| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2025/0147/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/283 |
| Огноо | 2025-11-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/283
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв, шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н-д холбогдох эрүүгийн 2539002870141 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Б.Н нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын .... баг .... тоотод байрлах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Э.Н-той маргалдаж улмаар хохирогчийн зүүн нүд рүү баруун гараараа цохиж түүний эрүүл мэндэд “зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2539002870141 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Д.Чулуунпүрэв: “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,
Шүүгдэгч Б.Н : “...үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ.
Хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэдгээ илэрхийлжээ.
1.Шүүгдэгч Б.Н г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын .... баг .... тоотод байрлах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Э.Н той маргалдаж улмаар хохирогчийн зүүн нүд рүү баруун гараараа цохиж түүний эрүүл мэндэд “зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
-Хохирогч Э.Н-н “...Би 2025 оны 3 дугаар сарын 18-ны орой 22 цаг өнгөрөөгөөд хүргэн дүү болох Н гийн гэрт унтахаар очсон. Тэгээд унтаж байтал 01 цаг өнгөрөөгөөд гаднаас Н , Н хоёр орж ирээд Н эхнэртээ хандан чи яахаараа намайг машинд унтуулдаг юм гээд уурлаад байсан. Тэгээд хүүхдүүд нь уйлаад байхаар нь би босоод болиоч яагаад байгаа юм гэтэл Н чи муу яадаг юм гэж хэлээд намайг газар хэвтэж байхад баруун хөлөөрөө миний зүүн хөлийн гуя руу өшиглөсөн. Тэгэхээр нь би арагшаа ухартал хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би босоод хувцсаа өмсөөд төрсөн ах болох Түмэннасан руу гар утсаараа залгаад Н намайг зодоод байна та хүрээд ир гэтэл Түмэннасан ах цагдаа руу залгаад дуудлага өг гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гартал Н араас гарч ирээд шууд баруун гараараа миний зүүн нүд хэсэгт 1 удаа цохисон. Ингээд би ахынх руу явъя гээд хашаанаас нь гараад алхаж байтал цагдаа таарсан... Н гийн эхнэр болох Н болон хүүхдүүд нь байсан... Яагаад намайг зодсон талаар мэдэхгүй байна... Гомдолтой байна, хуулийн дагуу шалгаж арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 07-08 дугаар тал),
-Гэрч Э.Н ын “...Тухайн өдөр цэргийн баяр болж байсан болохоор нөхөр болон найзуудын хамт караоке орж дуулж байгаад манай нөхөр болох Н согтсон байсан болохоор гараад машиндаа унтсан. Тэгээд би 1 цаг гаран караокед сууж байгаад 19-ний өдрийн 01 цаг өнгөрч байхад нөхөр маань гаднаас орж ирээд надад хандан гадаа машинд унтуулаад байхдаа яадаг юм гэртээ харъя гээд бид 2 гэр рүүгээ явсан. Тэгээд гэртээ ороод намайг юугаа хийгээд караокед сууж байсан машиндаа унтуулчхаад өөрөө дотор суугаад байсан биз дээ намайг аваад гэртээ харьж болдоггүй юм уу гэтэл манай төрсөн ах болох Н газар унтаж байснаа босож ирээд юунаас болоод маргалдаад байгаа юм гэтэл манай нөхөр болох Н та дуугүй бай танд ямар хамаатай юм гээд ах руу шидсэн. Тэгтэл Н яагаад байгаа юм гэтэл Н Н ыг 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд би тэр хоёрыг салгаад Н ыг гэрээсээ гаргасан... Хөл хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дугаар тал),
-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Н-н 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 190 дугаартай “1.2.Э.Н-н биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн гуянд цус хуралт, нуруу, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтлүүдээс зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Зүүн гуянд цус хуралт, нуруу, баруун шилбэнд зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдсонгүй” гэх дүгнэлт ( хавтаст хэргийн 40-41 дүгээр тал),
-Шүүгдэгч Б.Н гийн яллагдагчаар өгсөн “...Би 2025 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ..... тоотод байх гэртээ би бага зэрэг халамцуу ортол манай гэрт манай эхнэр болох Н манай 4 хүүхэд мөн эхнэрийн ах Н байсан ба би ороод архи уулаа гэх шалтгаанаар маргалдтал Н намайг гэрээс гар гэхээр нь би уурлаад аль талын гэдгийг нь санахгүй байна гуя хэсэг рүү нь 1 удаа өшиглөөд нүүр рүү нь 1 удаа гараараа цохичихсон юм. Тэгтэл цагдаа дуудчихсан байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй... Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Буруу зүйл хийсэн гэдгээ ухаарч ойлгож байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дугаар тал) зэрэг баримтууд болно.
Хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл шүүгдэгч Б.Н нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр ..... баг ..... тоотод байрлах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө хохирогч Э.Н той маргалдаж улмаар хохирогчийн зүүн нүд рүү баруун гараараа цохиж түүний эрүүл мэндэд “зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хууль зүйн дүгнэлт:
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаар дээрх гэмт хэргийн шинжийг хангана.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Б.Н нь хохирогч Э.Н-н эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Б.Н нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Б.Н г гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Н тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогчийн зүүн нүд рүү баруун гараараа цохих идэвхтэй үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Н гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Э.Н од шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “..санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй шүүх хуралд оролцохгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, 6.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон. Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэх саналыг гаргасан бол,
Шүүгдэгч Б.Н “би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэж эцсийн үгэндээ дурдсан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Ялтнаар торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Бусад шийдвэрийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Мэргэн Гүн ургийн овогт Баатаржавын Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н г 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шүүгдэгч Б.Н энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН