| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 171/2013/0462/и |
| Дугаар | 586 |
| Огноо | 2013-05-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2013 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 586
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0462/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум Оюут баг, ** дугаар хороолол ** тоотод оршин суух Б*** овгийн Э.М***/ РД: **** /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, ** дугаар хороолол, ** тоотод бүртгэлтэй “МЗ***” ХХК–нд холбогдох
2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ****тоот гэрээний дагуу төлбөрийн үлдэгдэл 46 000.000 төгрөг, алданги 4.830.000 төгрөг, хохирол 2.500.000 төгрөг нийт 53.330.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б***, хариуцагчийн төлөөлөгч Г.О***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2012 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ****тоот гэрээгээр 900 м.кв орон сууцны зориулалттай газрыг техникийн нөхцөлүүдийн хамт 49.000.000 төгрөгөөр худалдах – худалдан авах гэрээг иргэн Б.М***, “МЗ***” ХХК–ийн хооронд байгуулсан. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-т заасны дагуу урьдчилгаа 5.000.000 төгрөгийг худалдан авагч талаас өгсний дагуу газар эзэмших гэрчилгээг болон техникийн нөхцөлийг шилжүүлэх үүрэгтэй байсан бөгөөд урьдчилгаанд 3.000.000 төгрөгийг өгсний дараа бичиг баримтийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн. Гэтэл худалдан авагч тал 2012 оны оны 09 дүгээр сарын 30-ны өдөр үлдэгдэл төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу урьдчилгаа 2.500.000 төгрөг төлж нэмэлт зардал, хохирол учирсан. Мөн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д гэрээний үүрэг биелүүлээгүй нөхцөлд алданги тооцохоор бичгээр тохиролцсон тул 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл 7 сарын буюу 210 хоногийн алданги 4.830.000 төгрөгийг гаргуулна. Хариуцагч талын шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбар үндэслэлгүй. Талууд 2012-001 гэрээг хүчингүй болгож дахин шинээр гэрээ хийгээгүй. Хариуцагчийн тайлбарлаж байгаа гэрээ нь техник худалдах-худалдан авах гэрээ мөн хуулийн этгээдийн хооронд хийгдсэн гэрээ байна. Иймд энэ гэрээний дагуу үүрэг шаардаагүй. Газрын гэрчилгээ, газрын эрх шилжүүлэх тухай захирамж хэдийд гарах эсэх нь төрийн байгууллагын асуудал. Б.М***оос шалтгаалах зүйл биш. Тодорхой хуулийн хүрээнд, цаг хугацаатай шийдэгддэг зүйл. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. Газрын төлбөрт төлсөн гэх мөнгийг хасахад татгалзах зүйлгүй.
“МЗ***” ХХК нь 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний үүргээ үл биелүүлэн удаа дараа төлбөрөөс зайлсхийн, төлөөгүйгээс болж Хуулийн компани болох “ДВЖ***” ХХК-тай 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийж гэрээний урьдчилгаа төлбөр болох 2.500.000 төгрөгийг 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төлж барагдуулсан. “МЗ***” ХХК гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж би хууль зүйн туслалцаа авч хохирол учирсан. Имйд хохирол 2.500.000 төгрөгийг гаргуулна гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иргэн Э.М***талуудын хооронд байгуулсан 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2012-001 дугаартай “ Худалдах- худалдан авах тухай “ гэрээг үндэслэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Гэтэл энэхүү гэрээг талуудаас үл хамаарах нөхцөл байдлаас болж гэрээнд заагдсан хугацаанд биелэгдэх боломжгүй болсон тул талууд уг гэрээг хүчингүй болгож 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дархан хотод анхны гэрээний агууллага, талуудын хүсэл зоригийг хангалттай илэрхийлсэн “Тоног төхөөрөмж худалдаж худалдан авсаны хэлцэл” нэртэй баримтийг үйлдэж талууд үзэглэн 46.000.000 төгрөгийг 2013 оны 03 дугаар сард багтаан төлөхөөр заасан. Гэтэл төлөх хугацаа болоогүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан тул төлбөрийг төлөхгүй гэж үзэж байгаа. Энэхүү гэрээгээр үүрэг хүлээгч тал үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд анз, торгууль төлөх талаар үүрэг хүлээн аваагүй. Үүргийн гүйцэтгэлийг хангах эцсийн хугацааг “ 2013 оны 03 дугаар сард багтааж “ гэж заасан болохоос хэлцэлийг үзэглэж урьдчилгаа мөнгө олгосон өдрөөр үүрэг гүйцэтгэлийн эцсийн өдөр буюу 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэж заагаагүй гэтэл нэхэмжлэгч өөрийн шаардлагаа 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гэж гаргасан нь Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэхь хэсгийн ... хугацаа дуусах сарын мөн өдөр байхгүй бол уг хугацаа тухайн сарын эцсийн өдөр дуусна ... гэсэн хуулийн шаардлагыг зөрчиж нэхэмжлэлийн шаардлага гарган эцсийн үр дүнд нэхэмжлэгч өөрийн нэхэмжилсэн мөнгөө хугацаандаа хүлээн авах боломжоо хаагдуулсаны зэрэгцээ хариуцагч миний хувьд ч гэм хор учирахад хүрээд байна.
Бидний анх байгуулсан гэрээнд газрын гэрчилгээг шилжүүлж өгсөний дараа мөнгө өгөхөөр байсан, гэтэл газрын гэрчилгээг 2012 оны 11 дүгээр сард би өөрөө хөөцөлдаж өөрийн нэр дээр авсан. Мөн газрын төлбөрөө төлөөгүй хурагдаж байсан газар, өгсөн техникийн нөхцөлүүд нь хугацаа нь дууссан улмаас би дахин техникийн нөхцөл авсан. Энэ бүхнээс болж 11 дүгээр сард барилгын ажил эхлэх бололцоогүйгээс хөрөнгө оруулагч хөрөнгөө оруулаагүй. Газар буцаагдах асуудал яригдах үед төрийн байгууллагаас ... газрыг шилжүүлэх тухай захирамж нэгэнт гарсан, гэрчилгээ бичигдэж байгаа... гэсэн тул энэ талаар яриагүй.
Хууль зүйн туслалцаа авсаны төлбөрийг бид төлөх боломжгүй, өөрсдөө гэрээгээ зөрчиж 3 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан тул манайд хамааралгүй . Одоо газар миний нэр дээр шилжсэн, барилгын зарим ажил хийгдсэн байгаа. Газрын төлбөрийг нь төлөөгүй учир би төлсөн мөнгөө үлдэгдэл төлбөрөөс хасуулна. Нэхэмжлэлийн шаардлага нь талуудын хооронд хийгдсэн сүүлчийн хэлцэлийг баримтлаагүй гарсан, анз нь торгууль уу, алданги уу гэдэг нь тодорхойгүй , мөн үүрэг гүйцэтгээгүй талдаа үүрэг гүйцэтгээгүйн улмаас учруулсан гэм хорыг арилгах талаар заагаагүй, үүргийн гүйцэтгэл нь мөнгөн төлбөр бөгөөд хариуцагч тал үнэхээр нэхэмжлэгчид гэм хор учрууллаа гэсэн дүгнэлтэд гарвал Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар гэм хорыг арилгах үүрэгтэй. Гэхдээ талуудан хооронд байгуулсан хэлцэлд заасан хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэлийн шаардлгага гаргасан нь хариуцагч тал мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд төлөөгүй буюу хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл байхгүй болно гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М***ын “ МЗ*** “ ХХК-д холбогдуулан гаргасан 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ****тоот гэрээний дагуу төлбөрийн үлдэгдэл 46 000.000 төгрөг, алданги 4.830.000 төгрөг, хохирол 2.500.000 төгрөг нийт 53.330.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн ... 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ****тоот гэрээгээр 900 м.кв орон сууцны зориулалттай газрыг техникийн нөхцөлүүдийн хамт 49.000.000 төгрөгөөр худалдах – худалдан авах гэрээ байгуулан урьдчилгаанд авсан 3.000.000 төгрөгийг хасаж тооцон үлдэгдэл 46.000.000 төгрөгийг гаргуулна ... гэсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараахь үндэслэлээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчид 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 900 м.кв талбай бүхий газрыг, түүнтэй холбоотой бичиг баримтын хамт худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээг бичгээр үйлдэж мөн хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1-д заааснаар болон гэрээний 1.3, 1.4-т ... газрын үнийг 49.000.000 төгрөг, урьдчилгаа төлбөр 5.000.000 төгрөг гэж тохиролцсон энэ талаар маргаангүй байна.
Худалдагч тал болох иргэн Э.М***гэрээний 1.1-д зааснаар худалдан авагч тал “МЗ***” ХХК-д газрыг, түүнтэй холбоотой бичиг баримтын хамт өмчлөлд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн бөгөөд худалдан авагч “ МЗ*** “ ХХК нь гэрээний 1.4-т заасан ... гэрээ байгуулж газрыг “МЗ***“ ХХК-ийн нэр дээр шилжүүлэх үед 5.000.000 төгрөг урьдчилгаанд өгч, үлдэгдэл 44.000.000 төгрөгийг 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй нь хариуцагчийн ... газрын төлбөрт төлсөн мөнгөө үлдэгдэл төлбөрөөс хасуулна... гэсэн тайлбараар тогтоогдож байна.
Иймд газрын үнийн үлдэгдэл төлбөр болох 46 000 000 төгрөгөөс маргааны зүйл болж буй 900 м.кв газар нэхэмжлэгч Э.Б.М***ын эзэмшилд байх үеийн 2011, 2012 оны газрын төлбөр 6.805 төгрөг, 27.250 төгрөгийг тус тус хасаж тооцон 45.965.945 төгрөгийг “ МЗ*** “ ХХК-аас гаргуулан Э.Б.М***д олгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн ... гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д гэрээний үүрэг биелүүлээгүй нөхцөлд алданги тооцохоор бичгээр тохиролцсон тул 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл 7 сарын буюу 2010 хоногийн алданги 4.830.000 төгрөгийг гаргуулна ... гэсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчид 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ****тоот гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар “ МЗ*** “ ХХК нь гэрээний нөхцөлийн дагуу 44.000.000 төгрөгийг 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр худалдан авагчийн дансанд шилжүүлээгүй тохиолдолд үнийн дүнгийн 0.05 хувиар хоног тутамд торгууль тооцохоор бичгээр тохиролцсон бөгөөд энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.2-т заасан ... анзын гэрээг бичгээр хийнэ... мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан ... анз нь торгууль, алданги гэсэн 2 төрөлтэй байна ... мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д заасан ... үүргээ гүйцэтгээгүй тал нь төлөхөөр гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан эсхүл гүйэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ ... гэж гэсэн шаардлагыг хангасан байна.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... талууд 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн гэрээг хүчингүй болгож 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дархан хотод анхны гэрээний агууллага, талуудын хүсэл зоригийг хангалттай илэрхийлсэн “Тоног төхөөрөмж худалдаж худалдан авсаны хэлцэл” нэртэй баримтийг үйлдэж талууд үзэглэн 46.000.000 төгрөгиг 2013 оны 03 дугаар сард багтаан төлөхөөр заасан.. Энэхүү гэрээгээр үүрэг хүлээгч тал үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд анз торгууль төлөх талаар үүрэг хүлээн аваагүй ... гэж анз төлөхөөс татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна.
Хариуцагчийн төлөөлөгчийн татгалзалын үндэслэл болгож байгаа 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хийсэн “ Тоног төхөөрөмж худалдаж худалдан авсаны хэлцэл”-ийн талууд нь “ МЗ*** “ ХХК, “ ЭМЦЭРЕМ “ ХХК бөгөөд уг хэлцэлд 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ****тоот Худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгосон талаар заалт ороогүй байна.
Нэхэмжлэгч 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ****тоот “ Худалдах худалдан авах гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар гэрээний үүргийн биелэлтийг хангах баталгаа болгохоор тохирсон анз 4.830.000 төгрөгийг гаргуулахаар шаардахдаа хугацааг 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл тооцсон нь үндэслэлгүй байна.
2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ****тоот “ худалдах худалдан авах гэрээ”-ний дагуу 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “ Газрын эрх шилжүүлэх гэрээ “ байгуулагдсан / хэргийн 15 дугаар хуудас / өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэлхи 131 хоногт 0.05 хувиар тооцон нийт 3.013.000 төгрөгийг “МЗ*** “ ХХК-аас гаргуулан Э.Б.М***д олгон үлдэх хэсэг 1 817 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн ... МЗ*** ХХК нь 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “ худалдах худалдан авах гэрээ “- ний үүргээ үл биелүүлэн удаа дараа төлбөрөөс зайлсхийсэн төлөөгүйгээс болж Хуулийн компани болох “ДВЖ***” ХХК-тай 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийж гэрээний урьдчилгаа төлбөр болох 2.500.000 төгрөгийг 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төлж барагдуулсан. “МЗ***” ХХК гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж би хууль зүйн туслалцаа авч хохирол учирсан. Иймд хохирол 2.500.000 төгрөгийг гаргуулна ... гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуултийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар ... иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бөгөөд мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т зааснаар төлөөлөл нь хуульд зааснаар, гэрээгээр төлөөх эрхтэй байхаар хуульчилсан бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25 дугаар зүйлийн 25.1.7-д ... хуульд заасан бусад эрхийг эдлэх эсэх нь түүний сонголт байна.
Нэхэмжлэгч Э.М***нь “МЗ***” ХХК-д холбогдох иргэний хэрэгт төлөөлөх эрхийг иргэн Ш.Б*** 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн итгэмжлэлээр / хэргийн 3 дугаар хуудас / олгосон бөгөөд энэ итгэмжлэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Э.М***нь “МЗ***” ХХК-д холбогдуулан гаргасан иргэний хэрэгт А талын эрх ашиг сонирхолын дагуу оролцуулахаар “ДВЖ***” ХХК-ийн Сэцбилэг хууль зүйн товчоотой / захирал Ш.Базарррагчаа / 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “ Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” - г / хэргийн 19- 21 дүгээр хуудас / байгуулсан байна.
Дээрхи гэрээний 1.1-т Б тал болох “ДВЖ***” ХХК-ийн Сэц билэг Хууль зүйн товчоо нь А тал буюу Э.Б.М***ын зардлаар хууль зүйн үйлчилгээ үзүүлэхээр тохирч урьдчилгаа төлбөр болох 2.500.000 төгрөгийг 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төлж барагдуулахаар заасан байна.
Нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болгож хууль зүйн туслалцаа үзүүлсэний төлбөр 2.500.000 төгрөгийг төлсөн гэсэн баримт нь / хэргийн 22 дугаар хуудас / 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “ДВЖ***” ХХК –ийн дардас бүхий “ Бэлэн мөнгөний зарлагын баримт “ дээр үйлдэгдсэн тул А тал болох Э.Б.М***оос Б тал болох “ДВЖ***” ХХК-ийн санхүүд орлого болон орж байгаа эсэх нь эргэлзээтэй байх тул 2.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ... Бидний анх байгуулсан гэрээнд газрын гэрчилгээг шилжүүлж өгсөний дараа мөнгө өгөхөөр байсан , гэтэл газрын гэрчилгээг 2012 оны 11 дүгээр сард би өөрөө хөөцөлдаж өөрийн нэр дээр авсан. Мөн газрын төлбөрөө төлөөгүй хурагдаж байсан газар, өгсөн техникийн нөхцөлүүд нь хугацаа нь дууссан байсан ... гэсэн хариу тайлбар нь үндэслэлгүй бөгөөд энэ талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4- д зааснаар үлдэгдэл төлбөр 45.965.945 төгрөг , алданги 3.013.000 төгрөг нийт 48.978.945 төгрөг “МЗ***” ХХК-аас гаргуулан Б.М***д олгон, 5 362 055 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн ХААН банк 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 441.674 .00 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, “МЗ***” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 402 844 төгрөгийг гаргуулан Б.М***д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдврлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ