Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/297

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг,

Улсын яллагч Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл,

Шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г холбогдох эрүүгийн 2439005530389 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Гантөмөр нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн хөдөө хэсэг “Норовын ар” гэх газар төв зам дээр 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 26-44 УБС улсын дугаартай Toyota prius-10 загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.4 “жолооч дараах үүргийг хүлээнэ: 6/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, зорчигч Ж.О-н эрүүл мэндэд гавал, тархи, цээж, мөчдийн хавсарсан битүү гэмтэл учруулж, амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ..... нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн хөдөө хэсэг “Н.......р” гэх газар төв зам дээр  2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ........УБС улсын дугаартай Toyota prius-10 загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.4 “жолооч дараах үүргийг хүлээнэ: 6/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, зорчигч Ж.О. эрүүл мэндэд гавал, тархи, цээж, мөчдийн хавсарсан битүү гэмтэл учруулж, амь насыг хохироосон болох нь шүүгдэгч Ц.Г. үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 14-23 дугаар тал), осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг (хавтаст хэргийн 24 дүгээр тал), Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 26 дугаар тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О. мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31, 34-35 дугаар тал), гэрч Х.Д. мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дугаар тал), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 45-48 дугаар тал), Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ц.Тунгалагтамирын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 140 дугаартай  дүгнэлт (хавтаст хэргийн 49-53 дугаар тал), Хэнтий аймгийн Автотээврийн төвийн шинжээч С.Наранхүүгийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 26 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 65-66 дугаар тал), Хөрөнгийн үнэлгээний Бодит Үнэлгээ ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаартай шинжээчийн  дүгнэлт (хавтаст хэргийн 73-77 дугаар тал), мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 80-81 дүгээр тал), Тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 87 дугаар тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 90 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас... хүний амь нас хохирсон бол...” гэж энэ гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчлан тодорхойлсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О. “...миний бие нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй” гэх нотариатаар батлуулсан хүсэлт (хавтаст хэргийн 122 дугаар тал) байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг тогтоогдоогүй тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.Г. эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокурорын санал болгож, шүүгдэгч түүний өмгөөлөгч нараас хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гантөмөрийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Г.нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д тус тус зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулав.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилээр хасах нэмэгдэл ялыг түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч  Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Г-ийг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

4.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д тус тус зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилээр хасах нэмэгдэл ялыг түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхээр тогтоосугай.

 

7.Шүүгдэгч Ц.Гнь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН