| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2025/0319/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/342 |
| Огноо | 2025-12-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/342
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалан, шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц-т холбогдох эрүүгийн 2539001290165 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Б.Ц нь 2025 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Хэнтий аймгийн ....... бааранд Ш.О-тэй “Э.И-г дагуулж явах” асуудлаас болж маргалдан улмаар хохирогчийн нүүр хэсэгт 3-4 удаа гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулын дотор салстад шарх, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2539001290165 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Н.Амгалан: “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж байр суурийг илэрхийлсэн болно.
Шүүгдэгч Б.Ц : “...үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно...” гэжээ.
1.Шүүгдэгч Б.Ц ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хэргийн үйл баримт нотлогдсон байна гэж дүгнэв. Үүнд:
- Хохирогч Ш.О-н “...Би 2024 оны 01 дүгээр сарын 03-ны орой 21 цагийн орчим Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг .... нэртэй бааранд ажлын газрын 5 хүнтэй тухайн газарт орсон. Тэгээд бид 6 нийлээд Эдэн нэртэй 1 литрийн 1 шил архийг хувааж уугаад сууж байтал манай ажлын газрын сувилагчийн ангийн залуу гэх Ц гэдэг залуу нэг мэдэхэд манай ширээнд ирээд суусан. Харин шөнө 00 цаг өнгөрч байхад бид нар тухайн газар үйлчлүүлж байгаад явах болсон чинь манай ажлын эмэгтэй И-г тасраад би авч явах гээд тэнд байх хооронд Ц гэх залуу бид нартай цуг явж байсан Б эмчтэй маргалдаад байх шиг байсан. Тэгтэл би И-г г тухайн газраас аваад гарах гэтэл 2 давхрын үүд хэсэгт Ц манай сувилагчийг надад өгч явуулахгүй гээд байхаар нь би тухайн залууд тасарсан байгаа дүүгээ чамд өгч явуулах уу гээд хэлсэн чинь надтай маргалдаж эхэлсэн. Харин тэр үед нь би уурлаад тухайн Ц ыг цаашаа яв гээд нэг удаа алагдсан юм. Тэгтэл Ц надад уурлаж дайраад миний нүүр хэсэгт 3-4 удаа цохиж авах үед би газарт унасан. Тэр хооронд надтай хамт явж байсан Г , Г-маа эгч хоёр намайг салгаад Ц ыг И-г цаашаа аваад явсан. Тухайн үед миний хамраас маш их цус гарч байгаад гайгүй болохоор нь шууд гэртээ хариад амарсан. Тэгтэл өглөө нь миний баруун нүд хэсэгт хөхрөөд хамар зүүн тал руу мурийсан, доод уруул язарсан, цус хуралт тогтсон байхаар нь эмнэлэгт очиж үзүүлээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Ийм л асуудал болсон... Мөн би И-г гийн арван жилийн ангийн залуу гэдгээр нь таньж байгаа юм... Манай ажлын газрын Билгүүн эмч Г , Г-маа эгч, И-г нар байсан... Би тухайн үед манай ажлын дүү нэлээн согтуу байхад нь Ц ирээд надаас ангийнхаа охиныг авч явна гэхээр нь бид нар хамт олноороо явж байна өгч явуулахгүй гэж хэлсэн чинь өөдөөс маргалдаж эхэлсэн... Тухайн залуу манай ажлын дүүг авч явна гээд маргалдаж байгаад уурлаад намайг зодсон... Би хамрын хагалгаанд орсон. 7 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гарч ирсэн. Одоо доошоо тонгойх үед миний хамар хэсгээр өвдөх зовуурьтай бас толгой их өвдөж байна... Шүүх шинжилгээний байгууллагад үзүүлнэ... Би гомдолтой байна. Хуулийн дагуу шалгуулмаар байна... ...Би Ц т ямар нэгэн санал, гомдол байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14, 17-18 дугаар тал),
-Гэрч Н.Б “...2025.01.03-ний өдөр 17 цагийн орчимд Хэрлэн сумын .... дугаар багт үйл ажиллагаа явуулдаг .... нэртэй бааранд манай ажлын газрын байна гэхээр нь би тухайн газарт очсон. Тэгээд тухайн газарт би бид нар хамт олноороо 2 шил архийг уусан юм. Тэгээд тухайн газраас О, Б, Г-маа , Г эгч бид хэд гараад замаараа И-Г аваад М эгчийнд очиж 1 литрийн Эдэн нэртэй 2 шил архи уусан юм.Тэгтэл манай ажлынхан Б эмчийг гэрт нь 16 давхарт хүргэж өгөх гээд очоод тухайн .... ресторан гэх газар онгорхой байхаар нь бөөндөө орсон юм. Тэр үед би тухайн газарт ороод 0.75 литрийн Эдэн нэртэй 1 шил архи аваад тойруулаад байж байснаа санаж байна. Тэгээд л согтсон яг юу болсон талаар мэдэхгүй байна... О гэх эмэгтэй нь надтай хамт нэг тасагт ажилладаг юм. Харин Ц гэдэг залууг зүс мэднэ... Сүүлд манай ажлын О надад Ц т цохиулж байгаа тухайн байгууллагын дотор талын камерын бичлэгийг надад харуулж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар тал),
-Гэрч Т.Г-маа гийн “...2025.01.03-ний орой 18 цагийн орчим нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн хамт олон хамт ажилладаг үйлчлэгч эгч З.М нь гавьяаны амралтдаа сууж байгаатай холбогдуулж манай ажлын хэсэг хүмүүс гаргаж өгөхөөр хамт, ажлын эгчийндээ гэрт нь 2 шил “Эдэн” гэх нэртээ 0.75 литрийн архи хувааж уугаад 22 цаг 30 минутын орчим Хэрлэн сумын 3-р багт үйл ажиллагаа явуулдаг “ .... ” гэх бааранд бүгд хамт орсон тэгээд тэр баарнаас нэг шил мөн “Эдэн” гэх нэртэй 0.75 литрийн архи аваад тэр бааранд уугаад бүжиглэж байсан чинь манай ажлын И-г гийн ангийн найз гэсэн байх урд өмнө хараагүй Ц гэх залуу манай ширээнд ирээд та хэддээ баярлаж явдаг шүү гээд манай ширээнд нэг шил 0.75 литрийн архи авчирч тавьж байсан санагдаж байна... Миний хувьд их согтсон байсан болохоор үнэхээр мэдэхгүй байна. Тэр болгон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй болохоор амархан согтдог юм нэг мэдэхэд л хүмүүс маргалдаж муудаад байх шиг байсан миний хувьд үнэхээр санахгүй байна. Юун дээрээс маргасан зодолдсон гэдгийг мэдэхгүй байна... Маргааш өглөө нь сэрээд харсан чиньО-н хамар аймар болчихсон байсан. Тэгээд наад хамар чинь яасан юм бэ гэж асуусан чинь намайг хүн зодчихсон гэж байсан. Тэр шөнө би О-д хоносон юм өөр зүйл үнэхээр мэдэхгүй байна... Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... “ гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дүгээр тал),
-Гэрч Э.И-г гийн “...Би 2025.01.04-ний өдөр Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн хамт олноороо манай ажлын үйлчлэгч эгч З.М нь гавьяаны амралтдаа сууж байгаатай холбогдуулж манай ажлын хэсэг хүмүүс гаргаж өгөхөөр хамт, ажлын эгчийндээ гэрт нь 2 шил “Эдэн” гэх нэртээ 0.75 литрийн архи хувааж уугаад 22 цаг 30 минутын орчим Хэрлэн сумын 3-р багт үйл ажиллагаа явуулдаг “ .... ” гэх бааранд бүгд хамт орсон. Тэгээд тэр баарнаас нэг шил мөн “Эдэн” гэх нэртэй 0.75 литрийн архи аваад тэр бааранд уугаад бүжиглэж байсан. Тэнд арван жилийн ангийн 2 найзтайгаа таарснаа санаж байна. Тэгээд тэр бааранд өөр ямар ямар үйл явдал болсон талаар үнэхээр санахгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дүгээр тал),
-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ц.Т-н 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 88 дугаартай “1.Ш.О-н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулын дотор салстад шарх, баруун дээд, доод зовхи, баруун хацар, хамар, баруун шанаа, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 2.Тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3.4.Дээрх гэмтлээс хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулын дотор салстад шарх, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хөнгөн хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо, баруун хацар, хамар, баруун шанаа, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь эрүүл мэндийг сариулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хөнгөн хохирлын зэрэг тогтоогдохгүй. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 47-49 дүгээр тал),
Шүүгдэгч Б.Ц ын яллагдагчаар өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 03-ны орой Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулдаг .... бааранд Ш.О гэх эмэгтэйн нүүр хэсэгт баруун гараараа 3 удаа цохиж биед нь халдаж улмаар О-н биед хөнгөн гэмтэл учирсан асуудал гаргасан. Би О-н эмчилгээний зардлыг төлж хохирогчийг гомдолгүй болсон байгаа... Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Цаашид ахиж ийм үйлдэл гаргахгүй байх болно.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68 дугаар тал) зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нийг шилжих шөнө Хэнтий аймгийн ....... бааранд Ш.О-тэй "Э.И-г дагуулж явах" асуудлаас болж маргалдан улмаар хохирогчийн нүүр хэсэгт 3-4 удаа гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулын дотор салстад шарх, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл, гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаар дээрх гэмт хэргийн шинжийг хангана.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Б.Ц нь хохирогч Ш.О-н эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулын дотор салстад шарх, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Б.Ц нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Б.Ц ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Ц тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогчийн нүүрэн тус газарт цохих идэвхтэй үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд хамрын таславчийн муруйлт, дээд уруулын дотор салстад шарх, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Ц ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Ш.О-с “...миний биед хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд эмчилгээний зардал төлбөр хоёр сая таван зуун мянган төгрөг 2025.01.19-нд миний хаан банкны 5954579518 тоот дансанд шилжүүлсэн хүлээн авсан тул Б.Ц т гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэх нотариатаар батлуулсан тодорхойлолт (хавтаст хэргийн 114 дүгээр тал) байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж гэж дүгнэлээ.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас: Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэх саналыг гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Ц ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Ялтнаар торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Бусад шийдвэрийн талаар:
Шүүгдэгч Д.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.
Хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шүүгдэгч Б.Ц аас шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН