Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/322

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалан, шүүгдэгч С.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Л-т холбогдох эрүүгийн 2539006830279 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч С.Л нь 2025 оны 7 дугаар сарын 08-наас 09-нийг шилжих шөнө Хэнтий аймгийн .... багт үйл ажиллагаа явуулах ..... ШТС-ийн орчим Х.М гэрлээ шилжүүл, гялбаад байна гэхэд нь таарамжгүй харьцаа үүсэж улмаар Х.М -н нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь дээд зүүн 1-р шүд буюу 21-р шүдний булгарал, баруун 1-р шүд буюу 11-р шүд, дээд зүүн 2-р шүд буюу 22-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2539006830279 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Н.Амгалан: “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж байр суурийг илэрхийлсэн болно.

Шүүгдэгч С.Л  : “...үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ.

 

1.Шүүгдэгч С.Л  ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хэргийн үйл баримт нотлогдсон байна гэж дүгнэв. Үүнд:

 

-Хохирогч Х.М -н “...2025 оны 7 дугаар сарын 08-ны орой манай найз болох Б-д манай гэрт ирээд бид хоёр 23 цагийн үед Тулга баар руу ороод тэндээ ганц нэг шил архи уучхаад 04 цагийн үед бид хоёр гэртээ очих гээд Хэрлэн сумын 5 дугаар баг Сангийн аж ахуйн  ..... ШТС хажууханд гудамжинд явж байтал 2 машин их гэрлээ хол дээрээ тавьчихсан зогсож байсан. Тэгээд бид хоёр нүд гялбаад байхаар нь би гэрлээ шилжүүлээч, гялбаад байна гэж хэлтэл цагаан өнгийн Марк-2 маркийн тээврийн хэрэгсэл дотроос үл таних 1 эрэгтэй хүн бууж ирээд шууд миний уруул хэсэг рүү цохисон. Тэгээд миний дээд талын үүдэн шүд уначихаар нь би цагдаа дуудаарай гэж хэлтэл тэр 2 машин яваад өгсөн... Б-д бид хоёр тэр хүмүүсийг танихгүй ба цагаан өнгийн Марк-2 маркийн тээврийн хэрэгсэл улаан хүрэн өнгийн Приүс-30 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Дотор нь хэдэн хүн байсан гэдгийг мэдэхгүй байна... Би тухайн хүнийг огт цохиж зодоогүй... Миний үүдэн дээд шүд угаараа унасан ба тэрний хоёр талын шүд хөдөлгөөнд орсон... Шүд янзлуулах эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Би 10,000,000 төгрөг нэхэмжилнэ. Тэгээд би сэтгэл санааны хохирлоо тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09-10 дугаар тал),

-Гэрч Д.Б-н “...Би 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Налайхаас Хэнтий аймагт 18 цагийн үед ирсэн. Хэнтий аймагт ирээд найз болох М-н  гэрт нь очсон. Гэрт нь очоод 0.5 л хэмжээтэй Экс нэртэй 2 шил архийг бид 2 хувааж уусан. Архи уучхаад 23 цагийн үед Тулга гэх нэртэй бааранд орсон. Тэгээд Тулга дотор 2, 3 шил архи уусан. Тэгээд ууж дуусгаад 09-ний өглөө үүрээр 04 цаг өнгөрч байх үед М  бид 2 М-н  гэр рүү  ..... гэх колонкоос баруун тийшээ нэлээн зайтай бид 2 замынхаа хойд талаар алхаад явж байтал бид 2-ын өөдөөс замын хойд талд 2 машин гэрлээ хол дээр нь тавьчихсан зогсож байсан. Өөдөөс яг хурц гэрэл тусгаад зогсож байсан болохоор бид 2 тэр зогсож байсан машин дээр очоод “гэрлээ унтраагаад зогсооч” гэж хэлтэл гадаа машиныхаа урд зогсож байсан 3 хүний нэг нь ирээд М-н  нүүр рүү 1 удаа цохисон. Тэгтэл М  яая шүд гээд цагдаа дуудаарай гэсэн чинь тэнд зогсож байсан 2 машин зугтаагаад яваад өгсөн... Улсын дугаарыг нь хараагүй. Цагаан өнгийн марк-2 загварын тээврийн хэрэгсэл, нөгөөдөх машин нь улаан хүрэн өнгийн Приус-30 маркийн машинууд байсан. Тухайн машин дотор хэдэн хүн байсныг нь хараагүй. Ямар ч байсан машины гадаа 3 эрэгтэй хүн зогсож байсан. Хэдэн нас орчмын гэдгийг нь мэдэхгүй байна. Ямар хувцастай байсан талаар нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр тал),

-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Намуунтөгсийн 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 463 дугаартай “1.2.Х.М -н биед дээд зүүн 1-р шүд буюу 21-р шүдний булгарал, баруун 1-р шүд буюу 11-р шүд, дээд зүүн 2-р шүд буюу 22-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4.Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% тогтонги алдагдуулна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

-Шүүгдэгч С.Л  ын яллагдагчаар өгсөн “...би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогчид хохирлыг нь нөхөн төлнө гэдгээ өөрт нь хэлж илэрхийлсэн байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал) зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч нь 2025 оны 7 дугаар сарын 08-наас 09-нийг шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах  ..... ШТС-ийн орчим Х.М гэрлээ шилжүүл, гялбаад байна гэхэд нь таарамжгүй харьцаа үүсэж улмаар Х.М -н нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь дээд зүүн 1-р шүд буюу 21-р шүдний булгарал, баруун 1-р шүд буюу 11-р шүд, дээд зүүн 2-р шүд буюу 22-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл, гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаар дээрх гэмт хэргийн шинжийг хангана.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч С.Л нь хохирогч Х.М -н эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед дээд зүүн 1-р шүд буюу 21-р шүдний булгарал, баруун 1-р шүд буюу 11-р шүд, дээд зүүн 2-р шүд буюу 22-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч С.Л нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч С.Л  ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч С.Л тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогчийн нүүрэн тус газарт цохих идэвхтэй үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд дээд зүүн 1-р шүд буюу 21-р шүдний булгарал, баруун 1-р шүд буюу 11-р шүд, дээд зүүн 2-р шүд буюу 22-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч С.Л  ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Х.М д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “...шүүх хуралдаанд оролцоно хохирлоо нэхэмжилнэ...” гэсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, албан ёсоор бичгээр хуралд оролцох талаар хүсэлт ирүүлээгүй, хохирол төлбөртэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж гэж дүгнэлээ.

Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас: Шүүгдэгч нь ах удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэх саналыг гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.Л  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Ялтнаар торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Бусад шийдвэрийн талаар:

Шүүгдэгч С.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л  ыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л  т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Шүүгдэгч С.Л  аас шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Хохирогч Х.М  нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН