| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2025/0294/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/331 |
| Огноо | 2025-12-05 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Амгалан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/331
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалан, хохирогч Г.М , хохирогчийн өмгөөлөгч С.Нарангэрэл, иргэний нэхэмжлэгч Л.Б , шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг, шүүгдэгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.С-т холбогдох эрүүгийн 2539001560296 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.С нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн .... сумын .... баг .... гэх газар Toyota Prius-20 маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Жолооч, гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэх аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгааг анхаарч мэдсэн байвал зохино. 13.2. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно. А.Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул учруулахаар байвал гэх заалтыг хэрэгжүүлэлгүй зөрчиж эсрэг урсгалаар хөдөлгөөнд оролцож байсан ..... улсын дугаартай Toyota Fielder маркийн тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас тухайн Тээврийн хэрэгслийн жолооч М.М-н эрүүл мэндэд элэгний 6, 7-р сегментийн задарсан шарх, хэвлий хөндий дэх цусан хураа /2800 мл/, аюулхайд цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
1.1.Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлтдээ:
Улсын яллагч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Б.С нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч Б.С -н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэж,
Хохирогчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ “...хохирогчийн хохирсон эрх ашгийг хамгаалж, хохирлоо нэхэмжилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр сууртай оролцоно. Хохирогчид болон иргэний нэхэмжлэгчид учирсан шууд хохирол, хор уршгийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчээс нэхэмжилж байна” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ “...Хэрэгт шинээр шүүгдэгч Э.С-н өрх толгойлон 4 хүүхдийн хамт амьдардаг талаарх багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргийг гаргаж өгнө. Хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14-т заасан үндэслэл байгаа тул шүүх хуралдааныг 60 хүртэлх хоногоор хойшлуулах байр суурьтай оролцоно. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоогоогүй, тодруулбал, зам тээврийн осолд орсон жолооч замаа чөлөөлж зогсоогүйн улмаас шүүгдэгч саадыг тойрч гарах үйлдэл хийх явцад энэхүү зам тээврийн осол гарсан. Шүүгдэгч бага боловсролтой бичиг үсэг мэдэхгүй байхад өмгөөлөгчөөр хангагдаагүй. Гэрч н.Мөнх-Эрдэнийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асууснаас биш мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр асуугаагүй, өмгөөлөгч Бадамгэрэл хүсэлт гаргаж уг хүсэлтийг бүрэн хангасан атлаа хүсэлтэд дурдсан зарим ажиллагаа хийгдээгүй байна” гэж тус тус дүгнэлт, тайлбараа гаргажээ.
1.2.Эрүүгийн 2539001560296 дугаартай хэргээс талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хавтаст хэргээс:
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, замын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( I хавтаст хэргийн 08-11 дүгээр тал),
-Хохирогч М.М-н “...Тухайн өдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу 17 цагийн үед л хөдөлсөн байх. Тэгээд замд явж байхад .... сум дөнгөж өнгөргөөд л явах замд миний өөдөөс маш хурдтай машин шууд урсгал сөрж гарч ирээд миний машинтай мөргөлдчихсөн. Мөргөлдөөд зам дээр зогссон. Миний хажуу талын суудал дээр миний охин Х арын суудал дээр Шинэхэрлэн 2 сууж явсан. .... сум дөнгөж өнгөрөх замд миний эсрэг урсгал дээр 2 машин мөргөлдчихсөн зам тээврийн осол гарчихсан байсан. Тэр машинуудыг би зөрж өнгөрөх гээд хажуу талд нь явахад өөдөөс урсгал сөрөөд машин гарч ирээд миний машинтай мөргөлдөөд зогссон... Би эрүүл байсан... Би машин жолоодох эрхийн үнэмлэхтэй... Машинууд эсрэг урсгалд мөргөлдчихсөн байсан болохоор би хажуугаар нь зөрж өнгөрөхийн тулд хурдаа хасаад 45км/ц хурдтай явж байсан.... Би бол урсгал сөрөөгүй. Өөрийнхөө урсгалд л явж байхад 19, 20 цагийн үед осол болсон... Энэ тээврийн хэрэгсэл нь миний нөхөр болох Батхүүгийн нэр дээр байдаг тээврийн хэрэгсэл байгаа юм... Би сэтгэл санааны хохирол мөн адил нэхэмжилнэ... Би маш их гомдолтой байна. Эрүүл мэнд болон эд хөрөнгөөрөө хохирчхоод байгаа... Миний бие одоо хүртэл өвдөж байгаа. Хагалгаа маань одоог хүртэл эдгэрэхгүй байнга л эмнэлгээр явж байгаа. Эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө маш их хохирчхоод байна” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 14-1 .... тал),
-Хохирогч М.Х гийн “...Тухайн өдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 16 цаг 30 минутын үед манай ээж болох М жолоо бариад би урд талын зорчигчийн суудал дээр суугаад, арын суудал дээр манай төрсөн эгч болох Шинэхэрлэн ганцаараа сууж явсан. Бид 3 ..... улсын дугаартай хар өнгийн fielder маркийн тээврийн хэрэгсэлтэй Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу хөдөлсөн. Тэгээд би Хэнтийгээс гараад л шууд унтчихсан байсан. Тэгээд унтаад явж байсан чинь ээж хажууд “яанаа” гээд хашгираад байж байсан. Би тэгээд нүдээ нээгээд харахад машины урд талын шил хагарчихсан жолоочийн аюулын дэр бас гараад ирчихсэн, машины урд талаас утаа гараад байж байсан. Ингээд бодож үзэхэд би осол болж байхад унтаж байсан, юу болсон талаар юу ч мэдэхгүй байгаа. Хэнтий аймгийн .... сумын ойролцоо 19, 20 цагийн үед осол гарсан, юу болсон талаар би мэдэхгүй байгаа... Би болон манай эгч Шинэхэрлэн бид 2 суудлын бүсээ зүүгээгүй байсан. Ээжийг бүс зүүсэн үгүй талаар би мэдэхгүй байна. Хэнтий аймагт ажил явдалд ороод тэгээд М болох манай ээж эгч бид 2-ыг аваад хот руу гарч байсан. Манай ээж бол ажил явдалд оролцоогүй. Ер нь эгч бид 2 ээжтэйгээ нээх холбоотой байгаад байдаггүй. Жаахан хөндий байдаг хүмүүс байгаа юм... Манай ээж архи уугаад байдаг хүн биш. Тухайн өдөр эгч бид 2-ыг хот руу авч явна гээд хүлээгээд л гэртээ байж байсан. Тухайн үед бас би хэр хурдан явж байсныг мэдэхгүй байна. Хэнтий аймгаас гараад л шууд унтчихсан байсан... Би сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ... Би маш их гомдолтой байна. Би нүүрэндээ маш том сорвитой болсон миний гоо сайхан маш ихээр алдагдсан. Би байнга хүмүүстэй харьцдаг ажил хийдэг болохоор эмэгтэй хүний хувьд маш хэцүү байна. Бас би гэмтлийн зэрэг гаргуулсан шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй дахин шинжээч томилуулж дүгнэлт гаргуулмаар байна.” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 19-20 дугаар тал),
-Иргэний нэхэмжлэгч Л.Б гийн “...Уг тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Би ..... улсын дугаартай хар өнгийн Toyota fielder маркийн тээврийн хэрэгслийг 2024 оны 10 дугаар сарын сүүлээр би цалингийн зээл 18 сая төгрөг аваад 15 саяар тухайн машиныг Улаанбаатар хотоос авч өөрийн нэр дээр шилжүүлсэн... Би гомдолтой байна. Энэ болсон зам тээврийн ослоос болоод миний шинэ машин болон эхнэр хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан байгаа. Би машины үнэ болох 12 сая төгрөгийн нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 32-33 дугаар тал),
-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ц.Тунгалагтамирын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 110 дугаартай “...1.М.Ш-н биед тархи доргилт, зүүн мөр, баруун, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны зүүн талд хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (I хавтаст хэргийн 41-42 дугаар тал),
-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ц.Тунгалагтамирын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 111 дугаартай “...1.М.М-н биед элэгний 6,7-р сегментийн задарсан шарх, хэвлий хөндий дэх цусан хураа /2800 мл/, аюулхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 4.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (I хавтаст хэргийн 60-62 дугаар тал),
-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ц.Тунгалагтамирын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 112 дугаартай “...1.М.Х гийн биед тархи доргилт, зүүн хөмсөгний дээд талд шарх, зөөлөн эдийн няцрал, толгойн ар хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, зүүн нүдний эргэн тойронд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (I хавтаст хэргийн 74-7 .... тал),
-Бодит үнэлгээ ХХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШД-183 дугаартай “... ..... улсын дугаартай Corrolla Fielder маркийн тээврийн хэрэгслийн хохирлын зах зээлийн үнэлгээ 10,535,000 төгрөг...” гэх дүгнэлт (I хавтаст хэргийн 83-89 дүгээр тал),
-Бодит үнэлгээ ХХК-ийн 2025 оны .... сарын 30-ны өдрийн 2025/ШД-253 дугаартай “... .... улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийн хохирлын зах зээлийн үнэлгээ 3,495,000 төгрөг...” гэх дүгнэлт (I хавтаст хэргийн 101-10 .... тал),
-Бодит үнэлгээ ХХК-ийн 2025 оны .... сарын 20-ны өдрийн 2025/ШД-234 дугаартай “...Iphone 15 маркийн гар утасны дэлгэц, тагны зах зээлийн үнэлгээг 620,000 төгрөг...” гэх дүгнэлт (I хавтаст хэргийн 119-122 дугаар тал),
-Хэнтий аймгийн Автотээврийн төвийн 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 31 дугаартай “...1.Toyota Fielder маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ослын үед үүссэн кузов, рам хэв гажилтад орсон, Урд их гэрлүүд хагарсан, Урд гупер хагарсан, Хөндлөн панел хэв гажилтад орсон, Копут хэв гажилтад орсон, Урд шил хагарсан, Радиатор, хөргөлтийн системийн радиатор чихэгдэж гэмтсэн, Баруун урд кирлон хэв гажилтад орсон, Аваарын дэрнүүд гарсан, Салон задарсан, Паарны сэнс цөмөрч гарч ирсэн, Баруун талын толь хагарсан, Шил арчигчийн сав хагарсан, Обуд хагарсан, Амортизотр гулзаасан, Тайг шарьнер гулзаасан, Доод гар гажсан, Цахилгааны утас гэмтсэн, Цахилгаан мотор хагарсан, Моторын лап тасарсан, Дугуй хагарсан, 2.Тухайн тээврийн хэрэгслийн гэмтэл нь ослын улмаас үүссэн” гэх дүгнэлт (I хавтаст хэргийн 95-96 дугаар тал),
-Мөрдөгчийн 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “...1....... улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э овогтой С / нь: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 13.1.Жолооч, гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэх аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгааг анхаарч мэдсэн байвал зохино. 13.2.Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно. А.Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул учруулахаар байвал гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол болсон байна. 3. ..... улсын дугаартай Toyota Fielder маркийн тээврийн хэрэгслийн жолооч Мөнхбаатар овогтой М /СШ79011901/ нь: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна” гэх магадалгаа (I хавтаст хэргийн 111-112 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний ерөнхий газар Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн ДОР0825/021 дугаартай “1.Мөнхбаатар овогтой М /РД: СШ79011901/-ийн сэтгэцэд дээрх гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. 2.Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. 3.Цаашид сэтгэлзүйн зөвлөгөө заслын тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай” гэх дүгнэлт (I хавтаст хэргийн 129-131 дүгээр тал),
-Гэрч М.М зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 18 цагийн орчимд .... сумын Дашваанжил колонкийн зүүн талд машинтай шүргэлцээд урагшаа эсрэг урсгалд зогсоод цагдаад дуудлага өгөөд ослын газраасаа хөдөлж болохгүй гэж бодоод шүргүүлсэн газраа зогсоод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулаад зогсож байсан. Тэгсэн цагаан Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь миний машины урд хаалганы харалдаа ирээд явж байтал урд талаас Улаанбаатар чиглэлтэй яваа хар өнгийн жижиг тэрэг хурдтай орж ирээд мөргөлдөж зам тээврийн осол гаргасан... Би замын зүүн талд зогсож байсан... Тухайн тээврийн хэрэгслийн урд хамар хэсэг нь замын голын цагаан зураас давсан байсан. Би яг хажууд нь хараад зогсож байсан...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 147-148 дугаар тал),
-Авто тээврийн Үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа (I хавтаст хэргийн 184, 187 дугаар тал),
-Шүүгдэгч Э.С-н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 198-199 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг,
Хохирогчийн өмгөөлөгч хавтаст хэргээс:
-Бодит үнэлгээ ХХК-ийн үнэлгээтэй холбоотой зардлыг иргэний нэхэмжлэгчээс төлсөн талаарх баримт (I хавтаст хэргийн 81 дэх тал),
-Ачилтын хөлс төлсөн баримт (I хавтаст хэргийн 82 дахь тал),
-Шинжээчийн дүгнэлт (I хавтаст хэргийн 83-89 дэх тал),
-Бодит үнэлгээ ХХК-ийн үнэлгээ гар утасны үнэлгээ (I хавтаст хэргийн 119-122 дахь тал),
-Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлт (I хавтаст хэргийн 129-131 дэх тал),
-Гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролтой холбоотой баримтууд (I хавтаст хэргийн 171-177 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтаст хэргээс:
-Шүүгдэгч Э.С-н гэрчээр өгсөн “Дашваанжил газ колонкийн ойролцоо явж байтал миний явж байсан урсгалд миний өөдөөс нэг хар өнгийн тээврийн хэрэгсэл хараад зогсож байсан. Тэгэхээр нь би тухайн тээврийн хэрэгслийг тойрч гарах гээд эсрэг урсгалдаа ороод миний урд явж байсан тухайн машиныг мөн тойрч гарч байсан машины араас дагаад гартал миний өөдөөс эсрэг урсгалд маань машин явж байх таараад тэгээд миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл урдаас ирж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн…” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 23-24 дэх тал),
-Гэрч М.М зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (I хавтаст хэргийн 147-148 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.
1.3.Шүүхээс хэргийн талаар тогтоосон үйл баримт нотлох баримтын үнэлгээ:
1.3.1.Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход Э.С нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн .... сумын .... баг .... гэх газар Toyota Prius-20 маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.2, 13.2.А-д заасныг тус тус зөрчсөний улмаас М.М-н жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан ..... улсын дугаартай Toyota Fielder маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргажээ.
Энэхүү үйлдлийн улмаас ..... улсын дугаартай Toyota Fielder маркийн тээврийн хэрэгслийн жолооч М.М-н эрүүл мэндэд элэгний 6,7-р сегментийн задарсан шарх, хэвлий хөндий дэх цусан хураа /2800 мл/, аюулхайд цус хуралт гэмтэл бүхийн хүнд хохирол учирчээ.
Дээрх хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч М.М-н мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ц.Тунгалагтамирын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 111 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн магадалгаа, гэрч М.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг зэрэг баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
1.4.Хэргийн үйл баримтад хийсэн хууль зүйн дүгнэлт:
1.4.1.Прокуророос шүүгдэгч Э.С-т холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний биед хүнд хохирол учруулсан” гэж зүйлчилсэн нь зөв, тохирчээ.
1.4.2.Шүүгдэгч түүний өмгөөлөгч нараас хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй.
Харин гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг бүрэн дүүрэн тогтоогоогүй, гэрчийг мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин асуугаагүй, шүүгдэгч бага боловсролтой, бичиг үсэг мэдэхгүй гэх нөхцөл байдлын улмаас өмгөөлөгчөөр хангагдах байтал уг ажиллагаа хийгдээгүй гэх агуулгаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 60 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулах хүсэлт гаргасан бөгөөд улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нараас “шүүх хуралдааныг хойшлуулах хууль зүйн үндэслэлгүй, шүүх хуралдааныг хойшлуулж ямар нэмэлт ажиллагаа хийлгэх нь тодорхойгүй, ач холбогдолгүй” гэж мэтгэлцсэн бөгөөд улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан санал үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан болно.
1.4.3.Шүүгдэгч Э.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.“Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 13.1 Жолооч, гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэх аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа анхаарч мэдсэн байвал зохино., 13.2. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно. А.Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул учруулахаар байвал” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болжээ.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын талаар тогтоосон хэм хэмжээг санаатай зөрчихдөө учирч болох хохирол, хор уршгийг мэдээгүй, эсхүл гаргахгүй гэж өөртөө найдсан гэм буруугийн холимог хэлбэртэй байдаг.
Хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч нь зам дээр осол гарсан байсныг мэдсэн, уг саадыг тойрч гарахаа мэдэж эсрэг урсгал руу орохдоо өөдөөс тээврийн хэрэгсэл ирж байгаа эсэхийг нягталж, хэрэв өөдөөс тээврийн хэрэгсэл ирж байвал явж өнгөрсний дараа саадыг тойрч гарна гэдгийг мэдсээр байж хохирол, хор уршиг учруулахгүй байж чадна гэж тооцож өөртөө найдсанаас уг осол гарсан.
Энэхүү Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн санаатай үйлдлийн улмаас хохирогч М.М-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ц.Тунгалагтамирын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 111 дугаартай дүгнэлт ( I хавтаст хэргийн 60-62 дугаар тал)-ээр тогтоогдсон байх тул шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Э.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
1.5.Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч М.М шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан шууд болон шууд бус хохиролд нийт 539,900 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Л.Б 12,365,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч М.Х гаас 1,489,400 төгрөгийг, М.Шинэхэрлэнгээс 869,400 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 50 .... зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, 511 дүгээр зүйлийн 511.1-д “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ.” гэж тус тус заажээ.
Хавтаст хэрэгт хохирогчоос нийт 539,900 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Л.Б гээс 12,365,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч М.Х гаас 1,489,400 төгрөгийн, М.Шинэхэрлэнгээс 869,400 төгрөгийн баримтуудыг нотлох баримтаар хавсарган өгчээ.
Хохирогч М.М-н сэтгэцэд учирсан хор уршгийг шинжээч “Гуравдугаар” зэрэглэлээр тогтоосон байх бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолоор Гуравдугаар зэрэглэлд учирсан хор уршгийг “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” хэмжээгээр тогтоохоор байна.
Тиймээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792,000 төгрөгийг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14,256,000 төгрөгөөр тогтоож, гэмт хэргийн улмаас шууд учирсан хохиролд 539,900 төгрөг, нийт 14,795,900 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Л.Б д 12,365,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч М.Х д 1,489,400 төгрөгийг, М.Шинэхэрлэнд 869,400 төгрөгийг тус тус шүүгдэгч Э.Сайнбаяраас гаргуулж хохирогч М.М , иргэний нэхэмжлэгч Л.Б , М.Х , М.Шинэхэрлэн нарт олгуулахаар шийдвэрлэв.
Мөн хохирогч нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Хоёр.Шүүгдэгч Э.С-н эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
2.1.Шүүгдэгч Э.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2.2.Улсын яллагчаас “...Шүүгдэгч Э.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг гаргасан бол,
Хохирогчийн өмгөөлөгчөөс “...улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй санал нэг байна.” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ганц бие өрх толгойлсон эцэг, насанд хүрээгүй 4 хүүхдийн хамт амьдардаг, амьжиргааны баталгаажих түвшин доогуур орлоготой, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү” гэж тус тус саналаа гаргасан болно.
2.3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэх нь зүйтэй.
-Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарахаар байна;
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг буюу гэмт үйлдэлдээ санаатай, хор уршигт болгоомжгүйгээр хандсан байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг санаатайгаар зөрчихдөө хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах санаа зорилго агуулаагүй үйлдэгддэг гэмт хэрэг;
-Шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг, сэтгэцэд учирсан хор уршгийг, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлуудыг нөхөн төлөхөө тус тус илэрхийлсэн;
-Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон;
-Үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй;
-Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид заавал хорих ял оногдуулж, нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.
2.4.Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Э.С-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
2.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. .... зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, Эрүүгийн ерөнхий ангийн 5. .... зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсан болно.
Бусад асуудлын талаар:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх үеэс эхлэн тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
2.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Э.С-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. .... зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад Хэнтий аймгийн.... сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. .... зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Анхбаярт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхээр тогтоосугай.
6.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 50 .... зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс нийт 29,519,700 төгрөгийг гаргуулж хохирогч М.М ид 14,795,900 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Л.Б д 12,365,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч М.Х д 1,489,400 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч М.Шинэхэрлэнд 869,400 төгрөгийг тус тус олгосугай.
8.Шүүгдэгч Э.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН