Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 267

 

 

 

 

 

 

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Т.Алтантуяа, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Ж.Энх-Амгалан,

иргэдийн төлөөлөгч Б.Түмэндэмбэрэл,

шүүгдэгч Н.Дагва-Осор, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1584) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Тайжууд овогт Нямын Дагва-Осорыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626011386 дугаартай 2 хавтаст хэргийг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Тайжууд овогт Нямын Дагва-Осор, Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1973 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 9 дүгээр гудамжны 32б тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ЧР73121371.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Н.Дагва-Осор нь 2016 оны 6 дугаар сарын 03-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 9-32б тоотод байрлах байшинд “мөнгөний асуудлаас болж” үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж танхайн сэдэлтээр Д.Батсайханыг газар хэвтэж байхад хөлөөрөө толгойн тус газар нь 2 удаа өшиглөж бие махбодид нь “гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа” бүхий гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг:

Шүүгдэгч Н.Дагва-Осор шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн үед Баянхошууны Жанцангийн автобусны буудлаас шил, лааз тушаачихаад Баянхошууны эцэс руу алхаад явж байхад Ганхуяг, Батсайхан хоёр надтай таарсан. Тэгээд Ганхуяг, Батсайхан бид гурав мөнгөө нийлүүлж байгаад 1 шил архи авч...гэрийнхээ наад талын гудамжны үзүүрт ирээд архиа уусан. Тэгээд намайг дэлгүүр орчихоод гараад ирэхэд Ганхуяг, Батсайхан хоёр гудамж өгсөөд гэр рүү миний урд талд хоорондоо юм яриад яваад байсан. ...би хойноос нь яваад гэрт ирэхэд Ганхуяаг, Батсайхан хоёр түрүүлээд гэртээ орсон байсан. Тэгээд би хоол хийх гэж байхад Батсайхан сандал дээр, доод талд нь Ганхуяаг сууж байсан. Тэгээд Ганхуяаг, Батсайхан хоёрын дуу чангараад маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би гэрт битгий маргалдаад бай гэж хэлэхэд Ганхуяг Батсайхан ахын толгой руу гараараа хоёр тал руу нь цохисон. Тэгэхээр нь би Батсайхан ахыг гудас руу хэвтүүлчихээд Ганхуягийг салгаж байхад Дагвасүрэн ах орж ирээд Ганхуягийг хөөж явуулсан” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Гэрч Н.Ганхуягийн мөрдөн байцаалтад

- 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “...2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр би Баянхошууны эцсийн түүхий эдийн цэг дээр хогоо тушаагаад байж байтал талийгаач Батсайхан хогоо тушаах гээд ирж байсан. ...Тэгтэл удалгүй Дагва-Осор халамцуу байдалтай ирээд хогоо тушаагаад бид гурав уулзаж ярилцаад ганц юм авч уухаар болоод нэрийг нь мэдэхгүй хямдхан 0.75 литрийн архи нэг шилийг аваад Дагва-Осорын гэр рүү явж байх замдаа бүгд ганц нэг татсан. Дагва-Осорын гэр рүү явж байхад Дагва-Осор, Батсайхан хоёр мөнгөний талаар яриад маргалдаад байсан. Би яг юу гэж хэлж байсныг санахгүй байна. Ямар ч байсан санаж байгаагаар мөнгө яриад л хэрэлдээд байсан юм. Тэгээд Дагва-Осорын гэрт орохынхоо өмнөхөн бид гурав үлдсэн архиа ууж дуусгаад тэдний гэрт орсон. Тэгэхэд нэг залуу ирчихсэн байсан, би тэр залууг нь танихгүй. Би гэрт нь ороод гал тогоонд хоол хийгээд байж байхад том өрөөнд Дагва-Осор, Батсайхан хоёр хэрэлдээд л байсан. Мөн л нөгөө мөнгөний талаараа яриад хэрэлдээд байсан. Би тэрийг нь сайн ойлгоогүй юм. Хоол болоод би тэд нарыг хоол ид гээд том өрөө рүү орсон чинь Батсайхан ядарсан бололтой газар хэвтэж байсан ба Дагва-Осор толгой дээр нь гуталтай хөлөөрөө 2 удаа дэвссэн. Дагва-Осорын ах нь орж ирээд та нар яагаад хэрэлдээд байгаа юм бэ, та яв гээд намайг хөөхөөр нь би хоолоо ч  идэлгүй гараад явсан. ...Би тэр хоёрыг яг юун мөнгөний талаар, яагаад хэрэлдээд байгааг сайн ойлгоогүй. ...Тэрнээс өөр цохиж зодоогүй. ...Намайг хог тушаах гээд байж байхад Батсайхан ирсэн ба тухайн үед ямар нэгэн байдлаар бусдад зодуулсан гэхээр зүйл мэдэгдээгүй, бие нь өвдсөн гэх шинж тэмдэг харагдаагүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 34-35),

- 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “...Хэрэг болсон өдрийг санахгүй байна. Ямар ч байсан талийгаачийг нас барахын өмнөх өдөр байсан санагдаж байна. Би Дагва-Осорын гэрт Дагва-Осор, Батсайхан нарын хамт очоод хоол хийж байхад Дагва-Осор Батсайхан нар нь юунаас болж хэрэлдээд байгаа нь мэдэгдэхгүй маргалдаад байсан юм. Тэгээд харахад Батсайхан ханын пийшингийн хажуу талд гудсан дээр хэвтэж байхад Дагва-Осор Батсайханы толгой руу 2 удаа дэвсэж байсан. Тэгээд Дагва-Осор хажуу талын орон дээр гараад хэвтэхэд ах нь орж ирээд яагаад хэрэлдээд байгаа юм гэхээр нь би хоол хийсэн, одоо явлаа гээд гараад явсан. Батсайханы толгой ертөнцийн зүгээр хойд зүгт харсан байдалтай хэвтэж байсан ба би ханын пийшинг тойроод урд талаас нь харахад л толгой руу нь дэвсэж байсан. Тухайн үед талийгаач Батсайханы нүүрэнд...анзаарагдахаар том шарх сорви байгаагүй. Харин цээж, нуруу болон бусад хэсэгт шарх сорви байсан эсэхийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 36),

- 2016  оны 9 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн: “...2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр би гадуур хог түүж байгаад үдээс хойш болсон байсан багцаагаар 18, 19 цагийн орчимд Баянхошууны эцсийн түүхий эд авдаг Сараа эгчийн түүхий эдийн цэг дээр очоод Батсайхантай таараад удаагүй байу байхад Дагва-Осор ирсэн. Тэгээд бид гурав замдаа нэг юм уугаад Дагва-Осорын гэрт арай бүрэнхий болоогүй байхад багцаагаар 20 цагийн орчим очсон...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 170),  

 

2. Гэрч Ё.Батсүхийн мөрдөн байцаалтад 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “...би 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн үед Дагва-Осорын гэрт ганцаараа ирсэн. Намайг ирэхэд тэдний гэрт хүн байхгүй байсан. Байшин нь цоожтой байхаар нь би хашаан дотор зогсож байхад удаагүй гаднаас талийгаач Батсайхан, Дагва-Осор, мөн таягтай Ганаа гэж дууддаг залуу гурав орж ирсэн. Тэр 3 согтуу, хоорондоо маргалдаад орж ирсэн. Талийгаач “би архины мөнгө олсон” гэхэд нөгөөдүүл нь “худлаа согтчихоод онгироод байгаарай” гэж хэлээд маргалдаж байсан. Тэр гуравыг ирэхээр нь байшинд ороод Ганаа нь хоол хийсэн. Батсайхан гаднаас орж ирээд хувцастайгаа газар нэг дэвсгэр дээр хөнжил шиг юм нөмрөөд хэвтээд өгсөн. Хоол хийж дуусаагүй байхад Дагва-Осор, Ганаа хоёр талийгаачид хандан “том том ярилаа, атаманаа хийлээ” гэж хэлээд байсан. ...Дагва-Осор амьсгаа минь гэж хараагаад талийгаачийн толгой руу гуталтай хөлөөрөө миний мэдэхийн 2 удаа дэвссэн. Талийгаач яая гээд юу ч дуугараагүй хэвтээд байсан. Талийгаач босч ирж хоол унд идээгүй, тэр чигтээ унтсан юм. Тэр шөнө би Дагва-Осорын гэрт хоносон юм. Шөнийн 04 цагийн үед талийгаач шар ногоон өнгийн зүйлээр түмпэн дотор бөөлжөөд байсан. Талийгаач нилээн удаан бөөлжсөн. Дагва-Осор бид хоёр 06 цагийн үед босоод гарахад талийгаач бөөлжөөд үлдсэн. Ганаа орой нь яваад өгсөн юм. Дагва-Осор бид хоёр гадуур явж байгаад өдөр 11-12 цагийн үед Дагва-Осорын гэрт ирэхэд талийгаач орноосоо босоогүй хэвтэж байсан. Талийгаач босоод дүүгийнх рүүгээ явлаа гэж хэлээд Дагва-Осор бид хоёртой хамт гэрээс нь гарсан. Энэ үедээ талийгаач урд шөнөө бодвол гайгүй байсан. Талийгаач Батсайхан нь Дагва-Осор бид хоёртой жанцан хүртэл хамт алхаад “дүүгийндээ очлоо” гээд бид хоёроос салаад Баянхошууны тойрог чигтээ уруудаж алхсан. Дагва-Осор бид хоёр дээшээ буюу 112-н буудал чигтэй алхаж яваад тэр хавиас шил лааз олоод жанцангийн түүхий эдийн цэг дээр тушаагаад хоол ундны зүйл авч Дагва-Осорын гэрт хоол хийж идээд гэрт нь бид хоёр хоносон. ...би тэр өдөр архи уугаагүй, эрүүл байсан. ...Дагва-Осорын байшин нь пийшин ханаар тусгаарласан гал тогоо, том өрөө гэсэн өрөөтэй. Талийгаач том өрөөнд пийшин хананы наад талд хойшоо хараад дээгүүрээ хөнжил нөмрөөд хэвтэж байсан. ...Дагва-Осор хөлөө өргөж байгаад гуталтай хөлөөрөө талийгаачийн толгой руу 2 удаа дэвссэн. Би хоёр удаа дэвсэхийг ямар ч байсан харсан. ...Дараа нь Дагвасүрэн орж ирээд Ганааг хөөж явуулсан. ...Би энэ хэрэг болоход талийгаачийн хэвтэж байсан газрын эсрэг талд сандал дээр сууж байсан бөгөөд тухайн болсон явдал гал тогоон өрөөний  гэрэлд харагдсан...Намайг байшинд байх хугацаанд Ганаа талийгаачийг цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дахь тал),

 

3. Гэрч н.Сарангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 11-1 тоотод түүхий эд авдаг юм. ...Батсайханыг нас барахын өмнөх өдөр бил үү түүний өмнөх өдөр...Батсайхан, таяг Ганаа, Дагва-Осор нар сав, шил тушаахаар ирсэн. Тэгэхэд Батсайхан хашааны гадна зогсоод орж ирэхгүй байсан. Нөгөө хоёр нь орж ирээд юм аа тушаагаад явсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 52),

 

4. Гэрч Д.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 6 дугаар сарын 03-ны...19 цаг өнгөрөөд 20 цаг орчим байх гаднаас хүн орж ирэх шиг болохоор нь гарч бие засах далимдаа харахад Дагва-Осор, Батсүх, Батсайхан нар байгаа бололтой харагдсан. ...Тэр өдөр таяг Ганхуяг ирсэн сураг байсан, би таараагүй. Маргааш өглөө нь 2015 оны 6 дугаар сарын 04-ний өглөө манай нөхөр Дагвасүрэн гараад бие засах гэхэд хүн бөөлжөөд байхаар нь цонхоор нь хараад, хэн бөөлжөөд байгаа юм бэ гэхэд Дагва-Осор халзаадай буюу Батсайхан бөөлжөөд байна гэж хэлсэн. ...би гэр рүү нь орсон чинь Батсайхан урд сандалны зүүн талд урд орны хажууд ороо налаад шалдан, дотоожноос өөр хувцасгүй нүцгэн сууж байсан. ...14 цагийн орчим гараад явсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 39-40),

 

5. Гэрч Н.Дагвасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр...таяг Ганаа хэрүүл өдөөд байхаар нь би Ганааг авч хашаанааас гаргаад хаалгаа түгжээд би гэртээ орж амарсан. Дагва-Осорын гэрт талийгаач, Батсүх нар үлдсэн. Маргааш өглөө нь 08-09 цагийн хооронд босоод бие засчихаад Дагва-Осорын байшингийн гал тогооны цонхоор шагайсан чинь Дагва-Осор харагдахаар нь би түүнээс “хэн бөөлжөөд байгаа юм бэ” гэж асуухад тэрээр “Батсайхан бөөлжөөд байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 42-44),

- “...Намайг орой тэдний гэрт ороход талийгаач Батсайхан байшингийн гол хэсэгт байдаг ханын пийшингийн зүүн талд том өрөө талд нь газарт хэвтэж байсан. Батсайханы толгой нь хойд зүг рүү хараад хэвтэж байсан ба эгц дээшээ хараад гудас шиг эсгий дээр хэвтэж байсан. Харин Дагва-Осор хойморын орны хажууд талд Батсайханы хажууд зогсож байсан. Харин Ганхуяг, Батсүх нар уг байшингийн урд талд байдаг ширээний хоёр талд сууж байсан....Намайг орсоноос хойш Ганхуяг нь бусадтай, Батсайхантай маргалдаагүй. Уг байшингийн урд талын хэсэгт цонхны дагуу байх ширээний баруун талд тавьсан байсан сандал дээр зүгээр сууж байсан. Дагва-Осор уурласан байдалтай тогтвортой сууж чадахгүй бачуураад тамхи ойр ойрхон татаад байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 100, 101),

 

6. Гэрч Ц.Цэрэндэжидийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ...19 цаг 30 минутын үед байшингаасаа гарч жорлон орж бие засаж байгаад жорлонгийнхоо хаалгаар харсан чинь манай хашааны урд байрлах үерийн жалган дотор бараан өнгийн хувцастай 1 эрэгтэй хүн доошоо тонгойчихсон, юм түүж байгаа байдалтай байсан. Би тухайн хүнийг бие засаж байгаа юм уу, эсхүл хог түүдэг хүн байна гэж харчихаад гэртээ орсон. Би гэрээсээ гаралгүй...20 цаг өнгөрч байхад зээ Алтан-Очирт 5.000 төгрөг өгөөд дэлгүүр ороод юм аваад ир гээд гаргасан. ...би байшингаасаа гараад хашааны хаалга онгойлгоод харсан чинь намайг жорлонд байхад жалганд юм түүж байсан нөгөө бараан өнгийн хувцастай залуу доошоогоо харчихсан хэвтэж байсан. Харин хажуу талд нь хоёр цагдаа ирчихсэн зогсож байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 44),

 

7. Насанд хүрээгүй гэрч Т.Алтан-Очирын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр...19 цаг өнгөрч байхад би байшингаасаа гараад угаадсаа асгах үед манай хашааны урд талын жалганд үл таних бараан өнгийн хувцастай ах хог түүж байсан. Байшиндаа орчихоод 15-20 минутын дараа ус авах санаатай ганцаараа гэрээс гарах үед манай хашааны урд талын жалганд хог түүж байсан ах доошоогоо харчихсан хэвтэж байхаар нь Зүүн салаа руу явдаг засмал замын хажуу талд Ус чандмана эрдэнэ гэсэн худаг орж ус авчихаад буцаад гэртээ ирэхэд нөгөө жалганд байсан ах хэвтэж л байсан. Гэртээ орчихоод 20 цаг өнгөрч байхад эмээ Цэрэндэжид мөнгө өгөөд дэлгүүр орох гээд гэрээсээ гарах үед нөгөө ах бас хэвтэж байсан. Буцаад ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 46),

 

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 онд мөн л гадуур айл айлаар хэсэж тэнүүчлэн амьдарч байсан. Талийгаач нь эхнэр, хүүхэдтэй болж байгаагүй, ганцаараа л амьдарч байсан юм. Би талийгаачтай 2015 оны 11 дүгээр сард уулзсан, түүнээс хойш уулзаагүй юм. Талийгаач ах, дүү, хамаатан садангийн хүмүүстэйгээ сүүлийн хэдэн сар уулзаагүй гадуур тэнэж явсан юм...Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 30-31),

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 1066 дугаар актад:

“...Гадна үзлэг:...Духны зүүн талд 1.5х1см, 1х1см, духны баруун талд 1х0.5см, 15х0.5см, баруун дээд зовхинд 0.5х0.5см, хоёр гарын тохойнд 1х0.5см, 0.5х0.5см хүрэн улаан өнгийн хонхордуу шинэ зулгаралттай, зүүн нүдний гадна буланд 1х0.3см, 0.5х0.3см, хамрын үзүүрт 0.5х0.5см, баруун чихний дэлбэнгийн доод талд 1х0.5см хуучин тав тогтсон зулгаралттай, дээд уруулын голд 1х0.5 см няцарсан шархтай, 2 нүдний дээд, доод зовхи хүрэн ягаан өнгийн цус хуралттай, амны баруун буланд 2х0.1 см өнгөц хүрэн улаан өнгийн зулгаралттай, зүүн мөрний урд 9х6 см, цээжний зүүн дээд талд эгэмний шугамаар 3-р хавирганы түвшинд 4х3см, зүүн бугалганы гадна доод хэсэгт 2х1см, зүүн шууны гадна доод хэсэгт 5х3см, цээжний баруун дээд талд эгэмний шугамаар 3-р хавирганы түвшинд 2х1см, баруун бугалганы гадна хэсэгт 3х2 см, баруун шууны гадна хэсэгт 17х5см захаараа шаргал хүрээ бүхий хүрэн ягаан өнгийн хуучин цус хуралтуудтай, зүүн шууны дотор талд 2х0.3 см өнгөц зүсэгдсэн зах ирмэг тэгш шархтай.  

Дотор эрхтэний шинжилгээ: Толгойн зүүн чамархайн булчинд 5х4 см хүрэн улаан цус хуралттай. Гавлын орой, суурь ясыг шалгахад гэмтэлгүй. Тархи 20х16х6см, тогтоц улбагар, тархины зүүн чамархайн хатуу хальсан дор 100мл орчим шингэн хүрэн улаан цусан хураатай, тархи зүүн чамархайн хэсэгт дарагдалтай, цусан хураа хатуу хальстай наалдацгүй амархан сална, тархины 2 тал бөмбөлгийн ховил, далан гүехэн, эдийн зааг тод, хажуу ховдол чөлөөтэй, эдэд голомтод өөрчлөлтгүй, зүүн чамархайн хэсгийн зөөлөн бүрхүүл дор 5х4см голомтот цус харвалттай, бага тархины 2 тал бөмбөлөг хэм тэгш, голомтот өөрчлөлгүй байв. ...Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

1/ Гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархайн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархайн булчингийн цус хуралт,

2/ тархи, уушигны хаван, тархи дарагдал,

3/ духны баруун, зүүн тал, баруун дээд зовхи, 2 гарын тохойн шинэ зулгаралт, зүүн нүдний гадна булан, хамрын үзүүр, баруун чихний дэлбэнгийн доод талд хуучин зулгаралт, дээд уруулын голд няцарсан шарх, 2 нүдний дээд, доод зовхины цус хуралт, амны баруун буланд өнгөц зулгаралт, зүүн мөрний урд,цээжний зүүн дээд тал, зүүн 3-р хавирга, зүүн бугалганы гадна доод хэсэг, зүүн шууны гадна доод хэсэг, цээжний баруун дээд талд баруун 3-р хавирга, баруун бугалга, шуунд цус хуралт, зүүн шууны дотор талд өнгөц зүсэгдсэн шарх.

 ДҮГНЭЛТ:

1. Талийгаач Д.Батсайханы цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархайн зөөлөн бүрхүүл дээрх цус харвалт, зүүн чамархайн булчингийн цус хуралт, духны баруун, зүүн тал, баруун дээд зовхи, 2 гарын тохойн шинэ зулгаралт, зүүн нүдний гадна булан, хамрын үзүүр, баруун чихны дэлбэнгий доод талд хуучин зулгаралт, дээд уруулын голд няцарсан шарх, 2 нүдний дээд, доод зовхины цус хуралт, амны баруун буланд өнгөц зулгаралт, зүүн мөрний урд цээжний зүүн тал, зүүн 3-р хавирга, зүүн бугалганы гадна доод хэсэг, зүүн шууны гадна доод хэсэг, цээжний баруун дээд талын баруун 3-р хавирга, баруун бугалга, шуунд цус хуралт, зүүн шууны дотор талд өнгөц зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ.

4. Цус, шээсэнд спиртийн зүйл илрээгүй байна.

5. АВО системээр 0(I) -р бүлгийн цустай байна.

6. Задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна...” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 60-64),

- Шинжээч эмч Г.Энхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “Талийгаачийн биед үүссэн гавал тархины гэмтэл, цусан хураа нь шинэ гэмтэл. Духны баруун, зүүн тал, баруун дээд зовхи, 2 гарын тохойн зулгаралт, зүүн шууны дотор талын өнгөц зүсэгдсэн шарх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байсан. Бусад мөчдийн цус хуралт, цээж мөчдийн цус хуралт гэмтлүүд нь захаараа шаргал хүрээ орсон хуучин гэмтлүүд байна. Уг хуучин гэмтлүүд нь 48 цагаас дээш цагийн өмнө үүссэн байх боломжтой. Уг шинэ гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр үүссэн байх боломжтой. Гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархайн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархайн булчингийн цус хуралт гэмтлүүд нь тархины зүүн талд үүссэн байна. Уг гэмтлүүдийг толгойн зүүн талд цохих, дэвсэх үед үүсэх боломжтой. Уг тархины гэмтлийг авсан тэр даруйд толгой хүчтэй өвдөх, огиж бөөлжих шинж тэмдэг илэрнэ. Тархинд үүссэн цус хуралт нь аажмаар нэмэгдэж тархи дарагдах хүртэл үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Энэ цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй, хүн болгонд харилцан адилгүй байдаг. Уг тархины гэмтэл нь эгц урагш унах үед үүсэх боломж муутай. Уг гэмтэл нь тархины зүүн талд үүссэн байна. Нүүрэнд үүссэн гэмтлүүд нь урагш унах үед үүсэх боломжтой. Харин 2 тохойн зулгаралт, шууны өнгөц зүсэгдсэн шарх гэмтлүүд нь урагш унах үед үүсэх боломжгүй, тусдаа үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 84, 85),

“...Толгойн зүүн талаар унах үед үүсэх боломжтой. Түүнээс унасан, цохиулсан болохыг тогтоох боломжгүй. Гэхдээ толгойн хуйхны цус хуралтын хэмжээ бага байна. Уналтын үед цус хуралт их үүсдэг юм. Уг гэмтлүүд нь шинэ үүссэн гэмтлүүд байх ба 2016 оны 6 дугаар сарын 03, 04-ний аль өдөр үүссэн болохыг тогтоох боломжгүй. 1 хоногийн дотор гэмтэлд мэдэгдэхгүйц өөрчлөлт гарахгүй учир уг гэмтлүүд 2016 оны 6 дугаар сарын 03, 04-ний аль ч өдөр нь үүссэн байх боломжтой юм. Ямар эм, ямар найрлагатай эмийг, ямар хэмжээтэй уусан, хэзээ уусан нь тодорхой бус учир энэ асуултанд хариулах боломжгүй. Гэхдээ уналтын эсрэг эм уусан хүн унах, ухаан алдах шинж илрэхгүй. Харин тархины гэмтэл авсан хүн унах, ухаан алдах шинж тэмдэг илэрч болно. Талийгаачийн биед учирсан хуучин гэмтлүүд болох цээж мөчдийн цус хуралт гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 174-175),

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 69 дүгээр дүгнэлтэд:

“...1. Шүүх эмнэлийн 1066 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Талийгаач Д.Батсайханд тогтоогдсон тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархайн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, дух, баруун нүдний дээд зовхи, хоёр гарын тохойн зулгаралт, дээд уруулын няцарсан шарх, 2 нүдний зовхины цус хуралт, амны баруун булан, зүүн шууны зүсэгдсэн шарх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Бусад гэмтлүүд нь хуучин гэмтэл байна. Дээрх гэмтлүүдээс талийгаачийг үхэлд хүргэсэн зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархайн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт нь шинээр үүссэн “24 цагийн доторхи” гэмтэл байна.

3. Дээрх гэмтлүүдээс зүүн шууны зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ир үзүүртэй зүйлд хутга, сүх, шилний хугархай зэрэг ир үзүүртэй зүйлүүд орох бөгөөд мохоо зүйлд мод, чулуу, гар, хөл гэх мэт олон зүйл хамаарна.

4. Дээрх зүйлүүдээс гавал тархины гэмтэл нь /зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархайн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт/ гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Шинэ гэмтэлд гэмтэл авсанаас хойш 1-3 хоног болж буй гэмтлүүдийг ойлгох бөгөөд Д.Батсайханы цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тогтоогдсон шинэ гэмтлүүд нь 2016.06.03, 2016.06.04-ний өдөр үүссэн байх боломжтой. Задлан шинжилгээний тэмдэглэлээс харахад гавал тархины гэмтлүүд нь нас барахаас өмнө 24 цагийн дотор авсан гэмтэл байна. Бусад хуучин гэмтлүүд нь 2016.06.03-аас өмнө авсан гэмтэл байна. Цагийг нарийвчлан тогтоох боломжгүй.

6. Дээрх гавал тархины гэмтлийг авсан хүн хэсэг хугацаанд /тухайн хүний үйл хөдөлгөөн идэвхитэй үргэлжлэх хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй/ үйл хөдөлгөөн хийх чадвартай байдаг.

7. Гавал тархины гэмтэл авсан хүнд ухаан алдах, толгой өвдөх, бөөлжих, унтаарах гэх мэт тархины гэмтлийн үед илрэх ерөнхий шинжүүдээс гадна хэсэг газрын /нарийн мэргэжлийн эмч тогтоодог/ шинж тэмдэгүүд илэрнэ.

8. Дээрх гавал тархины гэмтэл нь толгойн зүүн талаас хүч үйлчлэхэд үүссэн байх боломжтой байна.

9. Талийгаач нь уналтын эсрэг эм уусан эсэхийг тогтоох боломжгүй. Уналтын эсрэг эм уусан хүн татах, ухаан алдаж унахгүй болно” гэх дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 42-44),

 

11. Шүүгдэгч Н.Дагва-Осорын мөрдөн байцаалтад өгсөн: “Талийгаач Батсайхан нь Зүүнсалааны 2-р буудал дээр түүхий эд авах цэг дээр ажилладаг байсан ба хог түүгээд хааяадаа ажилладаг байсан болохоор би Батсайханыг 1 жилийн өмнөөс мэдэх болсон юм. 2016 оны 5 дугаар сарын сүүлээр Батсайхантай таарсан чинь би хөдөө малчингаар явчихаад ирлээ, хэд хоногоос халиаранд явна гэж ярьж байсан. Тэгээд 2016 оны 5 дугаар сарын сүүлээс хойш манайхаар ирж очин байх болсон юм. 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр архи зардаггүй өдөр байсан тул бид нар архи уугаагүй. Батсайхан манайд ирж хоночихоод гараад явсан. Өдөр хаагуур, юу хийж явсан талаар нь би мэдээгүй. Төр өдөр миний мэдэхээр ямар нэгэн маргаан зодоон цохион болоогүй. Ингээд орой нь Батсайхан манайд ирж хоносон. 2016 оны 6 дугаар сарын 02-ны өглөө Батсайхан бид хоёр гараад би Батсайхан автобусанд суугаад явчихсан. Би Зүүнсалааны 2-р буудал дээр байх түүхий эдийн цэг дээр очоод нуурын гудамжаар 112-н автобусны буудал орчмоор хог түүж явж байгаад жанцангийн автобусны буудлын орчимд Батсайхан, Ганаа хоёртой таараад 0.5 литрийн Шим архи нэг шилийг аваад бид гурав хувааж уугаад манай гэр рүү бид гурав очсон. Тухайн үед манай гэрт хүн байгаагүй. Манай гэрт ирчихээд би хоол хийгээд Ганаа надад тусласан юм. Тэгээд хоол хийгээд идэж байтал Батсайхан ах хоол амтгүй байна гээд миний шанаа руу гараараа нэг удаа цохиод авахаар нь би за яах вэ гээд өнгөрөөсөн. Тэгээд би гарчихаад ороод ирсэн чинь Ганаа, Батсайхан хоёр маргалдаж байсан. Яг юу гэж маргалдаж байсныг би мэдэхгүй байна. Сүүлд сонсоход тэр хоёр өдөр нь маргалдаж байгаад ирсэн сурагтай байсан. Энэ талаар түүхий эдийн хүмүүс ярьж байсан. Тэгээд би Батсайхан ахыг та битгий гэрт хэрэлдээд бай гэж хэлээд гараараа Батсайхан ахын цээж рүү нь нэг удаа түлхээд хойш нь ор руу унагаасан. Тэгээд Батсайхан ах орон дээр гараад унтсан. Тэгээд би ч унтаад Ганаа яваад өгсөн. Тэгэхэд манай ах Дагвасүрэн уурлаад та нар битгий айлд  маргалдаад бай гээд Ганааг хөөгөөд явуулсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 9 цаг өнгөрч байхад Батсайхан надтай цуг гараад жанцан орно гэхээр нь би гэрт байсан архи, ундааны савнуудаа аваад Жанцангийн автобусны буудал дээр ирэхэд Батсайхан за би явлаа гээд явсан. Тэрнээс хойш би Батсайхан ахтай таараагүй ба манайхаар ирээгүй” (1 дүгээр хавтаст хэргийн 99,100),

-“...2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр би өглөө 08 цаг өнгөрөөд жанцангийн хойд талд 76 дугаар сургуулийн хажууд байдаг түүхий эдийн газарт очоод түүсэн байсан савнуудаа асгачихаад нуурын гудамж ороод тэр хавиар шил сав түүж байгаад буцаад жанцан дээр ирээд түүсэн хогоо өгчихөөд 112-н буудлын орчмоор явж хог түүгээд 105-р сургуулийн тэр хавиар хог түүж яваад 112-н автобусны буудлын хажуу талд байдаг түүхий эдийн цэг дээр өгчихөөд тэндээсээ жанцангийн автобусны буудал хүртэл хог түүгээд тэнд өгчихөөд гэр рүүгээ 20 цаг өнгөрч байхад ирсэн. Тэр өдөр би Батсайхантай уулзаагүй ба манайд ирж хоноогүй. Түүнээс хойш буюу 2016 оны 6 дугаар сарын 04-ний болох хагас сайн өдөр жанцан, 112-н буудал орчимоор явж байгаад мөн хогоо тушаагаад гэртээ харьсан. Тэр өдөр мөн Батсайхантай таараагүй. ...Батсүх, Ганаа нар 2016 оны 6 дугаар сар гарсанаас хойш манайхаар ирээгүй. Батсайхан манай гэрт байх хугацаанд хүмүүс манай гэрт ирж байгаагүй. Би Батсайхантай маргалдаж байгаагүй. Бид ах, дүү шиг л байсан хүмүүс. Би Батсайханыг цохиж зодсон зүйл байхгүй.

-“...2016 оны 6 дугаар сарын 03-ны өглөө 09 цаг өнгөрч байхад Жанцангийн автобусны буудал орчимоос Батсайхан баруун салаа руу явна гээд салсан. Түүнээс хойш би Батсайхантай таараагүй. Батсайхан цээж хэсгээрээ нүцгэн унтаж байсан. Тэгэхэд ямар нэг шарх сорви байгаагүй. ...Би Батсайханд гар хүрсэн, зодсон зүйл байхгүй. Бид сайхан найзууд байсан, инээж хөхрөөд л явж байсан хүмүүс...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 101-105),

 

12. Сэтгэцийн эрүүл мэндий үндэсний төвийн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 520 дугаар дүгнэлт:

Болсон хэргийн талаар, өөрийн үгээр: ...2016 оны 6 дугаар сарын 03-нд архи уугаад гудамжинд явж байгаад талийгаачтай гудамжинд тааралдсан. Тэгээд 1 шил архи талийгаачтай хувааж уусан. Талийгаач нас барсаныг би мэдээгүй. Би талийгаачтай зодолдоогүй, толгой руу нь өшиглөөгүй. Бүтэн сайнд Батсайхан нас барсан. Би хэрэг хийгээгүй гэнэ. ...ДҮГНЭЛТ:

“1. Н.Дагва-Осор нь сэтгэцийн ямар нэг эмгэггүй байна.

2. Н.Дагва-Осор нь мэдүүлэг өгөх чадвартай байна.

3. Н.Дагва-Осор нь өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байсан байна.

4. Н.Дагва-Осор нь хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 73-74),

 

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2641 дүгээр дүгнэлтэд:

“...Хэсэг газрын үзлэгт: 2 гарын сарвуу хуруунуудын 1, 2-р үений түвшинд мухар хөлдөөж байсан гэнэ. Зүүн гар, хөл сул саатай, зүүн талд гуя, шилбэний булчин сулавтар. ДҮГНЭЛТ:

“1. Дагва-Осор нь бага наснаас үлдэцэт тархины эмгэгшил, уналт таталтын хам шинж, зүүн талын саа оношоор эмчлэгдэж байсан байна. Эпилепсийн уналт таталт нь тархины эсүүдийн хэт цэнэгжилтийн улмаас үүсэх ухаан алдалт таталтын үечилсэн хөдлөлөөр илэрдэг уураг тархины архаг өвчин юм.

2. Н.Дагва-Осор нь идэвхтэй үйлдэл буюу алхах, явах, өшиглөх, гараар цохих зэрэг үйлдлийг уналт таталт илрээгүй үед эрүүл хүн шиг гүйцэтгэнэ” гэх дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 107 дахь тал),

 

14. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 4), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 5-10, 16-19), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 11-17), эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 26-27), эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол (1-р хавтаст хэргийн 28-29), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны биологийн шинжээчийн 5004, 5396, тусгай шинжилгээний хэлтсийн шинжээчийн 5003 дүгнэлт, мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хавтаст хэргийн 99, 102-104),

 

15. Амь хохирогчийн иргэний үнэмлэхний лавлагаа (1-р хавтаст хэргийн 107), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 108), цагдаагийн байгууллагын бүртгэл, мэдээллийн цахим cистемд бүртгэгдэж байсан талаарх мэдээлэл (1-р хавтаст хэргийн 110),

 

16. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 120), оршин суугаа хорооны тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 199), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 121), цагдаагийн байгууллагын бүртгэл, мэдээллийн цахим cистемд бүртгэгдэж байсан талаарх мэдээлэл (1-р хавтаст хэргийн 117-118), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагуудаас авсан лавлагаа (1-р хавтаст хэргийн 134-143, 145-147), хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ тогтоосон акт, эрүүл мэндийн дэвтэрийн хуулбар (2-р хавтаст хэргийн 06-19), “Reflex” мэдрэлийн эмнэлгийн тархины цахилгаан бичлэг (2-р хавтаст хэргийн 108-115) болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд:

1. Гэрч Н.Ганхуягийн мөрдөн байцаалтад

- 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “...2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Дагва-Осорын гэр рүү явж байхад Дагва-Осор, Батсайхан хоёр мөнгөний талаар яриад маргалдаад байсан. Би яг юу гэж хэлж байсныг санахгүй байна. Ямар ч байсан санаж байгаагаар мөнгө яриад л хэрэлдээд байсан юм. ...Би гэрт нь ороод гал тогоонд хоол хийгээд байж байхад том өрөөнд Дагва-Осор, Батсайхан хоёр хэрэлдээд л байсан. Мөн л нөгөө мөнгөний талаараа яриад хэрэлдээд байсан. Би тэрийг нь сайн ойлгоогүй юм....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 34-35),

- 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “...хоол хийж байхад Дагва-Осор Батсайхан нар нь юунаас болж хэрэлдээд байгаа нь мэдэгдэхгүй маргалдаад байсан юм....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 36),

2. Гэрч Ё.Батсүхийн мөрдөн байцаалтад 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “...би 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн үед Дагва-Осорын гэрт ганцаараа ирсэн. ...гаднаас талийгаач Батсайхан, Дагва-Осор, мөн таягтай Ганаа гэж дууддаг залуу гурав орж ирсэн. Тэр 3 согтуу, хоорондоо маргалдаад орж ирсэн. Талийгаач “би архины мөнгө олсон” гэхэд нөгөөдүүл нь “худлаа согтчихоод онгироод байгаарай” гэж хэлээд маргалдаж байсан. ...Хоол хийж дуусаагүй байхад Дагва-Осор, Ганаа хоёр талийгаачид хандан “том том ярилаа, атаманаа хийлээ” гэж хэлээд байсан....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дахь тал) зэрэг баримтуудаас үзэхэд амь хохирогч, шүүгдэгч нарын хооронд хувийн таарамжгүй харьцаа үүссэн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Дагва-Осор нь олон нийтийг илтэд үл хүндэтгэн, өөрийн ичгүүр сонжуургүй догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгах ямар нэг эрмэлзэл, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн гэх үйлдэл гаргаагүй байна.

Түүнчлэн шүүгдэгч нь урьдчилан төлөвлөгдөөгүй гэнэт үүссэн, эмх замбараагүй байдал гаргаагүй, Ч.Батсайхан, Н.Дагва-Осор, Н.Ганхуяг нар анхнаасаа архи ууж архины мөнгө олсон, олоогүй гэж маргалдаж байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

Тиймээс шүүгдэгч Н.Дагва-Осорыг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан  гэж үзэх үндэслэл тогтоодоогүй.

Харин 2016 оны 6 дугаар сарын 03-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 9-32-б тоотод байрлах байшинд амь хохирогч Ч.Батсайхан, шүүгдэгч Н.Дагва-Осор нарын хооронд үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас Н.Дагва-Осор нь хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн нь:

-гэрч Н.Ганхуягийн мөрдөн байцаалтад:

- 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “...Хоол болоод би тэд нарыг хоол ид гээд том өрөө рүү орсон чинь Батсайхан ядарсан бололтой газар хэвтэж байсан. Дагва-Осор толгой дээр нь гуталтай хөлөөрөө 2 удаа дэвссэн. Дагва-Осорын ах нь орж ирээд та нар яагаад хэрэлдээд байгаа юм бэ, та яв гээд намайг хөөхөөр нь би хоолоо ч  идэлгүй гараад явсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 34-35),

- 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “...нэг харахад Батсайхан ханын пийшингийн хажуу талд гудсан дээр хэвтэж байхад Дагва-Осор Батсайханы толгой руу 2 удаа дэвсэж байсан. ...Батсайханы толгой ертөнцийн зүгээр хойд зүгт харсан байдалтай хэвтэж байсан, ...би ханын пийшинг тойроод урд талаас нь харахад л толгой руу нь дэвсэж байсан. ...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 36),

-гэрч Ё.Батсүхийн мөрдөн байцаалтад 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “...Ганаа нь хоол хийсэн. Батсайхан гаднаас орж ирээд хувцастайгаа газар нэг дэвсгэр дээр хөнжил шиг юм нөмрөөд хэвтээд өгсөн. ...Дагва-Осор амьсгаа минь гэж хараагаад талийгаачийн толгой руу гуталтай хөлөөрөө миний мэдэхийн 2 удаа дэвссэн. Талийгаач “яая” гээд юу ч дуугараагүй хэвтээд байсан. Талийгаач босч ирж хоол унд идээгүй, тэр чигтээ унтсан юм....би тэр өдөр архи уугаагүй, эрүүл байсан. ...Дагва-Осорын байшин нь пийшин ханаар тусгаарласан гал тогоо, том өрөө гэсэн өрөөтэй. Талийгаач том өрөөнд пийшин хананы наад талд хойшоо хараад дээгүүрээ хөнжил нөмрөөд хэвтэж байсан. ...Дагва-Осор хөлөө өргөж байгаад гуталтай хөлөөрөө талийгаачийн толгой руу 2 удаа дэвссэн. Би хоёр удаа дэвсэхийг ямар ч байсан харсан. ...Би энэ хэрэг болоход талийгаачийн хэвтэж байсан газрын эсрэг талд сандал дээр сууж байсан, тухайн болсон явдал гал тогооны өрөөний гэрэлд харагдсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дахь тал),

-гэрч Н.Дагвасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг орой тэдний гэрт ороход талийгаач Батсайхан байшингийн гол хэсэгт байдаг ханын пийшингийн зүүн талд том өрөө талд нь газарт хэвтэж байсан. Батсайханы толгой нь хойд зүг рүү хараад хэвтэж байсан. ...Харин Дагва-Осор хойморын орны хажууд талд Батсайханы хажууд зогсож байсан. Харин Ганхуяг, Батсүх нар уг байшингийн урд талд байдаг ширээний хоёр талд сууж байсан....Намайг орсоноос хойш Ганхуяг нь бусадтай, Батсайхантай маргалдаагүй. ...Дагва-Осор уурласан байдалтай тогтвортой сууж чадахгүй бачуураад тамхи ойр ойрхон татаад байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 100, 101)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 1066 тоот, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 69 тоот дүгнэлтүүд,

-Шинжээч эмч Г.Энхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 84, 85) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Н.Дагва-Осор нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт “...би амь хохирогч Батсайхантай маргалдаагүй, түүнийг цохиж зодсон зүйл байхгүй...” гэж мэдүүлж гэм буруугийн талаар маргасан.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэцэгмаагаас “...шүүгдэгч Н.Дагва-Осорт Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг зөвшөөрөхгүй. Учир нь:

1.Н.Дагва-Осорт холбогдох хэрэгт цугларсан Н.Ганхуяг, Ё.Батсүх нарын мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй, маргаантай,

2. Н.Дагва-Осороос Ё.Батсүх хэргийн газар байгаагүй талаар маргадаг бөгөөд хэрэг үйл явдал болсон гэх газарт Ё.Батсүх байсан эсэх нь эргэлзээтэй,

3. Н.Ганхуяг, Батсайхан нарын хооронд маргаан болсон талаар хоёр гэрч мэдүүлдэг,

            4. Амь хохирогчид учирсан гэмтлийн талаар шинжээчээс 24 цагийн хугацаанд үүсэх боломжтой гэсэн атлаа дүгнэлтдээ 2016 оны 6 дугаар сарын 03, 04-ний өдөр үүсэх боломжтой гэсэн нь зөрүүтэй,

5.Талийгаач нь 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр өглөө Н.Дагва-Осор, Ё.Батсүх нартай хамт гараад нас барах хүртлээ хог түүгээд явж байсан талаар гэрч нараас мэдүүлдэг.

6.Талийгаачийн бөөлжсөн шинж тэмдэг нь согтуу хүний бөөлжсөн шинж тэмдэг байсан эсэхийг тодруулаагүй зэргээр Н.Дагва-Осорын үйлдлээс болж амь хохирогч нас барсан гэх гэмт хэрэг нотлогдоогүй гэж мэтгэлцэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд зааснаар хэргийг шүүгдэчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэснийг баримтлан Н.Дагва-Осорт холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн саналыг гаргасан.

 

            Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

            Шүүгдэгч Н.Дагва-Осор, амь хохирогч Ч.Батсайхан нар нь хэрэг үйл явдал болохоос нэг жилийн өмнө бие биенийгээ мэддэг болсон байх бөгөөд, 2016 оны 5 дугаар сараас хойш шүүгдэгч Н.Дагва-Осорын гэрт амь хохирогч Ч.Батсайхан нь ирж очин байх болсон байна.

            Тухайн хэрэг үйл явдал болсон гэх 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Н.Дагва-Осор, Н.Ганхуяг, Ч.Батсайхан нар нь цуглуулсан түүхий эдээ Баянхошууны эцэст байдаг Сарангэрэл гэх хүний  “түүхий эдийн цэг”-т тушааж тэндээсээ Н.Дагва-Осорын гэрт очих замдаа 0.75 гр архи хувааж уусан, улмаар шүүгдэгчийнд очсон үйл баримт нь гэрч Н.Ганхуяг, шүүгдэгч Н.Дагва-Осорын нарын өгсөн мэдүүлгээр тогтоогдсон, энэ талаарх тэдний мэдүүлэг хоорондоо зөрүүгүй байна.

            Мөн гэрч Н.Ганхуягаас “...Н.Дагва-Осорын гэрт очиход нэг залуу ирчихсэн байсан, ...бид гурав замдаа нэг юм уугаад Дагва-Осорын гэрт арай бүрэнхий болоогүй байхад ...очсон...” гэх, гэрч Ё.Батсүхээс “... би 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 21 цагийн үед Н.Дагва-Осорын гэрт ганцаараа ирсэн. Тэдний гэрт хүн байхгүй байсан. Байшин нь цоожтой байхаар нь би хашаан дотор нь зогсож байхад гаднаас талийгаач Батсайхан, Дагва-Осор, мөн таягтай Ганаа гэж дууддаг залуу гурав орж ирсэн. ...” гэх, гэрч Н.Дагвасүрэнгийн “... Ганхуяг, Батсүх нар байшингийн урд талд байдаг ширээний хоёр талд сууж байсан ...” гэх мэдүүлэг зэргээр тухайн хэрэг үйл явдал болсон цаг хугацаанд  гэрч Ё.Батсүх байсан болох нь тогтоогджээ.

            Түүнчлэн гэрч Н.Ганхуяг , Ё.Батсүх нар нь “...Батсайхан газар хэвтэж байхад нь Н.Дагва-Осор толгой дээр нь гуталтай хөлөөрөө 2 удаа дэвссэн ...” гэх мэдүүлгийг  тус тус харилцан мэдүүлсэн байх ба энэ үйл явдлын талаар эдгээр гэрч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүгүй.   

            Мөн шүүгдэгч Н.Дагва-Осороос шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Ганхуяг нь амь хохирогч Ч.Батсайхантай маргасан гэж мэдүүлсэний улмаас шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан боловч мөрдөн байцаалтаар гэрч Н.Дагвасүрэн нь мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл болон гэрчийн мэдүүлэгт “... намайг орсноос хойш Ганхуяг бусадтай, Батсайхантай маргалдаагүй...Харин ч Н.Дагва-Осор уурлангуй байн байн тамхи татаад байсан...“ гэж мэдүүлжээ.

            Нөгөө талаар амь хохирогчид учирсан гэмтлийн талаар шинжээч эмч Г.Энхбаатараас “...шинэ гэмтлүүд нь 2016 оны 6 дугаар сарын 03, 04-ний аль ч өдөр үүссэн байх боломжтой. 1 хоногийн дотор гэмтэлд мэдэгдэхүйц өөрчлөлт гарахгүй учир уг гэмтлүүд 2016 оны 6 дугаар сарын 03, 04-ний аль ч өдөр үүссэн байх боломжтой. ...” гэж мэдүүлсэн.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн хийсэн 69 дүгээр дүгнэлтийн 5-д “...Шинэ гэмтэлд гэмтэл авсанаас хойш 1-3 хоног болж буй гэмтлүүдийг ойлгох бөгөөд Д.Батсайханы цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тогтоогдсон шинэ гэмтлүүд нь 2016 оны 6 дугаар сарын 03, 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр үүссэн байх боломжтой. Задлан шинжилгээний тэмдэглэлээс харахад гавал тархины гэмтлүүд нь нас барахаас өмнө 24 цагийн дотор авсан гэмтэл байна. ..” гэсэн дүгнэжээ.

Хуанлийн цаг хугацааг тоолохдоо цаг, хоног, сар, жилээр тоолох ба хоногоор тоолоход уг хугацаа нь сүүлийн хоногийн 24 цагт дуусах юм.

Тухайн гэмт хэрэгт гарсан гэх цаг хугацааны талаар байцаан шийтгэх ажиллагааны оролцогч нараас мэдүүлэхдээ “...талийгаач Батсайхан, гэрч Н.Ганхуяг, шүүгдэгч Н.Дагвасүрэн нар нь 2016 оны 6 дугаар сарын 03-ны 20-21 цагийн үед Н.Дагвасүрэнгийн гэрт очсон. ..” гэж мэдүүлдэг бөгөөд цаг хугацааг 24 цагаар тоолоход тус хугацаа нь 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 00 цагт дуусахаар байна. Иймээс амь хохирогчид учирсан шинэ гэмтэл нь 2016 оны 6 дугаар сарын 03, 04-нд үүссэн байх боломжтой гэсэн шинжээчийн мэдүүлэг нь нас барахаас 24 цагийн дотор авсан гэх дүгнэлттэй хоорондоо цаг хугацааны хувьд ноцтой зөрүүтэй гэх нөхцөл байдалгүй байна.

Мөн шинжээч эмчийн дүгнэлт, мэдүүлэг зэрэгт “... тархины гэмтлийг авсан даруй толгой хүчтэй өвдөх, огих, бөөлжих шинж тэмдэг илэрнэ...” гэсэн байх ба амь хохирогч нь бөөлжиж байсан талаар гэрч Н.Дагвасүрэн, Д.Мягмарсүрэн, Ё.Батсүх нараас адил мэдүүлсэн. Харин талийгаач нь биедээ авсан гэмтлийн улмаас бус, бусад шалтгаанаар  бөөлжих шинж тэмдэг түүнд илэрсэн гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй, өмгөөлөгчийн энэхүү саналыг нотолсон баримтгүй.

Түүнчлэн гэрч Ё.Батсүхийн “...Талийгаач Батсайхан нь 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн өглөө 11-12 цагийн үед орноосоо босоогүй, хэвтэж байсан, үүнээс хойш талийгаач дүүгийнх рүүгээ явлаа гээд Дагва-Осор бид хоёртой хамт гэрээс нь гарсан...” гэх мэдүүлэг,

-гэрч Д.Мягмарсүрэнгийн “...би гэр рүү нь орсон чинь Батсайхан ...орны хажууд ороо налаад дотоожноос өөр хувцасгүй нүцгэн сууж байсан. ...14 цагийн орчим гараад явсан...” гэх мэдүүлэг,

-гэрч Ц.Цэрэндэжидийн “...2016 оны 6 дугаар сарын 04-ний 19 цаг 30 минутын үед ...жалган дотор нэг эрэгтэй хүн доошоо тонгойчихсон юм түүж байгаа байдалтай байсан...” гэх мэдүүлэг,

-насанд хүрээгүй гэрч “... Т.Алтан-Очирын “... 2016 оны 6 дугаар сарын 04-ний 19 цаг өнгөрч байхад “...жалганд үл таних бараан өнгийн хувцастай ах хог түүж байсан...” гэх мэдүүлэг зэргээр 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр талийгаач нь үйлдэл хөдөлгөөн хийж байсан талаар мэдүүлэг өгсөн, энэ талаар маргаангүй байна.

Харин шинжээч эмч Г.Энхбаатарын ”... тархины гэмтлийг авсаны улмаас тухайлбал тархинд үүссэн цус хуралт нь аажмаар нэмэгдэж тархи дарагдах хүртэл үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. ...” гэх мэдүүлэг, мөн шинжээчийн 69 тоот “... гавал тархины гэмтлийг авсан хүн хэсэг хугацаанд үйл хөдөлгөөн хийх чадвартай, тухайн хүний үйл хөдөлгөөн идэвхитэй үргэлжлэх хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй ...”гэсэн дүгнэлт зэргээр амь хохирогч нь үхэлд хүргэсэн “гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорхи цусан хураа бүхий” гэмтлийг авснаас хойш тархи дарагдах хүртэл хугацаанд идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой байна.

 

Иймд дээрх хууль зүйн үндэслэл бүхий нотлох баримтууд нь өмгөөлөгч Н.Цэцэгмаагийн гаргасан саналыг үгүйсгэх үндэслэл болж байх тул өмгөөлөгчийн гаргасан шүүгдэгч Н.Дагва-Осорт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тухай саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Харин шүүгдэгч Н.Дагва-Осорын үйлдсэн гэмт хэрэг нь танхайн сэдэлттэй гэж үзэх үндэслэлгүй болохыг дээр дурдсан болно.  

Иймд шүүгдэгч Н.Дагва-Осорыг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дэх заалтад зааснаар хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэж зүйлчилж ирүүлсэн хэргийг мөн зүйлийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Н.Дагва-Осорыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүх Н.Дагва-Осорын гэм буруутайг тогтоож Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Тус гэмт хэргийн улмаас бусдын амь нас хохирсон байх боловч амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батмөнх нь оршуулгын зардал болон бусад зардлыг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Дагва-Осор нь хувийн байдлын хувьд урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар тогтоогдсон болно. (хавтаст хэргийн 121 дэх тал),

 

Шүүхээс шүүгдэгч Н.Дагва-Осорт ял оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг нь хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг түүний хувийн байдал буюу эрүүл мэндийн байдлыг харгалзан хөнгөрүүлэн өөрчилж жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

                                            

Шүүгдэгч Н.Дагва-Осор нь энэ хэргийн улмаас 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл (хавтаст хэргийн 89, 180 тал) нийт 304 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх тул түүний цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн талийгаач Д.Батсайханы өмсөж явсан хүрэм, хар цамц, өмд, дотоож, гутал 1 хос, хар өнгийн оймс болон Коко коло ундааны сав 8 ширхэг, архины шил 1 ш