмшлийн 4.725.000 төгрөгийн үнэ бүхий 50 тооны бог малыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Х.*******т буцаан олгож,

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжпүүлж, шүүгдэгч Б.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгч Д.******* давж заалдах гомдолдоо:

“ ... Анхан шатны шүүх шүүгдэгч Х.*******, Б.******* нарыг бүлэглэж хохирогч Ш.*******ын биед зүүн төмсгийг нь гэмтээж хүнд гэмтэл учруулсан гэж дүгнээд Б.*******ийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон нь гэмт хэрэг гарсан байдал, үйлдэл хор уршгийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэх, гэмтлийг хэн учруулсан гэдгийг ялгаж салгаж зөв дүгнэлт хийж чадсангүй.

Хохирогч Ш.******* нь миний төмсгийг шүүгдэгч Х.******* учруулсан гэдгийг байнга эргэлзээгүйгээр шууд зааж мэдүүлдэг бөгөөд Б.******* төмсгийг базаагүй гэж хэлдэг. Харин Б.*******ийг мотоциклоор чирсэн, чирээгүй гэж олон янзаар мэдүүлдэг. Түүнчлэн мотоциклоор чирснээс болж Ш.*******ын зүүн төмсөг гэмтсэн тухай хохирогч ярьдаггүй бегөөд мөн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр ийм нөхцөл байдап бас тогтоогдоогүй. Мөн түүнчлэн Х.*******, Б.*******ийг хохирогчийн төмсгийг гэмтээсэн гэж мэдүүлдэггүй.

Шүүх шүүгдэгч нарыг хохирогч Ш.*******т бүлэглэж зовиур шаналгаа үүсгэж хүнд гэмтэл учруулсан гэж үзсэн мөртлөө шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ шүүгдэгч Х.*******ыг зөвхөн бүлэглэж хүнд гэмтэл учруулсан гээд түүний үйлдлийг эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-ээр зүйлчилж,

Б.*******ийг болохоор 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 буюу бүлэглэж зовиур шаналгаа үүсгэж гэж өөрчилсөн байгаа нь шүүгч нар угаасаа хэргээ ойлгоогүй, хэрэгтэй бүрэн гүйцэд танилцаагүй байна. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна. Өөрөөр хэлбэл төмсгийг 2 удаа базаж гэмтээсэн Х.******* зөвхөн бүлэглэж оролцсон, харин Б.******* төмсгийг базаж гэмтээн зовиур шаналгаа үүсгэсэн мэт ойлгогдохоор шийдвэрлэсэн байна.

Тэгсэн мөртлөө шийтгэх тогтоолын 2 дахь заалтаараа эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчжээ. Түүнчлэн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэсэн нь тогтоох хэсэгтэйгээ зөрчилдсөн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Б.Содномдожийг хохирогч Ш.*******ын төмсгийг гэмтээсэн гэдгийг нотлох нэг ч баримт байхгүй. Анхан шатны шүүх үндэслэл хэсэгтээ ч яг хүнд гэмтлийг шүүгдэгч нар яаж бүлэглэж учруулсан талаар дүгнэлт хийгээгүй байна. Иймд Б.*******ийг бусдын биед зовиур шаналгаа үүсгэсэн хунд гэмтлийг Х.*******тай бүлэглэж учруулсан гэж анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Гантулга дүгнэлтдээ:  “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан шаардлага хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна ... ” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгч Д.*******ийн давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлага хангаагүй, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

  Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Х.*******ыг бие махбодын зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, бусадтай бүлэглэж хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан, мөн Б.*******ийг бусадтай бүлэглэж хүнийг алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

     Анхан шатны шүүх “ ...шүүгдэгч нарын үргэлжилсэн үйлдэл нь нийлбэрээрээ нэг гэмт хэргийн буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж, бие махбодын зовиур үүсгэн учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талыг бүрдүүлж байна ... “ гэж дүгнэн шүүгдэгч Х.*******, Б.******* нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн байна.

     Ийнхүү шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.*******т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,       шүүгдэгч Б.*******ид холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 болгон өөрчилж,

     шүүгдэгч Х.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж, бие махбодын зовиур үүсгэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Өөрөөр хэлбэл: Прокуророос Х.*******ыг Эрүүгийн хуулийн хоёр өөр бүлэгт заасан хоёр өөр төрлийн гэмт хэрэгт, Б.*******ийг нэг гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Гэтэл анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтэд дурьдсан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3” гэсэн зүйл, хэсгийг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад бичилгүйгээр, зөвхөн хөнгөрүүлэн өөрчилж буй “бусадтай бүлэглэж, хүнийг алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан” гэх хуулийн зүйл, хэсгийг бичиж,

     шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж, бие махбодын зовиур үүсгэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх”, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шаардлагыг тус тус хангаагүй нь шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

     Дээрх зөрчил нь шүүгдэгчийн өмгөөлөгч Д.*******ийн давж заалдах гомдол гаргах үндэслэл болсон бөгөөд мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан шаардлага хангаагүй” гэсэн дүгнэлт гаргасан болно.

     Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг зөвтгөн өөрчлөх боломжгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.*******ийн гаргасан давж заалдах гомдлын “ ... шийтгэх тогтоол ойлгомжгүй, үндэслэх хэсэгтээ шүүгдэгч нарыг эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 2.3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэсэн нь тогтоох хэсэгтэйгээ зөрчилдсөн байна...” гэсэн хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

     Харин шүүгдэгч нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлээгүй учраас шүүгдэгчийн өмгөөлөгч Д.*******ийн гомдолд дурьдсан “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн хэсгийг хэлэлцэхгүй орхисон болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгч Д.*******ийн давж заладах гомдлын “... шүүхийн шийдвэр ойлгомжгүй...” гэсэн хэсгийг хүлээн авч, “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Х.*******, Б.******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

          

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ХҮРЭЛБААТАР

 

                                  ШҮҮГЧИД                                        С.УРАНЧИМЭГ

 

                                                                                       Ё.БЯМБАЦЭРЭН