Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2013 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 570

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

хэргийн индекс 171/2013/0311/И

    Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Тү.Энхжаргал даргалж, шүүгч Б.Цолмонбаатар, шүүгч Л.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
    Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум ** дүгээр баг, ** дүгээр хороолол ** дугаар байрны ** тоотод оршин суух Ж*** овогт Х.Б*** /утас: ****/-ын нэхэмжлэлтэй
    Хариуцагч: Дархан сум ** дүгээр баг, ** дүгээр хороолол ** дугаар байрны ** тоотод оршин суух Т*** овогт Б.Б*** / утас ***/-д холбогдох 
Х.Б***ы  нэхэмжлэлтэй Б.Б***т холбогдох  гэм хорын хохирол 1 479 500 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Б***, хариуцагч Б.Б***, иргэдийн төлөөлөгч Д.Ч***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгсбаяр нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Б*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
“2013 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 13 цагт оршин суугч  дээд давхарын оршин суугч Б.Б***ийн гэрээс их хэмжээний ус алдсан. Ус алдсан хохирлыг би нэхэмжилсэн юм. Нийт засвар хийхэд шаардлагтай материалын зардал 159,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчтай тохиролцон 75 000 төгрөг авахаар тогтсон. Бусад нэхэмжилж байгаа засвар хийх 2 хүний ажлын хөлс 200 000 төгрөг, 10 хоног гадуур хоол идсэн зардал 600 000 төгрөг, засвар хийх 4 хоногийн хугацаанд гадуур байрлах буудлын мөнгө 80 000 төгрөг, хоолны зардал 240 000 , сэтгэл санааны хохирол 200 000 төгрөг тус тус нэхэмжилж байна” гэв.

Хариуцагч Х.Б*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:
“Манайх 2013 оын 1 дүгээр сарын 28-ны өдөр  манайхаас ус алдсан нь үнэн зохих хэмжээний хохирол учруулсан нь үнэн гэв. Энэ хүн нэхэмжил гаргасан нь зөв. Яг ус алдах үед СӨХ-ын түлхүүр байсан бол тэр усийг хаах боломжтой байсан. Би СӨХ-ийг буруутай гэж үзэж байна. Их хэмжээний хохирол учруулахад СӨХ нөлөөлсөн гэж үзэж байна. Энэ орон сууцны подвал дундын өмч байх ёстой. Шаардлагтай тохиолдолд онгойлгох үүрэгтэй. СӨХ ус алдсаныг зогсооход түрээслэсэн ч бай яасан ч бай мэргэжилийн байгууллага үйл ажилгаа явуулхад саад учруулахгүй байх ёстой гэв. Би засварын хөлс 200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Засварын ажлын хөлс 100 000 төгрөг, Засварын материалын зардал 75 000 төгрөг болохыг хүлээн зөвшөөрч байна. Харин материалын зардалд 159 500 төгрөг, хоолны зардал 600 000 төгрөг, буудлын зардал 80 0000 төгрөг, сэтгэл санааны хохирол 200 000 төгрөг, мөн буудалд байрлах хугацааний зардал 240 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээчийн дүгнэлт  гарах зардлыг хамаагүй ихэсгэж тавьсан учир би хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                       

ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Б*** нь хариуцагч Б.Б***т холбогдуулан ус алдсаны улмаас учирсан гэм хорын хохирол болох засварын материалын зардалд 159.000 төгрөг, хоолны зардал 600 000 төгрөг, буудлын зардал 80 0000 төгрөг, сэтгэл санааны хохирол 200 000 төгрөг, буудалд байрлах хөлс 240 000 төгрөг нийт 1,479,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Б*** нь Дархан-Уул аймгийн Дархан сумын **дүгээр баг 1 дүгээр хороолол **дугаар байрны **тоотод амьдардаг бөгөөд 2013 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр түүний орон сууцны ОО-ын өрөөний цэвэр усны шугамны хоолойноос   ус алдсаны улмаас нэхэмжлэгч  Х.Б***ы өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын **дүгээр баг ** дүгээр хороолол **дугаар байрны 3 тоот орон сууцны тааз, хана, шал болон цахилгааны шугам гэмтсэн болох нь хэрэгт авагдсан орон сууцны  гэрэл зураг, Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ны  2013 оны 1 сарын 29-ны өдрийн цахилгаан мантаж гэмтсэн тухай 24 дугаартай тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Дархан ус суваг ХК 2013 оны 1 сарын 29-ны 1/39 дугаартай “босоо шугамын салбар мантаж сольж өгсөн тухай тодорхойлолт” зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 
Зохигчид нь шүүх хуралдааны явцад ус алдсаны улмаас засвар хийх материалын үнийг  75,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон бөгөөдзасварын материалын талаар маргаагүй болсон болно.
Харин нэхэмжлэлийн зарим шаардлага болох засварын ажлын хөлс, хоолны болон зочид буудалд байрлах зардал, сэтгэл санааны хохирол гаргуулахтай холбогдох асуудлын хувьд маргаж байгаа болно.
    Нэхэмжлэгч Х.Б***аас  байранд засвар хийх ажлын хөлсөнд 200,000 төгрөг гэж нэхэмжилснийг хариуцагч Б.Б*** ажлын хөлсөнд 100,000 төгрөгийн зардал гарган гэж үнийн хувьд маргасан боловч хариуцагч Б.Б*** хүсэлтийн дагуу шүүхээс Дархан-Уул аймаг дахь Капитал зууч ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэхэд Дархан-Уул аймгийн Дархан сумын **дүгээр баг ** дүгээр хороолол **дугаар байрны **тоот орон сууцанд алдсаны улмаас учирсан хохирол засварлах ажлын хөлсийг 200.000 төгрөгөөр үнэлснийг  үндэслэл бүхий гэж үзлээ.
    Мөн нэхэмжлэгч Х.Б*** нь  ус алдаж, тогны шугам гэмтснээс гэр бүлээрээ гадуур 10 хоног 4 хүн өдөрт 3 удаа хоолохоор тооцож 600,000 төгрөг, засвар хийх 4 хоногийн хугацаанд зочид буудалд байрлах хөлс 80,000 төгрөг, хооллох зардал 240,000 төгрөг , сэтгэл санааны хохирол 200,000 төгрөг нийт 1,120,000 төгрөг  гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасаны дагуу  дээрхи зардлуудтай холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтуудыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул энэ тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Б.Б***аас орон сууцанд засвар хийх материалын үнэ 75,000 төгрөг, 2 хүний ажлын хөлс 200,000 төгрөг нийт 275,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Б***д олгож,  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг  хооллох болон зочид буудалд байрлах төлбөр, хоолны зардал, сэтгэл санааны хохирол, засварын материалын үнийн зөрүү нийт 1,204,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:
     
      1. Иргэний хуулийн 497 дугаар  зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Б.Б***аас 275,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Б***д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 1,204,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Б***аас улсын тэмдэгтийн хураамжид 38,622 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б***аас улсын тэмдэгтийн хураамжид 8,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Б***д олгосугай. 

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 52.2- заасныг баримтлан шүүхийн зардалд хариуцагч Б.Б***аас 5,577  төгрөг, нэхэмжлэгч Х.Б***аас 24,423 төгрөгийг тус тус гаргуулж Дархан-Уул аймаг дахь Капитал зууч ХХК-д олгосугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш **хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ЭНХЖАРГАЛ

ШҮҮГЧИД                    Б.ЦОЛМОНБААТАР

Л.ОЮУНЦЭЦЭГ