Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 131

 

Ц.С, Т.М, В.Б, А.С нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга,

Баянгол дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын

газарт тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:    Шүүгч Л.Атарцэцэг

Шүүгчид:                 Д.Мөнхтуяа  

                                П.Соёл-Эрдэнэ

                                Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:       Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох   

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан “Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 10Б байрны ар талын далан дээр иргэн Л.Б-ын хууль зөрчиж барьж буй барилгын ажлыг бүрэн зогсоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, иргэн Л.Б-ын зөвшөөрөлгүйгээр барьсан барилгыг буулгахыг даалгуулах тухай”,

Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/245 дугаар захирамжаар иргэн Л.Б-ын газар эзэмших эрхийг баталгаажуулж байгаа нь хууль бус болохыг тогтоолгон уг захирамжийн иргэн Л.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан хяналт шаардлага тавихгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж, зохих арга хэмжээг хэрэгжүүлэхийг, Барилгын тухай хуулийн /2016/ 35 дугаар зүйлийн 35.1.7-д заасны дагуу иргэн Л.Б-ын хууль зөрчиж зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгах арга хэмжээ авахыг тус тус даалгуулах тухай,

Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 155 дугаар захирамж, 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/368 дугаар захирамж, 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/530 дугаар захирамжийн иргэн Л.Б-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0770 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2018/0026 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Ц.С, В.Б, А.С нарын өмгөөлөгч Б.О,

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А,

Гуравдагч этгээд Л.Б, Р.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М-ийн өмгөөлөгч Н.Б, гуравдагч этгээд Л.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нар,

Нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0770 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.3, 21.5.3, 35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 57.4, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7, Барилгын тухай хуулийн /2008/ 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.8, 7 дугаар зүйлийн 7.2.4, Барилгын тухай хуулийн /2016/ 4 дүгээр зүйлийн 4.1.24, 7 дугаар зүйлийн 7.2, 7.3, 14 дүгээр зүйлийн 14.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.7 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч А.С, В.Б, Т.М, Ц.С нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан иргэн Л.Б-ын хууль зөрчиж зөвшөөрөлгүй барьсан барилгын Баянгол дүүрэг 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 10Б байрны хойд талд хамаарах хэсгийг хэсэгчлэн албадан буулгахыг нийслэлийн Засаг даргад даалгаж, нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 10Б байрны ар талын далан дээр иргэн Л.Б-ын хууль зөрчиж барьж буй барилгын ажлыг бүрэн зогсоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, иргэн Л.Б-ын зөвшөөрөлгүйгээр барьсан барилгыг буулгахыг даалгах, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 155 дугаар захирамж, 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/368 дугаар захирамж, 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/530 дугаар захирамжийн иргэн Л.Б-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоох, нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/245 дугаар захирамжаар иргэн Л.Б-ын газар эзэмших эрхийг баталгаажуулсныг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан хяналт шаардлага тавихгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж, зохих арга хэмжээг хэрэгжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2018/0026 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 770 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 37 дугаар зүйлийн 37.2, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 57.4, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7, Барилгын тухай хуулийн /2016 он/ 35 дугаар зүйлийн 35.1.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.С, В.Б, Т.М, Ц.С нарын Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 10Б байрны ар талын далан дээр иргэн Л.Б-ын хууль зөрчин барьж буй барилгын ажлыг бүрэн зогсоохгүй байгаа Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, барьсан барилгыг буулгахыг даалгуулах”-ыг хүссэн, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/245 дугаар захирамжаар иргэн Л.Б-ын газар эзэмших эрхийг баталгаажуулсан нь хууль бус болохыг тогтоож, уг захирамжийн иргэн Л.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан хяналт шаардлага тавихгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж, зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгуулах, Барилгын тухай хуулийн /2016 он/ 35 дугаар зүйлийн 35.1.7-д заасны дагуу иргэн Л.Б-ын хууль зөрчиж зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгахыг даалгуулах”-ыг хүссэн, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 155 дугаар захирамж, 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/368 дугаар захирамж, 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/530 дугаар захирамжийн иргэн Л.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 болон 3 дахь заалтыг нэгтгэж “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас шинжээчийн зардалд 725,400 төгрөг гаргуулж “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т, 1,000,000 төгрөг гаргуулж Монголын архитекторуудын эвлэлийн дэргэдэх Архитектур, хот байгуулалтын зөвлөлд тус тус олгосугай” гэж,

4 дэхь заалтыг 3 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0770 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2018/0026 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн хангаж шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч нар нь “... Барилгын тухай хуулийн /2016 оны/ 35 дугаар зүйлийн 35.1.7-д заасны дагуу иргэн Л.Б-ын хууль зөрчиж зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгах арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” гэж тодорхойлсон юм.

5. Гэтэл шүүхээс “иргэн Л.Б-ын хууль зөрчиж зөвшөөрөлгүй барьсан барилгын Баянгол дүүрэг 6 дугаар хороо, Далив хутагт Жамсранжавын гудамж, 10Б байрны хойд талд хамаарах хэсгийг хэсэгчлэн албадан буулгахыг нийслэлийн Засаг даргад даалгаж” гэж бичгээр гаргасан шүүхийн шийдвэртээ нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн бичсэн. Шүүх нэхэмжлэгч нарын тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагыг засаж, түүнд өөрчлөлт оруулж шийдвэр гаргах эрхгүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч бид нэхэмжлэлийн шаардлагаа хууль зөрчиж барьсан барилгын хамаарах хэсгийг хэсэгчлэн албадан буулгахыг даалгах гэж тодорхойлоогүй юм.

6. Энэхүү нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөгүй учраас давж заалдах журмаар гомдол гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

7. Бидний амьдарч байгаа орон сууцны цонхыг иргэн Л.Б-ын барьсан барилга хааж маш ойрхон зайтай /3.98 метр/ барилга барьсан. Энэхүү барилга нь Барилгын тухай хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм дүрэм зэргийг ноцтой зөрчиж барьсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогддог. Нийслэлийн Засаг дарга хуульд заасан журмын дагуу хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй учраас иргэн Л.Б хууль зөрчиж барилга барьж нэхэмжлэгч бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа юм. Гэтэл ямар учраас захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаатай шууд шалтгаант холбоогүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж байгааг ойлгохгүй байна. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгч бидний гаргасан нэхэмжлэлтэй танилцаж, түүнд хариу тайлбар, холбогдох нотлох баримтаа шүүхэд гарган өгч маргасан байхад давж заалдах шатны шүүх хуулиар шаардсан урьдач нөхцөл бий болоогүй байхад маргасан гэж дүгнэсэнд гомдолтой байна.

8. Нэхэмжлэгч бид хууль зөрчиж барьсан иргэн Л.Б-ын барилгыг буулгах тухай нэхэмжлэлийн шаардлага хангагдаж захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсны дараа хуульд заасан журмын дагуу мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагчид хандах болно. Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хичээнгүйлэн хүсье.

9. Түүнчлэн шинжээчийн зардлын асуудлын талаар нэхэмжлэгч талаас маргасан байгаа. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 922 дугаар захирамжаар Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ыг шинжээчээр томилсон. Шинжээчээр ажилласан Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын шинжээч нар шүүхэд бичгээр дүгнэлт гаргаж ирүүлээгүй. Бичгээр дүгнэлт гаргаж ирүүлээгүй учраас нэхэмжлэгч талаас бичгээр дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэн хүсэлт гаргасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 3079 дүгээр захирамжаар Монголын архитекторуудын эвлэлийн дэргэдэх Архитектор, хот байгуулалтын зөвлөлийг дахин шинжээчээр томилсон. Өөрөөр хэлбэл, өмнөх шинжээчийн дүгнэлт шаардлага хангахгүй байсан учраас дахин дүгнэлт гаргуулахаар шүүхээс шинжээч томилсон юм. Гэтэл Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын шинжээч нарын ажлын хөлс 725,400 төгрөгийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэж байгааг ойлгохгүй байна. Гуравдагч этгээд Л.Б-ын хууль зөрчиж зөвшөөрөлгүй барьсан барилгын метр квадрат тодорхойгүй учраас түүнийг тодруулахаар шинжээч томилж дүгнэлт гаргасан. Энэхүү хууль зөрчиж барьсан барилгаас болж нэхэмжлэгч бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгаа алдагдаж байгаа. Үүнийг шүүх анхаарч үзэхийг хүсье.

10. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар иргэн Л.Б-ын хууль зөрчин баригдаж байсан барилгад хяналт шалгалт хийж, тухайн барилгын ажлыг түр хугацаагаар зогсоох тухай акт тавьсан. Энэхүү актаар тухайн барилгын зөвхөн бичиг баримтын зөрчлийг арилгуулахаар иргэн Л.Б-д хугацаатай мэдэгдэл өгч акт тавьсан нь үндэслэлгүй гэж нэхэмжлэгч талаас маргасан.

11. Учир нь, тухайн барилгын бичиг баримтын зөрчлийг арилгасан ч нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэвээр байх болно. Тухайн үед үйлчилж байсан 2008 оны Барилгын тухай хуульд зааснаар мэргэжлийн хяналтын улсын байцаагчид тухайн барилгыг буулгах хүртэл арга хэмжээ авах эрх хуулиар олгогдсон байсан.

12. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8 дахь хэсэгт “Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг  хангуулах” гэж заажээ.

13. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дээрх хуульд зааснаар илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоож чадаагүй, шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллагад хандаагүй. Харин мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын тавьж байгаа албан шаардлага нь гуравдагч этгээд Л.Б-д боломж олгосон, нэхэмжлэгч нарын эрхийг ноцтой зөрчсөн бодит байдалд нийцээгүй акт гаргасан.

14. Гэтэл шүүх нэхэмжлэгч бидний Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй.

15. Газартай холбоотой асуудал нь нэхэмжлэгч нарын эрхийг зөрчөөгүй гэдгийг бид мэдэж байна. Гэхдээ иргэн Л.Б нь хууль зөрчиж тухайн газрыг эзэмшиж байгаа талаар нотлох баримтыг үндэслэн шүүхээс дүгнэлт хийх ёстой гэж үзсэн. Гэтэл шүүх нэхэмжлэгч нарыг буруутгаж байгааг ойлгохгүй байна. Гуравдагч этгээд Л.Б тухайн газраа илүү хэмжээтэйгээр эзэмшдэг, цэвэр усны шугам дээр барилга барьсан зэрэг олон ноцтой асуудал байгаа юм. Энэхүү зөрчлүүдийг арилгаагүй байхад нь Нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрхийг нь баталгаажуулсан.

16. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0770 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2018/0026 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

17. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг тус шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т “Магадлал хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна...” гэж заажээ.

19. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2018/0026 дугаар магадлалд гарын үсэг зурсан шүүгч Н.Хонинхүү энэ хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүнд оролцоогүй болох нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Шүүх бүрэлдэхүүн болон даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай” 221/ЕШ2018/0037 дугаар захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 26 дугаар тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.

20. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцоогүй шүүгч магадлалд гарын үсэг зурсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчил нь магадлал хүчинтэй байх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцэхгүй байна.

21. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг тус шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2018/0026 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.АТАРЦЭЦЭГ

                       ШҮҮГЧ                                                                   Х.БАТСҮРЭН