Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 1508

 

 

МАГАДЛАЛ

 

2019.08.14                                                Дугаар 1508                                     Улаанбаатар хот

 

 

 

ЖМЖ-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01229 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч ЖМЖ-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч КЖС холбогдох,

 

394 119 995 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: БНСУ-ын иргэн ЖМЖ нь 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Монгол Улсад ирэхдээ өөрийн компанид хөрөнгө оруулалт хийхээр                            47 000 000 иенийг гаалийн мэдүүлэг бөглөн, албан ёсоор оруулж ирсэн бөгөөд тухайн үед “ЮЭД ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан БНСУ-ын иргэн КЖС хадгалуулах зориулалтаар хүлээлгэн өгсөн. Гэтэл КЖС нь дээрх 47 000 000 иенийг 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 21-ний өдрүүдэд “ЮЭД ” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах нэрээр зарцуулсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль хяналтын байгууллагаас шалгаж, Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 48 дугаар тогтоолоор КЖС нь бусдын өр төлбөрийг төлүүлэх зорилгоор итгэмжлэн өгсөн мөнгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх боловч тухайн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа буюу 6 сарын хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ч 269 782 735 төгрөгийг КЖС хувьдаа завшсан ньтогтоогдсон гэж үзэн КБЖ, КУС, ЮСВ, ЧКХ нарт зээлийн төлбөрт төлсөн гэх нэрийдлээр 269 782 735 төгрөгийг хувьдаа завшсан нь тогтоогдсон тул бусдад учирсан гэм хорыг арилгуулах зорилгоор эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 269 782 735 төгрөгийг КЖС-оос гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч тал дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлж байна. 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр буюу “ЮЭД ” ХХК-ийн ерөнхий захирал ЖМЖ 47 000 000 иенийг Монгол Улсад оруулж ирсэн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр КЖС “СД ” ББСБ ХХК-иар 31 710 000 иенийг /ханш 16.22 төгрөг/ солиулж 514 336 000 төгрөг болсон, уг мөнгөнөөс 70 000 ам.доллар /ханш 1883 төгрөг/ 131 810 000 төгрөгөөр худалдан авч КЖС-ны мэдэлд бэлнээр    382 526 200 төгрөг, 70 000 ам.доллар 15 290 000 иен байсан байна. КЖС нь дээрх бэлэн мөнгөнүүдээс н.Ц-д  166 663 925 төгрөг, н.А-д  32 930 650 төгрөг, н.Э-д  9 383 230 төгрөг, “СЭ ” ХХК-д 20 000 ам.доллар, нийт              208 977 805 төгрөг төлж, зарцуулсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа ба үүнээс үлдсэн мөнгө нь 173 548 395 төгрөг 50 000 ам.доллар, 15 290 000 иень үлдсэн байна. КЖС нь БНСУ-руу явахаасаа өмнө “ЮЭД” ХХК-ийн Хаан банк дахь дансанд       100 000 000 төгрөг хийсэн. 10 000 ам.доллар буюу 19 000 000 төгрөгийг компанийн сейфэнд бэлнээр үлдээсэн ба үүнээс БНСУ-руу явахдаа 15 290 000 иень буюу /ханш 16.4 төгрөг/ 245 251 600 төгрөг, 40 000 ам.доллар буюу /ханш 1883 төгрөг/ 75 320 000 төгрөг,   73 548 395 төгрөг, нийт 394 119 995 төгрөгийг бэлнээр авч явсан гэж үзэж байна. КЖС нь дээрх 47 000 000 иентэй цаг хугацааны хувьд хамааралгүй, уг мөнгөнөөс төлөгдөөгүй, н.Н , ЮСВ, н.Т, КСД  нарын компани өр төлбөргүй этгээдүүдийн мөнгийг өгсөн мэтээр тайлбарладаг бөгөөд “ЮЭД ” ХХК дээрх нэр бүхий этгээдэд аливаа өр төлбөргүй, энэ талаар анхан шатны санхүүгийн баримтгүй ба “АУФА ” ХХК-ийн аудитын байгууллага “ЮЭД ” ХХК нь аливаа хэлбэрээр өр төлбөргүй талаар дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлтийг эрүүгийн хэрэгт нотлох баримтаар гарган өгч байсан. Иймд нэхэмжлэгч талаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон гэж үзсэн 269 782 735 төгрөгийг 124 337 260 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 394 119 995 төгрөгийг хариуцагч КЖС-оос гаргуулж   өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгааг хүлээн авч шийдвэрлэж      өгнө үү гэжээ.   

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: КЖС холбогдох эрүүгийн хэрэгт КЖС-оос мөнгө авсан зарим хүмүүс Монгол Улсад байгаагүй зэрэг шалтгаанаар шалгавал зохих бүхий л асуудлыг тогтоогоогүй, хохирлын тооцооллыг буруу дутуу хийсэн байдаг. Энэ тооцоололд үндэслэн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. ЖМЖ нь 47 000 000 иенийг “ЮЭД ” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах зорилгоор компанид шилжүүлсэн бөгөөд КЖС гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэж байсны хувьд төлбөр тооцоо хийх эрхийг итгэмжлэн олгосон байдаг тул ЖМЖ нь нэхэмжлэх эрх бүхий этгээд биш юм. Компанийн төлбөр тооцоотой холбоотой өглөг, авлага байгаа бол түүнийг “ЮЭД ” ХХК нэхэмжлэх нь иргэний хуульд нийцнэ 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ЖМЖ-гийн Монгол улсад оруулж ирсэн 47 000 000 иен буюу 762 340 000 төгрөгөөс 100 000 000 төгрөг, 10 000 ам.доллар буюу 19 000 000 төгрөг, нийт 119 000 000 төгрөгийг ЖМЖ бэлнээр авч үлдсэн, н.Ц  166 663 925 төгрөг, н.А-д  32 930 650 төгрөг, н.Э-д  9 383 230 төгрөг, “СЭ ” ХХК-д 20 000 ам.доллар буюу 36 400 000 төгрөг нийт                364 377 805 төгрөгийг зөвшөөрч 394 119 995 төгрөгийг завшсан гэж нэхэмжилжээ. ЖМЖ-гийн гомдлоор үүсгэж шалгасан эргүүгийн хэргийн явцад шинжээч томилсон байх ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 148 дугаар Шинжээчийн дүгнэлт гарсан, дүгнэлтэд КЖС хувьдаа мөнгө завшсан талаар нотлогдохгүй байна гэж дүгнэснийг дурдахын сацуу “АУА ” ХХК-ийн гаргасан зээлийн тооцоо, эргэн төлөлтийг хавсралт 1-ээр үзүүлжээ. “Шинжээчийн дүгнэлтийг “АУА ” ХХК-ийн дүгнэлтэд үндэслэн хийсэн. Эндээс үзэхэд нэхэмжлэгчийн зөвшөөрч байгааг хасахад дараах зээлийг КЖС эргэн төлсөн нь тогтоогдож, төлсөн нь нийт 203 422 831 төгрөг болж байна. Баримтаар нотлогдож буй дээрх хоёр хэсэг төлбөрийг тооцоход 428 626 266 төгрөг болох ба нэхэмжилж буй дүнгээс 34 506 271 төгрөг илүү гарч байна. Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэлийн шаардлагаа эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 269 782 735 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон. Харин Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр болсон шүүх хуралдааны үеэр гэмт хэргийн улмаас учирсан хохирол биш, зориулалтын бусаар зарцуулж, мөнгө завшсан гэж тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Нэхэмжлэлийн үндэслэл нь гэм хор, үндэслэлгүй хөрөнгөжсөн буюу завшсан аль нь болох нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч БНСУ-ын иргэн КЖС-оос 209 129 835 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ЖМЖ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 184 990 160 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ЖМЖ-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 779 640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэмж 303 260 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч КЖС-оос улсын тэмдэгтийн хураамжид 1 203 599 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЖМЖ-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 209 129 835 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ зөвхөн НийслэлиЙн Прокурорын газрын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 48 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол түүнд хамааралтай нотлох баримтуудыг үнэлж нэхэмжлэлийн шаардлагаас 184 990 160 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагч КЖС болон түүний өмгөөлөгчийн зүгээс Нийслэлийн Прокурорын газрын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 48 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолд гомдол гаргаагүй, Эрүүгийн хэрэгт шалгагдаж байх явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч гомдол гаргагч талтай эвлэрэх, мөн өршөөлийн хуульд хамрагдах талаар хүсэлтийг гаргаж байсан нь Нийслэлийн прокурорын газрын архиваас ирүүлсэн баримтуудаар тогтоогддог. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр “АУФА ” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтуудын хүрээнд шалгасан нь үндэслэлтэй, “ЮЭД ” ХХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч КЖС-оос 394 449 195 төгрөгийн авлагатай, КЖС нь мөнгө хүлээн авсан, бусдад мөнгө тараасан баримтууд ирүүлээгүй байна гэж дүгнэсэн бөгөөд хариуцагч КЖС нь ямар ч байдлаар бусдад мөнгө өгсөн талаарх санхүүгийн анхан шатны баримтуудыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал шүүхэд гаргаж өгөөгүй. Хариуцагчаас КЖС нь “ЮЭД ” ХХК-ийн бусдад төлөх өрийг төлсөн гэж аргалдаг ч энэ талаарх тайлбар татгалзалаа нотлоогүй, санхүүгийн анхан шатны баримтгүй, инжээчийн дүгнэлтүүдэд маргаан бүхий үйл байдлыг шинжилж дүгнэсэн, нэр бүхий иргэдэд мөнгө өгсөн гэх боловч санхүүгийн анхан шатны баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шааардлага, үндэслэлийг няцааж чадаагүй, иргэний хэргийг шийдвэрлэхэд хангалттай баримт хэрэгт авагдсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: КЖС холбогдох эрүүгийн 201601000100 дугаартай хэргийг эрүүгийн хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй, харин тухайн зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх прокурорын тогтоолоор КЖС-ны бусдад гэм хорын хохирол учруулсан болох нь тогтоогдож байгаа мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй юм. ЖМЖ-ээс ирүүлсэн мөнгийг компанийн өр төлбөрт тооцож буцаан төлөхдөө уг мөнгийг зөвхөн ЗЖС биш компанийн нягтлан бодогч, нярав, менежер зэрэг хүмүүс төлж байсан талаар эрүүгийн хэргийг шалгах явцад гэрчүүдийн өгсөн мэдүүлэгт тодорхой өгүүлсэн байдаг. ЛЁС-т 31 200 000 төгрөгийг нягтлан бодогч төлсөн гэдэг дүгнэлт хийсэн атлаа уг мөнгийг Ким Жу Соноос гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй дүгнэлт болжээ. Шүүхийн шийдвэр өөрөө үндэслэлээ үгүйсгэж байна. Шүүх бүрэлдэхүүн эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулах зорилгоор шинжээч томилох эрх нь нээлттэй юм. Гэтэл ийм ажиллагаа хийхгүйгээр зөвхөн прокурорын тогтоолд үндэслэн шийдвэр гаргаж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй. Иргэний болон худалдааны хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол улс, БНСУ-ын хоорондын гэрээний дагуу КБЖ,КУС, КСХ нараас албан ёсоор тайлбар авахуулахаар шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүх татгалзсан тул тэдгээр хүмүүсийн өөрсдөө бичиж, нотариатаар батлуулсан баримтыг хэрэгт хавсаргасан. Гэтэл шүүх эдгээр баримтыг үнэлсэнгүй. Мөрдөн байцаагчийн хохирлын тооцооллыг давхар нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй, эсрэгээрээ үгйүсгэсэн баримтууд хангалттай авагдсан байгаа. Нэгэнт КЖС нэхэмжлэгчээс өгсөн мөнгийг өөрт авч ашиглаагүй, мөнгийг компанийн зээлийн өрөнд төлж, үлдсэн хэсгийг компанийн дансанд болон бэлнээр үлдээсэн гэж маргадаг бөгөөд энэ байдлыг тогтоох шаардлагатай байгаа нөхцөлд П.У-гийн гэрчээр өгсөн мэдүүлэгтээ дурдсан байгууллагын санхүүгийн өдөр тутмын орлого, зарлагын тайланг хэрэгт зайлшгүй нотлох баримтаар авч үнэлэх ёстой байсан. Хариуцагч “ЮЭД ” ХХК-ийн 2014 оны санхүүгийн орлого, зарлагын тайлан хөтөлсөн дэвтрийг гаргуулах хүсэлт тавьсан. Гэтэл нэхэмжлэгч ийм дэвтэр байхгүй гэсэн тайлбарт үндэслэн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахгүй орхисон. Энэ хэрэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай хэрэг биш тул бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх хэрэг биш, мөн улсын тэмдэгтийн хураамж бүрэн төлөгдөөгүй байхад хэргийг шийдвэрлэж байгаа байдал нь хуульд нийцэхгүй юм. Хариуцагчаас 51 300 000 төгрөгийг ЖМЖ-ээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба энэ нь үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэгдэх маргаан тул шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах ёстой байсан гэж үзнэ. Дээрх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана уу гэжээ.  

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч ЖМЖ нь хариуцагч КЖС холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 394 119 995 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагчид хадгалуулахаар өгсөн 47 000 000 иенийг КЖС нь 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд “ЮЭД ” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах нэрээр захиран зарцуулсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль хяналтын байгууллага шалгасан түүний үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, 269 782 735 төгрөгийг завшсан нь тогтоогдсон, хариуцагч нь БНСУ-руу буцахдаа бэлнээр авч явсан 124 337 260 төгрөгийг гаргуулах...” гэж тайлбарласан байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...тухайн үед “ЮЭД ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын эрх, үүргийг хэрэгжүүлж, тус компанийн барилга барихад тавьсан өр зээлийг төлж барагдуулсан, нэхэмжлэл үндэслэлгүй...” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч нь хариуцагчид 47 000 000 иенийг хадгалуулахаар өгсөн, уг мөнгийг хариуцагч завшсан гэх үйлдлийг эрх бүхий этгээд шалгаж, Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй боловч хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 48 тоот тогтоолоор хариуцагч КЖС холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримт тогтоогдсон талаар талууд маргаагүй.

Харин дээрх мөнгийг хариуцагч нь компанийн өр төлбөрт зарцуулсан гэж, нэхэмжлэгч нь мөнгийг хууль бусаар завшиж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж маргаж байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзнэ. Тодруулбал, дээрх прокурорын тогтоолыг шүүх шийдвэрийн үндэслэл болгосон атлаа уг тогтоолоор хариуцагчийн завшсан гэж тогтоогдсон 269 782 735 төгрөгийг багасгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэлээс үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчид хадгалуулахаар өгсөн мөнгийг зөвшөөрөлгүй захиран зарцуулсан гэх агуулгатай байх тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон хариуцагчаас гаргуулах мөнгөн дүнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн гаргасан “...хэрэгт цугларсан нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй...” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01229 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч БНСУ-ын иргэн КЖС-оос /Kim Joosung/ 269 782 735 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЖМЖ-д /Jung Mi Je/ олгож, 124 337 260 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөх,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т “...хариуцагч КЖС-оос 1 203 599 төгрөг гаргуулан...” гэснийг “1 506 863,68 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЖМЖ-д олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгийн хураамж 1 082 901 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчаас төлсөн 1 203 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.МӨНХЗУЛ

 

                        ШҮҮГЧИД                                   А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                             М.НАРАНЦЭЦЭГ