| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тү. Энхжаргал |
| Хэргийн индекс | 171/2013/0311/и |
| Дугаар | 577 |
| Огноо | 2013-05-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2013 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 577
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 171/2013/0311/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, шүүгч Б.Цолмонбаатар, шүүгч Л.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар ** тоотод оршин суух А*** овогт Б.Ц*** /РД:***, утас ***/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум ** дүгээр баг, ** дугаар байр ** тоотод оршин суух Т*** овогт Р.Т***/ РД:*** /,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум **-р баг, **-р хороолол, ** байрны ** тоотод оршин суух М*** Овогт Г.Э*** /РД:***/ нарт холбогдох
Б.Ц*** нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Р.Т***, Г.Э*** нарт холбогдох гэм хорын хохирол 3 950 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ц***, хариуцагч Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***, өмгөөлөгч Д.Ц***, Р.Т***, Г.Э***, иргэдийн төлөөлөгч Д.Ч***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгсбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц*** шүүхэд гаргасан нэхэжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие нь 2012 оны 10 сарын 9-нд бие даан нэр дэмшиж 379 сонгогчийн гарын үсэг зуруулж сонгуулийн хороонд өгсөн юм. Тухайн үед сонгуулийн ажилтан Б.Ц***гийн нэр хүрээгүй гэсэн үндэслэлээр намайг нэрсийн жагсаалтаас хассан. Тэгээд захиргааны захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12 дугаартай шийдвэрээр Б.Ц***д холбогдох хэсгийг хүчингүй болгож Дархан-Уул аймгийн Дархан сумын 2-р багт бие даан нэр дэвшигчээр бүртгэж өгөхийг хүсч холбогдох материалын хамт хүргүүлсэн. Гэтэл 2012 оны 11 сарын 01-ний өдрийн 26 дугаар тогтоолоор нэр дэвшигчээр бүртгэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Тэгээд шүүхийн шийдвэрийг гардаж аваад 14 дахь хоногтоо Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал гарч анхын шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Монгол улсын үндсэн хууль, Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг зөрчин иргэн миний сонгох сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлуулсан юм. Надад эдийн болон эдийн бус хохирол учирсан. Энэ хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж би 375 хүний гарын үсэг цуглуулах гэж 15 хүнийг цалинжуулж ажиллуулсан. Өдрийн цалийн 25,000 төгрөгөөр бодож хоолны мөнгийг 10000 төгрөгөр, шатахуунд өдрийн 50000 төгрөг нийт 3 950 000 төгрөгийг нэхэмжилсэн үүнээс бусад зардал болох 430 000 төгрөгөөсөө татгалзаж байна. Би эдийн бус хохирлоо нэхэмжлээгүй . Зөвхөнн эдийн засгийн бодит хохирлыг нэхэмжилсэн гэв. Г.Э*** өгсөн нэмэлт нотлох баримтыг үзлээ. Би зөвхөн эдийн баялагтай холбоотой асуудлыг нэхэмжилж байгаа. Миний нэхэмжлэлтэй холбоотой баримтийг сая өгсөнгүй. Миний сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарласныг хүлээлгэх хариуцлагага байгаа. Сонгуулийн зарчмыг алдсан. Хууль ёсны , шудрага ёсны , шуурхай шийдвэрлэх гэсэн 3 зарчмыг хэрэгжүүлээгүй. Энэ сонгуулийн тухай хуульд заасан бүх зарчмыг алдагдуулсан. Сонгуулийн тухайн хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар хууль тогтоомж зөрчсөн бол буруутай этгээдээс гэм хорын хохирлыг гаргуулна гэж заасан байдаг. Бусдын эрх, Нэр хүнд, ажил хэргийн нэр хүнд зэрэг өчнөөн хохирол надад учирсан гэвч би эдийн засгйин бодит хохирлоо нэхэмжилж байна. Иймд би өөрийн гарсан хохирлыг хувь тэнцүү хариуцагч нараас гаргуулж өгнө” гэжээ.
Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”
Аймгийн иргэдийн хурал хариуцагчаар орж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хуулийн этгээд татан буугдсанаар эрх залгамжлах эрх үүсдэг байна. Хуулийн этгээд гэдэг өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ. Сонгуулийн хороо нь тогтвортой үйл ажиллагаа явуулдаггүй зөвхөн сонгуулийн үеээр байгуулагдаж тодорхой цаг хугацаанд үйл ажиллгаа явуулдаг. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Сонгуулийн хорооны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжгүй гэв. Иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчид аймгийн Сонгуулийн хорооны хурлыг байгуулах татан буулгах гэсэн нэг л үйл ажиллагаа явуулдаг. Б.Ц***гийн нэхэмжлэлд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал ямар ч хамаагүй юм. Тиймээс иргэдийн төлөөлөгчдийн хурал нэхэмжилсэн мөнгийг төлөх үндэслэлгүй” гэжээ.
Хариуцагч Р.Т***шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:
“Тухайн үед би сонгуулийн хорооны даргаар томилогдож ажиллаж байсан. 20 орчим бие даан нэр дэвшигчийг бүртгэсэн. Хаяг нь тодорхой, эсэх сонгогчдын гарын үсэг зөрүүтэй зурагдсан, хуурамч эсэх талаар нягтлан шалгаад Сонгуулийн хорооны хуралд танилцуулсаны дагуу олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэж 9 хүнийг бүртгэхээс татгалзсан. Гарын үсгийг хуурамчаар зурсан, төлөөлж зурсан зэрэг зөрчлүүд байсан. Энэ 9 хүнийг бүртгэхийг олонхоороо гараа өргөж шийдвэрлсэн. Надад хувийн сонирхол байгаагүй гэв. Захиргааны хэргийн шүүхээс бүртгэж авахыг даалгасан шийдвэр аймгийн Сонгуулийн хороонд ирсэн даруйд нь сонгуулийн Ерөнхий хороонд мэдэгдсэн боловч саналын хуудас хэвлэх үйлдвэрт хэвлэлтэнд орж, санал тооллох машины програмчлал зохиогдож, гадаад мэргэжилтнүүд нь нутаг буцсан саналын хуудсан ямар нэгэн нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүй гэсэн хариу өгсөн. Аймгийн Сонгуулийн хороо 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн Б.Ц***гийн гомдолыг нэн даруй 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хурлаар хэлэлцээд давж заалдах өргөдөл гаргахаар шийдвэрлэсэн юм. Сонгууулийн тухай хуулийн 18.2-т зааснаар нуун далдалсан бол бид өөрсдөө хариуцлага хүлээх ёстой байсан. Бид тэр үед сайн нягталж шалгаж байсан юм. Бид нягталж шалгахад 2 өдөр явж гарын үсэг зуруулсан байсан. Нэхэмжилж байгаа мөнгөн дүн нотлох баримтаар тогтоогдож байвал нэхэмжилж болно. Би шийдвэрийг ганцаараа гаргаагүй. Олноороо гараа өргөж шийдвэрлэсэн. Нэхэмжилж байгаа 3 950 000 төгрөг нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Г.Э*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би тухайн үед сонгуулийн хорооны гишүүнээр ажилласан. Би аймгийн иргэдийн төлөөлөгчдийн бие даан нэр дэвшсэн 4 хүний дэмжигч сонгогчдын материалыг шалгасан. 379 хүний гарын үсэгтэй материалыг цуглуулж өгсөн байсан. Б.Ц***гийн материалыг шалгахад овог нэр дэлгэрэнгүй бус 7, регистрийн дугаар буруу 21 зөрчил, Өөр аймаг хотын харъяалалтай 3, Хаяг дэлгэрэнгүй бус 172 зөрчлийг илрүүлсэн. Нийт 204 зөрчил илэрсэн. Хүчинтэй гарын үсэг хүрээгүй учираас бүртгэхээс татгалзах саналыг Сонгуулийн хорооны бүх гишүүдийн хурлаар оруулж шийдсэн. Захиргааны хэргийн шүүхэд шалгагдаж байх үед 2 хүний гарын үсэг хуурамч байхыг гарын үсэгийн шинжилгээний шинчээч томилоогүй учир хэрэг ийм шатандаа явж байна. 9 хүний гарын үсэг байна Б.Ц***гын өгсөн материалтай гарын үсэг зөрсөн байгаа гэв. Би Б.Ц***гын дэмжигч сонгогчдын бүртгэлд гарын үсэг зурааагүй гэж тодорхойлолт хийж өгсөн хүмүүсч байсан. Б.Цэдэндамба энэ хүмүүсийг 4 өдөр 25 000 төгрөгөөр ажиллуулсан гэж нэхэмжилж байгаа боловч бодит зардал дээр судалгаа хийхэд 38 хуудас бүхий дэмжигч сонгогчдын материалд 10 дугаар сарын 7-ны өдөр 144 иргэний гарын үсэг цуглуулсан байдаг. Мөн 8-ны өдөр 219 хүнээс гарын үсэг цуглуулсан байдаг. Нийт дэмжигчдийн саналыг 90 хувийг 7,8 өдөр цуглуулсан нь тогтоогдож байна. Иймд 2 өдрөөр ажиллуулсан гэж тооцох шаардлагтай байна. Бусад зардал гэдэгт нь юуны зардал болох нь мэдэхгүй тодорхойгүй байна. Бусад зардал гэж нэхэмжилж байгаа 430,000 төгрөг нотлох баримтаар нотлогдох ёстой. Энэ зураг дээр Дархан Сумын ОК гудамж байгаа юм. Энэ хэсэг нь хушаат , Хан хошуут гэсэн газрын зургийг үзүүлэв. Үүнийг тайлбарлахад 93 хувийг энэ газруудас цуглуулсан байгаа юм. Улаанаар тэмдэглэсэн нь 7-ны өдөр, цэнхэрээр тэмдэглэсэн нь 8-ны өдөр гарын үсэг цуглуулсан маршрут юм. Энэ зураг бол машстбатай зураг юм. Явсан замыг километрээр шилжүүлхэд 30 км явсан гэж гарч байгаа . Цэнхэрээр 8-ны өдөр 48 км явсан байгаа. Ширээ нуруунд 9 км явсан гэж тооцоолж байна. Нийт 79 км явсан гэж тооцож байна. Нийт км шилжихэд 79,5 км шинээс хуучин Дарханаас явсан 15 нэмэхэд 139 км явсан гэж үзэж байна. Иймд нэг литр түлшний ханшаар тооцоход 27,9 литр түлш гэж гарч ирж байна гэв. Ц*** нэхэмжлэл дээр 1,400,000 төгрөг тавьсан байгаа нь бодитой тооцоо гэдэгт эргэлзэж байна гэв. Хоолны зардал бензин авсан, бусад зардлуудын баримт хэрэгт байхгүй байна. Ямарч санхүүгийн баримтгүйгээр ийм их мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Ц***: Аймаг сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухайн хуулийн 13 дугаар зүйлийн 13.71-д таван гишүүний бүрэлдэхүүнтэй байна гэж заасан байдаг. Тунгалаг-Эрдэний хувьд бол дарга гэсэн утгаараа бусад гишүүдэд хөндлөнгөөс нөлөөлөх эрх үүрэг байдаггүй. Сонгуулийн хороо эрх хэмжээний хүрээнд асуудлыг шийдэхдээ хурлаар олонхын саналаар шийднэ гэж заасан байдаг гэв. Сонгуулийн хорооны бүх гишүүд хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. 3950,000 төгрөгийг нэхэмжилж байгаагийн 130 000 төгрөгийг Т***ноогдож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирлоо нотлох баримтаар нотлох үүрэгтэй. 4 өдөр ажилласан нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. Ямар Улсын дугаартай машин байсан нь мэдэгдэхгүй байна. Нэхэмжлэл нь доторхой нотлогдож байх ёстой. Энэ Д*** гэдэг хүн жолооч мөн эсэхийг нотлох ёстой. Үнэхээр нэхэмжилж байгаа бол бүх баримтаараа нотолж байгаад нэхэмжлэх шаардлагатай. Хохирол гарсан байж болно. Үүнийгээ нэхэмжлэгч нотлох үүрэгтэй. Нэхэмжилж байгаа 1 300 000 төгрөгиг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц*** нь хариуцагч Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдын Хурал болон хариуцагч Р.Э***, Г.Э*** нарт холбогдуулан гэм хорын хохирол 3,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Ц*** нь Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдын Хуралд Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар багт бие даан нэрээ дэвшүүлж, Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу тухайн аймгийн 379 дэмжигч, сонгогчийн гарын үсэг цуглуулсаныг Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооноос шалгаад, түүнийг бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь хэрэгт авагдсан Сонгуулийн хорооны 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаар тогтоолын хавсралт, нэр дэвшигч Б.Ц***гийн дэмжигч сонгосчдын бүртгэлд хийсэн судалгаа, Б.Ц***гийн дэмжигч, сонгогчдын бүртгэл, Дархан-Уул аймгийн Дархан сумын ***дугаар багийн байршлын зураг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэр дэвшигч Б.Ц*** нь нэр дэвшигчээр бүртгэхээс үндэслэлгүйгээр татгалзсан тухай гомдол гаргасаныг Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхээс хянан хэлэлцээд 2012 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2012 оны 10 дугаар сарын13-ны өдрийн 07 дугаар тогтоолын Б.Ц***д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, энэхүү шийдвэрийг хянасан Захирагааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 353 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна.
Дархан-Уул аймгийн сонгуулийн хорооноос Б.Ц***г нэр дэвшигчээр бүртгэхээс үндэслэлгүй татгалзаж хууль бус шийдвэр гаргаснаар нэхэмжлэгч Б.Ц***гийн сонгогдох эрх зөрчигдсөн нь тухайн үед сонгуулийг эрхлэн явуулсан эрх бүхий сонгуулийн орон нутгийн байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин хариуцагч Р.Э***, Г.Э*** нар нь аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн тухай хуулийн 28.7-д заасаны дагуу бие даан нэр дэвшигчийн дэмжигч-сонгогчдын мэдээлэл үнэн зөв эсэхийг нягтлан шалгаж, танилцуулсан ба нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах эсэх асуудлыг хамтын зарчмаар шийдвэрлэдэг тул хариуцагч Р.Э***, Г.Э*** нар дангаар хариуцлага хүлээх боломжгүй юм.
Нэхэмжлэгч Б.Ц*** нь сонгуульд бие даагчаар бүртгүүлэх зорилгоор Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу 379 дэмжигч-сонгогчдын гарын үсгийг зуруулах ажлыг 2012 оны 10 дугаар сарын 8, 9-ны өдрүүдэд явуулсан болон сонгогчийн нарын үсэг цуглуулахад ажиллуулсан хүмүүст ажлын хөлс болон унаа, шатахууны зардалд нийт 3,500,000 төгрөг зарцуулсан нь хэрэгт авагдсан ” бие даан нэр дэвшүүлэгч Б.Ц***г дэмжигч сонгогчийн гарын үсгийг 2012 оны 10 дугаар сарын 06-наас 10-ныг хүртэлх хугацаанд цуглуулахад ажилласан хүмүүст олгосон гарын үсэг бүхий баримтаар” нотлогдож байна.
Харин Б.Ц***гийн гарын үсэг бүхий “бусад зардалд 430,000 төгрөг” гэсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй бөгөөд уг мөнгийг хэрхэн юунд зарцуулагдсан нь ойлгомжгүй байгаа бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Ц*** нь 430,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсныг дурьдах нь зүйтэй.
Дархан-Уул аймгийн сонгуулийн хороог Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 93 дугаар тогтоолоор 2012 оны 12 сарын 11-ний өдрөөс үйл ажиллагааг нь дуусгавар болгож татан буулгаж шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасны дагуу Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хариуцагчаар татан оролцуулж хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7.1-д заасны дагуу сонгуулийн хороог татан буулгасан байх тул Дархан-Уул аймгийн сонгуулийн хорооны хууль бус шийдвэрийг улмаас учирсан хохиролыг Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хариуцах үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд хариуцагч Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдын хурлаас Б.Ц***г нэр дэвшигчээр бүртгэхээс үндэслэлгүйгээр татгалзсаны улмаас учирсан хохирол 3,520,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ц***д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 430,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч Р.Э***, Г.Э*** нарт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг баримтлан хариуцагч Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдын хурлаас 3,520,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б.Ц***д олгож, үлдэх 430,000 төгрөгийн шаардлага болон хариуцагч Р.Э***, Г.Э*** нарт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчэс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдын хурлаас улсын тэмдэгтийн хураамжид 71,270 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц***д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ
ШҮҮГЧИД Б.ЦОЛМОНБААТАР
Л.ОЮУНЦЭЦЭГ