Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2013 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 478

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс 171/2013/153/и/

         Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмонбаатар даргалж, шүүгч Л.Оюунцэцэг, Д.Оюундарь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

     Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай-**, Сэнтрал тауэр ** тоотод байрлах “АД***” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар **** /-ийн нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Санжинт баг, Ойчдын ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, Ш*** овогт Р.П*** /регистрийн дугаар ***/-д холбогдох,  

     Гэм хорын хохирол 8,007,600 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.На***, Д.С***, Л.Г***, хариуцагч Р.П***, иргэдийн төлөөлөгч Ж.Ш***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунцэцэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь : 

Нэхэмжлэгч “АД***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Р.П*** нь 2011 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 14 цаг 30 минутын орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар багийн нутаг, Консулын уулзвар дээр “Жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт өөдөөс чигээрээ яваа болон баруун тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж “Таван богд” ХХК-ийн эзэмшлийн тус компанийн аж ахуйн дарга Х.Б*** албан хэрэгцээнд зориулж 2011 оны 9 дүгээр сард Монголд орж ирсэн Wolkswagon Amarok маркын **УНР улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргаж их хэмжээний хохирол учруулсан болно.
Замын Цагдаагийн ослын актаар Гранд марк 2 маркын **ДАР улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Р.П***гийн 100 хувийн буруутай гэсэн дүгнэлт гарсан. Зам тээврийн осолд орсон “Таван богд” ХХК-ийн эзэмшлийн Wolkswagon Amarok маркийн **УНР улсын дугаартай авто машин нь “АД***” ХХК-д тээврийн хэрэгслийн даатгалтай байсан бөгөөд даатгалаас хохирлыг бүрэн барагдуулсан. 
Замын цагдаагийн тасагт шалгагдаж байх үед “Итгэлт эстимэйт” ХХК-ийн үнэлгээгээр Wolkswagon Amarok маркийн **УНР улсын дугаартай авто машинд учирсан хохирлыг 8,341,250 төгрөг гэж үнэлсэн бөгөөд манай компанийн даатгалын гэрээний дагуу 96 хувиар тооцож, “Таван богд” ХХК-д 8,007,600 төгрөгийг төлсөн. Даатгалын тухай хуульд зааснаар даатгагч нь нөхөн төлбөр төлснөөр буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх эрхтэй байдаг. Манай байгууллага нь даатгуулагчид нөхөн төлбөр олгохдоо үнэлгээг үндэслэл болгодог. 
Хариуцагч Р.П*** нь “Таван богд” ХХК-д хохиролд тооцож 1,000,000 төгрөг өгсөн болохыг нь манай компани шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш мэдсэн тул 7,007,600 төгрөгийг хариуцагч Р.П***гээс нэхэмжилж байна” гэв. 
Хариуцагч Р.П*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Р.П*** миний бие нь 2011 оны 10 дугаар сарын 16-нд Консулын урд талын 4 замын уулзвараар гарах үед осол гаргасан. Би тухайн үед 20 км цагийн хурдтай явж байсан. Эсрэг талын машин мөн хурд ихтэй орж ирсэн. Тухайн үед би биедээ жолооны үнэмлэх авч яваагүй байсан мөн зохицож болно гэж бодсон учир миний буруу гэж хүлээн зөвшөөрсөн.
Би байцаагчид наад машин чинь хурдтай орж ирсэн шүү дээ гэхэд хурд одоо хэмжих боломжгүй гэсэн. Хэмжих багажгүйгээр энгийн хүний нүдээр харахад ч ойлгомжтой зүйл болсон. Учир нь би баруун талаас ирж буй автомашинд зам буруу тавьж өгөх үед аюулыг хараад ирж яваа машин хурд хэтрүүлээгүй явж байсан бол даялаад гарах юм уу тормос гишгэхэд тэр дороо л зогсож эвдрэл өшөө бага гарах байсан. 
Тэгэхэд хурдтай явж байсан болохоор зогсож чадахгүй зам нэвтрээд боржур даваад мод гуядаж арай гэж машинаа зогсоосон. Бид ослын газраас шууд Вейтьнам засварын газар очиж үзүүлээд сайхан янзалж болно гэж ярьж тохиролцож салсан. Маргааш нь Б*** гуайн эхнэр О*** бид бүх юмаа Германаас шинээр авчируулж солиулахаар боллоо. “Таван богд” ХХК-иас факсаар үнийн дүнгийн хүснэгт ирсэн. Энгийн буюу яаралтай үнийн санал энгийн нь сарын хугацаатай, яаралтайгаар нь 7 хоногийн дотор ирнэ гэхэд бид яаралтайгаар захиалаад яахав ядаж үнийг нь бодоход ч энгийнээр захиалья гэж тохиролцоод энгийнээр захиалаад сэлбэг сар гаруйн дараа энгийн захиалгаар  ирсэн.
Тэгэхэд “Итгэл”, “Дамно” үнэлгээний газрууд энэ машины сэлбэгийн үнийг Таван богдоос л авлаа өөр газар оруулж ирдэггүй болохоор жишин харьцуулах ямар ч боломжгүй өгсөн үнийг тавьсан гэж тайлбарласан. Би тухайн үед нөхөр маань SGS гэдэг Канад компанид өндөр цалинтай ажил хийж байсан болохоор төлчихнө гэж бодож байсан болохоор юм болгоныг хүндрүүлээгүй. Манай Монголын шүүх цагдаагийн ажлын ачаалал дэндүү их байдагтай бас холбоотой байх. Ачаалал багатай бол энэ хэргийг олон талаас нь үзэж шалгаж үнэлэн шийдвэрлэх боломжтой байх байсан. 
Манай нөхрийг 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр онгоцноос хоцорсон гэсэн шалтгаанаар ажлаас нь халсан. Ингээд бидний бодож байсан зүйл бүү хэл манайх гэдэг айлын амьдрал зуун хувь өөрчлөгдсөн. Бид банкны лизингээр 10,000,000 төгрөгөөр зээл авч, 2,000,000 сая төгрөг нэмж авсан машинаа эвдэрсэн чигээр нь ченжид 5,000,000 төгрөгөөр зараад 2012 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Ветьнам засварын газарт очиж 1,000,000 төгрөг өгсөн. Тухайн үед уг мөнгөн дээр нэмж 3,500,000 төгрөг бэлнээр өгөөд тохиролцоё бидний амьдралд  ийм учир боллоо гэж О*** гуайд хэлэхэд битгий олон юм яриад бай шүүхээр нь явна гэж хэлсэн.
Ингээд бид тэр мөнгөөрөө банкны өрөө төлсөн. Би 2008 онд олгойн хагалгаанд орохдоо эмчийн 100 хувийн буруутай үйл ажилгаанаас 12 удаа дараа хагалгаанд орж, одоогоор тахир дутуугийн группт 60 хувиар хөдөлмөрийн чадвар алдсан. Би зам тээврийн осол гаргаж “Таван богд” ХХК-ийн машиныг мөргөсөн болохоос “АД***” ХХК-ийн өмнө мөнгө төлөх үүрэг хүлээгээгүй.  “АД***” ХХК надтай гурвалсан гэрээ байгуулаагүй, даатгалын хүнийг би прокурорын өрөөнд гомдол гаргах үед харсан. Тэр үед бид чиний өмнөөс Балжиннямд мөнгө төлсөн, одоо мөнгөө авна гэхэд нь би 1,000,000 төгрөг өгсөн шүү дээ гэхэд тийм үү гэж байсан. Хэрэв гэрээ хийсэн бол ядаж сая төгрөг хүртэл хасаад ярилцах байсан ядаж утсаар ч болов яриагүй. Иймд би “АД***” ХХК-д мөнгө төлөх үндэслэлгүй гэж бодож байна” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.О***шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зам тээрийн осол гарсан нь тогтоогдсон. Мөн “Таван богд” ХХК нь “АД***” ХХК-тай даатгалын гэрээ хийгдсэн байдаг. Тухайн үед 2,000,000 төгрөгөөр машиныхаа хохирлыг төлөөд дуусахаар тохирсон байтал Даатгалын компани нь маш өндөр үнээр хохирлыг төлөхдөө П*** өгсөн 1 сая төгрөгийг ч хасаагүй байдаг. 
“АД***” ХХК нь тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзахгүйгээр өндөр төлбөр төлчихөөд Р.П***гээс нэхээд байгаа нь үндэслэлгүй юм. Мөн хуульд зааснаар бол амь нас эрүүл мэндэд учирсан нөхөн төлбөрийг нэхнэ үү гэхээс эд хөрөнгийн даатгалыг нэхэх эрх байхгүй. Р.П*** нь “АД***” ХХК-ийн өмнө үүрэг хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:
       
Нэхэмжлэгч “АД***” ХХК нь хариуцагч Р.П***д холбогдуулан гэм хорын хохирол 8,007,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
Хариуцагч Р.П*** нь 2011 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын // дугаар багийн нутаг, Консулын уулзвар дээр Toyota Mark II маркын **ДАР улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ “Таван богд” ХХК-ийн эзэмшлийн Volkswagen Amarok маркын **УНР улсын дугаартай автомашиныг мөргөж  зам тээврийн осол гаргасан бөгөөд тус аймгийн Замын цагдаагийн тасгийн байцаагч зам, тээврийн ослын газар үзлэг явуулж Р.П***г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1 /а/-д “жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна”,  12 дугаар зүйлийн 12.4-т “Жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруу гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсний улмаас  зам тээврийн осол гарсан гэж дүгнэсэн болох нь хэрэгт авагдсан Замын Цагдаагийн газрын 2011 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Зам тээврийн осол болсон газар үзлэг хийсэн тухай баримт болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. 
Хариуцагч Р.П*** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Замын цагдаагийн тасгийн байцаагчийн 2011 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу шүүхээс Дархан-Уул аймгийн Замын Цагдаагийн тасгийг бүрэлдэхүүнтэй шинжээчээр томилсон бөгөөд шинжээчид нь 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №06 дугаар “Шинжээчийн дүгнэлт”-ээр урд гаргасан замын байцаагчийн актыг үндэслэлтэй гарсан гэж дүгнэсэн байна. 
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №549 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” тогтоолоор зам тээврийн ослын улмаас учирсан хохирол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлд заасан хохирлын үлэмж хэмжээнд хүрэхгүй, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учраагүй гэсэн үндэслэлээр Р.П***гийн зам тээврийн осол гаргасан тухай мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ. 
Дээрх зам тээврийн ослыг шалгах явцад замын цагдаагийн байцаагчийн томилсноор “Таван богд” ХХК-ийн эзэмшлийн Volkswagen Amarok маркын **УНР улсын дугаартай автомашинд учирсан хохирлын үнэлгээг “Итгэл эстимэйт” ХХК нь 8,341,250 төгрөг гэж үнэлсэн бөгөөд энэхүү үнэлгээг Р.П*** эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу “Дамно” ХХК-иар дахин үнэлгээ хийлгэж, тус компани нь уг автомашинд учирсан хохирлыг 8,018,000 төгрөг гэж үнэлсэн болох нь хэрэгт авагдсан “Итгэл эстимэйт” ХХК-ийн 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №55248 дугаар “Автомашин техникийн үнэлгээний тайлан”, “Дамно” ХХК-ийн 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №Д137/011 дугаар үнэлгээний тайлан зэргээр тус тус нотлогдож байна. 
“Таван богд” ХХК-ийн эзэмшлийн Volkswagen Amarok маркын **УНР улсын дугаартай автомашин нь “АД***” ХХК-д тээврийн хэрэгслийн даатгалтай байсан бөгөөд “АД***” ХХК нь “Итгэл эстимэйт” ХХК-ийн 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №55248 дугаар “Автомашин техникийн үнэлгээний тайлан”-г үндэслэн даатгалын үнэлгээг 96 хувиар тооцож, нөхөн төлбөрт 8,007,600 төгрөгийг “Таван богд” ХХК-д олгосон, хариуцагч Р.П*** нь хохирол төлбөрт 1,000,000 төгрөгийг “Таван богд” ХХК-д төлсөн болох нь тус тус хэрэгт авагдсан “АД***” ХХК болон “Таван богд” ХХК-иудын хооронд байгуулсан 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн №11/01/48 дугаар “Даатгалын гэрээ”, гэрээний 2 дугаар хавсралт, хохирол нөхөх тухай 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №223 дугаар акт, “Өнө олуул” ХХК-ийн 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. 
Хариуцагч Р.П*** нь нэхэмжлэгч “АД***” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ “...  Би зам тээврийн осол гаргаж “Таван богд” ХХК-ийн машиныг мөргөсөн болохоос “АД***” ХХК-ийн өмнө мөнгө төлөх үүрэг хүлээгээгүй. “АД***” ХХК надтай гурвалсан гэрээ байгуулаагүй, хуульд зааснаар амь нас эрүүл мэндэд учирсан нөхөн төлбөрийг нэхнэ үү гэхээс эд хөрөнгийн даатгалыг нэхэх эрх байхгүй ...” гэж тайлбарладаг болно.
Гэвч Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “АД***” ХХК нь Volkswagen Amarok маркын **УНР улсын дугаартай автомашинд учирсан хохирлыг “Таван богд” ХХК-д нөхөн төлснөөр Р.П***гээс хохирол шаардах эрхтэй болжээ. Иймд хариуцагчийн дээрх татгалзал нь үндэслэлгүй байна. 
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.4-т зааснаар гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн тохиолдолд даатгагч нөхөн төлбөрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг олгохоос татгалзах эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч Р.П*** нь хохиролд тооцож 1,000,000 төгрөгийг “Таван богд” ХХК-д өгснийг нэхэмжлэгч “АД***” ХХК нь  хуулийн дээрх зохицуулалтад зааснаар тооцолгүй “Таван богд” ХХК-д нөхөн төлбөрийг бүхэлд нь олгосон нь уг мөнгийг хариуцагч Р.П***гээс гаргуулах үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл Р.П***гээс хохиролд тооцож төлсөн 1,000,000 төгрөг “АД***” ХХК нь “Таван богд” ХХК-иас шаардах эрхтэй байна. 
 “Таван богд” ХХК-ийн эзэмшлийн Volkswagen Amarok маркын **УНР улсын дугаартай автомашинд учирсан хохирлын үнэлгээг “Итгэл эстимэйт” ХХК нь 8,341,250 төгрөг гэж үнэлснийг Р.П*** эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу “Дамно” ХХК-иар дахин үнэлгээ хийлгэж, тус компани нь уг автомашинд учирсан хохирлыг 8,018,000 төгрөг гэж үнэлсэн байхад нэхэмжлэгч “АД***” ХХК нь “Итгэл эстимэйт” ХХК-ийн 8,341,250 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг үндэслэл болгон нөхөн төлбөр олгосон нь үндэслэлгүй байна гэж дүгнэлээ. 
Иймд хариуцагч Р.П***гээс гаргуулах хохирол төлбөрийн хэмжээг “Дамно” ХХК-ийн 8,018,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг үндэслэн энэхүү үнэлгээний дүнгээс даатгалын нөхөн төлбөрийг тогтоосон 96 хувиар тооцож 7,697,280 төгрөгөөс Р.П***гээс “Таван богд” ХХК-д төлсөн 1,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 6,697,280 төгрөгийг  Р.П***гээс гаргуулж “АД***” ХХК-д олгох нь зүйтэй байна.   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:
     
          1. Иргэний хуулийн 497 дугаар  зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 заасныг тус тус баримтлан хариуцагч Р.П***гээс 6,697,280 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “АД***” ХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 1,310,320 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “АД***” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 143,071 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.П***гээс улсын тэмдэгтийн хураамжид 122,106 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “АД***” ХХК-долгосугай. 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

        
    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.ЦОЛМОНБААТАР

            ШҮҮГЧИД                       Д.ОЮУНДАРЬ       
    
                                    Л.ОЮУНЦЭЦЭГ