Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/320

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв, шүүгдэгч Э.Ү , түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ү-д холбогдох эрүүгийн 2539004920270 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ү  нь Хэнтий аймгийн   ........   дугаар багийн хөдөө хэсэг “  ........   ” гэх газраас 2025 оны 4 дүгээр сарын 28-ны шөнө, машин механизм буюу улсын дугааргүй цэнхэр өнгийн Саньяа загварын мотоцикл ашиглаж, Ж.Д-н  эзэмшлийн адуун сүргээс 5 буюу олон тооны бод малыг хулгайлж, түүнд 7,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

-Хэнтий аймгийн  .... дугаар багийн нутаг “ .... ” голын орчмоос 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Бонго маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, хохирогч Ө. Наранбаатарын эзэмшлийн адуун сүргээс нийт 5 буюу /3 настай шарга хязаалан үрээ, 3 настай хул хязаалан үрээ, 2 настай хүрэн буурал шүдлэн байдас, 3 настай хээр хязаалан байдас/ олон тооны бод малыг хулгайлж нийт 5,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

-Хэнтий аймгийн  .... дугаар багийн нутаг “ .... ” голын орчмоос 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр, Бонго маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, хохирогч Ө.Н-н эзэмшлийн адуун сүргээс нийт 4 буюу /сартай чандмань тамгатай 10 настай саарал гүү, сартай чандмань тамгатай 10 настай хонгор гүү, 3 настай хонгор хязаалан байдас, 3 настай халтар хязаалан байдас/ олон тооны бод малыг хулгайлж нийт 5,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2539004920270 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: “Яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулж, шүүгдэгч Э.Ү г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Э.Ү  нь олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэгт яллагдаж байгаа. Хэргийн зүйлчлэл болон үйл баримт дээр маргахгүй хүлээн зөвшөөрч оролцож байгаа тул судлуулах нотлох баримт байхгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно” гэж тус тусын байр сууриа илэрхийлжээ.

Шүүгдэгч Э.Ү  шүүхэд хандаж мэдүүлэг өгөөгүй болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Үйл баримтын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Э.Ү  нь үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

-Хохирогч Ж.Д-н  “...Манайх 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн орчимд 5 тооны адуугаа алдсан. Тухайн үед адуугаа байхгүй болсныг мэдээд ойр орчмын газраараа эрж хайгаад явахад ямар нэгэн сураг гараагүй. Ингээд эрэл мухардаад хаагуур хайгаад явахаа мэдэхгүй хүнээс асуугаад явж байтал манай нутгийн Т  гэх дүү манайхыг адуу алдсан цаг хугацааны орчимд Налайх дүүрэг рүү айлын 5 тооны адуу ачсан гэх сураг сонсоод нөгөө Т тэй уулзаж асуухад Т  гар утсаа гаргаж ирээд 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ачсан байна гэж хэлсэн. Тэгээд би лавшруулаад тодруулж асуухад Хэнтий бригадын нутаг “  ........   ” гэдэг хүн тавьдаг оршуулгын газраас зүүн тийш 1 км орчим газарт байдаг Халзаа гэх айлын эзэнгүй саравч хашаан дээр салхи шуургатай шөнө очиж ачсан гэж хэлсэн. Адууг нь 3 залуу ачсан гэсэн нэг залууг нь хот хооронд таксинд явдаг онгорхой хочит Пүүжээгийн дүү П  гэх залуу байсан гэсэн. Нөгөө залуугийнх нь нэрийг мэдэхгүй гэж байсан. Манай адуунууд бүгдээрээ Ш үсгэн тамгатай байдаг юм. Сүүлийн үед манайх азотоор тамгаа дарж байгаа. Тэгээд Т  хүнд ярихдаа цагаан үсэн тамгатай адуу байсан санагдаж байна гэж хэлсэн байсан. Тэгээд би манай нутагт цагаан үсэн тамга дардаг айл байхгүй учраас манай адуу байж магадгүй гэж сэжиглээд цагдаагийн байгууллагад хандсан юм... Т  надад хэлэхдээ Ү  гэдэг залуу ачуулсан гэж хэлж байсан. Ү  гэдэг нь манай Хэнтий бригадын Э гэх хүний хүү байгаа юм...

1.Хүрэн морь Ш үсгэн тамгатай 19 настай,

2.Хүрэн морь Ш үсгэн тамгатай 19 настай,

3.Хул морь Ш үсгэн тамгатай 10 настай,

4.Хонгор хязаалан үрээ Ш үсгэн тамгатай,

5.Хул хязаалан үрээ Ш үсгэн тамгатай... Би алдагдсан адуугаа зах зээлийн ханшаар үнэлүүлэхэд татгалзах зүйл байхгүй... Би гомдолтой байна. Хуулийн дагуу шалгуулж хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 09-11 дүгээр тал),

-Гэрч Т.Т-н “...Сумын төвөөс хот хооронд хүн тээвэр болон ачаа ачиж явдаг. Тухайн өдөр 16 цагийн үед сумын төвөөс урагш хайрга авдаг газраас хайрга ачаад байж байтал миний утас дуугарсан. Тэгэхээр хартал фэйсбүүк мессенжер чатаар Т.П гэх хаягтай хот хооронд явдаг залуу залгахаар нь автал хаана байгаа талаар асуугаад өнөөдөр хот явах юм уу гэхээр нь би ачаа байхгүй явахгүй гэж хэлтэл П  надад ачаа байна чи явах уу гэхээр нь би ямар ачаа байгаа юм гэж асуутал Хэнтий бригадаас адуу ачуулна гэхээр нь би хэдэн адуу байгаа талаар асуутал тэвшийг чинь дүүргэнэ санаа зоволтгүй гэхээр нь би тэгье гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд сумын төв орж хайргаа буулгачхаад П ын чат руу нь залгаад за явах уу гэсэн чинь тэгье манайд хүрээд ир гэж хэлэхээр нь би П ын гэрт очоод түүнийг аваад Хэнтий бригад руу гарсан. Тэгээд гарахад ойролцоогоор 19 цаг өнгөрч байсан байх харанхуй болж байсан. Тэгээд явж байх замд П  надад хандан Ү  Хэнтий бригадын урд талын  .... ын гүүрэн дээр хүлээж байгаа гэж хэлсэн. Тэгээд гүүрэн дээр очтол Ү  үл таних залуугийн хамт Приус-30 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй хүлээгээд зогсож байсан. Тэгээд ойр зуурын юм ярьж байгаад адуугаа ачих уу гэж хэлээд бид хэд хамт адуу байсан гэх айлын саравч руу очсон. Тэгээд тухайн саравч дотор 40 гаруй тооны адуу байсан бөгөөд П , Ү , үл таних залуу 3 ээлжилж бугуйлдаад эхлээд хүрэн зүсмийн бүдүүн морь барьж аваад миний машины тэвшинд ачсан. Тэгээд араас дахиад хүрэн зүсмийн багавтар адуу ачсан. Араас нь дандаа цайвар зүсмийн биеэр жижиг адуунууд ачсан. Яг зүсийг нь сайн мэдэхгүй байна. Ү  надад хандан   ....  мал мах төхөөрөх төв гээд бой байгаа тэнд өгнө шүү гэж хэлсэн. Тэгээд ачиж дуусаад шууд хот руу хөдөлсөн. Би өөрийнхөө машинд сумын төвөөс Улаанбаатар хот руу явах нэг хүн суулгаад явсан. Ү  эхнэр, хүүхэд, үл таних залуугийн хамт Приус-30 маркийн машинтай араас дагаад явсан. Тэгээд 5 цагийн үед   ....  очоод машиндаа унтаж байгаад 7 цаг гэж босоод мал мах төхөөрөх газар гэсэн бойны хүнтэй Ү  уулзахад манайх тог унтарна гэсэн болохоор мах авахгүй, мал бойлохгүй гэж хэлсэн болохоор нь бид хэд цааш хөдлөөд 500 метр газар яваад бой байхаар нь Ү  машинаасаа буугаад бойны хүнтэй уулзаад над дээр ирээд энд өгөхөөр боллоо гэж хэлээд адуунуудаа буулгасан. Тэгээд би Улаанбаатар хот руу хөдөлсөн. Ү  араас миний данс руу адуу ачсан зардал болох 500,000 төгрөгийг шилжүүлсэн... Нэг нутгийн залуучууд болохоор танина... Би Ү гийн ачуулсан адуунуудын им тамгыг нь анзаарч хараагүй болохоор мэдэхгүй байна... А  гэдэг хүний саравч байсан... 30 километр зайд байдаг... Ү  сумын малын эмч С гэдэг хүнээс гарал үүслийн бичиг авсан гэж ярьж байсан. Тэрнээс бол надад код ирсэн зүйл байхгүй. Замд цагдаа зогсоож шалгаагүй болохоор код хэрэг болоогүй...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 14-16 дугаар тал),

-Гэрч Ц.Ө “...2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хавьцаа байх би яг сайн өдрийг хэлж мэдэхгүй байна. Би найз Т-н хувийн Бонго маркийн машинтай Улаанбаатар хот болон  .....  сумын төв хоёрын хооронд ачаа тээвэрт явдаг юм. Би тэр өдөр Улаанбаатар хот руу явах ажилтай байж таарсан. Тэгээд би Т г Улаанбаатар хот явж магадгүй гэж бодоод утсаар холбогдож асуухаар  .....  суманд оройны 20 цагийн орчимд ирээд Т тэй уулзсан. Т  тухайн үед хөдөө явж адуу ачиж ирэх ажилтай байсан болохоор бид хоёр цуг явж адууг нь ачилцсан. Тэгээд  .....  сумаас П , Т  бид 3 гарсан. Хэнтий бригадын тэнд адуу ачуулах хүн маань хүлээгээд байж байгаа гэж байсан. Бид хэдийг сумаас гараад Хэнтий бригадын тэнд очиход  .... ын голын гүүрний хойд талд Ү  болон бас нэг танихгүй 20 гаран насны залуу 2 цагаан өнгийн Приус-30 маркийн машинтай хүлээж байсан. Тэгээд Ү  бид хэдийг дагуулаад зогсож байсан газраасаа хойд зүг рүү явж удалгүй адуу хашсан айл байхгүй саравч хашаан дээр очсон. Тэр хашаа нь хэний хашаа гэдгийг мэдэхгүй, 30-40 орчим тооны адуу хашсан байсан. Тэгээд тэр хашаатай байсан адуунаас 5 тооны адууг Ү  өөрөө бүгдийг нь бугуйлдаж бариад машинд ачсан. Адууг ачихад нь Ү тэй цуг явж байсан танихгүй залуу болон П  нар машинд ачсан. Т  бид хоёр машины хажууд туслаад зогсож байсан. Тэгээд адуугаа ачаад  .....  сумын төвд ирэхэд шөнийн 00 цаг болж байсан. Бид хоёр өөрсдийнхөө гэр гэрээр ороод Улаанбаатар хот руу явсан. Шөнөжин явж байгаад өглөө үүрээр Налайх дүүрэгт өглөө нар гарч байхад орж ирсэн. Би машин дотор унтаж явсан болохоор хэдэн цагт орж ирснийг мэдээгүй.   ....  орж ирээд засмал замын хойд талд байдаг нэг бойны газарт адуугаа буулгасан. Адуу буулгасны дараа тэвш дээр байсан элс буулгаж байхад би сэрсэн. Ү  араас цагаан өнгийн Приус машинтайгаа ирсэн, хэдэн цагт ирснийг унтаж байсан болохоор мэдэхгүй байна. Адуу ачихад байсан танихгүй залуу нь хамт ирсэн байсан... Миний санаж байгаагаар содон зүстэй адуу байгаагүй хүрэн, хонгор, хээр зүстэй адуунууд байсан санагдаж байна. Голдуу бараан зүсмийн адуу байсан. Би тамгыг санахгүй байна... Ү тэй хамт явж байсан залууг би зүс мэднэ, урьд нь бид хоёр хүүхэд байхдаа наадамд морь унадаг байхдаа танилцаж байсан юм. Нэрийг нь О  гэдэг, ямар овогтой гэдгийг нь мэдэхгүй. Одоо Баянмөнх юм уу Баянхутаг суманд амьдардаг байх...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),

-Гэрч Т.П ын “...2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр манай нутгийн танил Ү  холбогдоод намайг Улаанбаатар хот руу адуу ачаад өг гэсэн. Би тэр өдөр нь өөр газар руу ажилтай байсан тул Ү д өөр машин олж өгсөн. Тэр машин нь  .... улсын дугаартай Бонго-3 маркийн машин олж өгсөн. Жолоочийг нь би таньдаг, манай сумын Т  гэдэг залуу байдаг юм. ...Тэгээд 5 дугаар сарын 28-ны өдөр би Өлзийт тосгоны М агро орчхоод сумын төв дээр орой 5-6 цагийн орчим орж ирээд байж байхад Ү  утсаар залгаад би адуугаа хашчихаад хүлээгээд байж байна. Намайг нөгөө машиндаа суугаад хүрээд ир, би  .... ын гүүрэн дээр хүлээж байна гэж хэлсэн. Тэгээд Т , Ө  бид гурав Т гийн машинтай нар жаргаснаас хойш хөдөлсөн. Бид хэдийг Хэнтий бригадын  .... ын гүүрэн дээр ирэхэд Ү  О  хоёр Ү гийн цагаан өнгийн Приус 30 маркийн машинтай бид хэдийг хүлээж байсан. Тэгээд бид хэдийг араасаа дагуулаад Хэнтий бригадын баруун талаар хойш явж байгаад нэг эзэнгүй саравч хашаан дээр очсон. Тэр хашаанд нэг хэсэг адуу хашсан байсан. Тэр хашаатай байсан адуунаас 5 тооны адуу ачсан. Бүгдийг нь бариад уячихсан байсан. Тэгээд бид хэд нийлж ачаад сумын төв рүү хөдөлцгөөсөн. Би сумын төв дээр ирээд буугаад гэртээ үлдсэн. ...Миний санаж байгаагаар 3 тооны хул голдуу хонгор адуу,  2 адуу нь хүрэн адуу байсан санагдаж байна. Тамга нь гэвэл зарим нь цагаан үсэг тамгатай байсан. Би харахдаа Ш үсгэн тамга байна гэж харсан. ...Би хашаатай байсан адууг нь анзаарч хараагүй ямар азаргатай адуу байсан гэдгийг мэдэхгүй байна... Ү  хэлэхдээ манай адуу гэж хэлж байсан. Ү  урьд нь хотоос ах эгч нар нь мөнгө өгөөд адуу авхуулдаг байсан. Би урьд нь худалдаж авсан адууг нь ачаад хэд хэдэн удаа явсан. Тэгээд Эмээлт зах дээр би буулгаж өгдөг байсан. Тэгэхэд Ү  цуг явдаггүй байсан. Харин саяны удаа өөрөө араас нь дагаж явсан байсан. Мөн анх хэдэн адуу ачуулах гэж байгаа юм бэ гэж асуухад надад хандаж ямар ч байсан тэвшийг нь дүүргэнэ гэж байсан. Эдгээр таван тооны адууг ачиж байхад нэг хүрэн морийг нь ачихдаа зүүн талын шанаандаа өшиглүүлсэн юм. Тэгээд анзаарч харахад зөв талын гуя дээр тамгатай адуунууд байсан...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 22-24 дүгээр тал),

-Гэрч Х.Д-н “...2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн  .... иргэн Ү  гэх содон нэртэй залуу 5 тооны адуу авчирч өгсөн. Тухайн адуу хүрэн зүсмийн морь 2 ш, хул зүсмийн морь, хонгор үрээ, хул хязаалан үрээ буюу 5 тооны адуу авчирч өгсөн юм. Гарал үүслийн бичиг нь  ....  кодтой  .... гэх улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирж буулгасан юм. Уг адууны махны мөнгө гэж 4,700,000 төгрөг болж Ү  5951255258 гэж дугаартай данс руу шилжүүлсэн юм... Би гарал үүслийг шалгаагүй өгсөн кодыг нь бичсэн юм. Манай бүртгэлтэй ирсэн малыг байнга бичдэг юм...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 27-28 дугаар тал),

-Гэрч Т.О ы “...Би 2025 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Баянхутаг сумаас Ү гийн уяа морьд болон хонийг нь харах гэж Ү гийнд ирсэн. Тухайн өдөр 19 цаг өнгөрөөгөөд байх Ү  надад хандаж сумын төвөөс адуу ачих унаа ирж байна гэхээр нь би юун адуу хаанаас ачих талаар нь асуутал найз нь хүнээс адуунууд авч байгаа юм гэж хэлсэн. Тэгээд Ү  бид 2 Хэнтий бригадын урд талын голын гүүр дээр очоод 09-97 улсын дугаартай цагаан өнгийн машинтай 3 хүн бууж ирээд Ү тэй уулзсан. Тэгээд Ү  бид хоёр нөгөө машинаа дагуулан хойд зүгт 10 гаруй километр явахад айлын саравч байсан ба айлгүй саравч дотор нь 40 гаруй тооны адуу хашчихсан байсан. Тэгээд Ү  хашаан дотор орж бугуйлаар 5 тооны хул, хонгор, хүрэн зүсмийн адуунууд ачаад дуусаад Ү  бид 2 гэрт очиж би хувцсаа аваад тэгээд Ү  сумын төвд байх гэрээрээ орж эхнэр хүүхдээ аваад Улаанбаатар хот руу ороод Налайх дүүрэгт бойнд нөгөө адуунуудаа зарсан... Улаанбаатар хотод бойнд өгөхөд нь би тухайн адуунуудын тамгыг харахад Ш үсгэн цагаан тамгатай байсан. Харин зүс нь болохоор 2 хүрэн, 1 хул, 2 хонгор адуу байсан. 2 хүрэн нь бол нас бие гүйцсэн морьд байсан... Ү  надад хэлэхдээ хүнээс авч байна гэж хэлсэн. Тэрнээс хулгайн адуу болох талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 31-33 дугаар тал),

-Гэрч Б.С ийн “...Ү г танина. Ү гийн аав болох Э бол манай хувийн мал эмнэлгийн компанитай гэрээ байгуулсан малчин юм. Ү  аавынхаа нэр дээр манайхаас ирж бичиг авдаг. Тэгээд л танилдаг болсон... Ү  надаас тухайн өдөр фэйсбүүк мессенжерээр малын гарал үүслийн бичиг авъя гэж хэлээд чатаар 5 тооны адууны зураг явуулаад Э гэдэг хүний нэр дээр гарал үүслийн гэрчилгээ авахаар болсон. Тэгээд би зургийг нь хараад малын гарал үүслийн гэрчилгээ олгосон... Би нүдээр харж гарал үүслийн гэрчилгээ олгоогүй болохоор мэдэхгүй байна. Тухайн үед Ү  хэлэхдээ сартай ширээтэй дөл тамгатай адуунууд гэж надад хэлсэн. Харин явуулсан зургаас нь харахад зүс саарал, сартай хонгор, хүрэн, хул, улаан хонгор адуунуудын зураг явуулсан байсан... Би тухайн үед явуулсан зургаар нь малын гарал үүслийн гэрчилгээ олгосон... Өөрсдөө мал адуу ихтэй хүмүүс...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 36-37 дугаар тал),

-Хөрөнгийн Эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн “...5 тооны адууны зах зээлийн үнэлгээг 7,500,000 /долоон сая таван зуун мянга/ төгрөг болохыг тогтоолоо” гэх дүгнэлт (I хавтаст хэргийн 42-50 дугаар тал),

-Э.Ү гийн Хаан банкны 5951255258 тоот депозит дансны дэргэрэнгүй хуулга (I хавтаст хэргийн 61 дүгээр тал),

-Шүүгдэгч Э.Ү гийн яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр нь 2025 оны 4 дүгээр сарын 27-ны орой 17 цагийн би хөдөө гэртээ буюу Хэнтий аймгийн   ........   дугаар баг хөдөө хэсэг   ........    гэх газар ганцаараа мотоциклтой адуундаа явж байсан юм. Адуундаа явж байх замд Д  гуайн 1 азарга 30 орчим тооны адуу таарсан юм. Тэгэхээр нь би уг адуунуудыг манай нутгийн А  гэх айлын хаваржааны хашаанд хашаад буцаад гэр лүүгээ яваад  .....  сумын фэйсбүүк зараас ачаа ачна гэх зарын дагуу Т  гэх хүнтэй гар утсаар холбогдоод Хэнтий бригадын төв дээр дуудсан юм. Тухайн үед миний адуу хашсан гэх А  гэх хүний хашаа Хэнтий бригадын төвийн хажуу талд байдаг юм. Тэгээд би унаагаа дуудчихаад манай гэрт байсан өөрийн найз О ыг аваад гэрээсээ өөрийн эзэмшлийн  ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаанд адуу хашсан хашаан дээр 19 цагийн үед очсон гэж санаж байна. Би хашаан дээр очоод адуу ачих унаа маань ирээгүй байхаар нь Хэнтий бригадын гүүр ороод адуу ачих машинаа тосоод буцаад адуу ачсан хашаан дээрээ цуг ирсэн. Тэгээд дээр очоод тухайн машиныг ухрааж зогсоож байгаад би өөрөө уг адуунаас 5 адууг шилээд барьж авч ногтлоод тэгээд машинд ачаад жолооч Т  гэх хүнд “Манай өөрийн адуу байгаа юм. Налайхын бой орно, би бичиг аваад араас чинь дагаад явна" гэж хэлээд ачиж өгөөд би өөрөө араас нь дагаад Улаанбаатар хот руу яваад Налайхын бойнд очоод амьдаар нь 4,800,000 төгрөгт өгсөн. ...Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, ахиж ийм асуудал гаргахгүй... Би хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 70-71 дүгээр тал),

 

-Хохирогч Ө.Н-н “...Манайх 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн үеэр бор азаргатай адуунаас 5 тооны адуугаа алдсан. Тухайн үед адуугаа байхгүй болсныг мэдээд ойр орчмын газраараа эрж хайж явахад ямар нэгэн сураг гараагүй болохоор цагдаагийн байгууллагад хандсан юм...

1.Шарга үрээ им, тамгагүй 3 настай,

2.Хул үрээ им, тамгагүй 3 настай,

3.Хул үрээ им, тамгагүй 13 настай,

4.Хүрэн буурал шүдлэн байдас им, тамгагүй 13 настай,

5.Хээр хязаалан байдас им, тамгагүй 3 настай. Би алдагдсан адуугаа зах зээлийн ханшаар үнэлүүлэхэд татгалзах зүйл байхгүй... Э-н хүүхэд болох Ү  гэдэг залууг сэжиглэж байгаа. Ер нь мал худалдаж авч байна гэх нэр доор хүмүүсийн малыг хулгайлж байгаа сураг гарсан... Би гомдолтой байна. Хуулийн дагуу шалгуулж хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 84-85 дугаар тал),

-Гэрч Э.Э-н “...2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн  .....  сумын иргэн гэх Ү  нь өмнө 2024 оны 11 дүгээр сарын 30-нд 16 тооны адуу амьдаар нь авчирч манай бойнд оруулсан байсан залуу ирж 16 тооны адуу буюу 166, 152, 101, 143, 142, 162, 193, 169, 169, 181, 138, 154, 121, 170, 129, 141 гэх нийт 2,431 кг жинтэй адууны махыг 5905402, 5905401, 5905410 гэх гарал үүслийн бичиг өгсөн юм. Тэгээд би уг адууг бойнд нь оруулж Золбоод кг жинг хэлж Ү  гэх 5951255258 гэх данс руу явуулсан юм... Би гар бүртгэл хөтөлдөг тэгэхдээ малын тоо болон махны кг жинг бичиж дансны дугаарыг гарал үүслийн кодтой бичиж авдаг юм...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 88-89 дүгээр тал),

-Гэрч З.З-н “...2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай малын эмч Энхцэцэг нь Хэнтий аймгийн  .....  сумаас 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 16 тооны адуу авчирч өгсөн залуу дахин 16 тооны адууг гарал үүслийн бичигтэй авчирч өгсөн гэж хэлээд над руу 2,421 кг жинтэй адууны мах гэж хэлж 5951255258 гэх дугаартай Ү  гэх хүний данс ирэхээр нь махны үнэ гэж 17,017,000 төгрөг шилжүүлсэн юм. Гарал үүслийн бичиг нь бүртгэлд бичигдсэн байгаа...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 92-93 дугаар тал),

-Гэрч Т.П ын “...Тухайн өдөр би Улаанбаатар хотод байхад Ү  над руу фэйсбүүк мессенжерээр залгаж хүнээс адуу худалдаж аваад хот явах гэсэн чинь малын гарал үүслийн гэрчилгээ авах лимит дуусчихсан байна, чи найздаа малын гарал үүслийн бичиг авч өгөөч гэхээр нь би юу болсон талаар нь тодруулж асуулгүй за гэж хэлээд малын эмч Батсүх ахтай чатаар холдогдож өөрийнхөө А данс дээр 5 тооны адууны гарал үүслийн бичиг авч өгсөн... Ү  тухайн үед ямартай ч 5 тооны адууны зураг явуулсан. Одоо чатыг нь устгачихсан болохоор зүс болон тамгыг нь санахгүй байна... Манай сумын хот хооронд явдаг Х  гэх нэртэй хүнд ачиж явсан. Машиных нь улсын дугаарыг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 96-97 дугаар тал),

-Гэрч О.Б-н “...П  надаас тухайн өдөр фэйсбүүк мессенжерээр холбогдож малын гарал үүслийн бичиг авъя гэж хэлээд чатаар 5 тооны адууны зураг явуулаад Х  ахын машинаар ачуулж Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 32-р хороо Эмээлт Эрдэнэ Трейд гэх газар бойнд оруулна гэж хэлээд өөрийнхөө нэр дээр гарал үүслийн гэрчилгээ авахаар болсон. Тэгээд би зургийг нь хараад малын гарал үүслийн гэрчилгээ олгосон... Би нүдээр харж гарал үүслийн гэрчилгээ олгоогүй болохоор мэдэхгүй байна. Тухайн үед П  хэлэхдээ бүгд гурвалжин тамгатай адуунууд гэж надад хэлсэн. Харин явуулсан зургаас нь харахад зүс нь хул, хүрэн, шарга, бор, халтар зүстэй адуунуудын зураг явуулсан байсан. З тооны морь, 2 тооны гүү гэж хэлсэн...Би тухайн үед явуулсан зургуудаар нь малын гарал үүслийн гэрчилгээ олгосон. Тэрнээс нүдээр үзэж хараагүй...Би тэрийг мэдэхгүй байна. А дансаараа бол П ...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 100-101 дүгээр тал),

-Гэрч М.Х-н “...Тухайн өдөр Ү  гар утсаараа залгаад хот руу ачих адуу байна та ачаад явах уу гэхээр нь би зөвшөөрөөд 16 цаг өнгөрөөгөөд Ү гийн хашаанд яваад очтол 6 тооны адуу хашаатай байсан ба 5 тооны адууг өөрийнхөө машинд ачаад Улаанбаатар хот руу хөдлөхөд 18 цаг өнгөрч байсан. Тэгээд би Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг Эмээлт мал мах авдаг газар очиход өглөөний 6 цаг болж байхад Эрдэнэ гэдэг бойны газар буулгасан. Тэгээд би Ү гээс адуу ачсан зардал болох мөнгөө аваад явсан... Би одоо тэдгээр адуунуудын им, зүс, тамгыг санахгүй байна... Ү  худалдаж авсан адуунууд гэж хэлсэн... Нэмж хэлэхэд Ү гийн тухайн үед ачуулсан адуунууд нь гарал үүслийн гэрчилгээнд хуулбарласан зурагтай таарахгүй байна. Миний машинд ачсан адуунууд нь биш байна...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 104-105 дугаар тал),

-Гэрч У.О-ны “...Тухайн үед манайхаар орж ирээд 5 тооны адуу байхгүй байна. Сураг мэдэж байгаарай гэж хэлээд явсан. Тэгээд саяхан таарсан чинь адуунуудыг маань авсан хүн олдсон мэдүүлэг өгөөд явж байна гэж ярьсан... Яг алдсан адуунуудынх нь им, тамга, зүсийг нь мэдэхгүй. Тэрнээс бол Наранбаатарын тамга нь дөрвөлжин тамгатай...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 108-109 дүгээр тал),

-Хөрөнгийн Эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2025 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “...4 тооны адууны зах зээлийн үнэлгээг 5,800,000 /таван сая найман зуун мянга/ төгрөг болохыг тогтоолоо” гэх дүгнэлт (I хавтаст хэргийн 118-127 дугаар тал),

-Шүүгдэгч Э.Ү гийн “...Тухайн өдөр нь 2024 оны 12 дугаар сарын 15-ны орой 17 цагийн орчим би өөрийн бонго маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөө гэрээсээ Хэнтий аймгийн  .....  сумын төв рүү ганцаараа явж байсан юм. Явж байх замд  .... ын голын хойд талд ямар тамгатай гэдгийг нь санахгүй 10 гаран тооны адуу таарсан юм. Тэгэхээр нь би уг адуунуудыг байсан газрынх нь хажуу талд Б  гэх айлын саравчинд хашаад 5 тооны адууг ганцаараа барьж нотлоод ачаад сумын төв ороод шууд цаашаа хот гарч яваад маргааш нь Улаанбаатар хотод эмээлт зах дээр очоод амьдаар нь бойнд өгөөд 4,200,000 төгрөг болсон... Би тухайн үед өөрийнхөө адуунд дээр гарал үүслийн бичгийг авсан... Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, ахиж ийм асуудал гаргахгүй... Би хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 147-148 дугаар тал),

 

-Хохирогч Ө.Н-н “...Манайх 2024 оны 11 дүгээр сарын сүүлээр буюу 23-ны өдрийн үеэр манай Зээрд азаргатай адуунаас 4 тооны адуугаа алдсан. Тухайн үед адуугаа байхгүй болсныг мэдээд ойр орчмын газраараа эрж хайгаад явахад ямар нэгэн сураг гараагүй болохоор цагдаагийн байгууллагад хандсан юм...

1.Саарал гүү сартай чандмань тамгатай 10 настай,

2.Хонгор гүү сартай чандмань тамгатай 10 настай,

3.Хонгор байдас тамгагүй 13 настай,

4.Халтар байдас тамгагүй 3 настай ...Би алдагдсан адуугаа зах зээлийн ханшаар үнэлүүлэхэд татгалзах зүйл байхгүй... Надад сэжиглэж байгаа хүн байгаа Э-н хүүхэд болох Ү  гэдэг залууг сэжиглэж байгаа. Ер нь мал худалдаж авч байна гэх нэр доор хүмүүсийн малыг хулгайлж байгаа сураг гарсан... Би гомдолтой байна. Хуулийн дагуу шалгуулж хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 161-162 дугаар тал),

-Гэрч З.З-н “...2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эмч Энхцэцэг 16 тооны адуу Хэнтий аймгийн  .....  сумаас ирсэн гэж хэлээд надад 2.530 кг мах авсан гэж ...  гэх хаан банкны данс буюу Ү  гэх хүн рүү 16,376,000 төгрөг шилжүүлсэн юм. Би өөрөө Ү  гэх хүнийг ямар тээврийн хэрэгсэлтэй ирсэн гэдгийг мэдэхгүй. Манай бойнд мал мах их өгдөг болохоор дансаар мөнгийг шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 167-168 дугаар тал),

-Гэрч Э.Э-н “...2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 16 тооны адуу буюу малын гарал үүслийн бичгээ 5785251, 5785260, 5840329 гэх кодыг өгч 16 тооны адуу зарсан. Уг адуу нь 186, 161, 203, 188, 171, 132, 159, 163, 156, 150, 111, 161, 138, 177, 176, 98 гэх бүгд нийт 2 тонн 530 кг адууны мах өгсөн юм. Уг адуу нь бүгд амьдаар ирж манай бойнд орсон юм..ямар тээврийн хэрэгслээр ирсэн гэдгийг санахгүй байна. Манай ченж Золбоо өөрөө тооцоо хийсэн юм...өөрийнхөө адуу гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 169-170 дугаар тал),

-Гэрч Т.П-н “...Тухайн өдөр би сумын төвд гэртээ байж байх үед Х гэх фэйсбүүк группэд Улаанбаатар хот руу адуу ачуулна гэсэн пост байхаар нь би сэтгэгдэл хэсэгт дугаараа үлдээсэн. Тэгтэл удалгүй Ү  миний гар утас руу залгаж 4 тооны адуу байна Улаанбаатар хот Эмээлт захад аваачиж буулгана гэхээр нь би зөвшөөрөөд сумын төвд байх Ү гийн хашаанд очиход 10 гаруй байсан ба би 4 тооны адууг машиндаа ачаад үлдсэн адуунуудыг нь Ү  болон Х  ах 2 хувааж машиндаа ачаад 3 хамт Улаанбаатар хот Эмээлт захын бойнд хүргэж өгсөн... Ү , Х  ах бид 3 байсан... Би Ү гийн адуунуудын тамгыг мэдэхгүй... Манайх хол нутагладаг болохоор би мэдэхгүй байна... Одоо сайн санахгүй байна. Гэхдээ хээр алаг, хүрэн, хонгор адуунууд байсан. Тамгыг нь бол санахгүй байна...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 173-174 дүгээр тал),

-Гэрч Б.С ийн “...Тиймээ Ү  надаас тухайн өдөр фэйсбүүк мессенжерээр малын гарал үүслийн бичиг авъя гэж хэлээд чатаар 16 тооны адууны зураг явуулахаар нь би тухайн зургийг нь хараад малын гарал үүслийн гэрчилгээ олгосон...Би нүдээр харж гарал үүслийн гэрчилгээ олгоогүй болохоор мэдэхгүй байна. Тухайн үед Ү  тухайн адуунуудын им, тамгыг надад хэлээгүй... Тэрийг би сайн мэдэхгүй байна. Зураг нь тодорхой байсан болохоор би малын гарал үүслийн гэрчилгээ олгосон...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 177-178  дугаар тал),

-Гэрч М.Х-н “...Тухайн өдөр гэртээ байж байтал Ү  гар утсаараа залгаад хот руу ачих адуу байна та ачаад явах уу гэхээр нь би зөвшөөрөөд 15 цаг өнгөрөөгөөд Ү гийн хашаанд яваад очтол 10 гаруй тооны адуу хашаатай байсан ба П  араас ирээд бид хэд хашаанд байсан адуунуудыг ачсан. Би 6 тооны адуу өөрийнхөө машинд ачсан, П  бас 6 тооны адуу ачаад үлдсэн 4 тооны адууг Ү  өөрийнхөө машин дээр ачиж дуусахад оройны 21 цаг өнгөрч байсан. Тэгээд бид хэд Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг Эмээлт мал мах авдаг газар очиход өглөөний 6 цаг болж байсан .... гэдэг бойны газар буулгасан... Би одоо тэдгээр адуунуудын им, зүс, тамгыг санахгүй байна. Тэгэхдээ содон шинж тэмдэгтэй адуунууд байгаагүй. Дандаа бараан зүсмийн адуунууд байсан гэж санаж байна... Ү  худалдаж авсан адуунууд гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 181-182 дугаар тал),

-Хөрөнгийн Эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2025 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “...4 тооны адууны зах зээлийн үнэлгээг 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөг болохыг тогтоолоо” гэх дүгнэлт (I хавтаст хэргийн 195-204 дүгээр тал),

-Бодит үнэлгээ ХХК-ийн 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 405 дугаартай “Саньяа маркийн мотоцикл зах зээлийн үнэлгээ 1,740,000 (нэг сая долоон зуун дөчин мянга) төгрөг гэх шинжээчийн дүгнэлт (II хавтаст хэргийн 13-16 дугаар тал),

-Бодит үнэлгээ ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 451 дугаартай “ .... улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 23,354,000 (хорин гурван сая гурван зуун тавин дөрвөн мянга) төгрөг гэх шинжээчийн дүгнэлт (II хавтаст хэргийн 43-46 дугаар тал),

-Иргэний нэхэмжлэгч Д.Т-н “... .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Би 2024 онд 44 сая төгрөгөөр  бэлэн мөнгөөр худалдаж авч байсан... Ү  нь хааяа миний машиныг гуйж авч ийш тийшээ явж ажлаа амжуулдаг байсан юм. Уг тээврийн хэрэгслийг одоо би өөрөө унаж байгаа надад байгаа...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 50-51 дүгээр тал)

-Шүүгдэгч Э.Ү гийн яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний орой 17-18 цагийн орчим гэж санаж байна. Би өөрийн Бонго маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөө гэрээсээ Хэнтий аймгийн  .....  сумын төв рүү ганцаараа явж байсан юм. Явж байх замд  .... ын голын хойд талд ямар тамгатай гэдгийг нь санахгүй 20 гаран тооны адуу таарсан юм. Тэгэхээр нь би уг адуунуудыг байсан газрынх нь хажуу талд Б  гэх айлын саравчинд хашаад 4 тооны бага насны адууг ганцаараа барьж ногтлоод ачаад сумын төв ороод шууд цаашаа хот гарч яваад маргааш нь Улаанбаатар хотод эмээлт зах дээр очоод амьдаар нь бойнд өгөөд 3,900,000 төгрөг болсон... Би тухайн үед өөрийнхөө адуунд дээр гарал үүслийн бичгийг авсан... Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, ахиж ийм асуудал гаргахгүй юм... Би хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 231-232 дугаар тал),

-Шүүгдэгч Э.Ү гийн яллагдагчаар өгсөн “...Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Ахиж ийм асуудал гаргахгүй...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 39-40 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаас хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл Хэнтий аймгийн   ........   дугаар багийн хөдөө хэсэг   ........    гэх газраас 2025 оны 4 дүгээр сарын 28-ны шөнө улсын дугааргүй цэнхэр өнгийн Саньяа загварын мотоцикл ашиглаж, Ж.Д-н  эзэмшлийн адуун сүргээс 5 тооны буюу олон тооны бод малыг хулгайлж, түүнд 7,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Хэнтий аймгийн  .... дугаар багийн нутаг  ....  голын орчмоос 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Бонго маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, хохирогч Ө.Н-н эзэмшлийн адуун сүргээс нийт 5 тооны буюу олон тооны бод малыг хулгайлж нийт 5,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Хэнтий аймгийн  .... дугаар багийн нутаг  ....  голын орчмоос 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Бонго маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, хохирогч Ө.Н-н эзэмшлийн адуун сүргээс нийт 4 тооны буюу олон тооны бод малыг хулгайлж нийт 5,400,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Хууль зүйн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм.

Мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “олон тооны мал хулгайлж”, 2.4-т “машин механизм ашиглаж” гэж тус тус хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт ”Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна”, “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж тус тус тодорхойлсон.

Шүүгдэгч нь тус тусдаа үйлдлээр адуу хулгайлахдаа бүгд 4-ээс дээш тооны адуу хулгайлсан, нийт 14 тооны хулгайлсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг “олон тооны мал” хулгайлсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Мөн түүнчлэн шүүгдэгч нь Хэнтий аймгийн  .... дугаар багийн нутаг  ....  голын орчмоос 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч Ө.Н-н 4 тооны адууг хулгайлахдаа машин механизм ашиглаж буюу Бонго маркийн тээврийн хэрэгсэл ашигласан,

Хэнтий аймгийн  .... дугаар багийн нутаг  ....  голын орчмоос 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Ө.Н-н 5 тооны адууг хулгайлахдаа машин механизм ашиглаж буюу Бонго маркийн тээврийн хэрэгсэл ашигласан,

Хэнтий аймгийн   ........   дугаар багийн хөдөө хэсэг   ........    гэх газраас 2025 оны 4 дүгээр сарын 28-ны шөнө хохирогч Ж.Д-н  5 тооны адууг хулгайлахдаа машин механизм ашиглаж буюу улсын дугааргүй цэнхэр өнгийн Саньяа загварын мотоцикл ашигласан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын малыг хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангахаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бусдын олон тооны малыг хулгайлсан”, 2.4-т заасан “машин механизм ашиглан хулгайлсан” гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнэлээ.

 

Прокуророос хэргийн зүйлчлэлийг зөв ирүүлсэн боловч шүүгдэгч нь өөр, өөр цаг хугацаанд нэг төрлийн гэмт хэргийг 3 удаагийн үйлдлээр үйлдсэн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдэл”-ийг журамлаагүй байх тул зөвтгөх нь зүйтэй бөгөөд энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхгүй болно.

 

Иймд шүүгдэгч Э.Ү г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан үргэлжилсэн үйлдлээр “Бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Уг гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн, гэм буруугийн шууд санаатай үйлдэл болно.

 

Хохирлын талаар:

Хохирогч Ж.Д гээс  “....Ү  нь 2025 оны 5 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө хулгайлан авсан адууны нөхөн төлбөр 7,500,000 төгрөгийг өгсөн тул санал гомдолгүй хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх нотариатчаар гэрчлүүлсэн өргөдөл (II хавтаст хэргийн 24 дүгээр тал),

Хохирогч Ө.Н-с  “...Ү  нь 2024 оны 12 сард авсан 9 тооны адууны нөхөн төлбөр 12 сая төгрөгийг өгсөн тул санал гомдолгүй хохирлыг бүрэн барагдуулсан..” гэх нотариатаар батлуулсан тодорхойлолт (II хавтаст хэргийн 22 дугаар тал) гаргаж өгсөн боловч хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй, ямар ч байсан төлнө гээд бичиг бичүүлж хэрэгт өгсөн” гэх тайлбарыг гаргасан.

Шүүгдэгч нь хохирогч Ж.Д д учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч Ө.Н-т   учирсан 11,200,000 төгрөгийн хохирлоос 1,800,000 төгрөгийн хохирлыг төлсөн, үлдэх 9,400,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлөөгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд шүүхээс шүүгдэгчийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 9,400,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Н-т   олгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас “2 цагийн хугацаатай шүүх хуралдааныг завсарлуулж хохирлыг нөхөн төлнө” гэх саналыг гаргасан тул шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар завсарлуулсны дараа шүүгдэгч нь хохирогч Ө.Н-т   учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь “хохирлоо авсан гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх саналаа гаргасан байх тул шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Э.Ү г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “шүүгдэгч Э.Ү гийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирол, хохирогч нарт хохирлоо төлсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Ү г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, тухайн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Гэмт хэрэг үйлдэхдээ Саньяа маркийн мотоцикл болон Бонго маркийн тээврийн хэрэгслийг тус тус ашигласан. Саньяа маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Э.Ү гийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл бол Бонго маркийн тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Д.Т-н эзэмшлийнх болох нь (II хавтаст хэргийн 50-51 дэх тал, 54 дэх тал) нотлогдсон. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан Саньяа маркийн мотоциклийг, Бонго маркийн тээврийн хэрэгсэл бусдын эзэмшлийнх тул түүний үнэлгээ /Шинжээчийн дүгнэлт/ 23,354,000 төгрөгийг гаргуулж тус тус улсын орлогод оруулах саналтай, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд хорих ялын санал гаргасан тул цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт Саньяа маркийн мотоциклийг битүүмжилсэн тул прокурорын тогтоолыг хэвээр үлдээх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус дурдуулах саналтай байна гэж,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үнэн шударгаар шалгуулж, хэргээ хүлээж мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн саад учруулаагүй. Өөрийн үеэл ах болох Н-с  адуу авсан асуудал байгаа. Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг бүрэн төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, энэ жил хань ижилтэй болж 1 ой 2 сартай хүүхдийн хамт амьдралаа эхлүүлж байгаа хүн юм. Иймээс эдгээр нөхцөл байдлыг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү. Энэ хүн үүнээс хойш дахиж хэрэгт холбогдохгүй, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг нь харгалзан дээрх хуулийн заалтыг хэрэглэж ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан.

 

Шүүгдэгч Э.Ү  нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учруулсан хохирлыг биет байдлаар нь төлсөн, бусдад төлөх хохирол, хор уршиггүй, үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч Э.Ү г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтов.

 

Бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилжээ.

Бодит үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 451 дугаартай “ .... улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 23,354,000 (хорин гурван сая гурван зуун тавин дөрвөн мянга) төгрөг гэх шинжээчийн дүгнэлт (II хавтаст хэргийн 43-46 дугаар тал)-ээр үнэлэгдсэн.

 

Шүүгдэгч Э.Ү  нь хохирогч Ж.Д-н  5 тооны адууг хулгайлах үедээ өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Саньяа маркийн мотоциклийг ашигласан, хохирогч Ө.Н-н нийт 9 тооны адууг  хулгайлах үедээ иргэний нэхэмжлэгч Д.Түмэндэлгэрийн эзэмшлийн  .... улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгслийг тус тус ашигласан.

 

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан  .... улсын дугаартай Kai Bongo маркийн тээврийн хэрэгслийн үнэ 23,354,000 төгрөгийг гаргуулж, мөн шүүгдэгчийн эзэмшлийн Саньяа маркийн мотоциклийг хурааж тус тус улсын орлого болгох нь зүйтэй.

 

Дээрх эд хөрөнгийг хурааж улсын орлого болгосонтой холбогдуулан прокурорын 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 12 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч .... овогт Э-н Ү г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан үргэлжилсэн үйлдлээр “Бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Э.Ү г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 (нэг) жил 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ү д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Саньяа маркийн улсын дугааргүй мотоциклийг хурааж, мөн Киа Бонго маркийн  .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 23,354,000 (хорин гурван сая гурван зуун тавин дөрвөн мянга) төгрөгийг гаргуулж тус тус улсын орлого болгосугай.

 

7.Улсын дугааргүй Саньяа маркийн мотоциклийг хурааж улсын орлого болгосонтой холбогдуулан прокурорын 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 12 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               А.МӨНХСАЙХАН