Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/317

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв, хохирогч З.Г , түүний өмгөөлөгч Л.Наранчимэг, шүүгдэгч А.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Амарбарсын О т холбогдох эрүүгийн 2539001810377 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч А.О нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын  ...... багт үйл ажиллагаа явуулдаг " ...... " бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 13-ны шөнө 01 цагийн орчим З.Г-той маргалдаж, улмаар хохирогчийг цээж хэсэгт өшиглөх, үсдэх, нүүр хэсгийг ширээ мөргүүлэх, цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд, доод зовхи, баруун хацар, хамрын нурууг хамарсан зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны зүүн хэсэгт зулгаралт, духны зүүн хэсэг, зүүн чамархайн хуйханд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2539001810377 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Д.Чулуунпүрэв: “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,

Хохирогчийн өмгөөлөгч: “Улсын яллагчийн уншиж судлуулах нотлох баримт давхардсан тул судлуулснаар тооцуулна. Мөн хохирогчийн эмчилгээ хийлгэсэн баримтууд, амбулаториор эмчлүүлэгчийн картын хуулбар зэргийг нэмж гаргаж өгнө” гэж тус тусын байр суурийг илэрхийлсэн болно.

Шүүгдэгч А.О : “...үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ.

1.Шүүгдэгч А.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч А.О нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын  ...... багт үйл ажиллагаа явуулдаг “ ...... ” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 2 дугаар сарын 13-ны шөнө 01 цагийн орчим З.Г-той маргалдаж, улмаар хохирогчийг цээж хэсэгт өшиглөх, үсдэх, нүүр хэсгийг ширээ мөргүүлэх, цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд "хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд, доод зовхи, баруун хацар, хамрын нурууг хамарсан зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны зүүн хэсэгт зулгаралт, духны зүүн хэсэг, зүүн чамархайн хуйханд цус хуралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

-Хохирогч З.Г ын “...Би 2025 оны 02 дугаар сарын 13-ны орой 00 цагийн орчим болж байхад О , Б  гэх хоёрын найз хамт Хэрлэн сумын  ...... багт үйл ажиллагаа явуулдаг  ......  баар орсон. Тэгээд ороод тек дээр очоод 3 лаазтай пиво захиалаад ширээ байна уу гэж хараад байж байсан чинь миний нэг таньдаг С гэх эгч явж байхаар нь би мэндлээд байж байсан чинь найз нь болох О  гэх эмэгтэй над дээр ирээд миний таньдаг хүмүүстэй битгий мэндлээд бай гээд намайг газар түлхэж унагаасан юм. Тэгээд би босох гээд байж байсан чинь миний цээж хэсэг рүү маань нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би уурлаад текний араар орчихоор нь очоод үснээс нь зулгаасан чинь хажууд байсан хүмүүс намайг салгасан чинь О  гэх эмэгтэй миний үснээс зулгааж текний тавцан хэсгийг нүүрээр маань 5 удаа мөргүүлсэн.Тэгээд миний С эгч намайг салгаад цаашаа аваад явсан миний хамраас цус гараад би шууд эмнэлэг явсан. ...Бааранд байсан хүмүүс байсан надтай цуг явж байсан хоёр нойл орсон байсан тухайн үйл явдал болсны дараа гарч ирсэн. Тэгээд намайг эмнэлэг авч явсан. Харин О  гэх эмэгтэй С эгч, Н  гэх эмэгтэй энэ гурав явж байсан...сайн тэр талаар мэдэхгүй байна... О  нь миний цээж хэсэг рүү маань нэг удаа өшиглөсөн, үснээс зулгаагаад текний тавцан хэсгийг 5 удаа нүүр хэсгээр маань мөргүүлсэн. ...Би сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ. Гомдолтой байна хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14, 37-38 дахь тал),

-Иргэний нэхэмжлэгч С.Х-н “...Хохирогч З.Г  нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 132,069 төгрөгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Тухайн мөнгийг нэхэмжилж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгож Төрийн сангийн 090090100900020080 дугаарын данс руу шилжүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 029 дугаартай “1.З.О-н сэтгэцэд дээрх гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд байна. 2.Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. 3.Цаашид сэтгэлзүйн зөвлөгөө заслын тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” гэх дүгнэлт (хавтас хэргийн 35-36 дахь тал),

-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ц.Тунгалагтамирын 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 212 дугаартай “1.З.Г ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд, доод зовхи, баруун хацар, хамрын нурууг хамарсан зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны зүүн хэсэгт зулгарал, духны зүүн хэсэг, зүүн чамархайн хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Өөрчлөгдөхгүй.” гэх дүгнэлт ( хавтаст хэргийн 51-53 дахь тал),

-Шүүгдэгч А.О ийн яллагдагчаар өгсөн “... Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...Ахиж ийм алдаа дутагдал бол гаргахгүй. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 87-88 дахь тал) зэрэг баримтууд болно.

Хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл шүүгдэгч А.О нь согтуурсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 13-ны шөнө 01 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын  ...... багт үйл ажиллагаа явуулдаг  ......  бааранд хохирогч З.Г той маргалдаж түүний цээж хэсэгт өшиглөх, үсдэх, нүүр хэсгийг ширээ мөргүүлэх, цохих зэргээр зодож хохирогчийн эрүүл мэндэд “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд, доод зовхи, баруун хацар, хамрын нурууг хамарсан зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны зүүн хэсэгт зулгаралт, духны зүүн хэсэг, зүүн чамархайн хуйханд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хууль зүйн дүгнэлт:

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл, гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаар дээрх гэмт хэргийн шинжийг хангана.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч А.О нь хохирогч З.Г ын эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд, доод зовхи, баруун хацар, хамрын нурууг хамарсан зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны зүүн хэсэгт зулгаралт, духны зүүн хэсэг, зүүн чамархайн хуйханд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч А.О нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч А.О-г гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч А.О тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогчийн цээж хэсэгт өшиглөх, үсдэх, нүүр хэсгийг ширээ мөргүүлэх, цохих зэрэг идэвхтэй үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд, доод зовхи, баруун хацар, хамрын нурууг хамарсан зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны зүүн хэсэгт зулгаралт, духны зүүн хэсэг, зүүн чамархайн хуйханд цус хуралт бүхий хөнгөн хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч А.О ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 029 дугаартай “1.З.О-н сэтгэцэд дээрх гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд байна. 2.Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. 3.Цаашид сэтгэлзүйн зөвлөгөө заслын тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” гэх дүгнэлт (хавтас хэргийн 35-36 дахь тал) гарчээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. ...... зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт  хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт ”Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.

 

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” 25 дугаартай тогтоолд заасны дагуу хохирогч З.Г ын сэтгэцэд Хоёрдугаар зэрэглэлийн хор уршиг учирчээ.

 

Шүүхээс гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо тус жишиг аргачлалын 4-т нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтэд Хоёрдугаар зэрэглэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтоосон бөгөөд үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, хохирогчид учирсан хохирол, хор уршиг зэрэг нөхцөл байдлыг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 9 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр (=792,000*9) тооцож 7,128,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирогч З.Г  шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан шууд болон шууд бус хохиролд нэхэмжилсэн нийт 461,650 төгрөгийг баримтууд нотлох баримтын шаардлага хангасан байна.

 

Тиймээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт тооцож 7,128,000 төгрөг, эмчилгээний зардал 461,650 төгрөг нийт 7,589,650 төгрөгийг шүүгдэгч А.О ээс гаргуулж хохирогч З.Г од олгуулахаар шийдвэрлэв.

 

Мөн түүнчлэн, шүүгдэгч А.О нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 132,096 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул уг мөнгийг шүүгдэгчээс  гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч А.О ээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 50 ...... зүйлийн 505.1-д тус тус зааснаар нийт 7,721,746 төгрөгийг гаргуулж, хохирогч З.Г од 7,589,650 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 132,096 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэв.

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай /сэтгэл заслын эмчилгээ г.м/ холбоотой зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч А.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас: “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирол, гэмт хэрэгт хандсан хандлага зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Ялтнаар торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Бусад шийдвэрийн талаар:

Шүүгдэгч А.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч З.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-г 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 50 ...... зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс нийт 7,721,746 төгрөгийг гаргуулж, хохирогч З.Г од 7,589,650 /долоон сая таван зуун наян есөн мянга зургаан зуун тавь/ төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 132,096 төгрөгийг тус тус олгосугай.

 

6.Хохирогч нь цаашид гэмт хэргийн улмаас хохирсон хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах өдөр хүртэл хэрэгт хадгалсугай.

 

8.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН