Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 1505

 

МАГАДЛАЛ

 

2019.08.12                                                Дугаар 1505                                     Улаанбаатар хот

 

 

 

Т.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/01367 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т.С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ЧҮ  ” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 246 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “ЧҮ” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан “ПТ ” байрны төслийн ажилд хаалга суулгах ажлыг гүйцэтгэхээр болж, нэг ширхэг хаалгыг 28 500 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Миний зүгээс нийтдээ 182 ширхэг хаалга суурилуулж, 5 187 000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэж дууссан юм. Гэтэл “ЧҮ” ХХК-ийн зүгээс 138 ширхэг хаалганы хөлс болох 3 933 000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 1 246 000 төгрөгийг төлөөгүй болно. Иймээс хариуцагч “ЧҮ” ХХК-иас ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 1 246 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс ажил гүйцэтгэх гэрээгээр “ПТ ” төслийн нийт 373 хаалганы 212 хаалгыг суулгахаар ажил гүйцэтгэх гэрээ хийсэн. Ажил гүйцэтгэж байх явцад нийт Т.С-ын хариуцсан хаалганаас 14 ширхэг хаалга иж бүрнээрээ дутсан. Компанид нийт 4 916 000 төгрөгийн хохирол учирснаас төслийн менежер болон Т.С нар нь өөрсдийн бурууг ухамсарлаж, хүлээн зөвшөөрч өргөдөл бичиж өгсөн. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ЧҮ” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 254 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.С-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.С-аас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 34 454 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “ЧҮ  ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 34 454 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.С-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Төслийн менежер болон Т.С нар өөрсдийн бурууг ухамсарлаж, уг хохирлыг барагдуулахаа хүлээн зөвшөөрч бичиж өгсөн өргөдөл нь анхан шатны шүүхийн хавтаст хэргийн 22 дугаар хуудсанд хавсрагдсан байтал анхан шатны шүүх үүнийг үнэлээгүй. Т.С-ын анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл дахь нийт үнийн дүнгээс 18 000 төгрөг хасаагүй. Т.С-д холбогдох хэрэг нь Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа тул анхан шатны шүүгчийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг дүгнэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Т.С нь хариуцагч “ЧҮ  ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 246 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын     20-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдаж, ажил гүйцэтгэгч Т.С нь “ПТ ” төслийн 373 хаалгыг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд бүрэн суулгах, захиалагч “ЧҮ  ” ХХК нь 1 хаалга бүрэн суулгасны ажлын хөлсөнд 28 500 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд уг гэрээний хувьд нэг талд ажлын үр дүнг хүлээлгэн өгөх, нөгөө тал хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ажлын хөлсөнд 5 187 000 төгрөг төлөхөөс 3 933 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 1 246 000 төгрөгийг төлөөгүй байгаа” гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн ба хариуцагч нь “14 ширхэг хаалга дутсан, компанид нийт 4 916 000 төгрөгийн хохирол учруулсан” гэх нөхцөл байдлыг нотлоогүй байна.

Хууль болон гэрээнд зааснаар хариуцагч тал үүргээ гүйцэтгээгүйн төлөө хариуцлагыг хүлээх учиртай бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг      шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Шүүх хуралдааны товыг зохигч нарт мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/01367 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 646 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааpг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.ОТГОНЦЭЦЭГ

                                            ШҮҮГЧИД                                   Ч.ЦЭНД

                                                                    М.НАРАНЦЭЦЭГ