Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 266

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Р.Энх-Оюун,

хохирогч Т.Шижиртуяа,

шүүгдэгч  Ц.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Булгадар овогт Цэвэгжавын Батсүхийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626012865 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Булгадар овогт Цэвэгжавын Батсүх, Увс аймгийн Тэс суманд 1972 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн. 45 настай, эрэгтэй, яс үндэс Баяд, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Халхын хүр констракшн” ХХК-ийн захирал, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 38 дугаар гудамжны 11 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, регестрийн дугаар ОЭ72121513.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Яллагдагч Ц.Батсүх нь

- 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 38 дугаар гудамжны 11 тоотод байх гэртээ эхнэр Т.Шижиртуяаг зодож, бие махбодид нь “зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл,

- 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 38 дугаар гудамжны 11 тоотод байх гэртээ эхнэр Т.Шижиртуяаг зодож, бие махбодид нь “зүүн хөлийн шагайны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн бугалга, шуу, 2 гарын сарвууны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл,

- 2016 оны 12 дугаар сарын 06-ны оройн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 38 дугаар гудамжны 11 тоотод байх гэртээ эхнэр Т.Шижиртуяаг зодож, бие махбодид нь “тархи доргилт, зүүн шанаа, хацар, зүүн нүдний дээд, доод зовхи, эрүүний зүүн талыг нилэнхүйд нь хамарсан зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал, зүүн хөлийн шагайн үед зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн гэмтлийг тус тус учруулан удаа дараа буюу 3 удаа зодож, тарчлаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Ц.Батсүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр манай хамаатны хүүхэд надад нэг шил архи авчирч өгсөн. Тэр архийг нь уучихаад гэртээ унтаж байсан чинь манай эхнэр ирээд манай хоёр дахь хүүхэд болох Мягмаржавыг зодож...намайг унтаж байхад Шижиртуяа өөрөө эхэлж зодож эхэлсэн. Тэгээд Шижиртуяа бид хоёр барьцалдаж авсан. Би хохирогч Шижиртуяад түрүүлж гар хүрч байгаагүй. Манай гэрт ямар нэгэн байдлаар хэрүүл, маргаан гараад, эцэг, эхийг минь хулгайчаар нь дуудаж, намайг хэл амаар доромжилдог болохоор хэд хэд удаа зодсон нь үнэн. ...Шижиртуяаг би машины түлхүүрээр зодож байсан зүйл байхгүй. Би компани байгуулах гээд ааваас 3.000.000 төгрөг зээлсэн байсан нь үнэн. 63-13 улсын дугаартай тээврийн хэрэгслийг би өөрөө банкны лизингээр авч байсан. Намайг гэрт хонох гэхээр манай гэрт байнга хэрүүл маргаан гараад байсан учраас хэдэн удаа машиндаа хонож явсан. Тэгээд дүүгийнхээ гэрт очиж хоночихоод хүрээд ирсэн чинь диплом алга болсон гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би машинаа онгойлгож бүх зүйлийг үзүүлчихээд машин дотор сууж байхад Шижиртуяа гэрээс сүх авч ирээд миний машины бүх цонхийг хагалсан...компаний тусгай зөвшөөрөл болон...тамга урж, эвдэж хаясан. ...дахин компаний бичиг баримтыг урах байх гэж бодоод цүнхтэй бичиг баримтаа аваад гарах гэхэд Шижиртуяа цүнхнээс татаад тавихгүй байхаар нь Шижиртуяагийн гарыг хойшоо дарчихаад гараад явсан. Гэтэл Шижиртуяа цагдаа дуудсан байсан. Харин сүүлийн үйлдэл нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр намайг унтаж байсан чинь Шижиртуяа мөнгө төгрөг хэрэгтэй байна гээд намайг цохиод байхаар нь би Шижиртуяаг зодсон. Тэгээд Булган аймаг руу явах гэж найзаасаа 100 доллар зээлж авсан. Тэгээд бас нэг найзаасаа 80.000 төгрөг зээлж аваад явсан байгаа” гэв.

Хохирогч Т.Шижиртуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

Хохирогч Т.Шижиртуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:

1. “...2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр манай нөхөр Батсүх гэртээ ирээд намайг цагдаад өглөө гээд хэрүүл маргаан үүсгэж байгаад орой 21 цагийн үед гэрээсээ гараад явсан. Маргааш нь 2016 оны 3 дугаар сарын 04-нд 13 цагийн үед ирэхээр нь миний диплом, бичиг баримт байхгүй байна. Чиний машин дотор чинь байна уу, гэрт байдаг том хар цүнх байхгүй байна гэж хэлсэн. ...тэгтэл Батсүх том хар цүнхээ холоос доторхыг нь харуулсан юм. Тэгэхээр нь би машин дотор чинь үзээдэхье гээд түлхүүрийг нь авах гэтэл өгөхгүй байхаар нь “би тэгвэл хага цохиж байгаад орж үзнэ” гээд Батсүхийн машины урд, хойд хоёр том шилийг нь сүхээр хагалчихсан юм. Тэгтэл Батсүх намайг өвдөглөж дараад миний зүүн гарыг хойш нь татаад байсан. Тухайн үед миний гар маш их өвдсөн...Батсүх босохдоо миний зүүн гарын тохой руу нэг удаа өшиглөчихөөд боссон. Намайг гудамжинд машин доторхыг үзэх гэж байхад мөн цээж рүү цохиж унагасан. Би тухайн үед ар дагзаараа савж унасан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 111, 112),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 3302 актад

“...Хэсэг газрын үзлэгт: зүүн шууны дунд хэсгээс гарын үзүүр хүртэл гөлтгөнөн боолттой. Зүүн бугалганы гадна дээд хэсэгт 5.5х3.5см хөхөлбөр өнгийн цус хуралттай. 2016-03-05-ны өдрийн ГССҮТ-ийн зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал гэжээ. ДҮГНЭЛТ

1. Т.Шижиртуяагийн биед зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо...

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 118),

- Насанд хүрээгүй гэрч Б.Мягмаржавын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 3 дугаар сард аав, ээж хоёр хоорондоо маргалдаад ээж, гэрээс гараад сүхээр аавын машины шилийг хагалсан. Тэгээд буцаж орж ирээд гал тогооны өрөөнд хэрэлдэж байгаад аав бичиг баримт хийдэг хар цүнхээ аваад гэрээс гарах гэхэд ээж цүнхнээс нь зуураад байсан. Тэгтэл аав цүнхээ угзарч татаж аваад гэрээс гарсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 129, 130),

- Шүүгдэгч Ц.Батсүхийн мөрдөн байцаалтад 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн үед...Шижиртуяа миний машин дотор байсан хар цүнхтэй бичиг баримтыг аваад энэ дотор чинь миний бичиг баримтууд байгаа гэж хэлж үзээд цүнхэн дотор байсан тусгай зөвшөөрлийн гэрчилгээг урж, тамга тэмдгийг эвдэж гэрт орсон. Тэгэхээр нь би...цүнхээ аваад гэрээс гарах гэтэл цүнхнээс зуураад авахаар нь нэг гараараа Шижиртуяагийн зүүн гарын 4 хурууг нь атгаад арагш нь дарж тавиулаад цүнхээ аваад гарах гэтэл цагдаад дуудлага өгсөн...Би тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 139, 140),

 

2. “...2016 оны 6 дугаар сарын 19-ний өглөө 06-07 цагийн үед манай нөхөр босоод миний машины түлхүүрийг булааж аваад өгөхгүй байсан. Яагаад гэвэл манай нөхөр 6 дугаар сарын 21-нд 3.000.000 төгрөгийн зээл хүнд төлөх байсан учир миний машиныг зарж өрөнд өгнө гээд байсан. Би уйлж унжиж байж түлхүүрээ авсан. Тэгсэн нөхөр гарч яваад өдөр 15 цагийн үед дахин гэртээ ирээд машины түлхүүр нэхэхээр нь би өгөөгүй, хөлдөөгчиндөө махан дунд нуусан байсныг олж аваад машиныг чинь зарна гээд аваад гарах гэхээр нь би түлхүүрээ булаалцалдаад ноцолдсон ба миний зүүн гарын бугуйн хэсгийн дотор талд түлхүүрээр цохиод гурван газар түлхүүрний үзүүр ороод цус хурсан. Зүүн гарын сарвууны гадна талд мөн түлхүүрийн үзүүрээр ором гаргасан. Газар унагаад зүүн талын хөлний шилбэний хэсэгт гишгээд хөхрүүлсэн...Үснээс зулгаан чирсэн тул тархи толгойн хэсэгт их өвчтэй байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 238, 239),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 8629 актад

“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн хөлийн шагайн дээд хэсгээр хаван хавдартай, 5х8см хөх ягаан өнгийн цус хуралттай, зүүн бугалганы гадна дээд хэсэгт 2х3см, 1х2см, зүүн шууны гадна дээд хэсэгт 1х2см, баруун бугалганы дотор дээд хэсэгт 1х2см хөх ягаан өнгийн цус хуралттай, 2 гарын сарвууны ар хэсэгт 1х1см, 1х2см хөх ягаан өнгийн цус хуралттай, зулайн хуйханд өвчин эмзэглэл ихтэй...ДҮГНЭЛТ

1. Т.Шижиртуяагийн биед зүүн хөлийн шагайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн бугалга, шуу, 2 гарын сарвууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 250), 

- гэрч Б.Ивээлийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр аав ажлаас ирээд машины түлхүүр булаацалдаад хэрүүл эхэлсэн. Аав гараад явах гэсэн чинь аав, ээж хоорондоо зууралдаад аавын гарт байсан түлхүүр ээжийн булчингаас барих үед түлхүүр нь хатгаад ээжийн гарыг хөхрүүлсэн. Аав гараад явахаар нь би ээжийн машины түлхүүрийг ааваас гарч аваад ээждээ өгсөн. ...ээжийн зүүн гарын булчингийн хэсгээс цус гарсан байсан. Энэ нь аавын гарт байсан түлхүүрт зоогдсон байх...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 242, 243),

- Шүүгдэгч Ц.Батсүхийн мөрдөн байцаалтад 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...2016 оны 6 дугаар сарын 19-ний орой 18 цагт гэртээ зурагт үзээд сууж байхад эхнэр Шижиртуяа зурагтын дуу чанга тавилаа гээд надаас хэрүүл өдөж эхлээд урд өмнө гаргадаг байсан харддаг зангаараа хардаад намайг элдвээр доромжилж хэрүүл өдөөд намайг зайл гэж хөөсөн. Би өөдөөс нь үг хэлэлгүй хэрэлдэлгүй гарах гэтэл хувцаснаас зуурч аваад ноцолдоод байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 10),

 

3. “...2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би сургууль дээрээ жижүүр багшийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Орой 21 цагаас ажил тарах байсан учир...охин Ивээлийн хичээлийг 13 цаг 20 минутад тарахаар нь гэр лүүгээ явуулсан. Охин очингуутаа над руу утсаар аав согтуу хоёр хүнтэй архи уугаад зодолдоод байна гэсэн. Тэр хоёр хүний нэг нь Батсүхийн садангийн хүн болох Мандах, нөгөөх нь танихгүй хүн байна гэж манай охин хэлсэн. ...Тэгээд би орой хүүтэйгээ ажлаа тараад...21 цагийн орчим гэртээ ирэхэд өдөр зодолдсоны ул мөр бололтой Батсүхийн хэвтэж байсан орны урд том улаан аяга хагарчихсан, цуйван энд тэндгүй ширдгэн дээгүүр цацагдсан байдалтай, гэр галгүй хүйтэн, Батсүх гадуур хувцастайгаа хөнжилдөө ороод хэвтчихсэн нөхцөл байдал хүнд угтсан. Тэгэхээр нь би уурлаад галаа түлээд ядаж нүүрсээ хийчихгүй, өдөржин араас утасдаад тайван амгалан ажил хийлгэчихгүй гэж үгэлсэн. Тэгтэл Батсүх босч ирээд үснээс зулгаагаад...зүүн хөлний шагай руу өшиглөж, үүдний амбаарт байсан уснаас шанагаар ууснаа үлдсэнийг нь...надруу цацаад, ингээд олон хүүхдийн өмнө зогсоод ажлаа хийгээрэй гээд зүүн нүд орчимд гараа зангидаж...цохиж авсан. Мөн зүүн шанаа руу дахин гараараа цохиод хаалга саваад гараад явсан. ...зодуулсанаас болж нүүр нүд хөх эрээн болж хавдаж, зүүн чих дэлдийж, зүүн хөлийн шагайны хажууд хөхөрч хавдсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 49, 50),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 16530 дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэг: зүүн шанаа, хацар, зүүн нүдний дээд, доод зовхи, эрүүний зүүн талыг нилэнхүйд нь хамарсан хаван, хавдар ихтэй, хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, баруун, зүүн зулайд хаван, хавдартай, зүүн хөлийн шагайн үений гадна талд хаван хавдартай, хөхөлбөр өнгийн цус хуралттай.

2016.12.07-ны өдрийн КТГ-н шинжилгээнд:...хажуугийн ховдлуудын эргэн тойронд тархилаг эд бага зэргийн хавантай,...хамрын доод самалдагуудын салст зузаарсан,... зүүн нүдний орчмын зөөлөн эд хавагнаж хавдсан...гэжээ. ДҮГНЭЛТ

1. Т.Шижиртуяагийн биед тархи доргилт, зүүн шанаа, хацар, зүүн нүдний дээд, доод зовхи, эрүүний зүүн талыг нилэнхүйд нь хамарсан зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун зүүн зулайд зөөлөн эдийн няцрал, зүүн хөлийн шагайн үенд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...

5. Дээрх гэмтэл нь хэрэг, учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 27),

- Гэрч Ц.Мөнхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Шижиртуяа 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр докторын зэргийн урьдчилсан хамгаалалтандаа орох ёстой байсан юм. Хамгаалсан уу, амжилттай юу гэж асуусан чинь хойшлуулсан талаар надад хэлсэн. Тэгэхээр нь ямар учраас хойшлуулсан юм бэ гэж асуухад нөхөр нь зодоод нүд, шанаа нь хөхөрсөн байсан учраас би олон хүний өмнө яаж тийм нүүртэй зогсох вэ гээд хойшлуулсан гэж тайлбарласан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 52),

-  Шүүгдэгч Ц.Батсүхийн мөрдөн байцаалтад 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай гэрт хөдөөнөөс манай хоёр дүү ирсэн. Тухайн үед Шижиртуяа байхгүй байсан. Тэгээд бид гурав нэг шил архи хувааж уусан. Тэгээд би...нөгөө хоёрыг явуулаад унтаад өгсөн. Унтаж байхад хүү Мягмаржав цуйван хийгээд надад аягалаад орон дээр...тавьчихсан байсан бөгөөд би тэрийг санаандгүй газар унагаачихсан байсан. Тэгтэл эхнэр гэртээ ирээд шууд намайг бос зайл гээд хөөгөөд унасан. ...тэгэхээр нь...гэрээс гарах гээд үүдний амбаар руу явтал Шижиртуяа миний араас зуураад авахаар нь эргэж хараад Шижиртуяаг түлхтэл үүдний амбаарт байсан сандал дээр бөгсөөрөө сууж унасан. ...Тухайн үед согтуу байсан учир уурандаа нэг удаа нүүр рүү нь хөлөөрөө өшиглөчихөөд гараад явсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 90-93),

 

4. Гэрч Э.Бөхтөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “Иргэн Шижиртуяа нь цагдаагийн байгууллагад өргөдөл гарган би тухайн үед шалгаж байсан ба түүний нөхөр болох Ц.Батсүх нь эхнэрээ зодож, гэмтлийн хөнгөн зэрэг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар эрүү үүсгэн хуулийн дагуу, зохих журмын дагуу шалгаж ажиллах явцад гомдол гаргагч Шижиртуяа нь өөрийн нөхөр Батсүхэд гомдол санал байхгүй гэсэн хүсэлт гаргаж, харин Батсүх нь өөрийн буруутай үйлдлээ ухамсарласан. 2 талаас уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөх хүсэлт гаргасан. Хүсэлт гаргасаны дагуу хуулийн дагуу шийдвэрлэсэн. ...Батсүх нь дээрх эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байсан учир тус хорооны гэр бүл хүчирхийлэгчдийн судалгаанд бүртгэлтэй байдаг...” гэх мэдүүлэг  (2 хавтаст хэргийн 171),

 

5. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (1 хавтаст хэргийн 95, 96, 224, 225, 4, 5), Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл (1 хавтаст хэргийн 236), Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол (1 хавтаст хэргийн 235), Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээ (1 хавтаст хэргийн 63-70), Хэрэг бүртгэгчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай прокурорын тогтоол (1 хавтаст хэргийн 58, 59), хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж мөрдөн байцаалт явуулах хугацаа тогтоох прокурорын тогтоол (1 хавтаст хэргийн 219, 2 хавтаст хэргийн 65), Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлага мэдээлэл хүлээн авсан бүртгэл (1 хавтаст хэргийн 78), гэрлэгсдийн гэрчилгээний хуулбар (1 хавтаст хэргийн 71), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (1 хавтаст хэргийн 142),

- хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 хавтаст хэргийн 10), хувийн байдлын талаарх баримт (1 хавтаст хэргийн 197-203), хүүхдүүдийн төрсөний гэрчилгээний хуулбар (1 хавтаст хэргийн 73, 74),

- шүүгдэгчийн иргэнийн үнэмлэхийн лавлагаа (1 хавтаст хэргийн 143), оршин суугаа хорооны тодорхойлолт (1 хавтаст хэргийн 32), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1 хавтаст хэргийн 33), Цагдаагийн байгууллагын бүртгэл мэдээллийн цахим санд бүртгэгдэж байсан талаарх баримт (1 хавтаст хэргийн 34-36), хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа тодорхойлолт (1 хавтаст хэргийн 187, 191, 2 хавтаст хэргийн 14) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Батсүхийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 38 дугаар гудамжны 11 тоотод гэртээ эхнэр Т.Шижиртуяаг

- 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр зодож, бие махбодид нь “зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл,

- 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр зодож, бие махбодид нь “зүүн хөлийн шагайны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн бугалга, шуу, хоёр гарын сарвууны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл,

- 2016 оны 12 дугаар сарын 06-ны орой 20 цагийн орчим зодож, бие махбодид нь “тархи доргилт, зүүн шанаа, хацар, зүүн нүдний дээд, доод зовхи, эрүүний зүүн талыг нилэнхүйд нь хамарсан зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал, зүүн хөлийн шагайн үед зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн гэмтлийг тус тус учруулан удаа дараа буюу 3 удаа зодож, тарчлаасан гэмт хэргийг үйлдсэн гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд

Шүүгдэгч Ц.Батсүх нь Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 38 дугаар гудамжны 11 тоот гэртээ эхнэр Т.Шижиртуяаг 2016 оны 3, 6, 12 дугаар саруудад тус бүр зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан буюу өөрийн эхнэрийн эсрэг чиглэсэн, хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаа бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Батсүхийг эхнэр Т.Шижиртуяаг байнга зодож, тарчлаан бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэлд нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнд энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 33)-р тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч Ц.Батсүхэд ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Шижиртуяад гэмтэл учирсан байх боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар хэрэгт цугларсан баримтгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдаж, дээрх байдлыг харгалзан шүүгдэгч Ц.Батсүхэд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн 201626012865 дугаар хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн машины түлхүүр 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.