| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2025/0319/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/343 |
| Огноо | 2025-12-15 |
| Зүйл хэсэг | 25.2.3., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/343
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Х , шүүгдэгч Т ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч О.Б түүний өмгөөлөгч Б.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т ХХК-д холбогдох эрүүгийн 2539000880341 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч хуулийн этгээдийн мэдээлэл:
Шүүгдэгч хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Т ХХК нь 2022 оны 4 дүгээр сараас 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар хот-Чингис хот чиглэлийн автозамаас ... сум хүртэлх хатуу хучилттай 52.5 км авто замын ажлыг хийж гүйцэтгэх явцдаа Хэнтий аймгийн ..... сумын ..... багийн нутагт байх орон нутгийн хамгаалалтад авсан байсан ..... энгэр, бэл дэх таван байршлын /Шинжээчийн дүгнэлтэд нэг бүрчлэн тусгасан/ 11 тооны түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг замын барилга байгууламжаа хэвийн явуулах зорилгоор буюу санаатайгаар эвдсэн, гэмтээсэн гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2539000880341 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Н.Амгалан: “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,
Шүүгдэгч Т ХХК-ийн өмгөөлөгч Б.Жавхлан: “Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно” гэж тус тусын байр суурийг илэрхийлсэн болно.
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч О.Б : “...үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ.
1.Шүүгдэгч Т ХХК нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатайгаар эвдсэн, гэмтээсэн гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон гэж дүгнэв. Үүнд:
-Хэнтий аймгийн Соёл, Урлаг, Аялал жуулчлал, залуучуудын газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/414 дугаартай албан тоот, хавсралтууд (хавтаст хэргийн 08-19 дүгээр тал),
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 20-28 дугаар тал),
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Х ийн “...2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ..... сумын экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Дашням нь ..... сумын ..... багийн нутагт байх..... , ..... гэх тус тус уулуудад зам ангийн ажил хийгдэж дууссаны дараагаар Соёлын үл хөдлөх дурсгал хөндөгдсөн байж болзошгүй нөхцөл байдал үүсэж байна гэж надад анх хэлсэн. Тэгээд экологийн байцаагч Д.Д-н хамт тухайн соёлын үл хөдлөх дурсгал хөндөгдсөн гэх газар руу очиж үзлэг шалгалт хийхэд Зам ангийн ажлын явцад хүнд даацын машин техник нь хиргисүүрийн ойр орчимд хог хаягдал их байсан ба ..... уул, Дун уулуудад байх Соёлын үл хөдлөх дурсгалуудыг гэмтээж устгах эрсдэлд орсон байсан... Дун уул 2008 онд соёлын өвийн бүртгэлд орсон. ..... уулын дурсгалууд нь бүртгэл мэдээллийн санд одоогоор ороогүй байгаа... Урьд өмнө хөндөгдсөн асуудал болж байгаагүй... Улсын болон орон нутагт бүртгэлтэй байдаг. Бүртгэлийн дэвтэрт тусгаж тэмдэглэл хөтөлдөг... Би 2024 оны 12 дугаар сард ажилд орсон тул одоогоор яваагүй... Мэргэжлийн байгууллага болох Соёлын өвийн газраас гаргана. Намайг анх ажил хүлээлцэж авч байхад Түүх соёлын үл хөдлөх дурсгал хөндөгдөж үнэлгээ гаргуулж байсан талаар ямар нэг зүйл хэлж байгаагүй... Соёлын өвийн газраас гарсан үнэлгээнд тусгасны дагуу хохирлоо барагдуулсан тохиолдолд гомдол саналгүй..., ...Хуулийн дагуу арга хэмжээ авхуулах хүсэлтэй байна. ..... сумын 5 дугаар багт хөндөгдсөн соёлын үл хөдлөх дурсгалыг дахин гэмтэж устгахаас хамгаалж ойр орчимд байгаа хог хаягдлыг цэвэрлэж дууссаны дараа гомдол саналгүй гэсэн хүсэлтээ гаргаж өгнө...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38, 123-124, 128-124 дүгээр тал),
-Гэрч С.Ц-н “...Ажил мэргэжлийн хувьд Т ХХК-нд 2022 оны 6 дугаар сараас хойш одоог хүртэл ковш оператораар ажиллаж байна... Би 2022 оны 6 дугаар сараас Т ХХК-ийн ажилчнаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Хэнтий аймгийн ..... сумаас ..... сум чиглэлийн 52.5 км хатуу хучилттай авто замын ажлыг 2024 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн... Би далангийн ажил болох чулуу бутлуурын ажил хийж гүйцэтгэж байсан... Зам ангийн ковшчноор ажиллаж байсан ажил үүргийн чиглэл маань чулуу бутлах болон замын далангийн материал тараах ажлыг хийсэн... ..... сумын 1 дүгээр багийн нутаг болох ..... өвөр хэсэгт байрлаж байсан... Хоёр хэсэг кемп байсан. Туслан гүйцэтгэгч компани болох ..... ХХК байсан... Би өмнө тэр хавиар нутаглаж байсан болохоор хиргисүүр байгааг мэдэж байсан. Би үйлдвэр болон замын далан дээр ажиллаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар тал),
-Гэрч Б.Өнөрбаярын “...Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын Иргэдээ сонсъё 70563111 дугаарын утсанд Хэрлэн сумын 5 дугаар багийн иргэн Ч.Э-ын ирүүлсэн өргөдлийн дагуу 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газраас албан тоот бичиг ирсэн. Хэнтий аймгийн ..... сумын ..... багийн нутаг дэвсгэр болох Дун уул, ..... ууланд түүхийн үл хөдлөх дурсгалт газар хөндөгдөж байна гэсэн гомдлын дагуу 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ажлын хэсэг байгуулан соёлын байцаагч Д.Баатарцогт, эрдэм шинжилгээний ажилтан Б.Төгсжаргал нарын хамтарсан баг хяналт шалгалт хийх зорилгоор хөдөлсөн. Ажлын бүрэлдэхүүн үл хөдлөх дурсгал хөндөгдсөн гэх газар очиход ..... урд бэлээр байх үл хөдлөх дурсгал хиргисүүрийн дараас чулууны урд хэсгээс хөндсөн нь мэдэгдэж байсан. Зам ангийн шорооны карьер ..... урд бэлд байх бөгөөд карьерын хойд захад устаж үгүй болох эрсдэл үүссэн байсан. ..... уулын дурсгал мөн хөндөгдсөн байсан. Хиргисүүр тахилын байгууламж хөндөгдөж зохион байгуулалттай халдсан гэж үзэж байна. Хиргисүүрийн дараас чулуунуудыг хөндсөн голд нь ухаж хог хаягдал хийсэн байсан. Энэ дурсгал нь хүрлийн үеийн хиргисүүр болохыг гадна дугуй хүрээ болох чулуунуудаар таньсан. ..... уулын зүүн урд бэлд хойноос урагш цугласан 20 орчим тахилын байгууламж, тахилын байгууламжийн урд талд байх 5-6 байгууламж дээр Т ХХК-ийн зам ангийн хог хаягдал цемент зэрэг их хэмжээгээр хаягдсан байсан. ..... уулын тахилын байгууламжуудын хамгийн урд талд байх хатан чулуун дээр юм бичиж тэмдэглэсэн байсан. ..... хамгийн их хөндөгдсөн дурсгал нь хиргисүүр байсан. ..... ууланд болохоор хөндөгдөж зохион байгуулалт алдсан хиргисүүр 1, хог хаягдал хаясан тахилын байгууламж 6 хөндөгдсөн байсан. Цас ороогүй байсан учир харагдах байдал ил байсан... Дун уул нь 2008 онд соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд орсон. Харин ..... уулын дурсгал нь бүртгэл мэдээллийн санд одоогоор ороогүй байгаа... Урьд өмнө нь хөндөгдөж байсан асуудал болж байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дугаар тал),
-Гэрч Б.Ө-н дахин өгсөн “...Тухайн газрууд түүх соёлын дурсгалт газарт хамаарна. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан байдаг... Тухайн нутаг дэвсгэр хариуцсан засаг, захиргаа, тухайн сумын соёлын өв хариуцсан мэргэжилтэн хариуцна... Соёлын төв оролцох эрхтэй... Тухайн дурсгалыг үнэлэх ямар нэгэн боломж байхгүй. Урьд өмнө нь үнэлүүлж байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дүгээр тал),
-Гэрч Г.Г-н “...Т ХХК нь 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн ..... сумаас ..... сум чиглэлд 52.5 км хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлсэн. 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ашиглалтад оруулсан. Үлдэгдэл замын цэвэрлэгээ, нөхөн сэргээлт ажлууд үлдсэн. 2025 оны хавар дуусгахаар төлөвлөж байгаа... ..... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох ..... өвөр хэсэгт зам ангийн кемп байрлуулсан... Анх 2022 онд зам ангийн кемп талбай байрлуулах газраа тухайн үед сумын удирдлагатай хамт явж үзэж байсан. Кемп байрлуулах газар нь хиргисүүр булш байдаг талаар мэдээлэл өгч байсан. ..... ойр орчмын айлын хүмүүстэй уулзаж замын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын ажлын талаар мэдээлэл өгч, замын ажлын хүрээнд элс хайрга дайрга авах цэгээ хэлж танилцуулж байсан. Элс хайрга дайрга авахдаа эргэн тойронд байгаа булш, хиргисүүр хөндөхгүй, гэмтээхгүй ажиллах тал дээр инженер техникийн нийт ажилтнууддаа зөвлөж анхааруулж байсан...Тиймээ манайхаас өөр туслан гүйцэтгэгч компани болох ..... ХХК нь зам ангийн ажлыг гүйцэтгэж байсан. Манай кемпээс чанх хойд зүгт 10 км орчимд кемп байршуулан ажиллаж байсан. ..... ХХК нь ..... сумаас 10 км хатуу хучилттай авто замын ажлыг хийсэн. 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөх хатуу хучилттай авто замын ажлыг хийж дуусгаад кемпийн ойр орчимд байгаа хог хаягдлаа цэвэрлэх талаар ажилчдадаа хэлсэн. Би 2024 оны 12 дугаар сард зам ангийн үзлэгээр ..... сумаас ..... сум чиглэлийн авто замыг шалгахаар ирсэн. Шалгах явцад дутуу цэвэрлэгдсэн цементийн хог шуудай хаягдлууд байсан. 2025 оны хавар хог хаягдлаа цэвэрлэх даалгавар өгсөн. Зам ангийн кемпийн урд талд хөрс хуулалт хийсэн газарт нэг хиргисүүр байсан. Газар шорооны ажлын явцад гэмтэж бэртэхээс хамгаалж 4 буланд нь гадас зоож, тууз татаж хамгаалах тэмдэг тавьсан байсан боловч газар шорооны ажлын үүднээс шон гадас нь уначихсан байсан. Манай компанийн зүгээс хавар ирж хог хаягдал болон хөндөгдсөн хиргисүүрийг нөхөн сэргээж янзална... Үгүй манайх дангаараа байрлаж байсан... Манай компани нь нийт 100 гаруй ажилчид ажиллуулж байсан... Манай компани нь дангаараа тендер авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар тал),
-Гэрч Л.Б-н “...Тус дурсгалууд нь Соёлын үл хөдлөх дурсгалд хамаардаг. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасны дагуу булш хиргисүүр, тахил, тайлгын байгууламж зэргээр хуульчилсан байдаг... Тус түүх соёлын үл хөдлөх дурсгалт газрууд нь Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан бүртгэгдсэн бүртгэгдээгүйгээс үл хамааран хадгалалт хамгаалалтыг Сум орон нутгийн төрийн захиргааны байгууллага хариуцна. 2025 оны Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдааны 8 дугаар тогтоолоор баталсан сум дүүргийн хамгаалалтад байх түүх соёлын үл хөдлөх дурсгалд жагсаалтад багтсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дугаар тал),
-Бодит Үнэлгээ ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШД-66 дугаартай “...18-92 УР улсын дугаартай “XCMG ZL50GN” авто ачигч 120,600,000 төгрөг, 20-09 УН улсын дугаартай “LOVOL” FL956 авто ачигч 57,500,000 төгрөг, нийт 160,100,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 63-69 дүгээр тал),
-Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас ..... сум хүртэлх хатуу хучилттай авто зам 52.5 км /Хэнтий, ..... , ..... сум/ ажил гүйцэтгэх гэрээ (хавтаст хэргийн 72-73 дугаар тал),
-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 91 дүгээр тал),
-Соёлын өвийн үндэсний төвийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны 07/333 дугаартай “...Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд ..... нэртэй дурсгалт газрын мэдээлэл байхгүй харин ..... орчимд булш оршуулга, тахилын байгууламж зэрэг дурсгалууд 234600453 дугаар дээр бүртгэлтэй байна. Одоогоор түүх, соёлын үл хөдлөх дурсгалын үнэлгээг тогтоох хууль эрх зүйн орчин бүрдээгүй байгаа учир албан бичигт дурдагдсан дурсгалын үнэлгээг тогтоох боломжгүй...” гэх албан тоот (хавтаст хэргийн 113 дугаар тал),
-Соёлын өвийн үндэсний төвийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны 07/334 дугаартай “...Албан бичигт дурдагдсан хэрэг бүртгэлийн 253900088 дугаартай Хэнтий аймгийн ..... - ..... сумдын чиглэлийн 52,5 км хатуу хучилттай авто замын ажлыг гүйцэтгэгч “Т ” ХХК ажил эхлэхээс өмнө Соёлын өвийн хамгаалах тухай хуулийн 27.8-д заасны дагуу судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулсан тухай тайлан мэдээ Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд байхгүй болохыг үүгээр мэдэгдье” гэх албан тоот (хавтаст хэргийн 116 дугаар тал),
-Хэнтий аймгийн ..... - ..... сумдын чиглэлд тавигдсан 52.5 километр хатуу хучилттай авто замын дагуу орших Дун уул нэртэй газарт ажилласан хээрийн шинжилгээний ажлын дүгнэлт, талбайн гэрэл зураг (хавтаст хэргийн 132-138 дугаар тал),
-Шүүгдэгч Т ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч О.Б ийн яллагдагчаар өгсөн “...Би “Т ” ХХК-ийн ерөнхий захирлаар ажилладаг. Манай компани 2022 оны 4 дүгээр сараас 2024 оны 10 дугаар сар хүртэл Хэнтий аймгийн ..... сумаас ..... сумын чиглэлд 52.5 км хатуу хучилттай автозамын ажлыг эхлүүлсэн. Тус зам 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ашиглалтад орсон. Үлдэгдэл замын цэвэрлэгээ нөхөн сэргээлтийн ажлууд үргэлжилж байгаа. Тухайн цэвэрлэгээ нөхөн сэргээлтийн ажлууд 2025 ондоо багтаан дуусгахаар төлөвлөгдсөн байгаа. Энэхүү ..... сумын замын ажлыг манай компани автозамын албаны дарга Г.Ганбаяр хариуцан ажилласан. Г.Ганбаяр надад мэдээлэхдээ замын ажил явагдаж байгаа газрын ойр орчмын айлын хүмүүстэй уулзаж замын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулж мэдээлэл өгч замын ажлын хүрээнд элс хайрга авах цэгээ хэлж танилцуулж эргэн тойронд байгаа хиргисүүр хөндөхгүй гэмтээхгүй тал дээр инженер техникийн нийт ажилчдадаа зөвлөж анхааруулж байсан гэж надад мэдээлж байсан. Би тухайн газар очиж үзэхэд хог хаягдал хаясан болон тухайн хиргисүүр дээгүүр хүнд машин явсан мөр байсан бөгөөд манай компаниас нөхөн сэргээх болон цэвэрлэх ажиллагааг хийж байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 172-173 дугаар тал) зэрэг баримтууд болно.
Дээрх хэргийн үйл баримтаас шүүгдэгч “Т ” ХХК нь 2022 оны 4 дүгээр сараас 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар хот-Чингис хот чиглэлийн автозамаас ..... сум хүртэлх хатуу хучилттай 52.5 км авто замын ажлыг хийж гүйцэтгэх явцдаа Хэнтий аймгийн ..... сумын ..... багийн нутагт байх орон нутгийн хамгаалалтад авсан байсан ..... энгэр бэл дэх таван байршлын /Шинжээчийн дүгнэлтэд нэг бүрчлэн тусгасан/ 11 тооны түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг замын барилга байгууламжаа хэвийн явуулах зорилгоор хүнд машин явуулж санаатайгаар эвдсэн, гэмтээсэн үйл баримт болжээ.
Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдсэн, гэмтээсэн, устгасан”-аар тухайн гэмт хэрэг төгссөнд тооцогдоно. Энэ зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол” гэж хуульчилсан.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлд Түүх, соёлын үл хөдлөх дурсгал гэдэгт “булш, хиргисүүр, оршуулга, тахил, тайлгын байгууламж” хамаарахаар заажээ.
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын эх төрх бүрэн бүтэн байдал, түүх, соёл, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдлыг харгалзан улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн хамгаалалтын зэрэглэл тогтоож хамгаалалтад авахаар хуульчилсан байх бөгөөд ..... энгэр бэл дэх булш хиргисүүрүүд нь Хэнтий аймгийн ..... сумын хамгаалалтад байдаг байна.
..... өвөр хормойд 9 хиргисүүр, 6 дөрвөлжин булш, 5 дугуй булш, 40 орчим тахилын онгон буюу тахилын байгууламж бүртгэгдсэн.
Шүүгдэгч Т ХХК нь Улаанбаатар хот-Чингис хот чиглэлийн автозамаас ..... сум хүртэлх хатуу хучилттай 52.5 км авто замын ажлыг хийж гүйцэтгэхээр болж нутгийн ард иргэдтэй уулзаж, хийгдэх ажлын төлөвлөгөөг танилцуулах явцад сумын иргэд болон орон нутгийн удирдлагуудын зүгээс ..... өвөр хормойд түүх соёлын үл хөдлөх дурсгалууд байдаг талаар мэдээлэл өгч, уг дурсгалуудыг хөндөхгүй байх талаар зөвлөж байсныг гэрч С.Цогтбаяр (хавтаст хэргийн 41-42 дугаар тал), гэрч Г.Ганбаяр (хавтаст хэргийн 49-50 дугаар тал), шүүгдэгч Т ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч О.Б ийн яллагдагчаар өгсөн (хавтаст хэргийн 172-173 дугаар тал) мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Гэвч тухайн түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг Т ХХК нь мэдсээр байж дээгүүр нь явах нь, чулуунуудыг нь хөндөх, хог хаягдлаа хаях, кемпээ байршуулах зэргээр эвдэж, гэмтээсэн байх тул тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Ийнхүү эвдэж гэмтээснээр цаашид түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд бусдын хууль бус үйлдлийн улмаас бүрмөсөн устаж үгүй болох эрсдэлт нөхцөлд оруулжээ.
Иймд Т ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдсэн, гэмтээсэн гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Т ХХК-ийн дээрх санаатай үйлдлийн улмаас түүх, соёлын үл хөдлөх дурсгал эвдэрч, гэмтсэний улмаас үнэлж баршгүй хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой.
Шүүгдэгч Т ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч /ерөнхий захирал/ О.Б болон түүний өмгөөлөгч нь үйлдэгдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Соёлын өвийн үндэсний төвийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны 07/333 дугаартай “...Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд ..... нэртэй дурсгалт газрын мэдээлэл байхгүй харин ..... орчимд булш оршуулга, тахилын байгууламж зэрэг дурсгалууд 234600453 дугаар дээр бүртгэлтэй байна. Одоогоор түүх, соёлын үл хөдлөх дурсгалын үнэлгээг тогтоох хууль эрх зүйн орчин бүрдээгүй байгаа учир албан бичигт дурдагдсан дурсгалын үнэлгээг тогтоох боломжгүй...” гэх албан тоот (хавтаст хэргийн 113 дугаар тал) байх тул энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т ХХК-иас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзлээ.
Гэвч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч байгууллага гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой гарсан зардал, баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Т ХХК нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатайгаар эвдсэн, гэмтээсэн гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас: “Шүүгдэгч Т ХХК нь санаатай гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр байхгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэж тус тусын санал, тайлбар гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хуулийн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Т ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Ялтнаар торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч хуулийн этгээд нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож Т ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч О.Б ийг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Бусад шийдвэрийн талаар:
Шүүгдэгч Т ХХК нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ..... дугаартай Т ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатайгаар эвдсэн, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т ХХК-ийг 15,000 (арван таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 (арван таван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т ХХК-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож шүүгдэгч хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шүүгдэгч Т ХХК-иас шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой гарсан зардал, баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч О.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН