Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2013 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 588

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2013/0453/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Оюундарь даргалж, шүүгч Б.Цолмонбаатар, Д.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгино-Хайрхан дүүрэг, ** дугаар хороо, Баруун туруу ** тоотод оршин суух Б.Ө*** /утас: ****, ХААН банкны данс: ****/ -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар хороо, Нарантолгой ** тоотод оршин суух Б.М***/утас: ****/,
Хамтран хариуцагч: Сэлэнгэ аймаг Баянгол сум, ** дүгээр баг, Хараа ** дугаар хэсэгт оршин суух Б.Б***/утас: ****/ нарт холбогдох

Зам тээврийн ослын улмаас учирсан хохирол 908 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ө***, Хариуцагч Б.М***, Хамтран хариуцагч Б.Б***, Иргэдийн төлөөлөгч Д.Ч***, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Өлийбаяр нь шүүхэд гаргасан тайлбартаа:
    Миний бие нь 2011 оны 12 дугаар сард “УБТТС” ХХК-д таксийн үйлчилгээний автомашины жолоочоор ажилд орсон бөгөөд **УНС улсын маркийн дугаартай Хьюндай Элентра маркийн автомашинаар ажил үүргээ гүйцэтгэж  байхад 2012 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Од кино театрын зүүн талын төм замаар хөдөлгөөнд оролцож явахад ** ДАХ улсын дугаартай Хьюндай Соната маркийн автомашин мөргөж зам тээврийн осол зөрчил гаргасан. Тус зөрчлийг нийслэлийн Баянгол дүүрэг дахь Замын цагдаагийн тасаг хянан шийдвэрлээд **ДАХ улсын дугаартай Хьюндай Соната марзийн автомашин жолоочийн дүрэм зөрчсөн гэм буруутай болох нь тогтоогдсон байна. Зам тээврийн ослын улмаас **УНС улсын дугаартай Хьюндай Соната маркийн автомашинд 908 000 төгрөгийг хохирол учирсан бөгөөд тус хохирлын нөхөн төлөлгүй сураг ажил тасарч, надтай уулзаагүй.
Машины эзэн нь Б.М***болохоор нэхэмжлэлээ Мөнхсайханд гаргасан боловч тухайн үед унаж явсан жолооч буюу хохирол учруулсан хүн нь Б.Б*** байсан тул хамтран хариуцагчаар Б.Б***ыг татах хүсэлт гаргасан. Иймд намайг хохиролгүй болгуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Б.М***, Б.Б***нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:
**ДАХ Соната 6 маркийн автомашины эзэмшигч М***, хамтран эзэмшигч Б.Б*** нар нь **УНС улсын дугаартай Хьюндай Элентра маркын машинд учруулсан хохирол болох 908 000 төгрөгийг 2013 оны 5 сарын 30-нд 150 000 төгрөг, 2013 оны 6 сарын 30-нд 150 000 төгрөг, 2013 оны 7 сарын 30-нд 150 000 төгрөг, 2013 оны 8 сарын 30-нд 150 000 төгрөг, 2013 оны 9 сарын 30-нд 150 000 төгрөг, 2013 оны 10 сарын 30-нд 158 000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон тул энэхүү гэрээг байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Б.Ө*** нь хариуцагч Б.Б***, Б.М***нараас 908 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ тухай тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлж, нэхэмжлэгч хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ бичиж шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Б.Ө***ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б***, Б.М***нараас 908 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчид ... **ДАХ Соната 6 маркийн автомашины эзэмшигч М***, хамтран эзэмшигч Б.Б*** нар нь **УНС улсын дугаартай Хьюндай Элентра маркын машинд учруулсан хохирол болох 908 000 төгрөгийг 2013 оны 5 сарын 30-нд 150 000 төгрөг, 2013 оны 6 сарын 30-нд 150 000 төгрөг, 2013 оны 7 сарын 30-нд 150 000 төгрөг, 2013 оны 8 сарын 30-нд 150 000 төгрөг, 2013 оны 9 сарын 30-нд 150 000 төгрөг, 2013 оны 10 сарын 30-нд 158 000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон тул энэхүү гэрээг байгуулав...гэсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагчийн Төрийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд  2013 оны 2 дугаар сарын 26-ны өдөр тушаасан 26 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, төрийн сангийн орлогоос 50 хувь болох 13 100 төгрөг, Б.Б***, Б.М***нараас 50 хувь болох 13 100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Ө***т олгосугай. 

3.  Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.


            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ОЮУНДАРЬ 

            ШҮҮГЧИД                                 Б.ЦОЛМОНБААТАР

                                                 Д.АЛТАНТУЯА