| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2025/0238/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/279 |
| Огноо | 2025-11-04 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалан, гэрч Э.Э , хохирогч К.Э , түүний өмгөөлөгч Д.Ганхуяг, шүүгдэгч Б.Э , түүний өмгөөлөгч Б.Жавхлан, шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч С.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б , Б.Э нарт холбогдох эрүүгийн 2439005490029 дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б , Б.Э нар нь бүлэглэн 2024 оны 10 дугаар сарын 15-наас 16-ныг шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн ..... гэх газарт бэлчээрт байсан К.Э ийн адуунаас 2 тооны буюу ягаан зүсмийн ..... тамгатай хязаалан насны байдас, хөвчтэй сартай ..... тамгатай сартай хүрэн зүсмийн даага зэргийг машин механизм ашиглан хулгайлж, 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2439005490029 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч: “Яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулж, шүүгдэгч Д.Б , Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,
Хохирогчийн өмгөөлөгч: “Гэрч Э-н мэдүүлэг, дансны хуулга, шинжээчийн дүгнэлт, хохирогч К.Э ийн мэдүүлэг, гэрч Э-н мэдүүлэг, дансны хуулга, эд мөрийн баримт хураан авсан тухай шийдвэр зэргийг шинжлэн судалж оролцоно” гэж,
Шүүгдэгч Д.Б-н өмгөөлөгч С.Нарангэрэл: “Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-9-р тал/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-р тал/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-22-р тал/, Д.Б-н мал тооллогын А данс /хх-ийн 34-35-р тал/, мөрдөгчөөр тогтоох тогтоол, хууль сануулсан баталгаа /хх-ийн 36-38-р тал/, К.Э ээс хохирогчоор авсан мэдүүлэг /хх-ийн 39-р тал/, хохирогч К.Э ийн дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-45-р тал/, гэрч Н гийн мэдүүлэг /хх-ийн 47-51-р тал/, гэрч Хосбаярын мэдүүлэг /хх-ийн 52-56-р тал/, гэрч Д-н мэдүүлэг /хх-ийн 59-р тал/, гэрч Д хүүгийн мэдүүлэг /хх-ийн 63-р тал/, гэрч Э-н мэдүүлэг /хх-ийн 67-68-р тал/, Д.Б эс сэжигтнээр авсан мэдүүлэг /хх-ийн 69-72-р тал/, Б.Э аас сэжигтнээр авсан мэдүүлэг /хх-ийн 73-76-р тал/, Б.Э ын өмгөөлөгчтэй өгсөн мэдүүлэг /хх-ийн 79-р тал/, хохирогч К.Э ийн 3 дахь удаа өгсөн мэдүүлэг, гэрч Э-н мэдүүлэг /хх-ийн 113-р тал/, ял шалгах хуудас, К.Э ийн дахин өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 6-р тал/, прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, мөрдөгчийн санал зэргийг шинжлэн судалж, хэрэгт цугларсан нотлох баримтаар Д.Б , Б.Э нарыг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг эргэлзээгүй тогтоосон баримт байхгүй байх тул цагаатгах буюу хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцоно” гэж,
Шүүгдэгч Б.Э ын өмгөөлөгч Б.Жавхлан: “С.Нарангэрэл өмгөөлөгчтэй адил саналтай байна” гэж тус тусын байр сууриа илэрхийлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б : “...Би 10 дугаар сарын 15-ны орой гэртээ байсан. Манай 19 настай бие муутай хүүхэд сандаргаад аймаг авч явдаг юм уу гэж байгаад гэртээ дусал тариа хийж байгаад өнгөрсөн. 10 дугаар сарын 16-ны өглөө манай хүү ааваа аймаг явъя, адуу борлуулах гэсэн юм гэж хэлсэн. Өмнө С ахынд манай адуу 2 жил боллоо, уг нь ав ав гээд байгаа. Унаганы тамганы найрнаар очоод уралдаан тэмцээнд ороод адуугаар шагнуулсан юм билээ. Шүдлэн адуу авах ёстой, тэрийгээ аваад ирье гэж ярьдаг байсан. С ахынх руу яваад өглөө ажиллаж ирээд аймаг явъя гэсэн. Би ч хүүдээ байнга итгэдэг. Төв О.У, П.О гээд 2 хүн машинд маань сууж аймгийн төв рүү дайгдаж ирсэн. Тэр 2 сангийн аж ахуйд хүүхдүүдийнхээ гэрт буусан, би жаалтайгаа адуугаа өгсөн. Би адууг өгөхөд машинд сууж байсан. Манай адуу хардаг хүү эмнэлэгт хэвтэж байсан. Би мал дээр байж байтал авгай ирээд 2 жаал чинь нэг нэгийгээ алах нь ээ гэхээр нь яваад очтол ах нь дүүгээ зодоод хамраас нь цус гаргачихсан байсан. Яав ийв гээд асуухад энэ муу хэлэхгүйгээр 2 даага ажилласан байна гэсэн. Өөрөө өөрийнхөө адууг ажилласан гэсэн шүү дээ гэхэд би нэг нь эрлийз гээд өөрөөс нь харамлаад байсан, энэ чинь ирэх болгондоо байнга адуу ажиллаад авч явж байх юм гээд ах нь уурласан байсан. Тэр асуудал тэгээд өнгөрсөн. 11 дүгээр сарын 05-ны өдөр намайг хэдэн ямаа ажиллаад сууж байтал манайд цагдаа ирсэн. Надаас Б.Э хаана байна гээд асуухаар нь би гайхаад Б.Э хотоос ирээд аймгийн төвд байгаа гээд гэрийн хаяг, номер, утасны дугаарыг нь хүртэл өгсөн. Гэтэл цагдаа нар байрнаас нь гэрийнх нь хувцастай гавлаад аваад явсан гэсэн. Аав намайг цагдаа нар бариад явчихлаа гэхээр нь юу болчихвоо гэж бодоод эхнэртэйгээ давхиад очсон. Манай жаал хаана байна уулзъя гэхэд цагдаагийн ахмад ахаа жаал чинь юу хийсэн юм, хэргээ хүлээчих, бид нар тэнсэнгээр гаргана, анхны хэрэг юм чинь яах ч үгүй гэсэн. Би ухаанаа ч олоогүй. Би жаалтайгаа уулзъя юу болоод байгаа юм гэхэд жаал маань уйлчихсан сууж байсан. Яасан бэ гэхэд эд нар намайг тал талаасаа дарамтлаад бөөр лүү нударч дарамтлаад мэдүүлэг авсан гэсэн. Би юу яриад байгаа юм болоо гээд юу болсныг мэдээгүй өнгөрсөн” гэж,
Шүүгдэгч Б.Э : “Би ахдаа 2 адуу ажиллая, мөнгөний хэрэг гарчихлаа гэж хэлэхэд ах маань дургүйцээд байсан. Тэгээд би С ахынхаас нэг даага авах ёстой байсан. Би тэр даагаа очоод ажиллая гэж бодоод дугуйтай явж байтал ..... гэх газарт манай даага байсан. Би хүнээс адуу аваад яахав өөрөөсөө ажиллачихъя гэж бодоод адуугаа хашчихъя гээд К гэх айлын өвөлжөөнд хашсан. Эхлээд нэг даага ажиллачихаад дараа нь дахиад 2 даага болгоод ажилласан. Тэгээд машиндаа ачаад гэртээ ирээд малынхаа гэрт хоносон. Өглөө нь аавд би С ахынд байгаа адуугаа ажиллаад ирлээ аймаг явж борлуулъя, борлуулаад өгчих гээд аймаг руу ирсэн. Аав бид хоёртой хамт О, У гээд 2 хүн цуг явсан. Би махаа Э гэх ченж рүү ааваар яриулаад аваачиж өгсөн. Малын бичиг авъя гээд Ихбаяр эмч рүү яриултал утас нь болж өгөхгүй, ажил явдалтай байгаа гэсэн. 2 даагаа Э гэх ченжид 2 арьстай нь буулгаж өгсөн. Мөнгөө аваад буцаад хөдөө очсон. Хөдөө оччихоод ахдаа би 2 даагаа ажиллачихсан гээд хэлэхэд дандаа ингэж байдаг юм гээд ахтайгаа муудалцаад, зодолдоод, ахдаа зодуулчихаад гомдоод би аймаг руу буцаж ирээд хот руу яваад өгсөн. 11 сарын эхээр цагдаагаас ирээд аймгийн байрнаас гавлаад цагдаа руу аваачсан. Намайг цагдаа дээр ирэхэд хэргүүд чинь бүгд илэрсэн, би чамд ялын дээд хэмжээ өгнө, танайхыг гэрээс чинь гаргуулахгүй, би чамайг сонин болгоно, машиныг чинь хураана, чи дуугүй наад хэргээ хүлээ гэсэн. Би өөрийнхөө адууг ажилласан шүү дээ гэхэд тийм юм байдаггүй юм, чи өөрийнхөө адууг ажилласан гэж битгий солиороод бай, хуцаад бай гээд 2-3 цагдаа нийлээд би чамд ялын дээд хэмжээ өгнө гэсэн. Би өмнө ял шийтгэл авч цагдаа дээр очиж байсан биш айгаад би юу хийчихсэн юм болдоо, буруу юм хийсэн юм байх даа, би өөрийнхөө адууг ажилласан шүү дээ гэж хэлсэн” гэж,
Хохирогч К.Э : “2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хөдөөнөөс над руу танай аавын чинь өвөлжөө дээр маш их шувуу эргэлдээд байна гээд утсаар ярьсан. Би хүргэн рүүгээ хэлсэн. ...2 адуу ажилласан байна, ...тэгээд шинэхэн гэдэс байна. Олон шувуу болохоор гэдэс гүзээг нь юу ч үлдээхгүй идчихсэн байна, шингэн баас байна, ямар ч байсан адуу ажилласан юм шиг байна гэсэн. Тэгэхээр нь би фэйсбүүкийн групп дээр манай аавын өвөлжөөн дээр 2 адуу ажиллаад явсан байна гэж байна, адуу малаа бүртгээрэй хүмүүсээ гэсэн утгатай чат бичсэн. Үдээс хойш манай дүү адуунуудаа бүртгэхэд хүрэн даага, ягаан байдас 2 байхгүй байна гэсэн. Манай адуунууд гэрээс ус уугаад гардаг, байнга тэр хавиараа байдаг адуу юм. Тэр 2 адуу байхгүй байна гэхээр нь цагдаад дуудлага өгсөн. Тэр өдөр миний утас холбогдохгүй, би аймгийн төв дээр хүүхдүүдээ дагаад байж байсан. Бүр орой 6 цагийн үед юм болов уу гэрэл тусгаад зургийг нь авсан, нэлээн харанхуй болж байхад очсон. Аймгаас 2, 3 цагдаа очсон байсан, манайд үлдсэн хэд очсон байсан. ...Өлзийбат дээр очиж мэдүүлэг өгч байсан, сүүлд хамаатан садан гээд энэ хүмүүс гомдол гаргасан учраас мөрдөгчийг нь сольсон гээд Г хэргийг авсан гээд мэдүүлэг авсан. ...Арьсыг Г гэх мөрдөгч дээр байхад утсаар яриад адууныхаа арьсыг таних уу гэхээр нь танина гэхэд арьс чинь байгаа гэж байна, ерөөсөө арьс ачигдаагүй, зарагдаагүй байгаа гэж байна. Өөрсдөө очоод арьсан дотроос арьсаа ол гэсэн. Би ганцаараа очиход замгүй их арьстай, мөн хүйтэн байсан. Ганцаараа нааш цааш болгож дийлэхгүй нөхрийгөө ажлаас нь дуудаад 2 арьсаа олж гаргасан. Яагаад таньж байгаа вэ гэхээр хүрэн даага нь манай хүн өвөлжин тэжээж байгаад онд оруулсан даага юм. Мал маллаж байсан хүн өөрийнхөө адууны зүсийг мэднэ шүү дээ. Ягаан байдас нь бараандуу ягаан содон зүстэй байдас байсан. Тэрийг аав маань манай хүүд бэлэглэж байсан. Би тэр хоёрын зүсийг баттай мэдэж байгаа. Зураг авсан цагдаа нь тамгыг харсан л баймаар юм. Мэдэгдэж байна л гэсэн, тэгээд зураг хөргийг нь аваад явсан. Хүрэн даага нь доороо бүтэн сартай чандмань, ягаан байдас нь гурвалжин ..... тамгатай” гэж,
Гэрч Э.Э : “Би тэр хашаанд гаднаас ирсэн малаа авч эхэлсэн. Тэр үед гаднаас ирж авч эхэлж байгаа эхний 1, 2 өдөрт Б ах махаа арьстайгаа өгсөн. Хамгийн эхний арьс хураагдаж байгаа учраас улан талдаа доор орсон байсан. Улан доороо орсныг нь яаж мэдэж байгаа вэ гэхээр манай ажилчид эхний арьсаа хамгийн доор боодог учраас тэрийг нь хэлж өгч арьсыг гаргаж ирсэн. ...Өвлийн цагт арьс хураалттай байж байгаад 2 сард ч юм уу 3 сард ачилт хийгддэг. Зуны цагт бойн дээр, өвлийн цагт гэрийнхээ хашаан дотор махаа авдаг. Б , Э хоёрын тушаасан арьс хураагдсан байсан арьсан доор орсон байсан. ...Эдний өгсөн арьс улан доороо орсон гэдгийг цагдаа нар эзнийг нь авчирч тамга тэмдгээр нь таниулж харуулна гэж арьснаас гаргаж ирсэн. Хамгийн эхний арьс хаана хураагдсан бэ гэхээр эхний арьс улан доороо л хураагдана, дээшээ хураагдах тусам тэр арьс доороо л байгаад байна. ...Би энэ хоёрын мах өгдөг өдөр ажил явдал гараад Сайншанд руу явж байсан. Намайг байхгүйд миний ажлыг хийж өгдөг эгч байдаг. Тэр эгч болохоор Б гэдэг хүн бичиггүй ирсэн гэсэн. Бичиг нь яасан юм бэ гэхэд эргэж авчирч өгнөө гэж хэлсэн. Тэгээд тэр баримтаа авчирч өгөөгүй. ...Мах нь арьстайгаа ирсэн. Арьс нь байгаа учраас энэ хоёр хүний арьс доор нь байж л байгаа болохоор итгэлтэй хэлж өгч байгаа. 2 арьс 2 махтайгаа ирсэн гэв. ...Би энэ арьс мөн гэж гаргаж өгөөгүй. Малын эзэн ирсэн, арьсаа хараад тамга тэмдгээр нь танина, танай арьснаас арьсыг гаргаж ирнэ гэсэн. Түүнээс би арьсыг нь гаргаж өгөөгүй. Б , Э гэх хоёр хүнийг надад мах арьсаа авчирч өгдөг болохоор нь л таньдаг” гэж тус тусын мэдүүлгээ гаргасан болно.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгдэгч Б.Э ын өмгөөлөгчөөс хавтаст хэрэгт авагдсан зарим нотлох баримтуудыг хасуулах тухай хүсэлтийг, уг хүсэлтийг үндэслэн улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 60 хоногийн хугацаагаар хойшлуулах тухай хүсэлт тус тус гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж энэ талаар шүүгчийн захирамж гаргав.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Хэргийн үйл баримтын талаар
Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 10 дугаар сарын 15-наас 16-ныг шилжих шөнө Б.Э тай бүлэглэн Хэнтий аймгийн Хэрлэн сумын ..... гэх газарт бэлчээрт байсан К.Э ийн адуунаас 2 тооны буюу ягаан зүсмийн ..... тамгатай хязаалан насны байдас, хөвчтэй сартай ..... тамгатай сартай хүрэн зүсмийн даага зэргийг машин механизм ашиглан хулгайлж, 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Э нь 2024 оны 10 дугаар сарын 15-наас 16-ныг шилжих шөнө Д.Б тэй бүлэглэн Хэнтий аймгийн Хэрлэн сумын ..... гэх газарт бэлчээрт байсан К.Э ийн адуунаас 2 тооны буюу ягаан зүсмийн ..... тамгатай хязаалан насны байдас, хөвчтэй сартай ..... тамгатай сартай хүрэн зүсмийн даага зэргийг машин механизм ашиглан хулгайлж, 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (I хавтаст хэргийн 05 дугаар тал),
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (I хавтаст хэргийн 07-12 дугаар тал),
-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (I хавтаст хэргийн 13-17 дугаар тал),
-Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (I хавтаст хэргийн 18-20, 21-24 дүгээр тал),
-Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал (I хавтаст хэргийн 25 дугаар тал),
-Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай Прокурорын тогтоол (I хавтаст хэргийн 26-27 дугаар тал),
-Эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтууд (I хавтаст хэргийн 28-31 дүгээр тал),
-Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (II хавтаст хэргийн 15-19 дүгээр тал),
-Хэнтий аймгийн прокурорын газрын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол (II хавтаст хэргийн 22-23 дугаар тал),
-Шинжээч Б.Б-н 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 413 дугаартай “...2 тооны адууны зах зээлийн үнэлгээг 1,900,000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөг болохыг тогтоолоо” гэх дүгнэлт (I хавтаст хэргийн 84-86 дугаар тал),
-Шинжээч Б.Б-н 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 414 дугаартай “...54-92 УАН улсын дугаартай Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 23,800,000 /хорин гурван сая найман зуун мянга/ төгрөг болохыг тогтоолоо” гэх дүгнэлт (I хавтаст хэргийн 95-97 дугаар тал),
-Хохирогч К.Э ийн “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын ...... гэх газарт нөхөр хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг юм. Миний цагдаагийн байгууллагад хандах болсон шалтгаан нь намайг өнөөдөр аймгийн төвд байхад манай хөрш Д, Д нар над руу утасдаад танай өвөлжөөн дээр шувуу эргээд байхаар нь үзтэл мал нядлаад аваад явсан байна гэж утсаар ярихаар нь хүргэн дүү Н г очоод үзээдэх гэж хэлсэн. Тэгээд манай хүргэн дүү Н очиж үзээд 2 адуу нядалсан байна. Харин танай 2 адуу алга болсон байна өнгөрсөн шөнө байсан гэж хэлсэн. Тэгээд нарийн зүсэлж үзэхэд
1.Ягаан хязаалан байдас ..... тамгатай,
2.Сартай хүрэн даага хөвчтэй сартай ..... тамгатай адуунууд маань алга болсон байна. Манай өвөлжөөн дээр урд талын хашаа гадагшаа нурсан байдалтай хашаан дотор 2 хэсэг газар сэв, цус бий болсон байсан. Мөн утасны цэнэглэгч, Е-баримт гэх мэт зүйлүүд хаяад явсан байсан... Би зах зээлийн ханшаар үнэлнэ... Хязаалан байдас ойролцоогоор 130-140 кг, даага нь 100-110 кг байсан...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 39-41 дүгээр тал),
-Хохирогч К.Э ийн дахин өгсөн “...Манай дүү Н нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны орой өөрийн адуугаа бүртгэж тухайн адуугаа Хэрлэн сумын ... ....... гэх газар руу бэлчээрт гаргасан юм. Маргааш нь буюу 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрт байж байхад Д гэх хүн манай аавын өвөлжөөн дээр том шувуу эргээд байхаар нь очиж харахад хоёр хэсэг газарт малын сэвс байсан гэсэн. Тэгээд над руу утасдаад хэлэхээр нь би өөрийн дүү Н д хэлж үзүүлэхэд хоёр малын сэвс байна гэж хэлсэн юм. Тэгээд өөрийн хар азаргатай адуугаа ойролцоо байхаар нь очиж бүртгэхэд тухайн адуунаас ягаан зүсмийн байдас, сартай хүрэн зүсмийн даага алга болсон байсан юм... Тухай газарт Д-н адуу мөн манай хар азаргатай 5 тооны адуу, ягаан азаргатай 30 гаран тооны адуу байсан. Өөр ямар нэгэн хүний адуу мал ойролцоо байгаагүй юм... Манай адуунд Д.Б түүний хүү Б.Э нарын адуу мал огт байхгүй. Д-н адуунд бас байхгүй... Манай аавын өвөлжөөн дээр айл байдаггүй. Энэ жил манайх өөр газар өвөлжиж байгаа юм... Манай аавын өвөлжөөн дээр манай дүү Н г очиж үзэхэд шинээр хаясан бололтой Е-баримтууд байсан гэсэн тэр баримтын эзэд манай хоёр тооны адууг хулгайлсан байх гэж бодож байна... Тухайн газарт манай хоёр азарга адуу, Д-н нэг азарга адуу байсан өөр мал байгаагүй. Тэр шөнө манай адуунаас хоёр тооны адуу алга болсон болохоор манай адуу гэдгийг мэдэж байгаа юм. Тэрнээс өөр хүмүүс манай өвөлжөөн дээр шөнийн цагаар адуу мал ажиллахгүй... Маш их гомдолтой байна. Өөрийн алдсан адуугаа хулгай хийсэн хүмүүсээр барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 44-46 дугаар тал),
-Хохирогч К.Э ийн дахин өгсөн “...Би өөрийн адуугаа бүгдийг нь зүсээр нь мэднэ. Миний 2024 оны 10 дугаар сарын 15-наас 16-ны шилжих шөнө Хэрлэн сумын ... ....... гэх газраас ягаан буюу бор ягаан зүсмийн байдас ..... тамгатай, хүрэн зүсмийн шүдлэн байдас сартай ..... тамгатай юм. 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хэрлэн сумын 2 дугаар багийн нутагт мал мах түүхий эд худалдаж авдаг ченж Э-н хашаанд очиж 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр худалдаж авсан гэх адууны арьсан дотроос өөрийн алдсан ягаан зүсмийн байдас, хүрэн зүсмийн байдас зэргийн арьсыг олж авсан юм. Тухайн 2 тооны арьсыг Хэрлэн сумын 8 дугаар баг Эмнэлгийн жолооч Б 2 тооны адууны мах зарахдаа тухайн 2 тооны арьсыг өгсөн байсан юм. Тухайн 2 тооны арьсан дээр тамга нь бүдэгхэн харагдаж байсан юм. Тэгээд би өөрийн адууны арьсаа олсон гэдгээ цагдаад мэдэгдэж 2 тооны арьсан үзлэг хийлгэж манай нөхөр зааж байгаад зургаа авхуулсан юм... Манай адуунд Д.Б , Б.Э нарын адуу мал огт байхгүй... Манай адуунд айлын тавиул адуу байхгүй... Маш их гомдолтой байна. Өөрийн алдсан адуугаа хулгай хийсэн хүмүүсээр барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 109-110 дугаар тал),
-Хохирогч К.Э ийн дахин өгсөн “...Одоо тэр адууны арьс хаана байгаа талаар би мэдэхгүй. Тухайн үед аймгийн баруун хойд талд байрлах бойны хашаан дээр очиж алдсан 2 адууны арьсаа таньсан. Тэгээд тэндээс бол арьсаа аваагүй. Одоо хаана байгаа талаар би мэдэхгүй... Тухайн үед над руу цагдаагаас яриад бойн дээр ирж арьсаа таньж олох хэрэгтэй байна гэж ярьсан. Би нөхөртэйгөө хамт бойн дээр нь очоод арьсаа олж өгч шинжээчээр нь зураг хөргийг нь авхуулсан. Цагдаагаас л над руу залгаад ирж арьсаа таньж, олох хэрэгтэй байна гэсэн. Би адууныхаа арьсыг тэр бойн дээр байгаа үгүй талаар юу ч мэдээгүй цагдаа ярихаар л очсон...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 06-07 дугаар тал),
-Гэрч Д.Н гийн “...Өнөөдөр гэртээ байж байхад манай хадам эгч Э эгч над руу утасдаад “манай өвөлжөөн дээр ямар нэгэн асуудал болсон юм шиг байна очоод үзээ” гэсэн. Тэгэхээр нь өвөлжөөн дээр очиход манай базын өвөлжөөний урд хашаа гадагшаа нурчихсан хашаа руу машин ороод ирсэн байдалтай байсан. Бас хашаан дотор 2 хэсэг газар малын сэвс цус байсан. Бас утасны цэнэглэгч, Е-баримтын цааснууд байсан. Өдөр нь маш олон шувуу байсан гэсэн. Ингээд би өөрийн болон хадмынхаа, базынхаа гээд 3 айлын адуугаа бүртгэж үзэхэд манай хадам эгч Э , Лхагвадорж нарын 2 тооны адуу зүсээрээ байхгүй болсон байсан. Тухайн адууны зүс нь 1.Ягаан хязаалан байдас ..... тамгатай, 2.Сартай хүрэн даага хөвчтэй сартай ..... тамгатай 2 тооны адуу маань байхгүй болсон байна. Тухайн 2 адуу өчигдөр орой адуундаа байсан. Ямар хүмүүс авсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна... Манайхаас баруун талд 6 км зайтай байдаг. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй миний мэдэх зүйл ийм байна...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 49-51 хуудас),
-Гэрч Э.Х-н “...Бараг миний гараа болгон дээр л ирж бензин авдаг. 20-30 мянган төгрөгт байнга авдаг... Ер нь 45 нас орчмын бүдүүн шар авгай л ирж бензин авдаг. Ногоон нүдтэй харагдсан... Хар өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирж авдаг байсан... Ирэхдээ ганцаараа ирж авдаг. Нөхөр нь хааяа ирж авдаг. Манай байнгын үйлчлүүлэгч байгаа юм... Хөдөө байдаг. Хөдөөнөөс ирж байна гэж хааяа ярьдаг байсан. Тэгээд бензинээ нэг дүүргээд авахгүй байж байн байн багаар л авдаг байсан... Надад нэмж ярих зүйл байна. 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 15 цаг 29 минутад манайхаас 20,000 төгрөгт шатахуун авсан байсан. Үүнийг хяналтын камер шүүж үзэхэд таарч байсан. Тэгээд дүрс царайг нь маш сайн машинтай нь санаж байна...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 54-56 дугаар тал),
-Гэрч Т.Д-н “2024 оны 10 дугаар сарын 16-ны өглөө би хониндоо явж байтал манай урд ..... гэх газарт байх К-н өвөлжөөн дээр маш олон шувуу эргэлдээд байсан. Тэгээд очоод харахад урд хашаа нь нурчихсан байдалтай, хашаан дотор нь 2 хэсэг газар сэвс цусны ул мөр байсан. Тэгээд би өвөлжөөний эзэнд хэл хүргэсэн. Ямар ч байсан адуу нядалсан байсан. Миний мэдэх зүйл ийм байна...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 59-60 дугаар тал),
-Гэрч Б.Д хүүгийн “...Би өглөө гэрээсээ аймаг явах гээд хөдлөөд зам уруудаад явж байтал Калина ахын өвөлжөөн дээр том шувуу эргээд байхаар нь сонирхоод очиход өвөлжөөний хашааны урд тал нь уначихсан хашаа руу нь машин орсон байдалтай дан дугуйтай машины мөр байсан. Дөрвөлжиндүү хээтэй машины дугуйн мөр байсан. Хашаан дотор орж үзэхэд цөөхөн хэдэн адууны мөр байсан. Хашаан дотор хар өнгийн tupe C цэнэглэгчийн залгуур USB байсан. Бас цааснууд байсан. Е-barimt-ууд байсан. Цас орсон байсан болохоор нарийн ширийн зүйл мэдэгдээгүй. Гэхдээ мал нядалсан шинжтэй байсан. Тэгээд би өвөлжөөний эзэнд мэдэгдсэн...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 63-64 дүгээр тал),
-Гэрч Э.Э ын “...2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр надад 2 тооны адууны мах өгсөн байна. Хэрлэн сумын ... багийн эмнэлгийн жолооч Б хүү Э тай хамт хар өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлдээ ачаад авч ирсэн. 2 тооны адуу нь нэг нь 110 кг, нэг нь 125 кг мах байсан. Тухайн өдөр махны ханш 5,200 төгрөг байсан. Мөн 2 арьстайгаа нийлээд 1,246,000 төгрөг болсон. Мөнгийг нь хүү Э нь дансаараа авсан. Б , Э хоёрын өгсөн 2 тооны адууны арьсыг нэг хүн ирээд манай адууны арьс байна гэж хэлээд утсаар цагдаад мэдэгдэж байсан юм... Тухайн хоёр адууны арьс нь зүсийг сайн мэдэхгүй тэгэхдээ бараан зүсмийн арьс байх шиг байсан юм. Би өөрийн авсан малын арьсыг өдөр өдрөөр нь хураадаг юм... Хэрлэн сумын .... дугаар баг түргэний жолооч Б надад мал зарж байсан юм... Надад Б эргэж гарал үүслийн бичиг авчирч өгнө гэж хэлээд яваад өгсөн. Би тэр өдөр жоохон ажилтай байсан болохоор гарал үүслийн бичгийг нэхэхээ мартсан байсан юм...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 67-68 дугаар тал),
-Гэрч Э.Э ын дахин өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын дундуур байх нэг эмэгтэй хүн нөхрийн хамтаар ирж манай хашаанд байсан адууны арьсыг үзэж байсан юм. Манайх өөрийн авсан адууны арьсаа өдөр өдрөөр давхарлаж өөрийн гар бүртгэлд бүртгэж бичдэг юм. 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хэрлэн сумын 8 дугаар багийн иргэн Д.Б өөрийн хүү Б.Э нарын хамтаар авчирч өгсөн 2 тооны адууны арьсыг гаргаж ирсэн юм. Би тухайн үед адууны мах нээх авахгүй тоотой зүс мэдэх хүмүүс ганц нэгээр нь өгч байсан болохоор тодорхой санаж байгаа юм. Д.Б , Б.Э нар нь багавтар адууны мах болон арьс зэргийг зарж мөнгөө хүү Б.Э ын дансаар авсан юм... Надад Д.Б эргэж гарал үүслийн бичиг авчирч өгнө гэж хэлээд яваад өгсөн. Би тэр өдөр жоохон ажилтай байсан болохоор гарал үүслийн бичгийг нэхэхээ мартсан байсан юм...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 113-114 дүгээр тал),
-Гэрч Э.Э ын дахин өгсөн “...Тухайн үед бол би өөрөө яг байгаагүй. 10 дугаар сарын 16-ны өдөр хавьцаа л байх. Б ахын хүү болох Э нь ирж 2 тооны адууны махыг зарж борлуулсан. Тухайн үед 2 адууны арьстайгаа ирсэн байсан. Хар Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд зарж борлуулсан. Яг 2 адууны зүсийг бол сайн санахгүй байна. 2 тооны адуу л ирж зарж борлуулсан. Өөрийн бүртгэлийн дэвтэр дээрээ би хэдэн кг татсан талаар нь бичсэн байгаа. Тухайн үедээ арьснуудаа хурааж аваад дараа нь зардаг юм. Тэгэхээр одоо тухайн 2 адууны арьс байхгүй. Зарагдчихсан байгаа гэсэн үг. 10 дугаар сарын 16-ны өдөр Б ахын хүү Э машинаасаа бууж ирж махаа зарсан. Би дараа нь камераар харахад машин дотор нь аав нь байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 13-14 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Хэргийн үйл баримтын талаар шүүгдэгч Б.Э ын өмгөөлөгч Б.Жавхлан: “...Бид нарын хүсэлт гаргаад байгаа, нотлох баримтын хууль зүйн үндэслэл яаж бэхжигдсэн талаар улсын яллагчийн зүгээс харахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил байна гэж харж энэ чинь ийм л зөрчил юм чинь, техникийн алдаа юм чинь эсхүл компьютерын бичиглэлийн алдаа юм чинь хамаагүй мэтээр ярьж байна. Үүнийг миний хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж харахгүй байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд, хохирогчийн өгсөн мэдүүлэг зэрэг нөхцөл байдлуудаас үзэхэд мөрдөгч нь холын биш ойрын хамаатан гэдгээ мэдсээр байж очиж, хамаатан дээрээ ажиллагаа явуулж, хамаатнуудаа гэрчээр байцаагаад нэг юм босгочхож байгаа юм. Энэ хэрэг нь цаашаа шалгагдаад явчихсан байгаа асуудлыг би зөрчил гэж үзэхгүй, харин санаатай нотлох баримт бүрдэлтийн ажиллагаа гэж харж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина гэж заасан байхад яагаад нотлох баримтууд ингэж бүртгэгдсэн юм. Дөнгөж төгсөж ирсэн мөрдөгч маргааш нь хийгээгүй, маш олон жил ажилласан мөрдөгч нар энэ хэрэг дээр ажилласан. Өөрөөр хэлбэл, нотлох баримтыг яаж бүрдүүлэхээ мэдэж байгаа хүмүүс юм. Яагаад энэ хэрэг дээр эргэлзээтэй нотлох баримтууд удаа дараа бүртгэгдэв гэдэг нь бас эргэлзээтэй. Иймээс энэ нотлох баримтуудаар хэрэг нотлогдохгүй байна, нотлох баримтууд хууль зүйн үндэслэлгүй байна. Яллах дүгнэлтэд Б.Э ын үйлдлийг дүгнэхдээ 15-наас 16-нд шилжих шөнө бүлэглэн Чулуун толгой гэх газар бэлчиж байсан Э ийн 2 адууг машин механизм ашиглан гээд яллаад байгаа юм. Ингэхдээ Э ын ажилласан мал, Э ийн алдсан малтай нэг цаг хугацаанд давхацсан учраас нотлогдож байна гэж тайлбарлаж байна. Б.Э тэр шөнө адуу ажилласан үндэслэлээ тайлбарласан. Харин хохирогч тэр шөнө адуу алга болгосон гэдэг үйл баримтыг хууль бус нотлох баримтаар нотлоод байна. Хамаатнуудынх нь урьд шөнө нь байсан, дараа шөнө нь байхгүй болчихсон гээд тааруулаад өгчихсөн мэдүүлэг байгаа... Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг харьцуулж үзэхээр Э 1 сарын хугацаанд тэр хашаанд дунджаар 1500 арьс цугласан байх юм шиг хариулт өгсөн. 1500 арьсан дундаас энэ хүн өөрийнхөө адууны арьсыг олж авсан гэдэг нь эргэлзээтэй. Мөн гэрч давхарлаад тавьчихсан арьсны хамгийн доод талаас нь авсан гэж ярьсан. Зургийг нь харахаар давхарлаж тавьсан арьс биш бөөгнүүлээд тавьчихсан арьснууд байгаа. Тэр арьсаа сарын өмнөх арьс гэж яриад байгаа боловч нойтон арьснууд байдаг. Иймээс гэрчийн мэдүүлэг эргэлзээтэй байна. Мөн гэрч нь тухайн үед байгаагүй, би арьстай харьцдаггүй, ажилчид харьцдаг гэсэн мөртлөө яагаад хамгийн доод талын арьсыг хохирогчийн алдсан адууны арьс гэж мэдээд байгаа юм. Мөн хохирогчийг нөхрийн хамт ирээд арьсаа олсон гэж хэлдэг. Энэ хүнийг огт таньдаггүй байж нөхрийг нь яаж таниад тэр мэдүүлгийг өгөөд байгаа юм. Өөрөө байгаагүй гэсэн мөртлөө байсан мэтээр яагаад худал мэдүүлэг өгөөд байгаа юм. Үүнд маш их эргэлзээтэй зүйлүүд байгаад байна. Тэгээд өөрийнх нь мэдүүлэг дээр 14 хоног болоод арьсаа ачдаг гэж хэлчхээд тэр дор нь ярьсан яриагаа эргүүлээд 1 сар болоод арьсаа ачдаг болгоод ярьсан. ...Мөн Э-н мэдүүлгүүд дээр камерын бичлэгийн асуудал яригдсан. Камерын бичлэг болон тамганы зургийг цагдаа Г авсан юм бол яагаад хавтаст хэрэгт хийгээгүй юм. Хэрэв камерын бичлэг, зураг хоёрыг хийчих юм бол энэ хэрэг нотлогдохгүй байсан учраас хийгээгүй гэж үзэж байна. Гэрч мэдүүлэхдээ манайхаас камерын бичлэгийг хуулбарлаж аваад явсан, тэр камерын бичлэг дээр бүх зүйл харагдаж байсан гэдэг. Хэрэв бүх зүйл тодорхой харагдаж байсан бол яагаад камерын бичлэгийг хавтаст хэрэгт хийсэнгүй вэ. Мөн тамганы зургийг яагаад хийсэнгүй вэ. Мэдээж нотлогдохгүй учраас хийгээгүй байх. Мөн энэ 2 хүнийг машин механизм ашиглаж бүлэглэж хулгай хийсэн гэж үзээд байгаа. Гэтэл хамт хулгай хийсэн гэдэг нотлох баримт хаана байна, ямар нотлох баримтыг үндэслээд байгаа юм. Ямар машин механизмыг ашиглаад аль үйлдэл дээр нь, хэн нь ямар үйлдэл гаргаад, хэн нь адуугаа хашаад, хэн нь приусээ унаад, хэн нь ачаад явсан юм. Энэ нь ямар нотлох баримтаар нотлогдоод байгаа юм гэдэг нь хавтаст хэрэгт байхгүй байна. Иймээс нотлогдвол зохих байдал бүрэн хангагдаагүй, бүх нотлох баримтууд хуульд заасан үндэс журмын дагуу авагдаагүй, энэ хэрэг нотлогдсон зүйл байхгүй учраас улсын яллагчийн ялын санал үндэслэлгүй байна” гэж,
Шүүгдэгч Д.Б-н өмгөөлөгч С.Нарангэрэл: “...Энэ хэрэг дээр яагаад асуудал үүсээд байгаа вэ гэхээр энэ хэрэг анхнаасаа будилаантай шалгагдсан. 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр К-н Э гэдэг хүн 2 адуу алдсан гэх гомдол мэдээллийг гаргасан үеэс авхуулаад энэ асуудлыг эсрэгээрээ урвуугаар шалгасан. Яагаад гэхээр Э гэдэг хүн хохирогч. Улсын яллагч яагаад энэ хоёр хүнийг гэм буруутай гэж үзэж байгаа үндэслэлээ тайлбарлахдаа Э гэдэг хүн мэдүүлэг өгсөн, 2 адуугаа алдсан гэж ярьсан, Э ийн адуу алдсан гэх цаг хугацаанд энэ хоёр хүн 2 адуу ажилласан, үүнийг хохирогч таниад бойноос арьсаа олсон, мөн дансаар мөнгө орсон гэх баримтуудаар нотлогдсон гэж яриад байгаа юм. Хохирогч мэдээж адуугаа алдсан учраас алдсан гээд мэдүүлэг өгнө шүү дээ. Гэхдээ 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 16 тоот Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолд хохирогчийн мэдүүлэг дээр анхаарвал зохих шаардлагатай шүү гээд бид нарт анхааруулах маягийн тайлбар хийсэн байгаа. Хохирогч мэдүүлэг өгөх хэрэгтэй. Гэхдээ мэдүүлэг өгч байгаа ч гэсэн нотлох баримтын талаар хувийн сонирхолтой этгээд шүү, тийм учраас хэргийн хохирлын хэмжээ, шинж чанар зэрэг мэдүүлгийг өгөхдөө хэтрүүлж мэдүүлэг өгөх гэдэг асуудал байж болзошгүйг анхаарвал зохино. Яагаад гэхээр тэр хүн алдсан гэдэг асуудлаараа мэдүүлэг өгөхдөө ямар нэгэн байдлаар хувийн сонирхолтой асуудал байгаа учраас гэм бурууг эцэслэн шийдвэрлэхдээ нийт шүүгч нар энийг анхаарвал зохино гээд тайлбарласан. Э гэдэг хүний мэдүүлэг үнэн зөв эсэх асуудалд анхаарч тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэлт хийх хэрэгтэй. Иймээс Э гэдэг хүн алдсан байж магадгүй алдаагүй ч байж магадгүй. Алдсан гэдэг асуудлыг цагдаагийн байгууллага тогтоох үүрэгтэй. Гэхдээ шалгаад байгаа хүн нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар төрөл садангийн хүн шалгаад байгаа юм. Төрөл садангийн хүн нь энэ хэргийг шалгасан гэдгийг Э үгүйсгээгүй, манай үеэл, миний дүү Өлзийбат гэж ярьдаг. Мөрдөн байцаалтын шатанд гомдол гаргаж Өлзийбат гэдэг хүнийг болиулаад Г гэдэг хүн шалгасан гэж яриад байдаг. Тэгэхээр анхнаасаа энэ хэргийг хууль бус аргаар шалгасан юм байна, шалгах ёсгүй этгээд шалгаад явчихсан юм байна гэдгийг мэдсээр байж нотлох баримтуудыг яллах дүгнэлтэд оруулж ирчихсэн зогсож байгаа нь маш том асуудал юм. Үүнийг прокурор тайлбарлахдаа дараа нь Г шалгасан, гэрчийн мэдүүлэг чинь сэвсэн дээр элээ шувуу нисэж байгаад л нотолсон баримт шүү дээ гэж яриад байгаа юм. Энэ чинь өөрөө ноцтой асуудал юм. Энэ хэргийн сэжгийг үнэн зөвөөр бодитойгоор гаргах ёстой цагдаагийн байгууллага нь өөрөө төрөл садангийн хүмүүс нь шалгаад, хамгийн түрүүнд эхэлсэн ажиллагаа нь юу вэ гэвэл Э ийг мэдүүлэг авах ажиллагаанд суулгачхаад, дагуулаад хөдөө очиж хэргийн газрын үзлэг хийгээд, цаашаа яваад гэрч нарыг байцаагаад тэр мэдүүлгээр эрүүгийн хэрэг үүсгэх санал үүсгээд тэр саналаар прокурор эрүүгийн хэрэг үүсгээд, дараа нь нөхөн үзлэг хийгээд Э ыг байцаагаад яллах дүгнэлтэд оруулчхаж байгаа юм. Энэ хэргийн гол суурь болж байгаа ажиллагаа чинь өөрөө хууль зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөгч оролцож болохгүй ажиллагаанд өөрөө орчихсон байгаа юм. Гомдол мэдээлэл ирэхэд шууд зогсох ёстой байсан ч зогсоогүй хууль бус аргаар нотлох ажиллагаа хийчихсэн учраас энэ асуудал бөөн будилаан үүсгэж байгаа юм.
Дараагийн асуудал юу вэ гэхээр Г гэх хүнийг шалга гэдэг мөрдөн шалгах албаны даргын шийдвэр байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлд мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга нэг буюу хэд хэдэн мөрдөгчид тухайн ажиллагаа явуулах чиг үүрэг өгнө гэж заасан. Тэгэхээр Г хэний өгсөн чиг үүргээр энэ хэргийг шалгаад яваад байгаа юм гэдэг нь ойлгомжгүй байна. ...Ххохирогчийг та яаж таньж байгаа юм бэ гэхээр 300, 400 арьснаас би арьсных нь өнгөөр таньсан гэдэг. Гэхдээ таньсан байж болох ч Хэнтий аймгийн хэмжээнд ганцхан Э гэдэг хүн ягаан зүсмийн арьстай адуутай биш, ногоон зүсмийн адуутай биш. Хэргийн газрын нөхөн үзлэгээр Э ийн тамга нь мөн байна гэдэг баримт мэдээлэл нэг ч байхгүй. Хэргийн газрын нөхөн үзлэгийг 2004 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Хэнтий аймгийн Хэрлэн сумын ... ....... гэх газарт хийх ёстой. Гэтэл нөхөн үзлэгийн толгой нь ч буруу, цаг хугацаа нь дууссан ч юм байхгүй, ажиллагаанд Э ийг байлцуулсан гэж байгаа боловч гарын үсэг, зурган дээр өөр хүн байх жишээний. Энэ хэрэг дээр нотлох баримтууд бүгд асуудалтай. ...Дараагийн асуудал нь хэргийн газрын нөхөн үзлэгийг 19 цаг 40 минутад эхлээд 17 цагт дуусчихсан. Гэрч Д , Д хүүгийн мэдүүлэг байгаа. Хөдөөний саахалт айлууд 4, 5 км-ийн зайтай байлаа гэж бодоход 1 минутын дотор очоод мэдүүлэг авчихдаг. Хавтаст хэрэгт ийм асуудлууд зөндөө байгаа. Ийм баримтуудаар энэ хүмүүсийг яллана гэдэг боломжгүй. Г ийн шинжээч, гэрчээр авсан мэдүүлгүүд бүгд хууль зөрчсөн ажиллагаа байгаа. Г ийн ажиллагаа явуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлд заасныг зөрчсөн. Өлзийбатын явуулсан мөрдөн шалгах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.9-г зөрчсөн ажиллагаа байгаа тул хуульд заасан үндэслэл журмаар авагдаагүй нотлох баримтаар хэнийг ч яллах боломж байхгүй. Иймээс хэргийг ашигтайгаар зөв зүйтэй, зөв дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэж тус тус мэтгэлцсэн.
Өмгөөлөгч нарын дээрх мэтгэлцсэн байдлыг дараах байдлаар няцаасан болно.
-Гэмт хэргийн талаарх дуудлага мэдээллийг К.Э 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өгсөн бөгөөд ийнхүү өгөхдөө гэрч Д-н “танай аавын өвөлжөөн дээр шувуу олноороо эргэлдээд байна” гэж хэлсний дагуу хүргэн дүү н.Н гаар үзүүлэхэд хоёр тооны адуу ажиллаад явсан нөхцөл байдалтай байсан тул Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.
-Хэргийн газрын үзлэгт ахмад Ц.Ө ирж үзлэгийг явуулж, гэрч нараас асууж тодруулах зүйлийг асуусан. Гэвч ахмад Ц.Ө нь өмгөөлөгч нарын мэтгэлцэж байгаачлан хувийн сонирхлоороо хэргийн газарт байгаагүй зүйлийг байсан мэтээр, байсан зүйлийг байгаагүй мэтээр орвонгоор нь өөрчилж, хууль бус арга хэрэгсэл ашиглаж үзлэгийг явуулсан, нотлох баримтыг цуглуулж бэхжүүлсэн гэх нөхцөл байдал огт тогтоогдоогүй. Хэргийн газрын үзлэгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж тэмдэглэл үйлдэн, шинжээч Б.Б, К.Э нараар байлцсан гэж гарын үсэг зуруулсан байна. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно” гэж заасан бөгөөд энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ахмад Ц.Ө-г хууль бус ямар арга хэрэгслээр нотлох баримтыг цуглуулан бэхжүүлсэн болох нь тогтоогдохгүй байна.
-Хохирогчоор К.Э ийг тогтоож мэдүүлэг авсан үйл баримтыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх боломжгүй. Өөрийн тэжээж байсан адуу байсан, хүүхдэд нь зүсэлж өгсөн адуу байсан талаар хохирогч К.Э мэдүүлж байгаа бөгөөд үүнийг үгүйсгэх нотлох баримт байхгүй. Хохирогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан “хэргийн талаар зөвхөн үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй” этгээд болохыг дурдах нь зүйтэй.
-Гэрч Э.Э хэрэгт хэд хэдэн янзаар зөрүүтэй гэж хэлж болох мэдүүлэг өгсөн боловч энэхүү мэдүүлгүүд нь өөр хоорондоо ноцтой зөрүүтэй, бие биеэ үгүйсгэсэн мэдүүлэг гэж үзэх үндэслэл байхгүй. Тодруулбал, гэрч Э.Э ын мэдүүлгүүдээс харахад 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүгдэгч Д.Б нь гэрчтэй утсаар ярьж 2 адууны мах, арьс ширтэй нь худалдах талаар хоорондоо ярилцаж тохиролцсон, Э.Э ын туслах ажилчин тухайн адууны махыг хиллэж авч тооцоог нь Э.Э т хэлсэн, тухайн цаг хугацаанд гэрч өөр орон нутагт явж байсан хэдий ч Б.Э ын данс руу 2 адууны тооцоог шилжүүлсэн, сүүлд 2 адууны арьсыг гэрчийн гэрийн хашаанд хураалттай байсан арьсан дундаас хохирогч өөрийн адууны арьсыг олж таньсан, цагдаагийн албан хаагчтай хамт камерийн бичлэгийг хамт үзэхэд Б.Э махыг машинаасаа зөөж байсан, Д.Б машин дотроо сууж байсан зэргийг харж гэрчилсэн бөгөөд энэ үйл баримтыг хэрэгт авагдсан бусад ямар нотлох баримтуудаар өмгөөлөгч нар няцааж байгаа нь тодорхойгүй байна.
Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм.
Мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “олон тооны мал хулгайлж” 2.2-т “бүлэглэж” 2.4-т “машин механизм ашиглаж” гэж тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна”, “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж тус тус тодорхойлсон бөгөөд 2 тооны адуу нь “олон тооны мал” болно.
Шүүгдэгч Д.Б , Б.Э нар 2024 оны 10 дугаар сарын 15-наас 16-ныг шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын ... ....... гэх газарт бэлчээрт байсан К.Э ийн адуунаас 2 тооны буюу ягаан зүсмийн ..... тамгатай хязаалан насны байдас, хөвчтэй сартай ..... тамгатай сартай хүрэн зүсмийн даага зэргийг машин механизм ашиглан хулгайлж, 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн “олон тооны малыг”, “бүлэглэж”, “машин механизм ашиглаж” үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв.
Прокуророос шүүгдэгч Д.Б , Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг бүлэглэж машин механизм ашиглан хулгайлсан гэж гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилсэн нь зөв, тохирчээ.
“Машин механизм ашиглаж” бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэхээр урьдчилан бэлтгэж ашигласан байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч нар нь машин механизм ашиглаж мал хулгайлсан болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдээр бүрэн дүүрэн нотлогдсон болно.
Иймд шүүгдэгч Д.Б , Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглан” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Д.Б , Б.Э нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч К.Э т 1,900,000 төгрөгийн хохирол учирсан нь (I хавтаст хэргийн 84-86 дугаар тал)-д авагдсан шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтийн талаар талууд маргаагүй, дүгнэлтэд эргэлзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нар нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөөгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч нараас 1,900,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч К.Э т олгуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Д.Б , Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Улсын яллагчаас “шүүгдэгч Д.Б , Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар тус бүр 2 жил 08 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, тухайн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Приус-30 маркийн 54-92 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь GSB capital ББСБ-ын эзэмшлийнх байх тул шинжээчийн дүгнэлт /I хавтаст хэргийн 95-98 дугаар тал/-ээр үнэлэгдсэн 23,800,000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт оруулах, хэрэгт эд мөрийн баримтаар хар цагаан өнгийн захиалгын хуудас 1 ширхэг, ягаан өнгийн хутганы 1 ширхэг, Бөртэ худалдааны төвөөс 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 13 цаг 52 минутад 15,450 төгрөгийн гүйлгээ хийсэн гүйлгээний баримт, Чинтал ШТС-аас авсан шатахууны баримт, Баянбүрд худалдааны төвөө авсан и-баримт, 50,000 төгрөгийн гүйлгээний баримтуудыг хавтаст хэрэгт хадгалуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус дурдуулах саналтай байна” гэж,
Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “эрүүгийн хариуцлагын дүгнэлт хэлэхгүй” гэж тус тус санал гаргасан болно.
Иймд шүүгдэгч Д.Б , Б.Э нар нь гэм буруугийн талаар маргасан буюу гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус бүр 2 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч нарт хорих ял оногдуулсан тул тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтов.
Бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилжээ.
-Шинжээч Б.Б-н 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 414 дугаартай “...54-92 УАН улсын дугаартай Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 23,800,000 /хорин гурван сая найман зуун мянга/ төгрөг болохыг тогтоолоо” гэх дүгнэлт (I хавтаст хэргийн 95-98 дугаар тал)-д авагдсан.
Шүүгдэгч Д.Б , Б.Э нь хохирогч К.Э ийн 2 тооны адууг хулгайлах үедээ 54-92 УАН улсын дугаартай Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийг ашигласан болох нь тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан .... улсын дугаартай Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгсэл Жи Эс Би Капитал ББСБ ХХК-ийн эзэмшлийнх байх тул тус тээврийн хэрэгслийн үнэ 23,800,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн “Ezent guren-chicken combo” гэх бичиглэлтэй хар цагаан өнгийн захиалгын хуудас 1 ширхэг, “Chichen Knife 6” гэх бичиглэлтэй 17 см урттай саарал ягаан өнгийн хутганы цаасан хуй 1 ширхэг, Бөртэ худалдааны төвөөс 2024-09-28 14:52:14 цагт 15,457 төгрөгийн гүйлгээ хийсэн И-баримт 1 ширхэг, Чин тал шатахуун түгээх станцаас 2024-10-10 15:29:57 цагт 20,000 төгрөгийн гүйлгээ хийсэн И-баримт 1 ширхэг, Баянбүрд худалдааны төвөөс 2024-10-13 11:28:00 цагт 25,800 төгрөгийн гүйлгээ хийсэн И-баримт 1 ширхэг, Ник шатахуун түгээх станцаас 2024-10-13 11:23:39 цагт 50,000 төгрөгийн гүйлгээ хийсэн И-баримт 1 ширхэг, бусад 7 ширхэг И-баримт зэргийг хэрэгт хавсарган үлдээж, хар өнгийн 100 см урттай Tape-c утасны цэнэглэгч 1 ширхэг, ARMSCOR 22 long rifle гэсэн бичиглэлтэй сумны хайрцаг 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн сальфетка 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгаж шийдвэрлэв.
Хэрэгт Жи Эс Би Капитал ББСБ ХХК-ийн эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Б , шүүгдэгч Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Д.Б , Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус бүр 2 (хоёр) жил 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б , Б.Э нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч нараас 1,900,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч К.Э т олгосугай.
6.Шүүгдэгч нар хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 23,800,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгосугай.
8.Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн “Ezent guren-chicken combo” гэх бичиглэлтэй хар цагаан өнгийн захиалгын хуудас 1 ширхэг, “Chichen Knife 6” гэх бичиглэлтэй 17 см урттай саарал ягаан өнгийн хутганы цаасан хуй 1 ширхэг, Бөртэ худалдааны төвөөс 2024-09-28 14:52:14 цагт 15,457 төгрөгийн гүйлгээ хийсэн И-баримт 1 ширхэг, Чин тал шатахуун түгээх станцаас 2024-10-10 15:29:57 цагт 20,000 төгрөгийн гүйлгээ хийсэн И-баримт 1 ширхэг, Баянбүрд худалдааны төвөөс 2024-10-13 11:28:00 цагт 25,800 төгрөгийн гүйлгээ хийсэн И-баримт 1 ширхэг, Ник шатахуун түгээх станцаас 2024-10-13 11:23:39 цагт 50,000 төгрөгийн гүйлгээ хийсэн И-баримт 1 ширхэг, бусад 7 ширхэг И-баримт зэргийг хэрэгт хавсарган үлдээж, хар өнгийн 100 см урттай Tape-c утасны цэнэглэгч 1 ширхэг, ARMSCOR 22 long rifle гэсэн бичиглэлтэй сумны хайрцаг 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн сальфетка 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгасугай.
9.Прокурорын 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН