Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 395

 

Б.Б, Д.М нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, шүүгдэгч Д.М-ийн өмгөөлөгч Б.Дашдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 80 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 47 дугаар магадлалтай, 1734003830156 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.М-ийн өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1981 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Хүлэгч овогт Б.Б нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1968 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Алаг адуу овогт Д.М нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгч Д.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхөөр тогтоож,

Хохирогч Д.М-ийн өмгөөлөгчийн зардал 1.500.000 төгрөг гаргуулах,  хохирогч Б.Б-ын эмчилгээний зардал 274.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч нар нь өөрт учирсан бусад хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.Мд 1.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 80 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.М болон түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.М-ийн өмгөөлөгч Б.Дашдорж гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 20-21 цагийн хооронд Төв аймгийн Алтанбулаг сумын төв "Суваргатай толгой" гэх газар хохирогч Д.М-ийг эхнэртэйгээ хардсаны улмаас зодож хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.М-ийг Б.Б-тай харилцан зодолдож түүнд хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Д.М нь тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд Б.Б гэж хүнийг танихгүй, түүнтэй өр авлага, өс хонзон байхгүй байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна... Уг хэрэг гарахад Мөнх-Эрдэнийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй байхгүй. Тухайн үед Б.Б-д зодуулж байхдаа бусдаас тусламж гуйх нөхцөл боломж байхгүй байсан тул өөрийгөө хамгаалсан идэвхтэй үйлдэл хийж, болж буй үйл явдлыг зогсоохоос өөр аргагүй нөхцөлд байсан нь хохирогчийн мэдүүлгээс тодорхой харагддаг. Гэтэл анхан шатны шүүхээс Б.Б-тай харилцан гар барьж зодолдсон гэж дүгнэсэн мөртлөө яагаад гар барих шалтгаан нөхцөл бий болсон талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж хуульчлан заасан байхад хэргийг хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн. Иймд Д.М-ийн үйлдлийг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу гарцаагүй байдалд тооцож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг Б.Бас гаргуулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон. Д.М-ийн хувьд болох гэж байгаа үйл явдлыг мэдэх боломжтой байсан бөгөөд асуудлыг өөр арга замаар шийдэх боломжтой байсан гэж үзэж байна. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.М-ийн өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.М, Б.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 6-ны орой 20-21 цагийн үед Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт байрлах “Суваргатай толгой” гэх газар хохирогч Д.М-ийг эхнэртэйгээ хардсаны улмаас зодож, эрүүл мэндэд нь эрүү яс, суурь ясны сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, хамар зулгаралт, баруун нүдний зовхи, эрүүнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүх Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Харин шүүх Д.М-ийг 2017 оны 10 дугаар сарын 6-ны орой 20-21 цагийн үед Төв аймгийн Алтанбулаг сумын төв “Суваргатай толгой” гэх газар Б.Б-тай харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд нь доод уруул, завьжны салстын шарх, цус хуралт, зүүн хацарт цус хуралт, хамар, ооч, баруун сарвуу, цээж, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.М-ийг өөрийн эхнэр Д.Отгондуламтай хурьцал үйлдсэн гэж үндэслэлгүйгээр хардсаны улмаас түүнийг ажлын байран дээрээс нь дуудан гаргаж, Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт байрлах “Суваргатай толгой” гэх газар руу машиндаа суулган авч явж, улмаар түүнийг зодох үед Д.М нь зугтах, эсхүл бусдаас тусламж гуйх боломжгүй, нас болон биеийн хүчний хувьд тэнцвэргүй нөхцөлд аргагүйн эрхэнд өөрийн амь нас, эрүүл  мэндийг хамгаалах зорилгоор Б.Б-тай харилцан зодолдохыг зөвшөөрч, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх боловч энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар гарцаагүй ирэх хууль бус, тулгарсан довтолгооны өөдөөс урьтаж, эсхүл хариу довтолсон аргагүй хамгаалалтын шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Д.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Хохирогч Д.М-ийн хувьд шүүгдэгч Б.Б-ын зүгээс өөр рүү нь чиглэсэн хууль бус, тулгарсан довтолгооны эсрэг өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хариу цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг гарцаагүй байдалд хохирол учруулсан гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 80 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 47 дугаар магадлалын тогтоох хэсэгт

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д заасныг баримтлан шүүгдэгч Д.М-д холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай” гэсэн заалт нэмж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3, 4, 5, 8 дахь заалтын шүүгдэгч Д.М-д холбогдох хэсгүүдийг бүхэлд нь хүчингүй болгож,

шийтгэх тогтоол, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.М-ийн өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                            ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                             ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                    Д.ГАНЗОРИГ

                                                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН