| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2025/0340/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/352 |
| Огноо | 2025-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнцэцэг, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/352
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэг, шүүгдэгч И.Г , түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Г-т холбогдох эрүүгийн 2539000000409 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч И.Г нь согтуугаар 2025 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 16 цагийн орчимд Хэнтий аймгийн ....... баг ....... орших өөрийн гэртээ Э.Э-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас болж маргалдах явцдаа түүний цээжин тус газарт нь хутгалж биед нь цээжний зүүн талд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2539000000409 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг: “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,
Шүүгдэгч өмгөөлөгч Д.Ганхуяг: “Шүүгдэгч И.Г т хууль зүйн туслалцаа үзүүлж өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч И.Г болон өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч оролцоно” гэж тус тусын байр суурийг илэрхийлсэн болно.
Шүүгдэгч: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлжээ.
Нэг.Хэргийн үйл баримтын талаар болон гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлийн талаар:
1.1.Хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт.
Шүүгдэгч И.Г нь согтуугаар 2025 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 16 цагийн орчимд Хэнтий аймгийн ....... баг ....... орших өөрийн гэртээ Э.Э-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас болж маргалдах явцдаа түүний цээжин тус газарт нь хутгалж биед нь цээжний зүүн талд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
-Хохирогч Э.Э “...2025 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 16 цагийн орчимд .... сумын төвд дэлгүүрийн гадаа И.Г ахтай таарч Н гэж дууддаг хүнтэй хамт Г ахын гэрт очиж 1 шил архи хувааж ууж дуусаад Н ах яваад өгсөн. Тэгээд Г ахынд байж байхад над руу Г ах агсам тавиад байсан. Намайг ширээний ард сандал дээр сууж байхад ширээн дээр байсан хутгыг аваад миний зүүн цээж хэсэгт 1 удаа хутгалсан. Тэгээд эмнэлэг дуудаж түргэнээр эрүүл мэндийн төвд ирсэн. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Сэтгэцэд учирсан хор уршгаа тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр тал),
-Гэрч Б.М-н “...2025 оны 9 дүгээр сарын 27-ний өдрийн 17 цагийн орчимд манай Биндэр сумын Эрүүл мэндийн төвийн жижүүрийн утсанд дуудлага мэдээлэл ирсний дагуу Хэнтий аймгийн ..... баг ..... И.Г гэх айлд очиход Э гэж дууддаг Э.Э цээж хэсгээс цус алдсан байсан учраас эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж эмнэлэгт хүргэж ирсэн. Анх очоод юу болсон талаар тодруулахад И.Г нь “сая Э.Э манайд ирсэн. Ирэх үедээ цус алдаад орж ирсэн” гэж л хэлж байсан. Түүнээс өөр зүйл яриагүй... И.Г болон Э.Э нар л байсан. Өөр ямар нэгэн хүн байхгүй байсан... Хоол хийж байсан гэр орон бол хүн зодолдож ноцолдсон гэх шинж тэмдэг бол байхгүй цэвэрхэн байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар тал),
-Гэрч Х.Г-н “...2025 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн үдээс хойш 16 цагийн орчимд шиг санаж байна. Тухайн үед гэртээ ганцаараа байж байхад манай хажуу талын хөрш болох И.Г ах нэлээн согтуу манайд орж ирээд түргэн дуудаж өгөөч Э.Э ухаан алдаад уначихлаа гэж хэлээд тэгээд би эмнэлгийн утас руу залгаж хэлж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар тал),
-Иргэний нэхэмжлэгч С.Х-н “...Хохирогч Э.Э нь 716,854 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ авсан байна. Тухайн мөнгийг нэхэмжилж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгож Төрийн сангийн 090090100900020080 дугаарын данс руу шилжүүлж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дүгээр тал),
-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Намуунтөгсийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 593 дугаартай “1.Э.Э биед цээжний зүүн талд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 4.Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 51-53 дугаар тал),
-Шүүгдэгч И.Г ын яллагдагчаар өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоо гомдол саналгүй болгосон байгаа. Ахин ийм төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй байх болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 дугаар тал) зэрэг баримтууд болно.
Дээр дурдсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл, шүүгдэгч И.Г нь согтуугаар 2025 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 16 цагийн орчимд Хэнтий аймгийн ....... баг ....... орших өөрийн гэртээ Э.Э-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас болж маргалдах явцаа түүний цээжин тус газарт нь хутгалж биед нь цээжний зүүн талд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Хохирогч Э.Э , шүүгдэгч И.Г нар бие биеэ огт танихгүй, ямар нэг хамааралгүй этгээдүүд болох нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон.
Шүүгдэгч нь хүний биед хууль бусаар халдаж хутгалсны улмаас хохирогчийн эрүүл мэндэд цээжний зүүн талд шарх бүхий гэмтэл учирчээ.
Прокуророос шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна гэж дүгнэлээ.
1.2.Гэм буруутайд тооцох хууль зүйн дүгнэлтийн талаар:
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч И.Г хохирогч Э.Э эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед цээжний зүүн талд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч И.Г нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч И.Г ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч И.Г ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
1.3.Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Э.Э нь “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Сэтгэцэд учирсан хор уршгаа тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр тал) гэж мэдүүлжээ.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээ авч байсан болох нь хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон С.Х-н мэдүүлэг, гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирч, эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал авсан эсэхийг тодруулсан судалгаа (хавтаст хэргийн 37-38 дугаар тал) зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд 716,854 төгрөгийн хохирол учирчээ.
Иймд шүүгдэгчээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 716,854 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулахаар шийдвэрлэв.
Хохирогч Э.Э гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
2.1.Шүүгдэгч И.Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас: “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирол, гэмт хэрэгт хандсан хандлага зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх саналтай байна” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна” гэж тус тусын санал, тайлбар гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч И.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, Эрх бүхий байгууллагын хяналтад Хэнтий аймгийн Биндэр.... зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэж, Эрүүгийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсан болно.
2.2.Бусад шийдвэрийн талаар:
Эрүүгийн 2539000000409 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар хөх өнгийн төмөртэй 11.03 см урт бариултай, ажлын хэсэг нь 17.3 см урттай төмөр хутга 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч И.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Г ыг 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 716,854 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
6.Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар хөх өнгийн төмөртэй 11.03 см урт бариултай, ажлын хэсэг нь 17.3 см урттай төмөр хутга 1 ширхгийг устгахыг шүүхийн эд баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН