| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2025/0321/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/350 |
| Огноо | 2025-12-19 |
| Зүйл хэсэг | 17.2.1., 17.2.2., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/350
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалан, хохирогч М.А , түүний өмгөөлөгч М.Билгүтэй, шүүгдэгч М.М , түүний өмгөөлөгч Г.Бадамгэрэл, Б.Төгсбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М-д холбогдох эрүүгийн 2539000000035 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2539000000035 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч: “Яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулж, шүүгдэгч М.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,
Хохирогчийн өмгөөлөгч: “Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч М.А-н хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцоно. Өргөдөл /1-р хх-ийн 2-р тал/, Морин спорт уяачдын холбооны тодорхойлолт /1-р хх-ийн 6-р тал/, 1 дүгээр хавтаст хэргийн 7-16, 19-20, 34-35, 39-40, 54, 76, 80, 85-88, 106, 107-110, 119, 120, 125-р тал, 2 дугаар хавтаст хэргийн 9, 18, 24 дүгээр талд авагдсан баримтуудыг шинжлэн судална” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл: “Өнөөдрийн шүүх хуралдаанд үйлчлүүлэгч М.М ын хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаан байхгүй. Гэхдээ хохирлын тал дээр маргаантай тул хэргийг нэмэлт ажиллагаанд явуулах саналтайгаар өмгөөллөө явуулна. 1 дүгээр хавтаст хэргээс өргөдөл, хохирогчийн мэдүүлгүүд, прокурорын тогтоол /хх-ийн 249-р тал/, шинжээч томилсон тогтоол /хх-ийн 83-84-р тал/, үнэлгээ /хх-ийн 85-86-р тал/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 154-р тал/, ял шалгах хуудас /хх-ийн 156-р тал/, 2 дугаар хавтаст хэргээс гэрч Э-н мэдүүлэг, өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судалж оролцоно” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр: “...1-р хавтаст хэргээс морин спорт уяачдын холбооны тодорхойлолт, 3 тооны моринд тогтоосон шинжээчийн үнэлгээ, баярын бичиг, хохирогчийн мэдүүлэг /1-р хх-ийн 44-45-р тал/, 1-р хавтаст хэргийн 235, 237, 19 дүгээр тал, 2-р хавтаст хэргээс гэрч Н.Э-н мэдүүлэг, 2 ширхэг Сидиг шинжлэн судална. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байгаа тул шүүхээс оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно” гэж тус тусын байр сууриа илэрхийлжээ.
Шүүгдэгч М.М шүүхэд хандаж “Би М.А гэдэг хүний 3 морийг авснаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ч хүлээн зөвшөөрч байна. Би үнэлгээний асуудал дээр тохиролцоогүй учраас мориных нь төлбөрийг хийгээгүй. Үнэлгээний компани нэг борлог морийг 20,000,000 төгрөгөөр үнэлсэн байна лээ. Үнэлгээний компани жишиг татаж үнэлгээ гаргадаг юм байна. Ингэхдээ монгол морь биш 50 хувьтай эрлийз морин дээр жишиг татсан байна лээ. М.А гэх хүний морь эрлийз биш монгол морь юм. Иймд үнэлгээг үнэн зөвөөр гаргаж өгөөсэй гэж хүсэж байна” гэх мэдүүлэг өгсөн болно.
Нэг.Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
1.1.Үйл баримтын талаарх дүгнэлт:
1.1.2.Шүүгдэгч М.М нь 2025 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-ыг шилжих шөнө Хэнтий аймгийн .... дугаар багийн нутаг “ .... ” гэх газраас М.А-н хүрээтэй .... бор морь, хүрээтэй .... борлог морь, .... тамгатай борлог морь зэрэг нийт 3 тооны буюу олон тооны малыг уналга буюу морь ашиглан хулгайлж, хохирогч М.А д 22,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон болно. Үүнд:
-Хохирогч М.А-н “...Би өөрийн гэсэн 120 гаруй тооны адуу буюу 4 азарга адуутай. 2025 оны 01 дүгээр сарын 11-12-ны хооронд .... дугаар баг .... гэх газарт байсан манай хар азаргатай 40-өөд тооны адуунаас
-борлог бор 11 настай хүрээтэй М үсэг тамгатай,
-бор морь 12 настай хүрээтэй М тамгатай,
-борлогдуу өвөл болохоор цайрдаг морь 11 настай .... тамгатай адуунууд алга болсон юм. Манай алга болсон мориноос Борлог 11 настай хүрээтэй М үсэг тамгатай морь аймаг бүсийн наадмаас 20 гаруй тооны медальтай адуу байгаа юм. Нөгөө хоёр морь уналгын морьд байгаа юм. Би өөрийн алга болсон 3 тооны адууг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ойр хавиар хайсан боловч манай адууны сураг огт гараагүй юм... Манайхаас алга болсон борлог бор 11 настай хүрээтэй М үсэг тамгатай, бор морь 12 настай хүрээтэй М тамгатай, борлогдуу өвөл болохоор цайрдаг морь 11 настай .... тамгатай адуунууд байгаа юм... .... дугаар багийн иргэн М.М гэх залууг сэжиглэж байна... Манай адуунд айлын тавиул адуу байхгүй... Манай адууны бэлчээрээр ямар нэгэн тээврийн хэрэгслийн мөр байгаагүй... Маш их гомдолтой байна. Өөрийн алдсан адуугаа хулгай хийсэн хүмүүсээр барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 34-35, 124-125 дугаар тал),
-Хохирогч М.А-н дахин өгсөн: “...Хулгайд алдсан борлог зүсмийн морь бол миний эзэмшлийн морь мөн. Тухайн цаг үед Ц.Д , З , Д.А гэх хүний нэр дээр тавьж уралдуулсан тул тухайн хүмүүсийн нэр борлог морины бай шагнал болох батламж, өргөмжлөлийн бичвэрт бичигдсэн байгаа юм. Тухайн хүмүүсийн нэр дээр тавьж уралдуулна гээд мөнгө авдаг, тэжээл тос, өвс зэрэг авдаг байсан... Миний борлог морины зах зээлийн үнэлгээ 20,000,000 төгрөг гэж гарсан байсан. Би борлог морио өөрөө мөн 20,000,000 төгрөгөөр үнэлж байна. Үнэлгээний байгууллагын гаргасан мөнгөн дүнгээр нийт 22,800,000 төгрөг нэхэмжилж байна... Би 2004 оноос хойш хурдан морь уяж байгаа бөгөөд 2012 онд сумын алдарт уяач гэх цол, тэмдэг авсан... Надад өөрт маань бэлэн фото гэрэл зураг байхгүй. Гэхдээ манай ах дүү нар, садан төрлийн хүмүүс борлог морины маань фото гэрэл зураг бичлэг байгаа байх гэж бодож байна. Ах дүү нараасаа асуугаад гарсан борлог морины фото гэрэл зураг, бичлэгийг хэрэгт тусгахаар гаргаж өгөх болно... Надад миний хулгайд алдсан 3 морины 3 толгой, 12 шийрийг ахлах дэслэгч С.Гантөмөр Хэрлэн сумын 2 дугаар баг Булаг гудамжны айлын хашааны грашнаас өдөр хүлээлгэж өгсөн. Би сар, өдөр, тухайн хашааны хаягийг санахгүй байна. Энэ өдөр орой нь 20 цагийн үед хийдийн сууринд байх М-н аавынх нь эгч гэх хүнээс хулгайд алдсан 3 адууныхаа арьсыг өөрөө очиж авсан. Надтай ахлах дэслэгч С.Гантөмөр утсаар яриад намайг тэндээс очоод адууныхаа арьсыг ав гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 39-40 дүгээр тал),
-Хохирогч М.А-н дахин өгсөн: “...Би өөрийн борлог зүсний хурдан морийг 2018 оны намар Ховд аймгийн Мянгад сумын малчин Ц.Д гэх хүнд 6,000,000 төгрөгөөр зарж мөнгийг нь бэлнээр авч байсан. Зарсан хурдан борлог морь маань нутаг гүйгээд тогтохгүй, алдчих гээд байна гэхээр нь 2023 оны намар наймаа буцаад тээврийн хэрэгслээр тээвэрлэж нутагт нь авчирсан. Мөнгийг нь буцааж өгөлгүйгээр хурдан удмын хязаалан насны хүрэн зүсний үрээ өгч байсан. Хурдан борлог морио буцааж авчирсан цагаас хойш уралдуулаагүй тамир суулгах гээд амрааж байсан юм. Ц.Д д байх хугацаандаа айраг түрүү авч байсан өргөмжлөл хэрэгт тусгагдсан байгаа...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 45-46 дугаар тал),
-Хохирогч М.А-н дахин өгсөн: “...Би Х гэх хүнд зөв талын гуян дээрээ хүрээтэй М үсэг тамгатай хурдан бараан борлог морийг 6,000,000 төгрөгөөр зарсан үнэн. Гэхдээ энэ хулгайд алдсан зөв талын гуя дээрээ хүрээтэй М үсэг тамгатай хурдан борлог мориноос өөр борлог морь. Х т зарсан зөв талын гуян дээрээ хүрээтэй М үсэг тамгатай хурдан борлог морь бааран зүсний борлог морь. Харин М-н хулгайлсан зөв талын гуян дээрээ хүрээтэй М үсэг тамгатай хурдан борлог морь бол цайруу зүсний борлог морь. Энэ хоёр морь нас чацуу, ижил тамгатай. Нэгдүгээр хавтаст хэрэгт авагдсан 19 дүгээр хуудасны доод талын фото гэрэл зургийн голын морь бол миний хулгайд алдсан зөв талын гуян дээрээ хүрээтэй М үсэг тамгатай хурдан цайруу борлог морь, зүүн гар талын буюу ягаан өнгийн хувцас, саравчтай малгайтай хүүхэд унасан морь бол Х т зарсан зөв талын гуян дээрээ хүрээтэй М үсэг тамгатай хурдан бараан борлог морь байгаа юм... Ж.Э бол М-н аав М-тай найз нөхдийн ойр дотно харилцаатай. М хүүхэд байхдаа Э-н хурдан морины унаач хүүхэд байсан.” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 8-9 дүгээр тал),
-Гэрч С.Б-н “...Миний бие Хэнтий аймгийн ....... тоот хашаанд мал мах түүхий эд худалдаж авч байгаа юм. 2025 оны 01 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн үед байх Мөрөн сумын иргэн М.М гэх залуу мөнгөлөг өнгийН ..... тээврийн хэрэгсэлтэй ирж 3 тооны адуу буюу 189 кг, 172 кг, 167 кг жинтэй адууны мах зарсан юм. Тухайн адууны махны мөнгө 3,206,000 төгрөг болж М.М ын Хаан банкны ...... дугаартай дансанд 3,156,000 төгрөг шилжүүлж, үлдсэн 50,000 төгрөгийг малын гарал үүслийн бичиг өгөөд аваарай гэж хэлсэн юм. М.М нь малын гарал үүслийн бичгээ маргааш нь өгнө гэсэн болохоор 50,000 төгрөг авч үлдсэн юм. Би энэ өдөр өөр адууны мах аваагүй юм... Би танихгүй. Махны мөнгө шилжүүлэхэд миний данс гэж М.М гэх данс өгсөн болохоор би нэрийг нь мэдсэн юм... М.М 3 тооны адууны мах зарсан. Арьс толгой авчирч өгөөгүй...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 49-50 дугаар тал),
-Гэрч А.Б-н “...2025 оны 01 дүгээр сарын 13-ний өглөө 10 цагийн үед гэртээ байж байхад манай сумын залуу болох М нь манай гэрт орж ирээд намайг хөдөө яваад өгөөч гэхээр нь яах гэж байгаа юм гэхэд 2-3 тооны адууны мах байгаа юм, тэр махыг зөөгөөд аймгийн төв рүү авчирч өгөөч гэхээр нь шатахуун гэхэд надад хийж өгнө гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрч өөрийн эзэмшлийн улаан хүрэн өнгийн Саяа маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй аймгийн төвөөс хойшоо ..... энгэр ....гэх газарт Б-Ө гэх айлын гадаа очиж гэрийнх нь урд байдаг 3 ширхэг шон босгосон бой хийдэг газарт ажилласан 2 тооны адууны махаа ачиж аймгийн төв рүү авчирч ........ тоот хашаанд манай ахынх байгаа тэр хашааны гражид хийгээд үлдээчих манай ахын гэр хүнгүй байгаа юм гэж хэлэхээр нь би тухайн 2 тооны адууны махыг авчирч үлдээгээд буцаж хөдөө нөгөө газраа ирэхэд дахин нэг адууны мах байсан тэр махыг бор зүсмийн 2 тооны адуу 1 тооны цагаан зүсмийн адууны арьс толгой ачаад буцаж аймгийн төвд ирж нөгөө мах буулгасан газарт буулгаж үлдээсэн. Харин М цугтаа ирсэн юм. Тэгээд намайг гэр рүүгээ харихад М надтай цугтаа манай гэрт ирээд оройхон манай гэрээс гараад явсан юм... Мөнгө төгрөг надад өгөөгүй. Тэгэхдээ би шатахууны мөнгө гэж 40,000-50,000 төгрөг өгөөрэй гэж хэлж байсан юм... Б-Ө гэх ах гэртээ согтуу унтаж байсан гэр дотор нь архины шил, пиво сав зэрэг байсан юм. Өөр хүн байгаагүй... М өөрийн адуунаас ажилласан. Гэрийнхээ гадаа ажиллах гэхээр холдоод байгаа болохоор Б-Ө ахын гадаа ажиллаж байгаа юм гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 53-55 дугаар тал),
-Гэрч Э.Б-н “...2025 оны 01 дүгээр сард хэд хоногийн өмнө М гэх залуу манай гэрт үүрээр орж ирсэн. Би гэртээ согтуу унтаж байхад хаалга онгойлгож орж ирээд намайг согтуу байгаа юм уу гэж асуугаад буцаад гараад явахаар нь би араас нь гэрт байсан архиа ганцаараа уугаад гэрээс гарахад М гадаа байхгүй байсан. Манай гадаа машин тэрэг морь мал огт байгаагүй. Тэгээд би эргэж ороод дахин үлдсэн архиа уугаад буцаад унтсан. Үд болж байхад манай нутгийн хүн адуу сураглаж орж ирэхээр сэрээд хониндоо явсан. Манай гадаа ямар нэгэн адуу мал байхгүй байсан юм... Манай гэрийн урд талд бид нар өөрсдөө мал ажиллаж байсан сэвс байгаа юм. 2024 оны намраас 20-30 тооны бог мал ажиллаж байсан юм... Би тухайн үед 2-3 хоног архи ууж байсан юм... 2025 оны 01 дүгээр сарын хэдэн гэдгийг санахгүй байна... Би маргааш үдээс хойш М цагдаад баригдсан байна гэдгийг мэдсэн тэгэхээс адуу мал ажилласан талаар мэдээгүй юм...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 58-59 дүгээр тал),
-Гэрч С.н “...А борлог зүсний морь, хул алаг зүсний морь, ягаан зүсний соёолон, хонгор зүсний соёолон, бор зүсний азарга зэрэг хурдан морь ихтэй... А борлог зүсний морь Мөнх-Өлзийт уулын тахилгын наадамд 2-3 удаа, Батноров сум, Бэрх тосгон, Норов уулын тахилгын наадам зэрэг олон наадамд айраг түрүү авч байсан хурдан морь. Хорь орчим медальтай байх гэж бодож байна. Би борлог морины айраг түрүүг нь нэг бүрчлэн хэлж мэдэхгүй байна. А -н борлог морийг З гэх хүн хааяа уяж сойдог байсан бөгөөд З т мөн бас нэг борлог морь байдаг байсан. З ын борлог зүсний морь яасан талаар бол мэдэхгүй байна. Ямар ч байсан З ын борлог морь харагдахаа болиод удаж байгаа. Борлог зүсний морь А -н унаган морь шиг санаж байна... А сумын алдарт уяач цолтой байхаа...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 75-76 дугаар тал),
-Гэрч Н.О-н “...А тай нэг нутгийн хүмүүс бөгөөд А -д борлог зүсний хурдан морь байдаг. Бага наадам буюу сумын болон Овоо тахилгын наадамд олон удаа айраг түрүү авч байсан морь юм. Миний мэдэхийн 7-8 медальтай байх. Борлог зүсний хурдан морь нь 10 орчим настай болж байгаа байх гэж бодож байна. Борлог морины айраг түрүүг би яг нарийн хэлж мэдэхгүй байна. Ямар ч л байсан олон айраг, түрүү авсан морь... А -н борлог зүсний морь тамгатай эсэхийг санахгүй байна. Өөрийнх нь унаган морь тул тамгалсан байх л гэж бодож байна. А -н адуу бол хүрээтэй М үсгэн тамгатай... А сумын алдарт уяач цолтой... Би А -н борлог морийг сүүлд 2024 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр адуундаа байхад харсан. Тухайн үед А -н гэрт хуц ухна авах гэж очсон юм. А -н х “ .... ” гэх газрын баруун хойно өвөлжөөн дээрээ нутаглаж байсан...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 79-80 дугаар тал),
-Гэрч С.Г-н “...М.М нь малын мах зарах гээд мах авах хүн сураад байгаа мэдээлэл авагдсан. М.М ын зарж борлуулах гээд байгаа махыг нь хаана байсныг мэдэхгүй байсан болохоор мал, махны ченж С.Баярбаттай М-н махыг авхуулахаар тохирсон. Ченж С.Б-т ....... тоот хашаанд М-с махыг нь худалдаж авсан. 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн орой М адууны махаа ченж Б-д авчирч өгөхдөө таскигаар ганцаараа ирж өгсөн үйлдлийг би холоос ажиглаж байсан. Хохирогч М.А өөрийн эзэмшлийн 3 тооны адуугаа хулгайд алдсан асуудлыг мэдээгүй байхад хохирогч А тай миний бие уулзаж хулгайд 3 адуу алдсан талаар нь анх хэлсэн...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 13-14 дүгээр тал),
-Гэрч Ж.Э-н “...2019 оны 6 дугаар сард М.А өөрийн хурдан борлог зүсний зөв талын гуян дээрээ хүрээтэй М үсгэн тамгатай морио 0419 дүгээр нээлттэй хорих ангийн дарга Д.Х т зарсан. Уг морийг Х надаас зараад өгөөч гэж гуйсны дагуу би О.Г гэх хүнд 8,000,000 төгрөгөөр зарж өгсөн... М.А-н хурдан борлог морь нь зөв талын гуяндаа хүрээтэй "М" үсгэн тамгатай жижигхэн биетэй морь байсан. Уг морь одоо Өмнөговь аймагт О.Г гэх хүнд байгаа байх. Амьд байгаа... Мандах гэх хүнийг сайн танина. Садан төрлийн холбоо байхгүй. Найз Мандахыг хүүхэд байхын таньж мэддэг найз нөхдийн харилцаатай өссөн хүмүүс. М бол найз Мандахын хүү тул таньж мэддэг... Энэ тодорхойлолтыг би хэлээд эхнэр Цэрэнгээр бичүүлсэн. М-н өмгөөлөгч бичиж өгөөч гэж гэсний дагуу бичиж өгсөн... Миний бичүүлсэн тодорхойлолтод бичигдсэн зүйл бүгд үнэн... М.А д уралддаг борлог зүсмийн морь нэг л байдаг. Тэр морь нь одоо О.Г гэх хүнд байгаа. А -н адуун сүрэгт борлог, цагаан зүстэй морь олон байдаг. А цагаан азаргатай байсан юм... А өөрийн борлог зүсний зөв гуяндаа хүрээтэй М үсгэн тамгатай морио хүнд зарж байгаагүй байх. Мөн уг морио З ын нэр дээр уралдуулж байгаагүй...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 17-19 дүгээр тал),
-Гэрч Д.А-с “...М.А зөв гуяндаа хүрээтэй М үсгэн тамгатай хурдан борлог морьтой байсан. Одоо энэ хурдан борлог морь байхгүй. 2025 оны 01 сард хулгайд алдаад махалчихсан байсан гэсэн. Дээрх хулгай гарахаас өмнө зөв гуяндаа хүрээтэй М үсгэн тамгатай хурдан борлог морь нь адуун сүрэгтээ байсан. Уг хурдан борлог морь нь миний А д өгсөн гүүнээс гарсан төл байсан юм... З т хурдан борлог морь байгаагүй. Хулгайд алдсан А -н зөв гуяндаа хүрээтэй М үсгэн тамгатай борлог морийг З уяж сойж өөрийнхөө нэр дээр уралдуулдаг байсан. Уг борлог морь А -н хар азаргатай адуун сүрэгт нь байдаг байсан... А зөв гуяндаа хүрээтэй М үсгэн тамгатай борлог морио Даваасүрэн гэх хүнд Ховд аймаг руу зараад буцааж морио авч байсан... З т А -н борлог зүсний зөв гуяндаа хүрээтэй М үсгэн тамгатай мориноос өөр морь байгаагүй...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 22-26 дугаар тал),
-Бодит Үнэлгээ ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШД-25 дугаартай “...3 тооны адууны зах зээлийн үнэлгээ 22,800,000 /хорин хоёр сая найман зуун мянга/ төгрөг болохыг тогтоолоо” гэх дүгнэлт (I хавтаст хэргийн 85-88 дугаар тал),
-Бодит Үнэлгээ ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШД-15 дугаартай “...1 тооны адууны зах зээлийн үнэлгээ 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг болохыг тогтоолоо” гэх дүгнэлт (I хавтаст хэргийн 95-97 дугаар тал),
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч О.Цэнгүүний 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 39 дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн борлог, бор, бор зүсмийн 3 ширхэг адууны арьсанд тамга байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн бор зүсмийн адууны арьсны зүүн талын гуя хэсгийн арьсанд 120х120 мм хэмжээтэй дугуй хэлбэрийн дүрстэй, дугуй хэлбэрийн дүрсний дотор талд 95х55 мм хэмжээтэй М үсэг бүхий дүрслэлтэй дугуй хүрээтэй М үсгэн тамга байна. Шинжилгээнд ирүүлсэн борлог зүсмийн адууны арьсны зүүн талын гуя хэсгийн арьсанд 100х87 мм хэмжээтэй дугуй хэлбэрийн дүрстэй, дугуй хэлбэрийн дүрсний дотор талд 63х47 мм хэмжээтэй М үсэг бүхий дүрслэлтэй дугуй хүрээтэй М үсгэн тамга байна. Шинжилгээнд ирүүлсэн бор зүсмийн адууны арьсны зүүн талын гуя хэсгийн арьсанд 180х90 мм хэмжээтэй дэгээ хэлбэрийн дүрслэлтэй дээшээ харсан дэгээ тамга байна.” гэх дүгнэлт (I хавтаст хэргийн 105-106 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 715 дугаартай “1.Хохирогч М-А /.......\ сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан стрессийн дараах хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт (I хавтаст хэргийн 119-120 дугаар тал),
-Шүүгдэгч М.М ын яллагдагчаар өгсөн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 12-13-ыг шилжих шөнө 04-05 цагийн үед хар халзан азаргатай 40 орчим тооны адуунаас хар бор морь, бор морь, цагаан зүсний нийт 3 морийг ганцаараа барьж аваад Хэнтий .... сумын 3 дугаар баг " .... ган" гэх газар Б-Ө гэх айлын гадаа авчирч би өөрөө хар бор, бор морийг нядалсан. Дээрх гурван морийг адуун дотроос барих үедээ би өөрийнхөө хүрэн морийг унаж явсан. 2 морийг нь нядалж махыг дэлгэж тавьчхаад өөрийн унаж явсан хүрэн морьтой аймгийн төвд 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 11 цагийн үед ирээд зүс мэдэх Б гэх ахын машинаар махаа зөөх зорилгоор унаж явсан хүрэн морио хашаандаа үлдээгээд Б ахын машинд суугаад морь нядалсан Б-Ө ахын гадаа очоод нядалсан 2 морины махаа машинд ачаад тухайн махыг аймгийн төвд байх манай ах болох М-н ..... баг ..... тоот хашаанд байх грашид буулгаад ир гэж хэлээд Б ахыг явуулсан. Би өөрөө Б-Ө гэх айлын гадаа үлдсэн цагаан зүсмийн морийг нядлахаар үлдсэн. Б ах махаа буулгаад аймгийн төвөөс ирэхэд нь би цагаан морийг нядалчхаад хүлээж байсан. Б ахыг машинтай ирэхэд нь цагаан морины махыг болон 3 морины 3 толгой, 3 ширхэг арьс, 12 ширхэг шийрийг хамт ачаад Хэнтий аймгийн төвд 13-ны өдрийн 13 цагийн үед ирээд 2 морины мах буулгасан грашдаа махаа болон 3 морины 3 толгой, 3 ширхэг арьс, 12 ширхэг шийрийг буулгаад Б ах явсан. 2025 оны 01 дүгээр сарын 13-ны орой 19 цагийн үед ..... баг ..... дэлгүүрийн хойд талаас такси барих гээд зогсож байхад зүс таних Бүүвэй гэх хүн таксинд явж байгаа таараад махаа ачаад Б гэх махны ченжид өгсөн. 3 морины мах нийт 3,206,000 төгрөг болоод миний 5957042492 данс руу 3,156,000 төгрөг орсон. Ченж малын гарал үүслийн бичгээ авчирч өгөөд үлдсэн 50,000 төгрөгөө аваарай гэж хэлсэн. Мах буулгасан грашд байсан хар бор морь, бор морь, цагаан зүсний морины 3 толгой, 3 ширхэг арьс, 12 ширхэг шийрийг хурааж авсан... Б-Ө ах гэртээ ганцаараа согтуу унтаж байсан. Тухайн үед намайг гэрийнх нь гадаа морь нядалж байгааг мэдээгүй. Би Б-Ө ахыг зүс таних төдий нутгийн хүн байгаа юм... Би бусдын 3 тооны адууг хулгайлсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... Би зөв гуяндаа хүрээтэй "М" үсгэн тамгатай хар бор морь, зөв гуяндаа хүрээтэй "М" үсгэн тамгатай бор морь, зөв гуяндаа тамга нь мэдэгдэхгүй цагаан морийг хулгайлсан... Би хохирогч М.А-н хүрээтэй “М” үсгэн тамгатай хурдан борлог морийг хулгайлаагүй... Би хохирогч М.А-г зүс таних төдий мэднэ... Би хохирогч М.А-н хүрээтэй "М" үсгэн тамгатай хурдан борлог морийг хараад танина. Намайг хүүхэд байхад буюу 2012-2015 оны хооронд уралддаг байсан морь. Тухайн үед би морь унадаг хүүхэд байсан... Би тухайн үед хар халзан азаргатай 40 орчим тооны адууг хохирогч М.А-н адуу гэж мэдээгүй. Сүүлд мэдсэн...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 144-145 дугаар тал),
-Банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (I хавтаст хэргийн 176-179 дүгээр тал),
-Гэрч Ж.Э-н “...М.А-н Хэнтий аймаг дахь 0419-р нээлттэй хорих ангийн дарга Д.Х т зарсан борлог зүсмийн хурдан удмын, зөв талдаа хүрээтэй “М” үсгэн (М) тамгатай 1 тооны адууг Д.Х даргын хүсэлтээр 2019 оны 06-р сарын 10-ны өдөр Улаанбаатар хот .... дүүргийн ..... тоотод оршин суугч О.Г утас:..... /8,000,000/ төгрөгөөр зарж өгсөн нь үнэн болно.” гэх нотариатаар батлуулсан тодорхойлолт (I хавтаст хэргийн 247 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаас хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл:
Хохирогч М.А 2025 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хэнтий аймгийн .... дугаар багийн нутаг “ .... ” гэх газраас
-борлог морь хүрээтэй М үсгэн тамгатай,
-бор морь хүрээтэй М үсгэн тамгатай,
-бор морь жа .... 3 тооны адуугаа алдсан. Хохирогч Цагдаагийн газарт дээрх 3 тооны адуугаа хулгайд алдсан талаар өргөдөл гаргахдаа “энэ алдсан 3 тооны адууны борлог зүстэй морь нь аймаг бүсийн наадмаас 20-иод медальтай” гэдгийг дурдаж байжээ.
1.1.3.Шүүгдэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “би хохирогч М.А-н хурдан борлог адууг мэднэ. Миний хулгайлсан 3 тооны адуунд хурдан борлог морь байгаагүй” гэж мэдүүлсэн бол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр “Хохирогч М.А хурдан борлог морио Ховд аймагт Ц.Д гэгчид худалдсан байдаг. Хэрэгт Ц.Д гийн борлог морь хэд хэдэн удаа айраг түрүү авч байсан талаарх баримт, батламж, өргөмжлөлүүд байна. Хавтаст хэргийн 12 дугаар талд 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Ц.Д гийн хурдан борлог морь Ховд аймгийн төвийн бүсийн хаврын уралдаанд ...айргийн 4-т хурдалсан талаарх өргөмжлөл авагдсан байна. Гэтэл энэ цаг хугацаатай давхцаад хохирогч нь өөрийн хурдан борлог морио Т.З ын нэр дээр уралдуулаад буюу 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны “Жаргалант” хайрханы тахилга наадамд түрүүлүүлээд байгаа нь ойлгомжгүй. Яаж 1 морь хоёр хязгаарт нэг зэрэг уралдаад байгаа нь ойлгомжгүй” гэх байдлаар,
Хохирогч “Надад 2 тооны хурдан борлог морь байсан. Нэг нь 2018 онд Ховд аймагт Ц.Д гэгчид зарагдсан ба тэндээ уралдаж нэлээдгүй амжилт гаргасан боловч буцаж нутаг гүйгээд байсан болохоор наймаа буцаж 2023 оны намар авчирч 1 жил хагсрааж байгаад А -н гарт өртөж махлагдсан. Харин нөгөө борлог морийг 2019 оны 6 дугаар сарын үеэр Х гэж хүнд зарсан бөгөөд одоо энэ морь маань Өмнөговь аймаг амьд байгаа. Хоёр өөр газар 1 адуу зэрэг уралдана гэж байхгүй. Д-д зарсан морь Ховдод уралдаанд орж айраг түрүү авч байсан. Х т зарагдсан хурдан борлог морь зарагдах хүртлээ энд Т.З ын нэр уралдаж байсан” гэж мэдүүлсэн.
1.1.4.Өөрөөр хэлбэл, хохирогч М.А 2 тооны хурдан борлог морьтой байсан болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, хурдан борлог морьдын айрагдаж, түрүүлж байсан өргөмжлөл, батламж зэргээр эргэлзээгүй тогтоогдож байна.
1.1.5.Хохирогч М.А нь Ц.Д д 2018 оны намар зарсан хурдан борлог морио 2023 онд буцаан авчирч өөрийн хар азаргатай адуунд тавьсан байсныг шүүгдэгч М.М өөр уналгын 2 адууны хамт хулгайлж махалж зарсан үйл баримт болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчийн 3 адууг шүүгдэгч хулгайлсан боловч хурдан борлог морь нь биш байсан гэж мэтгэлцэж байгаа боловч хохирогчийн удаа дараагийн тогтвортой өгсөн мэдүүлгээр шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдсон.
1.1.6.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
1.2.Хууль зүйн талаарх дүгнэлт:
1.2.1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм.
Мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “олон тооны мал хулгайлж” гэж хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт ”Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна”, “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж тус тус тодорхойлсон.
1.2.2.Шүүгдэгч нь 3 тооны адуу хулгайлсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг “олон тооны мал” хулгайлсан гэж үзэх үндэслэлтэй.
1.2.3.Иймд шүүгдэгч М.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үргэлжилсэн үйлдлээр “Бусдын олон тооны малыг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж шүүх дүгнэв.
1.3.Хохирлын талаар:
1.3.1.Гэмт хэргийн улмаас хохирогч М.А д 22,800,000 төгрөгийн хохирол учирсан, сэтгэцэд учирсан хор уршгийг 1 дүгээр зэрэглэлээр тогтоогдсон байх ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн.
1.3.2.Шүүгдэгчээс хохирогчид 2,800,000 төгрөгийг нөхөн төлсөн бол хурдан борлог морины үнэлгээ 20,000,000 төгрөгийн талаар маргасан.
Гэвч шүүхээс тус үнэлгээг эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж уг 20,000,000 төгрөгийг гаргуулахаар, мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолд заасны дагуу Нэгдүгээр зэрэглэлд тооцогдсон хор уршгийг “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” хэмжээгээр тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /2025.01.12-ны өдрийн байдлаар 660,000 төгрөг байсан/-г 2 дахин нэмэгдүүлж 1,320,000 төгрөгөөр тогтоож шүүгдэгчээс гаргуулахаар тус тус шийдвэрлэсэн.
1.3.3.Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар ажлын 5 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулж хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөх хүсэлт гаргасан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцсэн гэж үзэж шүүх хуралдааныг завсарлуулсны эцэст шүүгдэгч нь хохирогчид 10,000,000 төгрөгийг нөхөн төлсөн баримтыг өгч, хохирогч М.А нь “шүүгдэгчээс өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болсон” гэдгээ илэрхийлсэн болно.
Тиймээс шүүгдэгч М.М ыг энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:
2.1.Шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2.1.2.Улсын яллагчаас “Шүүхээс шүүгдэгч М.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Хохирол нөхөн төлсөн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Иймд М.М ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 8 сарын хорих ял оногдуулах саналтай байна. Уг хорих ялыг хохирол хор уршгийн шинж чанарыг харгалзан үзээд нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргуулах, битүүмжлэгдсэн морины үнэлгээг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус тусгуулах саналтай байна” гэж,
Хохирогчийн өмгөөлөгчөөс "Шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөрийг нөхөн төлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцаас өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт гарсан хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдал харагдаж байна. Иймд эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах санал байхгүй” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэлээс “Миний үйлчлүүлэгч М.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүхээс тооцсон. Миний үйлчлүүлэгч 0-2 насны 2 хүүхэдтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Өөрөөр хэлбэл, өмнө гэмт хэрэг холбогдон шалгагдаж байгаагүй. Мөрдөн байцаалтын явцаас эхлээд гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хохирогчийн 3 тооны адууг хулгайлсан гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч чин санаанаасаа гэмшсэн. Хохирогчтой эвлэрэн хэлэлцэж хохирлоо бүрэн төлсөн, өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяраас “Миний үйлчлүүлэгч М.М бага насны 2 хүүхэдтэй, эхнэр нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Бага насны 2 хүүхдээ асардаг. М.М нь анх удаа энэ гэмт хэрэгт холбогдсон, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч оролцдог. Бусдад төлөх төлбөргүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан миний үйлчлүүлэгчид 1 жилийн хорих ял оногдуулах бүрэн боломжтой байгаа тул 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.
2.1.3.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
2.1.4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан.
2.1.5.Шүүгдэгч М.М нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учруулсан хохирлыг биет байдлаар нь төлсөн, бусдад төлөх хохирол, хор уршиггүй, үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч М.М ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
2.1.6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтов.
2.2.Бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан хүрэн зүсмийн 9 настай морины үнэлгээ 1,300,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
2.2.1.Гэмт хэрэг үйлдэхэд уналга болгон ашигласан морины үнэлгээг улсын орлого болгосон тул прокурорын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2 дугаартай тогтоолыг хүчингүй болгов.
2.2.2.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүлэгдсэн эд зүйлгүй, хэрэгт 2 ширхэг Сиди хурааж ирүүлснийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М.М-Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Бусдын олон тооны малыг хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч М.М ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 12,800,000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан хүрэн зүсмийн 9 настай морины үнэлгээ 1,300,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгосугай.
7.Гэмт хэрэг үйлдэхэд уналга болгон ашигласан морины үнэлгээг улсын орлого болгосон тул прокурорын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
8.Хэрэгт хураагдан ирсэн 2 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН