| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2025/0306/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/321 |
| Огноо | 2025-12-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнцэцэг, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/321
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэг, шүүгдэгч Д.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.З холбогдох эрүүгийн 2539006360380 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Д.З нь согтуугаар 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн орчимд Хэнтий аймгийн ....... багт орших өөрийн гэртээ орж ирсэн Б.Э-г ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр баруун талын чихэн тус газарт нь цохиж түүний баруун чихэнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2539006360380 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг: “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж байр суурийг илэрхийлсэн болно.
Шүүгдэгч: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус мэдүүлжээ.
Нэг.Хэргийн үйл баримтын талаар болон гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлийн талаар:
1.1.Хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт.
Шүүгдэгч Д.З нь согтуугаар 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн орчимд Хэнтий аймгийн ..... сумын 5 дугаар багт орших өөрийн гэртээ орж ирсэн Б.Э-г ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр баруун талын чихэн тус газарт нь цохиж түүний баруун чихэнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
-Хохирогч Б.Э-н “...2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 11-12 цагийн хооронд би эхнэрийн нагац дүү З-н гэрт ороход З ганцаараа нэлээн халамцуу зүүн орон дээрээ сууж байсан. Би З-н гэрээс усны савны таг авах гээд орсон. Намайг яваад ороход зайл гэхээр нь би гэрийнх нь баруун орон дээр сууж байтал миний хажууд ирж зогсож байгаад гараа зангидаж байгаад шууд л миний баруун талын чих рүү цохиод авсан. Тэгэхээр нь би шууд тэдний гэрээс гэртээ харьсан. З ыг цохисны улмаас миний баруун чихнээс цус гараад байсан ба гэртээ ороод эхнэр, охиндоо хэлтэл миний том охин Б хотоос ирчихсэн байсан болохоор намайг дагуулаад ..... сумын эмнэлэгт очоод миний чихийг үзүүлэхэд эмч таны чих цуурсан байна. 1 оёдол тавих юм байна гэхээр нь гайгүй байх гэж бодоод оёдол тавиулаагүй... Тухайн үед бол намайг зүгээр сууж байхад л цохиод авсан... З гэх хүн намайг цохих үед миний хажууд өөр хүн байгаагүй... Би 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 13 цагийн үед ..... сумын Эрүүл мэндийн төвөөс анхан шатны тусламж үйлчилгээ авсан... Миний баруун чих рүү З гэх хүн цохисны улмаас миний чих дүнгэнээд их сонин болчихсон ба одоо хүртэл зүгээр болохгүй байгаа... Би З д цохиулснаас хойш огт чихний мэргэжлийн эмнэлэгт үзүүлээгүй... Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Харин анхан шатны үзлэг орсон эмчийн тодорхойлолтоор шүүх эмнэлгээр дүгнэлт гаргуулна... Хуулийн дагуу шалгуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09-10 дахь тал),
-Хохирогч Б.Э-н дахин өгсөн “...Би тухайн үед З гэх айлын гэр рүү канистр буюу усны савны таг авах гэж орсон. Урьд нь З таараад канистрын таг байгаа аваарай гэж байсан юм. Гэтэл З гэртээ жаахан халамцуу байсан бөгөөд бид хоёр ямар нэгэн хоорондоо маргасан зүйл байхгүй байхад үгийн зөрүүгүй намайг баруун орон дээр нь сууж байхад З босож ирээд миний чих рүү цохиод авсан... Би сэтгэцэд учирсан хор уршиг тогтоолгохгүй... Надад ямар нэгэн гомдол санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй... Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),
-Гэрч Д.У-н “...2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн үед намайг гэртээ байж байхад миний нөхөр Эрдэнэбилэгийн чихнээс нь цус гоожсон байдалтай ороод ирэхээр нь би юу болсон талаар асуухад З миний чих рүү цохьчихлоо гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг явж үзүүлэхэд 1 оёдол тавихаар байна гэхэд нь миний нөхөр яах вэ яах вэ зүгээр гээд оёдол тавиулаагүй... Миний нөхөр Эрдэнэбилэг гэртээ орж ирэхэд чихнээс нь л цус гарсан байсан. Надад өөр зүйл мэдэгдээгүй... Миний нөхөр З д цохиулсны улмаас чих нь сэтэрсэн бэртэл авсан... Надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),
-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Чанцалдуламын 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 406 дугаартай “1.Б.Э-н биед баруун чихэнд шарх, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Баруун чихэнд шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул тус журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
-Шүүгдэгч Д.З-н яллагдагчаар өгсөн “...Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Ахин ийм төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй бөгөөд хийсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Мөн хохирогч Б.Э-г хохирол гомдолгүй болгосон байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал) зэрэг баримтууд болно.
Дээр дурдсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл, шүүгдэгч Д.З нь согтуурсан үедээ 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн орчимд Хэнтий аймгийн ..... сумын 5 дугаар багт орших өөрийн гэртээ орж ирсэн Б.Э-г ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр баруун талын чихэн тус газарт нь цохиж түүний баруун чихэнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Шүүгдэгч нь хүний биед хууль бусаар халдсаны улмаас хохирогчийн эрүүл мэндэд духанд язарсан шарх бүхий гэмтэл учирчээ.
Прокуророос шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна гэж дүгнэлээ.
1.2.Гэм буруутайд тооцох хууль зүйн дүгнэлтийн талаар:
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Д.З хохирогч Б.Э-н эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед баруун чихэнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Д.З нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Д.З ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Д.З нь хохирогчийг цохих идэвхтэй үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд баруун чихэнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Д.З-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
1.3.Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.Эрдэнэбилэг гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
2.1.Шүүгдэгч Д.З ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас: “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирол, гэмт хэрэгт хандсан хандлага зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэх санал, тайлбар гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.З ыг 240 (хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
2.2.Бусад шийдвэрийн талаар:
Шүүгдэгч Д.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.З ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З ыг 240 (хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 (найм)-аас дээшгүй цагаар ажиллуулахаар тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Хохирогч нь сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлээгүй болохыг дурдаж, гэмт хэргийн улмаас цаашид гарах хор уршгийн баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН