Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2013 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 579

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 171/2012/2109/И

    Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар баг ** дүгээр хороолол ** байрны ** тоотод оршин суух Д*** овогт С.Б*** /утас ***/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар баг, Мангирт хороо, ** байранд байрлах “ДШБ***” ХХК-д холбогдох
8 750 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н***,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгсбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
    “С.Б**миний бие 40 000 айлыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул  аймгийн нутагт баригдах ** дугаар хорооллын барилгын захиалганд 3 өрөө орон сууц худалдаж авахаар “ДШБ***” ХХК-тай 2008 он7 сарын 22-нд орон сууц худалдах, худалдан авах № 72 тоот гэрээ байгуулж, 2008 оны 7 сарын 22-нд 17 500 000 төгрөгийг Кампитал банкин дахь “ДШБ***” ХХК-ний дансанд тушаасан.
Гэтэл гэрээнд заасан хугацаа болох 2008 оны 12 сарын 25-нд барилга ашиглалтанд орох ёстой байтал ороогүй өнөөдрийг хүрсэн билээ. Дархан Улаанбаатар хоёрын хооронд олон ч удаа явж байж үндсэн мөнгөө цувуулан авсан боловч алдангийг өгөхгүй шүүхдээд ав гэсэн тайлбар өгдөг.
Гэрээний 3.2-т “Орон сууц ашиглалтанд орох хугацаа хойшилсон тохиолдолд хэтэрсэн хоног тутамд нийт хийгдсэн төлбөрийн 0,1 % тэнцэх алдангийг тооцож худалдан авагчид төлнө” гэж заасан. Иймд дараахи байдлаар алдангийг тооцож авах эрхтэй гэж үзэж байна. Үүнд: 
Нийт хийгдсэн төлбөр 17 500 000 төгрөгнөөс 2010 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 2 000 000 төгрөг, 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 15 500 000 төгрөг “ДШБ***” ХХК-аас авсан. 2008 оны 12 дугаар сарын 25-аас 2010 оны 04 дүгээр сарын 12-ны хоорондох алданги тооцох хоног 472 хоног, нийт хийгдсэн төлбөр 17 500 000*0.1%=17500 /1 хоног/, 472*17500 төгрөг=8 260 000 төгрөг
2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2010 оны 10 дугаар сарын 13-ны хоорондох алданги тооцох 181 хоног, нийт төлбөр 17 500 000-2 000 000/авсан/=үлдэгдэл төлбөр 15 500 000 төгрөг, 1 хоногын алданги 15 500 000*0.1%=15 500, 181 хоног*15 500=2 805 500 төгрөг, нийт алданги 8260 000+2 805 500=11 065 500 төгрөг болж байна.
Гэвч Монгол улсын иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-аас хэтэрч болохгүй “ гэж заасан байдаг тул нийт хийгдсэн төлбөр болох 17 500 000 төгрөгийн 50% буюу 8 750 000 төгрөгийг нэхэмжэлж байна. 
Иймд гэрээний үүрэг биелүүлээгүйн алданги 8 750 000 төгрөгийг “ДШБ***” ХХК-иас гаргуулж өгнө үү” гэжээ.
    Нэхэмжлэгчийн 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр  шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Нэхэмжлэгч С.Б*** нь “ДШБ***” ХХК-аас гэрээний алданги болох 8 750 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 
    Гэтэл хариуцагч “ДШБ***” ХХК-аас иргэн С.Б***ын нэрийн өмнөөс ирсэн Б*** алданги тооцож авахгүй тухай өргөдөл бичиж авсан учир Болортуяаг гэрчээр байлцааж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч С.Б***, хариуцагч “ДШБ***” ХХК нарын хооронд байгуулагдсан 2008 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн №72 тоот “Орон сууц худалдах, худалдан авах” гэрээнд иргэн Болортуяа нь ямар ч хамаагүй этгээд бөгөөд уг гэрээний аль нэг тал нь биш юм. Мөн С.Б*** нь иргэн “ Б*** өөрийн нэрийн өмнөөс аливаа үйлдэл хийх эрх, итгэмжлэл олгоогүй. Иймээс иргэн Б*** мэдүүлэг нь энэхүү хэрэгт онцын ач холбогдолгүй гэж үзэж байна. Мөн хариуцагч “ДШБ***” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх үзэх шалгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, мөн шүүх хуралдааны хойшлуухах тухай хүсэлт гаргаагүй байх тул ИХШХШТ хуулийн 100  дугаар зүйлийг 100.3-т заасны дагуу  хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

    Хариуцагч “ДШБ***” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон хүсэлтдээ: 
“ДШБ*** ХХК нь орон сууц барихаар иргэдээс захиалга авч эхэлсэн боловч хөрөнгө оруулалтын нөхцөл байдлаас шалтгаалан уг орон сууцыг барьж чадахгүй байсан бөгөөд энэ учир шалтгааны улмаас 2010 оны 4,5 дугаар сарын үед  , “ДШБ***” ХХК-ний байрлаж байсан Дархан сумын ** дугаар багийн микрийн районд байрлах компанийн байранд өгсөн мөнгөө буцааж авсан юм. Энэхүү урьдчилгаа төлбөрөө буцааж авахдаа энэ төлбөрөөс хохирол, алданги тооцож авахгүй гсэн хүсэлтээ бичиж өгсөн юм. Энэ хүсэлтийг манай компани бичиг баримтад шүүж үзэхэд олдохгүй байна. Гэвч энэ хүсэлтийг гаргасан гэдгийг “ДШБ***” ХХК-ийн нягтлан бодогч О.Д*** /утас ****/, Дархан-Уул аймгйин Дархан сумын **- баг **тоотод оршин суугч С*** /утас ***/, Дархан-Уул аймгийн Дархан сумын Шинэ хороолол, **тоотод оршин суугч Х*** /утас ****/ нар нотолж байгаа болно. Иймд эдгээр иргэдийг уг хэрэгт гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авч өгнө үү.
Манай компани **** тоот регистрийн дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр баг, ** дугаар хороолол, **тоотод оршин суугч Б*** овгийн Б.Б***2008 оны 08 дугаар сарын  07-ны өдрийн **тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулснаар / Энэ гэрээний нотириатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргав. Иргэн Б.Б***нь манай компанийн харилцагч  болсон ба мөн түүнчлэн 2008 оны 11 дүгээр сарын 28, 2010 оны 10 дугаар сарын 11-ны өдөр тус тус өргөдөл гаргаж /Эдгээр өргөдлийн хуулбарыг хавсаргав/ байсан юм. Эдгээр өргөдлүүдийг Б.Б***өөрөө бичсэн бөгөөд Б.Б***г өргөдөл бичих үед С.Б**өргөдөл бичихийг утсаар гуйж түүгээр бичүүлсэн манай компанид өгч байсан. Болохыг иргэн О.Д***р гэрчилж байгаа юм. О.Д***г энэ хэрэгт гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан ч энэ хүсэлтийг хангахаас шүүгч татгалзсан бөгөөд хэргийн нөхцөл байдлыг тодруулах бололцоогүй юм. 
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 оны 5  дугаар сарын 05-ны өдрийн 48 тоот шинжээчийн дүгнэлтээр 2010 оны 10 дугаар сарын сарын 11-ний өдрийн өргөдлийг С.Б*** бичээгүй болохыг тогтоосон учраас энэ өргөдлийг Б.Б***бичсэн эсэх, хэрвээ бичсэн бол ямар зорилгоор яах гэж бичсэн. Энэ өргөдлийг бичихэд нэхэмжлэгч С.Б*** хүсэл сохирхолоо илэрхийлсэн эс үйлдэл байсан эсэх зэргийг тодруулах зайлшгүй шаардлагтай байгаа тул иргэн Б.Б*** гэрчээр дуудаж түүнээс мэдүүлэг авахуулах хүсэлтэй байна. Иймд хүсэлтийг хангаж өгнө үү”.
Нөгөө талаар Иргэн С.Б*** хохирол, алданги нэхэмжлэхгүй гэж хүсэлтээ гаргасан тул манай компани уг алдангийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.
    

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                       
ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч С.Б*** нь ДШБ*** ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйн алданги 8,750,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч С.Б*** нь 40 айл орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд Дархан сум ** дугаар хороололын барилгын захиалгад 3 өрөө орон сууц худалдан авахаар хариуцагч  ДШБ*** ХХК-тай 2008 оны 07 дугаар сарын 22-нд орон сууц худалдах, худалдан авах тухай №72 дугаартай гэрээ байгуулжээ.
Нэхэмжлэгч С.Б*** нь гэрээд заасаны дагуу 2008 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Капитал банкин дахь ДШБ*** ХХК-ийн дансанд 17,500,000 төгрөгийг шилжүүлсэн нь хэрэгт авагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Капитал банкны орлогын мэдүүлэг, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хариуцагч ДШБ*** ХХК болон нэхэмжлэгч С.Б*** нарын хооронд байгуулагдсан 2008 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаартай гэрээний Гуравын 3.1-д ”... 3 давхрын 87,77 м кв орон сууцыг иж бүрэн, чанар сайтай барьж 2008 оны 12 дугаар сарын 25-нд багтаан худалдан авагчид хүлээлгэн өгөхөөр” заажээ.
Гэвч хариуцагч ДШБ*** ХХК нь гэрээнд заасан хугацаанд буюу 2008 оны 12 дугаар сарын 25-нд захиалгын 3 өрөө орон сууцыг бэлтгэн нийлүүлэх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэгч С.Б*** нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасан журмын дагуу нөгөө талдаа гэрээ цуцлах тухай мэдэгдэж, гэрээнээсээ татгалзаж, өгсөн мөнгөө эргүүлэн авсан бөгөөд энэ талаар зохигччид маргаагүй байна. 
Хариуцагч  ДШБ*** ХХК нь орон сууц барихаар иргэдээс захиалга авч эхэлсэн боловч хөрөнгө оруулалтын нөхцөл байдлаас шалтгаалан орон сууц барьж чадахгүйн улмаас захиалга өгсөн иргэдийн урьдчилгаа төлбөрүүдийг буцааж өгсөн тухай  тайлбар гаргаж байгаа нь хариуцагч ДШБ*** ХХК-ийг гэрээний хугацаа хэтрүүлсэн гэм буруугийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ДШБ*** ХХК-иас “нэхэмжлэгч С.Б*** байрны урьдчилгаа төлбөрийг буцаад авахдаа хохирол, алданги тооцохгүй тухай хүсэлт бичиж өгсөн” тухай тайлбар ирүүлсэн боловч нотлогдохгүй байна.
Шүүхээс хариуцагч ДШБ*** ХХК-ийн хүсэлтийн дагуу шинжээч томилж, “ДШБ*** ХХК-д гаргасан 2010.10.11-нд бичсэн гар бичмэлийн гарын үсэг”-ийг шинжлүүлэхэд нэхэмжлэгч С.Б*** бичээгүй болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 48 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ. /хх-ийн 130-131 дугаар тал/.
Хариуцагч ДШБ*** ХХК-иас “ манай харилцагч Б.Б***нь хариуцагч С.Б***ын хүсэлтийн дагуу манай компанид өргөдөл бичиж өгсөн болохыг О.Д*** гэрчилдэг” гэсэн тайлбарыг ирүүлж, түүнээс гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлт гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй байх тул хангахаас татгалзах нь зүйтэй байна. Учир нь байрны урьдчилгаа төлбөрийг буцаад авахдаа хохирол, алданги тооцохгүй тухай өргөдөлд нэхэмжлэгч С.Б*** гарын үсэг  зураагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байна.     
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз  нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын Нийт дун гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар хэтэрсэн хугацааны алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн байх тул 1 750 000 төгрөгийн 50 хувь болох 8 750 000 төгрөгийг хариуцагч “ДШБ***” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч С.Б***т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч ДШБ*** ХХК-нд шүүх хурлын товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч  талаас хэргийг түүний эзгүйд хянан хэлэлцэх талаар хүсэлт  гаргасан зэрэг байдлыг харгалзан шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч  “ДШБ***” ХХК-иас нийт 8 750 000 / найман сая долоон зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Б***т олгосугай.  

2. Хариуцагч ДШБ*** ХХК-ийн “О.Д***гаас гэрчийн мэдүүлэг авахуулах тухай” хүсэлтийг хангахаас татгалзсаныг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Б***аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,410 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч  ДШБ*** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 154,410 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б***т олгосугай. 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ЭНХЖАРГАЛ