Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/310

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалан, шүүгдэгч Н.Б , түүний өмгөөлөгч Г.Баярсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Н.Б-д холбогдох эрүүгийн 2539000000338 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нийг шилжих шөнө Хэнтий аймгийн ..... нутаг дэвсгэрт   ...... улсын дугаартай Приус-41 маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хэргийн үйл баримт, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Н.Б  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон хэргийн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон болно. Үүнд:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),

-Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 28 дугаар тал),

-Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 25 дугаар тал),

-Гэрч А.Т “...Би Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагчаар ажилладаг бөгөөд 24 цагийн үүрэг гүйцэтгэх үедээ Эрдэнэ дэлгүүрийн арын гудамжнаас цагаан өнгийн Приус-41 маркийн  ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэл сэжиг бүхий гарч ирэхээр нь дохин зогсоож үнэмлэхийг нь шалгахад эрх нь хасагдсан хүн байсан бөгөөд архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байхаар нь Хэнтий аймгийн цагдаагийн газарт авчран драгер үлээлгэхэд 1.38 хувьтай гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),

-Гэрч С.Л-н “...Н.Б  миний нөхөр. Бид хоёр 2019 онд гэр бүл болж одоо гурван хүүхэдтэй болж ...... тоотод оршин суудаг. Одоогийн байдлаар Бага Тэмүүжин сургуулийн хажуу талын барилга дээр туслах ажилтан хийж байгаа. Манай нөхөр хамт ажилладаг хүмүүс найз нөхдөдөө нэр хүндтэй, гэр бүлдээ халамжтай, гэр бүлдээ цаг зав гаргахыг хичээдэг, урлаг спортдоо сайн. Манай нөхөр хааяа нэг архи уудаг бөгөөд тухайн 9 дүгээр сарын 23-ны өдөр хамт ажилладаг хүнийх нь төрсөн өдөр болж бага зэрэг уусан байсан. Гэхдээ бараг л архи дарс хэрэглэдэггүй хүн. Манай нөхөр барилддаг, сагс тоглох дуртай...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

-Шүүгдэгч Н.Б ы сэжигтнээр өгсөн: “...Би Хэнтий аймаг Хэрлэн сум 3 дугаар баг Баянмөнхийн 11-20 тоотод эхнэр 3 хүүхдийн хамт оршин сууж байгаа. Би бага 3 дугаар сургуулийн зүүн талын байр барих ажилд барилгын туслахаар ажилладаг бөгөөд 9 дүгээр сарын 23-ны өдөр 20 цагт ажил тараад С гэх найзынд .... тоотод очиж Сэрүүн гэх пиво 2-ыг найзтайгаа хуваан уусан. Би пиво уугаад согтолт гайгүй байхаар нь өөрийн Приус 41 маркийн  ...... улсын дугаартай тээврийн хэрэгслээ өөрөө унан ганцаараа гэр рүү явж байхад ....  гэх дэлгүүрийн үүдэнд замын цагдаа намайг зогсоон шалгасан. Тэгээд намайг Хэнтий аймгийн цагдаагийн газар авчран драгер үлээлгэхэд 1.38% гарсан... 2025 оны 01 дүгээр сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон цагдаад баригдаж эрхээ хасуулсан байсан... Би 2025 оны 8 дугаар сард машинаа банк бусаар авч байсан. Банк бусынхаа нэрийг нь санахгүй байна. Аваад нэг сар болж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дугаар тал)

-Шүүгдэгч Н.Б ы яллагдагчаар өгсөн: “...би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал) зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Хэргийн үйл баримтыг дүгнэхэд шүүгдэгч Н.Б  2025 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сум 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Тоёота Приус-41 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахад нь эрх бүхий албан тушаалтан зогсоон шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан байна. Улмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь шалгахад 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байжээ.

 

Тодруулбал, шүүгдэгч Н.Б  нь урьд 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан атлаа 2024 оны 11 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Дундговь аймгийн ..... сумын ....  дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан, энэ нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс буюу 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс тоолж эхлээд нэг жилийн хугацаа дуусаагүй байхад дахин 2025 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол...” гэж энэ гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлжээ.

 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт: “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж тайлбарласан байх ба шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ согтуурсан буюу амьсгал дахь спиртийн агууламж 1.38 процент промиль байсан болох нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр нотлогдож байх тул түүнийг согтуурсан гэж үзнэ.

 

“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно. “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно” гэж тус тус хуульчлан тайлбарлажээ.

 

Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хасуулсан болох нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж үзнэ.

 

Шүүгдэгч Н.Б  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ дахин 2025 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нийг шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт   ...... улсын дугаартай Приус-41 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Н.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Н.Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болно.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Н.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.

Улсын яллагчаас “Шүүгдэгч Н.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, урьд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 1,687,500 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан торгох ялын арван таван нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож 3 сар, 22 хоногийг, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 1 жил, 3 сар, 22 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, эрх хасах нэмэгдэл ялын тухайд 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 3 сар 16 хоногийн хугацааг нэмж нэгтгэн нийт эрх хасах нэмэгдэл ялыг 3 жил 3 сар 16 хоногийн хугацаагаар эрх хасах ялаар тогтоолгох саналтай байна” гэх саналыг,

 Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулж мөн урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн 1,687,500 төгрөгийн торгох ялыг үргэлжлүүлэн төлүүлэхээр тогтоолд дурдаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж өгнө үү”  гэж тус тусын санал, тайлбар гаргасан болно.

Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг ба тодруулбал, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан гэдгээ лавтай сайн мэдсээр байж дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон санаатай, идэвхтэй үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт энэ гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.Б ы үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, түүнд хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагыг бүрэн эдэлж дуусаагүй байгаа, учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиггүй байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 25, 34, 39, 40 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Н.Б  нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 40 дэх тал)-аар нотлогдоно.

Шүүгдэгч Н.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2,700,000 төгрөгийн торгох ялаас эдлээгүй үлдсэн 1,687,500 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг хорих ялын 1 хоногоор дүйцүүлэн сольж 3 (гурав) сар, 22 (хорин хоёр) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 11 (арван нэг) сар, 22 (хорин хоёр) хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 11 сар, 22 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын эдлээгүй үлдсэн 3 (гурав) сар, 16 (арван зургаа) хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж нэгтгэн нийт 3 (гурав) жил, 3 (гурав) сар, 16 (арван зургаа) хоногийн хугацаагаар тогтоож, түүнд хорих ял оногдуулсан тул уг ялыг эдэлж дууссаны дараа эрх хасах ялын хугацааг тоолж эхлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

Эрх хасах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 08 (найм) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 (найм) сарын хугацаагаар хорих ял дээр Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2,700,000 торгох ялаас эдлээгүй үлдсэн 1,687,500 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор дүйцүүлэн сольж 3 (гурав) сар, 22 (хорин хоёр) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 11 (арван нэг) сар, 22 (хорин хоёр) хоногийн хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын эдлээгүй үлдсэн  3 (гурав) сар, 16 (арван зургаа) хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж нэгтгэн, нийт 3 (гурав) жил, 3 (гурав) сар, 16 (арван зургаа) хоногийн хугацаагаар тогтоож, хорих ялыг эдэлж дуусмагц тоолж эхлүүлсүгэй.

 

7.Эрх хасах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН