| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2025/0254/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/296 |
| Огноо | 2025-11-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнцэцэг, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/296
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэг, шүүгдэгч О.Э , Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Э , Д.А нарт холбогдох эрүүгийн 2439000000422 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Э , Д.А нар нь бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дүгээр баг ..........тоот болох Д.О-ын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч, LG Led маркийн 65 инчийн зурагт, эмэгтэй мөнгөн бүс зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 3,420,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2439000000422 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч: “Яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулж, шүүгдэгч О.Э , Д.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж байр сууриа илэрхийлжээ.
Шүүгдэгч О.Э “...Би О гэх хүний нөхөр Г-ын төрсөн дүүгийнх нь хүүхэд юм. Би тухайн үед Ганбаа ахтай холбогдож байсан. Тэрийг ерөөсөө хэлээгүй байна лээ. Би Хэнтийгээс найзтайгаа цуг явж байна, хоол ундны мөнгө байхгүй байна гэхэд манайх руу хүрээд ир гэсэн. Би багаасаа эднийд өссөн учраас намайг ирэхийг мэдэж байгаа юм чинь гэж бодоод гэр лүү нь ороод хоол унд идчихээд гарсан. Би мөнгөн бүс ерөөсөө аваагүй. Цонхоор зурагт гаргаагүй. Цэнхэрмандал сумын хэсгийн төлөөлөгчтэй цуг очиход зурагт нь гэр дотроо байсан. Тэднийхээс авсан зүйл байхгүй, бид хоёр хоол унд идээд гарсан, тэр нь үнэн. Хэлээгүй нэвтэрсэн нь миний буруу, бусад эд зүйлийг нь хөдөлгөсөн зүйл байхгүй. О өөрөө ч хэлдэг. Эгчийн дүү энэ байдлаа надад хэлчихгүй дээ, тэгсэн бол би цагдаа сэргийлэх дуудахгүй, тухайн үед хулгай орчихлоо гэж бодоод сандраад дуудлага өгсөн шүү дээ гэж надад хэлж байсан. ...Бид хоёрыг постон дээр ирж барьж байсан” гэх мэдүүлгийг гаргасан бол,
Шүүгдэгч Д.А мэдүүлэг гаргаагүй болно.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч О.Э , Д.А нар нь бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дүгээр баг ..........тоот болох Д.О-ын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч, LG Led маркийн 65 инчийн зурагт, эмэгтэй мөнгөн бүс зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 3,420,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
-Хохирогч Д.О-ын “...Тэгээд 11 дүгээр сарын 03-ны шөнө 00 цаг 30 минутын үед гэртээ иртэл байшингийн хойд талд машины гэрэл асаж байсан ба биднийг ирээд буутал гэрлээ унтраачихсан. Тэгээд би хашааныхаа хаалгыг онгойлгож байтал тэр машин хөдлөөд явчихсан. Тэгтэл манай нөхөр байшингийн хойд талаар тойроод очтол хойд цонх онгорхой байсан ба цонхны доор манай зурагтыг тавьсан байхаар нь хулгай орсон гэдгийг мэдээд цагдаад хандсан. Тэгээд гэртээ ортол зочны өрөөний хананд өлгөөтэй байсан 65 инчийн LG телевизорыг байшингийн гадна талд цонхны хажууд тавьчихсан байсан ба эмэгтэй хүний мөнгөн чимэгтэй бүс 1 ширхгийг авдраас хулгайлсан байсан. Тухайн үед цагдаад мэдэгдээд цагдаа хулгай хийсэн хүмүүсийг олсон байхаар нь би тэр хоёр хулгайчийн унаж явсан машины жолоочийн эсрэг талын урд суудлын доороос мөнгөн чимэгтэй бүсээ авчихсан... 1 нь манай нөхөр болох Г-ын аавын хойд эхийнх нь зээ хүү нь байсан нөгөө хүнийг нь бид танихгүй... Алдсан зурагтаа гэрийнхээ хойд талын хулгайч нар орсон цонхны доороос олсон ба мөнгөн бүсээ машиных нь урд суудлын доороос нь өөрсдөө авчихсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 07-08 дугаар тал),
-Гэрч Э.Г-ын “...11 дүгээр сарын 03-ны 00 цаг 30 минутын үед гэртээ ирээд хашааны хаалгаа онгойлгох гэтэл байшингийн хойд талд машины гэрэл тусаж байгаад биднийг хаалга онгойлгонгуут гэрлээ унтраачихсан ба удалгүй тухайн машин хөдлөөд явсан. Тэгэхээр нь би байшингаа тойроод хартал байшингийн хойд талын 3 цонхны голын цонхыг онгойлгосон байсан ба цонхны доод талд гадаа манай гэрийн зурагтыг гаргаад тавьчихсан байсан. Тэгэхээр нь би эхнэртээ мэдэгдээд цагдаад хандсан... Манай зурагтыг байшингийн гадаа тавьсан байсан ба авдар дотор байсан манай эхнэрийн мөнгөн чимэгтэй бүс алга болсон байсан... Харанхуйд саарал өнгийн тээврийн хэрэгсэл харагдсан ба сүүлд цагдаа нар барьсан байх үед нь очтол саарал улсын дугааргүй өнгийн Приус-30 байсан ба манай эхнэр тухайн машины жолоочийн эсрэг талын урд суудлын доод талаас өөрийнхөө бүсийг олж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дугаар тал),
-Хөрөнгийн үнэлгээний шинжээч Б.Боргилбаатарын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 434 дугаартай “...зурагт, мөнгөн бүс...эд зүйлийн зах зээлийн үнэлгээ 3,420,000 (гурван сая дөрвөн зуун хорин мянга) төгрөг гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30-32 дугаар тал),
-Шүүгдэгч О.Э гийн яллагдагчаар өгсөн “...би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би сэжигтнээр мэдүүлэг өгсөн. Надад нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруутайгаа маргах зүйл байхгүй тул мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дүгээр тал),
-Шүүгдэгч Д.А-ын яллагдагчаар өгсөн “...би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би сэжигтнээр мэдүүлэг өгсөн. Надад нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруутайгаа маргах зүйл байхгүй тул мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгдэгч О.Э “Би Төв аймагт нэг хэрэг үйлдсэн. Тэр хэрэг одоо шүүх дээр ирэх гэж байгаа. Тэр хэрэгтэйгээ нэгтгүүлж шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна” гэх хүсэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь тухайн хэрэгтээ яллагдагчаар татагдсан, яллах дүгнэлт үйлдэгдсэн, шүүхэд хэрэг шилжиж ирсэн гэх ямар нэг нотлох баримт байхгүй байх тул хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар халдаж, хохирол, хор уршиг учруулсныг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тогтоожээ.
“Хулгайлах” гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжтэйгээр хуульчилжээ.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ба үүнд хохирлын хэмжээ шаардахгүй юм.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч О.Э , Д.А нар нь бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дүгээр баг ..........тоот болох Д.О-ын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч, LG Led маркийн 65 инчийн зурагт, эмэгтэй мөнгөн бүс зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 3,420,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь тогтоогдсон тул түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Э , Д.А нар нь тухайн LG Led маркийн 65 инчийн зурагт, эмэгтэй мөнгөн бүс зэргийг нууцаар авч, захиран зарцуулах боломжийг бүрдүүлснээр түүний үйлдсэн гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.
Прокуророос шүүгдэгч О.Э , Д.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэж гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилсэн нь зөв, тохирчээ.
Мөн прокуророос шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл заалтыг журамлаагүй байгааг дурдаж зөвтгөх нь зүйтэй байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч нар нь тухайн айлыг эзгүй байгааг мэдэж хамт орж гэрт нь хоол унд идсэн. Гэрийн хананд өлгөөтэй байсан зурагтыг авч гэрийн цонхоор нь гаргах гэж байсан зэргээс үзэхэд уг гэмт хэргийг гэмт этгээдүүд бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч О.Э , Д.А нар нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч О.Э , Д.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар:
Хохирогч Д.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Алдсан зурагтаа гэрийнхээ хойд талын хулгайч нар орсон цонхны доороос олсон ба мөнгөн бүсээ машиных нь урд суудлын доороос нь өөрсдөө авчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 07-08 дугаар тал) байх бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч нараас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:
Шүүгдэгч О.Э , Д.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Улсын яллагчаас “шүүгдэгч О.Э гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,
Шүүгдэгч Д.А-ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, тухайн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус дурдуулах саналтай байна” гэх саналыг гаргасан болно.
Шүүгдэгч О.Э , Д.А нар гэмт хэргээ бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөөгүй, хохирогчид учирсан хохирлыг төлсөн, бусдад төлөх хохирол, хор уршиггүй, үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасны дагуу шүүгдэгч О.Э , Д.А нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэн хэн ямар үүрэгтэй оролцсон байдал зэргийг харгалзан тэдэнд ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч О.Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар, шүүгдэгч Д.А-ыг 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э д оногдуулсан хорих ялыг түүний урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан нөхцөл байдлыг харгалзан хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Д.А-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтов.
Бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О.Э , Д.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.Э г 3 (гурав) жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.А-ыг 2 (хоёр) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Д.А-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5.Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН