| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2025/0341/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/353 |
| Огноо | 2025-12-19 |
| Зүйл хэсэг | 27.10-5, |
| Улсын яллагч | Н.Мөнгөнцэцэг, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/353
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэг, шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Э-т холбогдох эрүүгийн 2539006620442 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн үед согтуугаар Хэнтий аймгийн ...... гүүрний постын орчимд улсын дугааргүй Dayun загварын тээврийн хэрэгсэл жолоодсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлийн талаар:
Шүүгдэгч С.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон болно. Үүнд:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дугаар тал),
-Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дугаар тал),
-Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 20 дугаар тал),
-Гэрч Х.Г-н “...Би Хэнтий аймгийн цагдаагийн газар Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасагт гэрээт харуулын цагдаагаар ажилладаг. Тухайн 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ..... сумын ..... багт явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 17:00 цагийн үед гүүний пост дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй хүн Dayun загварын дугуй унаад явж байхаар нь зогсоож шалгахад архи уусан байсан. Тухайн мотоциклийг жолоодож байсан Э-г Хэнтий аймгийн цагдаагийн газарт авчран ирж согтолтын зэргийг шалгахад 1.48 хувийн согтолтын зэрэгтэй гарсан тул эрх бүхий албан хаагчид хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар тал),
-Шүүгдэгч С.Э-н сэжигтнээр өгсөн: “...Би тухайн 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр голын урд талд 2 литрийн 2 ширхэг пиво уугаад өөрийн Dayun загварын улсын дугааргүй мотоциклоор гүүрний урд талаас Хэнтий аймаг орох гэж хадам ах Ч.Т-н хамт би мотоциклийг бариад манай ах ард суугаад явж байгаад Хэрлэн гүүрний пост дээр эргүүлд гарч байсан цагдаа намайг зогсоож шалгасан ба би тухайн үед бага зэргийн согтолттой манай хадам ах нэлээн их согтсон байсан. Цагдаа намайг зогсоож шалгаад мотоциклийг журмын хашаанд ачуулан хийгээд намайг Хэнтий аймгийн цагдаагийн газарт авчран согтолтын зэргийг шалган үлээлгэхэд 1.48% гарсан... Би тухайн үед жолооны эрхээ хасуулсан байсан. 2024 оны 8 дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байгаад эрхээ хасуулсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол...” гэж энэ гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлжээ.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт: “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж тайлбарласан байх ба шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ согтуурсан буюу амьсгал дахь спиртийн агууламж 1.48 процент промиль байсан болох нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр нотлогдож байх тул түүнийг согтуурсан гэж үзнэ.
“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно. “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тус тус хуульчлан тайлбарлажээ.
Шүүгдэгч С.Э нь урьд 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх зөрчилд холбогдож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 20 дугаар тал/-ын хуудсаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж үзнэ.
Шүүгдэгч С.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ дахин 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн орчимд согтуугаар Хэнтий аймгийн Хэрлэнгийн гүүрний постын орчимд улсын дугааргүй Dayun маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч С.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршиг байхгүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч С.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.
Улсын яллагчаас шүүгдэгч С.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 6 сар 10 хоногийн хугацаагаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын төв Чингис хотоос гадагш гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх саналыг гаргасан.
Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг ба тодруулбал, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан гэдгээ лавтай сайн мэдсээр байж дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон санаатай, идэвхтэй үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Б-н үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиггүй байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 20, 55, 56-57, 60 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч С.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад Хэнтий аймгийн Хэрлэн сум Чингис хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, Эрүүгийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсан болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эрдэнэбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 6 (зургаа) сар, 10 (арав) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад Хэнтий аймгийн Хэрлэн сум Чингис хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхээр тогтоосугай.
5.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Шүүгдэгч С.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН