| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2025/0115/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/307 |
| Огноо | 2025-11-24 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/307
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалан, хохирогч Б.Б , шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан, шүүгдэгч О.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Н холбогдох эрүүгийн 2439000000395 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Х сумын 3 дугаар баг, Х хорооллын баруун талын гэрлэн дохиотой уулзвар дээр ........ХЭА улсын дугаартай Toyota Prius-XW20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.3, 15.7-д заасныг тус тус зөрчсөний улмаас Г.Ч-ийн жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан ........ УАУ улсын дугаартай Toyota Prius Alpha-XW маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж, улмаар ........ УАУ улсын дугаартай Toyota Prius Alpha-XW маркийн тээврийн хэрэгсэл дотор явсан зорчигч Б.Б гийн биед бүсэлхийн 4 дүгээр нугалмын хөндлөн сэртэн, бүсэлхийн 4-5 дугаар нугалмын их биеийн зөрөөгүй хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
1.1.Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлтдээ:
Улсын яллагч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ “...Шүүгдэгч О.Н нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч О.Н-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд хавтаст хэрэгт авагдсан хохирлын талаарх баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан баримтаар нь, сэтгэцэд учирсан хор уршгийг 3 дугаар зэрэглэлээр үнэлэгдсэн тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 18 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нь тооцож шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаан байхгүй хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Шүүх гэм буруутайд тооцож шийдвэрлэхэд татгалзахгүй. Хохирол төлбөрийг нөхөн төлөхөө бүрэн илэрхийлж байгаа. Энэ хэрэгт шалгагдаж байхдаа ажил хийж хохирол төлбөрийг барагдуулна гэсэн боловч ажиллах боломжгүй болсон. Одоо Өмнөговь аймагт ажиллаж байгаа учир хохирлыг төлөх боломжтой” гэж,
Хохирогч Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр аваар болсон. Би машин дотроо гурвуулаа явж байсан. Намын байранд хүн буулгачхаад халамж талаасаа маш хурдтай машин орж ирсэн. Тоормосоо гишгэ гэж хэлээд түрэгдээд боржурт тээглээд зогссон байсан. Жолооч буугаад жолоочийн хаалгаар буусан. Боржур тээглээд зогссон. Эмнэлэг дуудаж мэдэхгүй, айсандаа гэр рүүгээ явсан. 2 жолоочийг цагдаа ирээд аваад явсан. Дараа надаас гэрчийн мэдүүлэг гэж авсан. Тэр аваараас хойш хүзүүндээ гэмтэлтэй гээд 3 сарын хугацаанд хэвтрийн дэглэмтэй байсан. Толгой тархи битүү доргилттой. Би нэг жил гаруй хугацаанд ажилгүй, хохирлын мөнгө төлөөгүй байгаа. Эмчилгээний зардал, тэр баримтаа гаргаж өгч чадсангүй. Өмнөх хохирлын төлбөрийг төлөөгүй л байгаа. Надад эм тарианаас эхлээд мөнгө хэрэгтэй л байна. Нуруу гэдэг хүний тулгуур эрхтэн шүү дээ. Би өөрийг нь бэртээж гэмтээсэн юм шиг зан ааш гаргаж байсан учраас би ийм хүнтэй яаж харьцах юм. Хэл амаа ойлгохгүй юм байна гэж хэлсэн. Хохирогч юм шиг үзэж яриад байсан. Тархи толгой, одоо хүртэл удаан сууж чадахгүй, явж чадахгүй байдалтай байна. Тархи толгой байнга өвддөг, MRI гэхэд 300-350 төгрөг, хэчнээн төгрөгийн компьютерт орох уу. Би одоо ээж ааваараа тэжээлгээд л амьдарч байна. Хүний хөдөлмөрийн чадварыг алдуулчхаад биеийг нь хохироочхоод гэмшсэн сэтгэл байхгүй байна...” гэх мэдүүлгийг,
Шүүгдэгч О.Н шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ “Би маш их гэмшиж байгаа. Энэ хүний хохирлыг би ямар ч байсан төлж барагдуулна” гэж тус тус мэдүүлэв.
1.2.Эрүүгийн 2439000000395 дугаартай хэргээс талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хавтаст хэргээс:
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, замын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( I хавтаст хэргийн 10-16 дугаар тал),
-Хохирогч Б.Б гийн “...Би 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн үед ........ УАУ улсын дугаартай Приус-41 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн хажуу талын урд суудалд зорчиж явсан. Тээврийн хэрэгслийг Ч жолоодоод арын суудалд Нарангарав эгч суугаад явж байсан. Х сумын 3 дугаар баг буюу Х хорооллын баруун талын гэрлэн дохиотой уулзвар дээр урд талаасаа ирж зогсож байгаад ногоон гэрлээр Ч машинаа жолоодоод уулзварт нэвтрэхэд ертөнцийн зүгээр баруун талаас ........ХЭА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл улаан гэрлээр уулзварт их хурдтай орж ирээд миний сууж явсан автомашиныг зүүн талын урд хажуунаас мөргөж зам тээврийн осол гарсан. Зам тээврийн ослын улмаас миний биед толгой доргисон, хүзүүний 1-2 үе цуурсан сэртэнгийн хугарал, мөн нурууны 4-5 дугаар үе цуурсан сэртэн хугарсан гэмтэл шарх учирсан... Би хамгаалах бүс хэрэглэсэн байсан... Би гомдолтой байна, эмчилгээний зардлыг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 91-92 дугаар тал),
-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ц.Тунгалагтамирын 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 537 дугаартай “...1.2. Б.Б гийн биед бүсэлхийн 4-р нугалмын хөндлөн сэртэн, бүсэлхийн 4-5-р нугалмын их биеийн зөрөөгүй хугарал, хүзүүний 2-р нугалмын их биеийн цуурал гэмтэл тогтоогдлоо. 3.4.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Дээрх гэмтлээс бүсэлхийн 4-р нугалмын хөндлөн сэртэн, бүсэлхийн 4-5-р нугалмын их биеийн зөрөөгүй хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, хүзүүний 2-р нугалмын их биеийн цуурал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (Iхавтаст хэргийн 111-112 дугаар тал),
-Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 12 дугаартай “...1. ........ХЭА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч О.Н /СЕ81020705/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.“Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх, 12.1.“Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэх, 12.3.“Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх, 15.4“Улаан буюу шар гэрэлтэй хамт ассан нэмэгдэл гэрэл дохиогоор явж буй жолооч бусад чиглэлээс яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэх,3.7.“Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх, 15.7.“Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэх дээрх 6 заалтыг тус тус зөрчсөн байна. 2. ........ УАУ улсын дугаартай Приус-41 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ч /.........1008/ нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. 3. ........ХЭА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч О.Н /.......0705/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.3, 15.7 гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон байна” гэх магадалгаа (I хавтаст хэргийн 115-116 дугаар тал),
-Гэрч Н.О “........... УАУ улсын дугаартай Toyota prius Alpha-XW маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн. Би уг тээврийн хэрэгслийг GSB Capital банк бус санхүүгийн байгууллагын зээлээр авч байсан юм. Миний тээврийн хэрэгслийг эхнэр Ч жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаад 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр зам тээврийн осолд орсон. Миний эзэмшлийн ........ УАУ улсын дугаартай Toyota prius Alpha-XW маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн хохирол болох 4,000,000 төгрөгийг О.Н бүрэн төлж барагдуулсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирол бүрэн барагдсан тул эд хөрөнгөд учирсан хохирлын үнэлгээ гаргах шаардлага байхгүй. Би өөрийн дээрх тээврийн хэрэгслийг 2024 оны 11 дүгээр сард зарчихсан” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 223-224 дүгээр тал),
-Шүүгдэгч О.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Би 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байж байхад ээж Ж утсаар залгаад миний даралт ихсээд байна ирээд даралт үзээд өгөөч гэж хэлэхээр нь би нөхрийнхөө ........ХЭА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод ээжийн гэрт очоод даралтыг нь үзэхэд даралт нь өндөр байсан тул Х хорооллын эмийн сан орж эм авах гээд машинтайгаа явсан. Х хорооллын баруун талын гэрлэн дохиотой уулзвар дээр баруун талаасаа ирэхэд уулзварын гэрлэн дохионы шар гэрэл нь анивчиж байхаар нь энэ гэрлээр амжаад орчих байх гэж бодоод уулзварт жоохон ширүүхэн яваад ороход миний баруун гар талаас буюу урд талаас хүрэн өнгийн Приус-41 маркийн тээврийн хэрэгсэл уулзварт орж ирсэн. Би тормос гишгээд машин зогсож амжихгүй миний жолоодож явсан машин тухайн машины зүүн урд хэсэгт мөргөж зам тээврийн осол гарсан. Би машинаасаа буугаад Приус-41 маркийн жолоочоос уучлалт гуйсан. Тухайн машинд жолоочтойгоо нийлээд 3 хүн, би ганцаараа явж байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаагийн алба хаагч нар ирж хэмжилт хийгээд намайг болон нөгөө машины жолоочийг драгер багаж үлээлгэхэд хоёулаа 0.00 гарсан... Би тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан. Сүүлд буюу 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангилалтай болсон... Би ........ УАУ улсын дугаартай Приус-41 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 4,000,000 төгрөгийг Г.Ч-ийн дансанд 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлж бүрэн төлж барагдуулсан... Би уулзвар руу 20 км цагийн хурдтай явж орсон байх...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 128-129 дүгээр тал),
-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 4062 дугаартай “1.Шинжлүүлэгч Б.Б /РД:СЧ.........403/-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан дасан зохицохуйн хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. 2.Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн “гуравдугаар” зэрэглэлд хамаарна. 3.Цаашид сэтгэц болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна.” гэх дүгнэлт (II хавтаст хэргийн 84-86 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтаст хэргээс:
О.Н-ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд болох гэрч А.О мэдүүлэг (I хавтаст хэргийн 95-96 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (I хавтаст хэргийн 133 дугаар тал), эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (I хавтаст хэргийн 175 дугаар тал) зэргийг судалсан болно.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.
1.3.Шүүхээс хэргийн талаар тогтоосон үйл баримт нотлох баримтын үнэлгээ:
1.3.1.Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход О.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Х сумын 3 дугаар баг, Х хорооллын баруун талын гэрлэн дохиотой уулзвар дээр ........ХЭА улсын дугаартай Toyota Prius-XW20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.3, 15.7-д заасныг тус тус зөрчсөний улмаас Г.Ч-ийн жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан ........ УАУ улсын дугаартай Toyota Prius Alpha-XW маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргажээ.
Энэхүү үйлдлийн улмаас ........ УАУ улсын дугаартай Toyota Prius Alpha-XW маркийн тээврийн хэрэгсэл дотор явсан зорчигч Б.Б гийн эрүүл мэндэд бүсэлхийн 4 дүгээр нугалмын хөндлөн сэртэн, бүсэлхийн 4-5 дугаар нугалмын их биеийн зөрөөгүй хугарал гэмтэл бүхийн хүндэвтэр хохирол учирчээ.
Дээрх хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Б гийн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ц.Тунгалагтамирын 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 537 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 12 дугаартай магадалгаа, гэрч Н.О мэдүүлэг зэрэг баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
1.4.Хэргийн үйл баримтад хийсэн хууль зүйн дүгнэлт:
1.4.1.Прокуророос шүүгдэгч О.Н холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан” гэж зүйлчилсэн нь зөв, тохирчээ.
1.4.2.Шүүгдэгч түүний өмгөөлөгч нараас хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй.
1.4.3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн гэмт хэргийн тухайд:
Шүүгдэгч О.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.“Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 12.3.“Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 15.7. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болжээ.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын талаар тогтоосон хэм хэмжээг санаатай зөрчихдөө учирч болох хохирол, хор уршгийг мэдээгүй, эсхүл гаргахгүй гэж өөртөө найдсан гэм буруугийн холимог хэлбэртэй байдаг.
Хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэдсээр байж санаатайгаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан, энэ үйлдлийн улмаас аливаад хохирол, хор уршиг учруулахгүй байж чадна гэж өөртөө найдсан боловч хор уршгийг болгоомжгүйгээр учруулсан нь гэм буруугийн дээрх хэлбэрийг агуулжээ.
Энэхүү тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэдгээ мэдсээр байж тээврийн хэрэгсэл жолоодож явсан санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Б гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ц.Тунгалагтамирын 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 537 дугаартай дүгнэлт (I хавтаст хэргийн 111-112 дугаар тал)-ээр тогтоогдсон байх тул шалтгаант холбоотой байна.
Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байгаа бол тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг давхар хангана.
Шүүгдэгч О.Н гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд буюу 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан ба түүнээс хойш “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болсон нь (I хавтаст хэргийн 154 дүгээр тал) тогтоогдож байх тул түүнийг гэмт хэрэг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч О.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
1.5.Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан шууд болон шууд бус хохиролд нийт 1,045,150 төгрөгийг нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, 511 дүгээр зүйлийн 511.1-д “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ.” гэж тус тус заажээ.
Хавтаст хэрэгт хохирогчоос нийт 1,045,150 төгрөгийн баримтыг нотлох баримтаар хавсарган өгчээ.
Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг шинжээч “Гуравдугаар” зэрэглэлээр тогтоосон байх бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолоор Гуравдугаар зэрэглэлд учирсан хор уршгийг “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” хэмжээгээр тогтоохоор байна.
Тиймээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792,000 төгрөгийг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14,256,000 төгрөгөөр тогтоож, гэмт хэргийн улмаас шууд учирсан хохиролд 1,045,150 төгрөг, нийт 15,301,150 төгрөгийг шүүгдэгч О.Н гаргуулж хохирогч Б.Б д олгуулахаар шийдвэрлэв.
Мөн хохирогч нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Хоёр.Шүүгдэгч О.Н-ийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
2.1.Шүүгдэгч О.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2.2.Улсын яллагчаас “...Шүүгдэгч О.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг гаргасан бол,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчээс хохирогч Б.Б тай 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор 7 сая төгрөгийг өгч, үлдэх 8 сая төгрөгийг 2026 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэж тохиролцсон. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэж тус тус саналаа гаргасан болно.
2.3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэх нь зүйтэй.
-Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарахаар байна;
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг буюу гэмт үйлдэлдээ санаатай, хор уршигт болгоомжгүйгээр хандсан байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг санаатайгаар зөрчихдөө хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах санаа зорилго агуулаагүй үйлдэгддэг гэмт хэрэг;
-Шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлөхөө тус тус илэрхийлсэн;
-Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон;
-Үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй;
-Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид заавал хорих ял оногдуулж, нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.
2.4.Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч О.Н-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчийг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
2.5.Шүүгдэгч О.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5; 7.3 дугаар зүйлийн 4, 5-д тус тус зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулав.
Бусад асуудлын талаар:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
2.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Тавнан ургийн овогт О.Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч О.Н-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч О.Н тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4.Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5; 7.3 дугаар зүйлийн 4, 5-д тус тус зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс нэхэмжилсэн 1,045,150 төгрөгийг, сэтгэцэд учирсан хор уршиг 14,256,000 төгрөгийг, нийт 15,301,150 /арван таван сая гурван зуун нэг мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулж хохирогч Б.Б д олгосугай.
7.Хохирогч нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхээр тогтоосугай.
9.Шүүгдэгч О.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН