Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/42

 

                                                                                                          

Н.Батжаргалд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

 Шүүх хуралдаанд:

 Прокурор Э.Гантулга

 Шүүгдэгч Н.Батжаргал,

 Түүний өмгөөлөгч М.Даваасүрэн,

 Нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов.

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 195 дугаар шийтгэх тогтоолтой Н.Батжаргалд холбогдох 2115000000171 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэнгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

 Монгол Улсын иргэн, Батжаргал, 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Могод сумын * дүгээр баг, Баян-уул гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй.

  Н.Батжаргал нь 2021 оны 01 дүгээр сард Булган аймгийн Могод сумын * дүгээр багийн нутаг “Антиг” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 30 ширхэг нойтон шинэс төрлийн 25.697 м.куб мод бэлтгэж, байгаль экологид 23.559.758 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор:

 Шүүгдэгч Батжаргалыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батжаргалыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дах хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дах хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Батжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батжаргалаас байгаль экологид учруулсан хохирол 70.799.274 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд шилжүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт  зааснаар мөрдөгчийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1679 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн улбар шар өнгийн улсын дугааргүй “Даюун” загварын 1 210 000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэлийг хурааж, хохиролд тооцохыг, гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн 30 ширхэг шинэс төрлийн модыг хурааж үнийг улсын төсөвт шилжүүлэхийг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 73.500 төгрөгийн үнэлгээ бүхий нэг ширхэг цагаан өнгөтэй, зүүн талдаа улбар шар өнгийн маниултай, баруун талдаа цагаан өнгийн бензиний банктай нэг ширхэг моторт хөрөөг хурааж, хохиролд тооцож улсын төсөвт оруулж,

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн давж заалдах гомдолдоо:

Миний үйлчлүүлэгч Н.Батжаргал нь гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлоо төлж барагдуулахын тулд иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Могод сумын Засаг дарга түүний төлөөлөгчтэй хохирол барагдуулах гэрээ хийснийг шүүх бодитойгоор үнэлсэнгүй гэж үзэж байна.

Шүүх дүгнэхдээ А.Тэмүүжин нь байгаль орчинд учирсан хохирлыг гэм буруутай этгээдэдээр нөхөн төлүүлэх ажиллагаанд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэгчээр оролцохоор албаны ажил үүргийн хувиар томилогдсон тул тэрээр хохирлын үнийг багасгах, хохирлыг нөхөн төлөх хэлбэр хугацааг тогтоох эрхгүй, хэрвээ дээрхи хүсэлтийг гаргаж байгаа бол түүнийг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасны дагуу шүүх хүлээн авах боломжгүй юм гэжээ. Дээрхи хуулийн 8.4 дүгээр зүйлд 14 дэх заалт байхгүй болно.

Мөн сумын Засаг даргын 2021 оны 1/212 дугаартай албан бичгийг шүүгдэгч шүүхэд гаргаж өгсөн боловч байгаль орчны салбарын хууль тогтоомжийг судлан үзэхэд, ... сум орон нутагтаа тухайн нөхөн төлбөрийн мөнгөөр сургалт сурталчилгааны ажил хийлгэх зэрэг эрхийг иргэний нэхэмжлэгчид олгосон зохицуулалт байхгүй байна гэжээ.

 А.Тэмүүжин нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5-д зааснаар иргэний нэхэмжлэгчээр томилогдсон бөгөөд түүнд энэ хуульд заасан эрх үүрэг хамаарна гэж үзэж байгаа. Энэ эрхийнхээ дагуу шүүгдэгчтэй хэлцэл хийснийг тухайн орон нутгийн захиргааны байгууллага хүлээн зөвшөөрсөн. Ингэхдээ: Уг гэмт үйлдлийн улмаас байгаль экологид учирсан экологи эдийн засгийн хохирол болох 23.599.758 төгрөгийг зориулалтын санд нь төвлөрүүлье. Харин нөхөн төлбөрөөр тогтоогдсон 47.199.516 төгрөгөөр нь орон нутагтаа мод тариулах, иргэдийнхээ байгаль хамгаалах тухай хууль тогтоомжийн мэдлэгийг дээшлүүлэхэд зарцуулах нь тухайн орон нутагтаа үр өгөөжтэй гэж үзсэн.

Могод сум нь ойн нөөц багатай сум учраас унагаасан 30 ширхэг модны оронд тухайн бүс нутагт мод тариулж 3 жилийн дараа ургах чадвартай 300-аас багагүй мод хүлээн авахаар /Шинжээчийн дүгнэлтэд заасан “Хууль бусаар мод бэлтгэсэн иргэн нь БОАЖСайдын 2016 оны А/133 тушаалын 1-р хавсралтын 3.9-д заасны дагуу 30 нойтон мод огтолсоны оронд 300 ширхэгээс багагүй модыг хүлээлгэж өгнө/ заасан, мөн сургалт сурталчилгаа хийх ажил нь тусгай сангийн хуульд заасан зориулалттай учир үүнийг үндэслэсэн байна.

 Үүнийг хүлээн авч шийдвэрлэх боломж шүүхийн эрх хэмжээний асуудал тул шийдвэрлэж өгнө үү гэж гомдол гаргаж байна. Шүүх Н.Батжаргалд ял шийтгэл оногдуулахдаа Өршөөлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан өршөөн хэлтрүүлэх хэрэг биш тул уг хуулийг хэрэглэх боломжгүй гэж үзсэн. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт өршөөлд хамруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлийг тус тус тодорхой заасан бөгөөд шүүгдэгч Н.Батжаргалын үйлдэл нь дээрхи зохицуулалтанд хамаарахгүй байна.

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12-т... яллагдагч, шүүгдэгч ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамруулна “ гэсэн заалтын дагуу Батжаргалд анхан шатны шүүхээс оногдуулсан 800 нэгжээр торгох ялыг өршөөлийн хуульд хамруулж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Гантулга дүгнэлтдээ: 

“Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн, мөн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэнгийн давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

    Шүүгдэгч Н.Батжаргал нь 2021 оны 01 дүгээр сард Булган аймгийн Могод сумын * дүгээр багийн “Антиг” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 30 ширхэг шинэс төрлийн 25.697 м.куб нойтон мод бэлтгэж, байгаль экологид 23.559.758 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Батжаргалын өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч А.Тэмүүжин, гэрч Б.Алтансүх, Б.Алтантуяа нарын мэдүүлгүүд,

гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг 23.599.758 төгрөг болохыг тогтоосон шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна.

             Шүүгдэгч Н.Батжаргалын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд тэрээр байгаль экологид 23.599.758 төгрөгийн шууд хохирол учруулжээ.

             Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч болон хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

          Анхан шатны шүүх Н.Батжаргалыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал, ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн нь “ ... анхан шатны шүүх Могод сумын Засаг дарга түүний төлөөлөгчтэй хохирол барагдуулах гэрээ хийснийг шүүх бодитойгоор үнэлсэнгүй ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасны дагуу шүүх хүлээн авах боломжгүй гэжээ. Дээрхи хуулийн 8.4 дүгээр зүйлд 14 дэх заалт байхгүй ... Н.Батжаргалд анхан шатны шүүхээс оногдуулсан 800 нэгжээр торгох ялыг өршөөлийн хуульд хамруулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг гаргасан байна.

Н.Батжаргал нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төлбөл зохих хохирлоос 5.000.000 төгрөгийг төлсөн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрснөөс гадна гэмт хэргийн улмаас учирсан “... 23.599.758 төгрөгийг зориулалтын санд нь төвлөрүүлэх, Тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т зааснаар сумын хэмжээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн боловсролыг дээшлүүлэх сургалт, сурталчилгааг жилд 2 удаа зохион байгуулах зардалд жилд 7.760.000 төгрөгөөр тооцон 3 жилд нөхөн төлбөрийн 47.199.516 төгрөгийг гаргуулахаар харилцан тохиролцож иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон А.Тэмүүжинтэй гэрээ байгуулж, Булган аймгийн Могод сумын засаг дарга Б.Мөнхбаатар уг гэрээнд тамга дарж баталгаажуулжээ.

Гэтэл анхан шатны шүүх “ ... шүүгдэгчийг хохирол нөхөн төлөх үүргээс багасгах, хохирлыг бусад хэлбэрээр тодорхой хугацаанд төлөхийг тогтоосон нь үндэслэлгүй ... дээрх хүсэлтийг гаргаж байгаа бол түүнийг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасны дагуу шүүх хүлээн авах боломжгүй ... ” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Монгол улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтныг ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг шаардах ба талууд өөрсдийн хүсэл зоригоо харилцан илэрхийлж Хохирол барагдуулах гэрээг сайн дураар байгуулсан, уг гэрээнд тусгавал зохих зүйлсийг бүрэн тусгаж баталгаажуулсан байх тул шүүгдэгч Н.Батжаргалыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө бодит байдлаар илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлийг тус тус тодорхой заасан бөгөөд шүүгдэгч Н.Батжаргалын үйлдсэн хууль бусаар мод бэлтгэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг дээрх зохицуулалтанд хамаарахгүй байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтан” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих гэмт хэргийн төрөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хамаарахаар тус тус заасан байх боловч энэ зүйл, хэсэгт хорих ялын санкц тусгагдаагүй.

           Яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулахаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12-д заасан тул анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Батжаргалд оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

                     Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

           Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны шүүхээс хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамааруулахгүй бөгөөд ялаас өршөөн хэлтрүүлсэн нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.12-т тус тус заасныг баримтлан анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Батжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

2. Н.Батжаргалд өршөөл үзүүлсэнтэй холбоотойгоор Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Н.Батжаргал нь 5.000.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэнгийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

5.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

          

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ХҮРЭЛБААТАР

 

                                  ШҮҮГЧИД                                        С.УРАНЧИМЭГ

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ё.БЯМБАЦЭРЭН