Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 1503

 

 

МАГАДЛАЛ

 

2019.08.12                                                Дугаар 1503                                     Улаанбаатар хот

 

 

 

ИНЕГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/01859 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч ИНЕГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Н-д холбогдох,

Татварын өр 3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ИНЕГ-ын даргын 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А/257 дугаар тушаалаар Б.Н-ийг орон сууцны хөнгөлөлтөд хамруулж 30 000 000 төгрөг олгох шийдвэр гаргасан. Б.Н-ийн хүсэлтээр Голомт банк дахь цалингийн дансанд 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Уг хөнгөлөлтийг олгохдоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан татварыг суутгалгүйгээр олгосон. Гэтэл 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч 2008-2012 онд 739 ажиллагсдад олгосон 14 034 500 000 төгрөгөөс татвар суутгаагүй гэж акт тогтоосон, манайх 2016 оны төсвийн хөрөнгөөр төлж барагдуулсан, гэтэл Сангийн яамны улсын ахлах байцаагчийн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 29/01-12 дугаартай албан шаардлагаар актын биелэлтийг хангаж Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татварын мөнгийг ажилтнуудаар буцаан төлүүлэхийг үүрэг болгосон тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд хариуцагч Б.Н-оос 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хүн амын орлогын албан татварын тухай хуульд зааснаар суутгал хийх нь ажил олгогчийн үүрэг байдаг. Ажил олгогч татварын улсын байцаагчийн актыг маргаж 3 шатны шүүх шийдсэн. Үүнд ажилтан Б.Н-ийн буруу байхгүй бөгөөд 2017 онд Иргэний нисэхийн ерөнхий газар 1.9 тэрбум төгрөгийг нөхөн төлсөн. Ажилтнаас 3 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд хамаарах бөгөөд гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 26 дугаар зүйлийн 26.1.2-т заасныг баримтлан Б.Н-оос 3 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн ИНЕГ-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Дээрх актыг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан боловч Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 465 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 75 тоот магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 04 дүгээр сарын 6-ны өдрийн 80 тоот тогтоолоор тус тус хэрэгсэхгүй болгосон. Улмаар Иргэний нисэхийн ерөнхий газарт Сангийн яамнаас 2016 онд шалгалт хийж Сангийн яамны улсын ахлах байцаагчийн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 29/01-12 дугаартай албан шаардлагаар актын биелэлтийг хангаж “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-д заасны дагуу татварын мөнгийг ажилтнуудаар буцаан төлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хэлэлцээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Тодруулбал, анхан шатны шүүхийн шийдвэрийн 3 дахь талын 2 дахь догол мөрнөөс “Ажил олгогч буюу суутгагч энэ үүргээ биелүүлээгүйд ажилтны буруу гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэлээ” хэмээн дээрх бүхий л үйл баримтыг товч, өнгөц байдлаар дүгнэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1, 496.2 дахь хэсэгт заасны дагуу Иргэний нисэхийн ерөнхий газар нь хариуцагчаас орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор олгосон мөнгөнөөс орлогын албан татварыг шаардах эрхтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газар нь Б.Н-д холбогдуулан байгууллагад учирсан хохирол 3 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2012 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Б.Н-д 30 000 000 төгрөгийн орон сууцны хөнгөлөлт олгосноос ажилтан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан татвар суутгагдаагүйгээс байгууллага уг татварыг төлснөөр 3 000 000 төгрөгийн хохирол учирсан тул байгууллагыг хохиролгүй болгох” гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “ажилтнаас 3 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд хамаарах бөгөөд гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж тус тус тайлбарлан маргажээ.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар ИНЕГ-ын даргын 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А/257 тоот Орон сууцны хөнгөлөлт үзүүлэх тухай тушаалаар зарим ажилтнууддаа хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэж, улмаар тус байгууллагын ИНЕГ-ын холбооны ахлах инженер ажилтай Б.Н-д 30 000 000 төгрөгийг олгон, түүнтэй Хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц худалдан авагчтай хийх гэрээг байгуулсан үйл баримт тогтоогдож байна. /хх 3 дугаарт/

Түүнчлэн, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагчийн 2013 оны 232742 тоот Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай актаар 1 403 450 000 төгрөгийн нөхөн татвар, 421 035 000 төгрөгийн торгууль, 492 842 000 төгрөгийн алданги төлүүлэхээр ногдуулсныг тус байгууллага эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд хандаж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 465 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 75 тоот магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 80 тоот тогтоолоор тус тус шийдвэрлэн, ИНЕГ-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

            Улмаар 2016 онд нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газраас дээрх актаар тогтоогдсон төлбөрийг төлж барагдуулсан талаар зохигчид тайлбарлах бөгөөд, Сангийн яамны улсын ахлах байцаагчийн 2018 оны 29/01-12 албан шаардлагаар татварын улсын байцаагчийн актаар тогтоосон 1 403 500 000 төгрөгийг холбогдох хүмүүсээс суутган 2018 оны 3 дугаар улиралд багтаан хэрэгжүүлэх шаардлагыг хүргүүлсэн байна.

Ажил олгогч буюу нэхэмжлэгч байгууллага нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйд ажилтан буруугүй гэж шүүх дүгнэснийг үгүйсгэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо Иргэний хуулийн 496 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргаж байгаа боловч анхан шатны шүүхийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэхүү үндэслэлээр мэтгэлцээгүй. Иймд Иргэний хуулийн 496 дугаар зүйлд заасны дагуу гаргасан гомдлыг хэлэлцэх үндэслэлгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/01859 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.ОТГОНЦЭЦЭГ

                                             ШҮҮГЧИД                                  Ч.ЦЭНД

                                                                                                М.НАРАНЦЭЦЭГ