Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2013 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 498

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2013/0493/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, **-р байр ** тоотод оршин суух, “СЭЧ***” ХХК-ны захирал ажилтай, регистрийн дугаар: ****, Б***овогт 
Б.Б***гийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, **-р байр ** тоотод оршин суух, регистрийн дугаар ****, Б*** овогт Ж.У***т холбогдох 

2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөр 4.000.000 төгрөг, хүү 4.320.000 төгрөг нийт 8.320.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “СЭЧ***” ХХК-ны захирал Б.Б***, хариуцагч Ж.У***, нарийн бичгийн даргад Ш.Батмөнх нар оролцов.

                ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч “СЭЧ***” ХХК-ны захирал Б.Б*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “СЭЧ***” ХХК барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг ба Ж.У*** нь манай барьцаалан зээлдүүлэх газраас 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 4.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэйгээр зээлдэн аваад төлөлгүй өнөөдрийг хүрсэн байна. Ж.У***ээс 4.000.000 төгрөг 1 жил 6 сарын хүү 4.320.000 төгрөг нийт 8.320.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ж.У*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2011 оны 06 дугаар сарын 08-нд “СЭЧ***” ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газраас 4 сая төгрөгийг 3 хүнтэй очиж авсан. М***, Л***, А***нар ирсэн тэгээд би 2 гарааш барьцаалан зээл авсан. Тэд мөнгийг аваад Улаанбаатар хотод сүлжээнд ороод тэгээд гаргаад өгнө гэсэн. Энэ хүмүүсийн гарын үсэг гэрээнд нь байгаа. Хүлээн зөвшөөрч байна гэсэн тодорхойлолт байгаа. Бид 6 хүн төлөх ёстой. Би ганцаараа хүлээн зөвшөөрч чадахгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад 

                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч Б.Б*** нь хариуцагч Ж.У***т холбогдуулан зээлийн төлбөр 4.000.000 төгрөг, хүү 4.320.000 төгрөг нийт 8.320.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ж.У*** нь 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдөр **** тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 4.000.000 төгрөгийг нэг сарын хугацаатай 6 хувийн хүүтэй Дархан-Уул аймгийн Дархан сумын 5**р баг **-р байрны гаднах Г-***-****, Г-**** тоот үл хөдлөхийн гэрчилгээтэй 2 автомашины гарааш барьцаалан зээл авсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч Ж.У*** нь дээрхи зээлийг ганцаараа аваагүй Л***, А***, М*** нарын 6 хүн авсан төлөх ёстой гэж тайлбарлаж байгаа бөгөөд **** тоот гэрээнд мөнгө зээлдэгчийн гарын үсэг гэсний ард 4 хүний гарын үсэг зурсан байхаар байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-д зааснаар …үүрэг гүйцэтгэгч нь үүргийн гүйцэтгэлийг өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс бүхэлд нь шаардах эрхтэй тул Ж.У***ээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.
    
  2011 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хийгдсэн барьцаат зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасан …барьцаалан зээлдүүлэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй гэсэн заалтыг зөрчиж үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан мөн Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1–д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан бол улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн заалтыг тус тус зөрчсөн байх тул барьцаат зээлийн гэрээ гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин нэхэмжлэгч “СЭЧ***” ХХК-ны захирал Б.Б***, хариуцагч Ж.У*** нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хүүг тохирч бичгээр гэрээ байгуулсан гэж үзэхээр байна. Иймд зээлийн гэрээний дагуу хариуцагч Ж.У***ээс үндсэн зээл 4.000.000 төгрөг, 1 сарын зээлийн хүү 240.000 төгрөг нийт 4.240.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б***д олгож илүү нэхэмжилсэн 4.080.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.У***ээс 4.240.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б***д олгож, илүү нэхэмжилсэн 4.080.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б***гаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 148.070 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.У***ээс 82.790 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.


             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АЛТАНТУЯА