| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2025/0308/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/328 |
| Огноо | 2025-12-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Азжаргал |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/328
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Азжаргал, шүүгдэгч У.О шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Азжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.О-д холбогдох эрүүгийн 2539000000299 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч У.О нь 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн ...... баг, Малчдын хорооны 2-1 тоотод хохирогч О.О “архи уухаа боль, архи харамласан” гэх зэргээр маргалдаж түүний толгой хэсэгт 2-3 удаа гараараа цохих, түлхэж унагааснаар хохирогч амбаар мөргөн унаж хөмсөгт шарх, хамрын доод хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2539000000299 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Э.Азжаргал: “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл: “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч У.О ы эрх ашгийг хамгаалж миний бие өмгөөлөгчөөр оролцож байна. Тухайн хэргийн үйл баримттай холбоотой гаргасан нотлох баримтыг судалж оролцохгүй, харин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно. Шүүхийн шатанд хохирогчийн зүгээс өгсөн хүсэлт, шүүхийн шатанд өгөх О ы гаргасан баримтуудыг шинжлэн судалж оролцоно” гэж байр суурийг тус тус илэрхийлсэн болно.
Шүүгдэгч У.О : “...үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ.
1.Шүүгдэгч У.О ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хэргийн үйл баримт нотлогдсон байна гэж дүгнэв. Үүнд:
-Хохирогч О.О-ны “...2025 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хөдөөнөөс гэртээ ирээд манай нөхөр болох Б болон найзуудын хамт 2 шил 0.75 литрийн Агар нэртэй архи хувааж уугаад сууж байтал гаднаас О ах орж ирээд бензингүй болчхоод байна мөнгө байна уу гэхээр нь би байхгүй гэж хэлсэн. Тэгтэл манай найз болох А надад хандан О ахад архинаасаа 1 хийгээд өгөөч гэхээр нь би архи дууссан, шавхруу үлдсэн байна гэж хэлээд хийж өгөөгүй. Тэгээд О ах бензин авна гэж хэлээд гараад явсан. Тэгээд архи дууссан болохоор манай найзууд харьж амарлаа гээд яваад өгсөн. Ингээд тухайн явдлаас хойш 30-40 минутын дараа гадаа амбаартаа нөхөртэйгөө хамт гар утас үзээд хэвтэж байтал О ах гаднаас орж ирээд яасан их архи харамладаг зэвүүн пизда вэ гэхээр нь би архи харамласан зүйл байхгүй угаасаа дууссан байсан гэж хэлтэл баруун гараараа миний толгой хэсэг рүү 2-3 удаа цохихоор нь би О ахыг аваад амбаараас гартал амбаарын гадаа намайг цохих гээд гараа далайхаар нь гараас нь бариад автал намайг гараараа түлхтэл би амбаарын булан хэсэгт толгойгоороо мөргөсөн. Тэгээд цус гарах шиг болохоор нь гараараа үзтэл миний зүүн хөмсөгний дээд талаас цус гарч байсан. Тэгэхээр нь би охиндоо хандан гэрээс гар утас аваад ир цагдаа дуудна гэтэл О явсан. Тэгээд эмнэлэг дээр очтол эмнэлгийн байгууллагаас цагдаа дуудсан... Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг нь сайн мэдэхгүй байна... Тухайн үед би нэлээн их архи уучихсан байсан... О бол манай нөхөр болох Болор-Эрдэнийн төрсөн ах юм... Тухайн үед архи харамласан гэж хэлээд намайг зодсон... Тухайн үед манай нөхөр болох Б байсан. Өөр хүн байгаагүй... Хуулийн дагуу шалгаж арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09 дүгээр тал),
-Насанд хүрээгүй гэрч О.Э-н “...Тухайн өдөр би аав болох О ы хамт хөдөө байж байгаад 17 цагийн үед сумын төв орж Б ахыг авчрахаар явсан. Тэгээд суманд Б ахынд очтол гэрт нь хүүхдүүд нь байсан ба Б ах эхнэрийн хамт амбаартаа танихгүй 2-3 хүний хамт архи уучихсан байж согтуу байсан. Аав Б ахад хандан хамт хөдөө явж хадлангаа авъя, хонь малаа хар гэж хэлтэл О эгч хажуугаас нь явуулахгүй гээд гараас нь барьчхаад тавихгүй байсан. Тэгээд аав О аа эгчид хандан тэгвэл боль чи миний дүүтэй хамт амьдарснаас хойш миний дүү архичин болсон гэж хэлтэл О эгч аавын гараас бариад автал аав гараа авах гээд таттал О эгч унахдаа амбаар мөргөөд унасан. Ингээд О аа эгч босож ирэхэд О аа эгчийн зүүн нүд дух хэсгээс нь цус гоожиж байсан. Тэгээд аав бид 2 мотоциклоо унаад гэр рүүгээ явсан... О нь тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дугаар тал),
-Гэрч Э.Г-н “...Тухайн өдөр би жижүүр эмч байсан бөгөөд 21 цаг өнгөрч байхад ээлжийн сувилагч гар утсаар залгаад зодуулсан хүн ирлээ гэхээр нь эмнэлэг дээр очсон. Тэгтэл О гэх зүс таних эмэгтэй байсан бөгөөд гаднаас нь харахад зүүн хөмсөгний дээд талд язарсан шархтай цус нь нөжирч хатсан мөн хамрын доод талд зулгарсан шархтай байсан. Тэгээд шархыг цэвэрлэхэд зүүн хөмсөгний дээд талын шарх нь 1,5 см гүнтэй, 1 см өргөнтэй байсан. Тухайн шарханд 2 оёдол тавьж боолт хийж эмийн эмчилгээ зөвлөж цагдаагийн байгууллагад зодуулсан хүн ирсэн талаар мэдэгдэж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар тал),
-Гэрч У.Б-н “...Тухайн өдөр манай найзууд ирээд 5-6 шил архи уугаад сууж байгаад архи дуусахаар нь амбаартаа хэвтэж байтал О ах хөдөө гэрээсээ ирэхээр нь би найзуудаа одоо яв гэж хэлээд явуулсан. Тэгтэл О ах үхсэнээ хийгээд архи уугаад энд байгаад байгаа юм хөдөө явж малаа хараач гэхээр нь би дуугүй байсан ба манай эхнэр болох О О ахад хандан та ч гэсэн архи уудаг биз дээ гэж хэлтэл О миний уух чамд хамаагүй гэж хэлтэл О амбаараас гарч очоод О ы гараас бариад автал О гараа татаад авах шиг болтол О амбаарын булан мөргөөд оочоод босож ирэхэд нь хартал зүүн нүдний дээд талаас нь цус гарч байсан. Тэгээд О цагдаа дуудна гээд яваад өгсөн. Харин О хөдөө гэр рүүгээ явсан...Хэрэглээгүй байсан... О бол нэлээн согтчихсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар тал),
-Насанд хүрээгүй гэрч Б.Х-н “...Тухайн өдөр 17 цагийн үед манай аавын найзууд гээд хүмүүс Хэнтий бригадаас ирсэн. Тэгээд аав ээж тэр 2 хүний хамт хажуу талынхаа амбаарт архи ууж байсан. Яг ямар архи хэр их уусныг нь бол мэдэхгүй байна. Тэгээд 19 цагийн үед би гэрийнхээ гадаа тоглож байтал О ах гаднаас хүү болох Э-н хамт орж ирээд манай аав ээжийн байсан амбаар луу очиж та 2 одоо архи уухаа болих болоогүй юм уу хөдөө хурдан яв гэж хэлээд бензин авахаар явсан. Тэгээд аав ээжтэй хамт архи ууж байсан хүмүүс бас яваад өгсөн. Ингээд гэртээ ороод байж байтал 1 цаг орчмын дараа мотоциклтой хашааны гадна талд ирсэн. Тэгээд аав ээжийн байгаа амбаар руу явж байсан хүү нь болох Энэрлэн гэрт орж ирээд бид 2 хамт утсаар бичлэг үзэж байтал 10 орчим минутын дараа О ах чанга хашхираад байхаар нь би гэрээсээ гараад хартал О ах амбаарын үүдэнд хашхираад байсан. Тэгэхээр нь би гэрт буцаж ороод гар утсаа тавиад гарч ирээд амбаар руу Э хамт очъё гэхэд айгаад байна очихгүй гэхээр нь би ганцаараа очтол ээж амбаар дотроо сууж байсан ба О ах ээжийг баруун гараараа нүүр хэсэгт нь 2-3 удаа цохисон. Тэгээд ээж надад хандан гэрээс гар утас аваад ир гэхээр нь би гэр рүү гүйж ороод гар утас аваад буцаад гараад иртэл О ах ээж 2 гадаа гарч ирчихсэн байсан ба гараараа ээжийг түлхэхэд ээж эргэж хараад унахдаа амбаарын булан мөргөсөн. Тэгээд ээж босож иртэл зүүн нүдний хөмсөг хэсгээс нь цус гарсан байсан. Тэгээд ээж цагдаа дуудна гэтэл О ах Өмнөдэлгэрийн цагдаа надад үйлчилдэггүй гэж хэлсэн. Ингээд тэр 2 нэлээн хэрэлдэж байгаад О ах бензин авна гээд явсан...О нь тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хэр их хэрэглэсэн байсныг нь бол мэдээгүй. Хүү болох Энэрлэнгээс асуухад уугаагүй гэж хэлсэн...О нь тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгэхдээ нээх согтоогүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал),
-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Чанцалдуламын 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 482 дугаартай “1.2.О.О-ны биед хөмсөгт шарх, хамрын доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хоёр удаагийн үйлдлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Хөмсөгт шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Хамрын доод хэсэгт зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул тус журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал),
-Шүүгдэгч Э.О ы яллагдагчаар өгсөн “...Би 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд хөдөөнөөс сумын төв рүү мотоциклтойгоо ирээд буцаад хөдөө явах гэсэн чинь бензингүй болоод бензиний мөнгөгүй байсан болохоор төрсөн дүү Болор-Эрдэнийнх рүү очиж бензиний мөнгө авах гэсэн чинь манай дүү найзуудтайгаа архи уугаад байж байсан. Тэгэхээр нь би архи дарс уухаа болиоч та нар гээд уурласан чинь эхнэр О нь надтай маргалдсан. Тэгээд би уурлаад гэрээс нь гараад явсан. Гэрээс нь гарч явахдаа бензинийхээ савыг гэрт нь үлдээгээд гараад явчихсан байсан. Тэгээд гараад өөрөө бензин олоод гэрт нь очоод саваа авах гэсэн чинь О нь над руу агсарч дайраад байсан. Тэгээд би чи цаашаа бай гээд түлхсэн чинь өөрөө очоод амбаар мөргөсөн. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дугаар тал) зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч нь 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн ...... баг, Малчдын хорооны 2-1 тоотод хохирогч О.О “архи уухаа боль, архи харамласан” гэх зэргээр маргалдаж түүний толгой хэсэгт 2-3 удаа гараараа цохих, түлхэж унагааснаар хохирогч амбаар мөргөн унаж хөмсөгт шарх, хамрын доод хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл, гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаар дээрх гэмт хэргийн шинжийг хангана.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч У.О нь хохирогч О.О-ны эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, биед хөмсөгт шарх, хамрын доод хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч У.О нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч С.О ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч У.О тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогчийн нүүрэн тус газарт цохих, түлхэх идэвхтэй үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд дээд хөмсөгт шарх, хамрын доод хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч У.О ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч О.О аас “...миний бие У.О д гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...сэтгэцэд учирсан хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй...” гэх нотариатаар батлуулсан хүсэлтийг ирүүлсэн байх тул энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзлээ.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас: Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, түүний цагдан хоригдсон 2 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, нийт 16 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх ялаас хасаж тооцох саналтай” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, эрүүл мэндийн байдал, ар гэрийн байдал, хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хуульд заасан хөнгөн ял оногдуулж өгөөч гэсэн санал хүсэлтийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулж өгөөч гэсэн саналтай байна. Тухайн үйлдлийн улмаас хохирогчийн биед зөөлөн эдийн гэмтэл учруулсан. Хохирогчийн биед учирсан гэмтэл эдгэрсэн. Хэвийн байдалдаа орсон байгаа. Хохирогчийн эрх ашгийн зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй гэдэг асуудлыг хэлсэн байгаа. Хувийн байдлын хувьд О шүүхийн шатанд ч тэр прокурорын шатанд ч тэр архи ууж асуудал гаргасан байсан. Гэхдээ хувь хүний хувьд болохоор архи дарс хэрэглэдэг асуудалтай хүн үү гэхэд тийм хэцүү хүн биш, өөрийн гэсэн амьжиргааны хэдэн малтай. Малынхаа үр шимээр 2 хүүхдээ тэжээдэг аав хүн байгаа. Өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа нөхцөл байдал, хохирогчийн санал зэргийг харгалзан үзээд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч У.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Ялтнаар торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.О ы цагдан хоригдсон 2 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй төгрөгөөр тооцож, нийт 30,000 төгрөгийг түүнд оногдуулсан торгох ялаас хасаж тооцох нь зүйтэй байна.
Бусад шийдвэрийн талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүхээс шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч У.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.О ыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.О д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.О ы цагдан хоригдсон 2 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй төгрөгөөр тооцож, нийт 30,000 (гучин мянга) төгрөгийг түүнд оногдуулсан торгох ялаас хасаж тооцсугай.
5.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН