Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/982

 

 

 

 

 

        2021         11            18                                         2021/ДШМ/982    

 

Г.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор А.Азжаргал,

шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Г.Баярмаа,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж, Ерөнхий шүүгч Б.Халиун, шүүгч С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШТ/57 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Ууганбаатарын бичсэн 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 28 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Г.Э-т холбогдох эрүүгийн 1811021780697 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э-,

 

Г.Э- нь 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 17 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын задгайд өөрийн амьдардаг вагончикт П.Б-тай маргалдаж, түүнийг хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь баруун зулай чамархай дух хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн аалзан хальсан доор цус харвалт, баруун чамархайн булчин, баруун дух, чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, баруун 3, 4, 5 дугаар хавирганд хугарал, хүзүү, баруун хацар, духанд зулгаралт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл учруулан алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2020 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолд тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэт шалгаж тогтоохгүйгээр эсрэг ашиг сонирхол бүхий этгээдийн мэдүүлгээр шүүгдэгчийн гэм бурууг хөдөлбөргүй тогтоосон гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, хэрэгт авагдсан нотлох баримтаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Шүүгдэгч Г.Э-, гэрч Г.Ж- нар нь энэ гэмт хэрэгг хоёул яллагдагчаар татагдан өөрсдийн тайлбар мэдүүлгийг гарган өөрийгөө гэм буруугүй, харин нэгнийгээ энэ гэмт хэргийг үйлдсэн болохыг тус тус нотлохыг хичээх байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад сэрдэгдэн шалгагдаж байсан нь тэднийг эсрэг ашиг сонирхолтой этгээдүүд гэж үзэхэд хүргэв. Гэрчийн мэдүүлгийн нотолгооны ач холбогдол нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан байхаас гадна тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй этгээдээс гаргуулсан байхаар үнэлэгдэх бөгөөд хэргийн оролцогчтой эсрэг ашиг сонирхол бүхий этгээдээс авсан нь мэдүүлгийн үнэн зөвийг бүрэн үгүйсгэхгүй боловч нотлох чадварын хувьд харьцангуй сулд тооцогддог болохыг шүүх анхаарах учиртай. Хүнийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт ялангуяа хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцоход дан нотлох баримтаар, ялангуяа тухайн нэг гэмт хэрэгт хамт шалгагдаж байсан эсрэг ашиг сонирхол бүхий этгээдийн мэдүүлгээр нотлох нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтооход сөргөөр нөлөөлнө гэж үзсэн байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дурдсан атал нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд хавтаст хэрэгт авагдсан гэрч нараас н.Э-ийн мэдүүлгийг дахин авах байдлаар хэргийг шүүхэд шилжүүлсэн тул Улсын Дээд шүүхийн тогтоолд заагдсан ажиллагааг хийлгэхээр хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Ууганбаатар бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүхээс Монгол Улсын дээд шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 457 дугаартай тогтоолын “Тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэт шалгаж тогтоохгүйгээр эсрэг ашиг сонирхол бүхий этгээдийн мэдүүлгээр шүүгдэгчийн гэм бурууг хөдөлбөргүй тогтоосон гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, хэрэгт авагдсан нотлох баримтаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Шүүгдэгч Г.Э-, гэрч Г.Ж- нар нь энэ гэмт хэрэгт хоёул яллагдагчаар татагдан өөрсдийн тайлбар мэдүүлгийг гарган өөрийгөө гэм буруугүй, харин нэгнийгээ энэ гэмт хэргийг үйлдсэн болохыг тус тус нотлохыг хичээх байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад сэрдэгдэн шалгагдаж байсан нь тэднийг эсрэг ашиг сонирхолтой этгээдүүд гэж үзэхэд хүргэв. Гэрчийн мэдүүлгийн нотолгооны ач холбогдол нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан байхаас гадна тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй этгээдээс гаргуулсан байхаар үнэлэгдэх бөгөөд хэргийн оролцогчтой эсрэг ашиг сонирхол бүхий этгээдээс авсан нь мэдүүлгийн үнэн зөвийг бүрэн үгүйсгэхгүй боловч нотлох чадварын хувьд харьцангуй сулд тооцогддог болохыг шүүх анхаарах учиртай. Хүнийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт ялангуяа хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцоход дан нотлох баримтаар, ялангуяа тухайн нэг гэмт хэрэгт хамт шалгагдаж байсан эсрэг ашиг сонирхол бүхий этгээдийн мэдүүлгээр нотлох нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтооход сөргөөр нөлөөлнө” гэсэн дүгнэлтийг үндэслэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. Гэвч Г.Э-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай нотлон тогтоосон гэж үзэж байна. Тухайлбал, хэрэгт Г.Э-ын гэм бурууг дан ганц гэрч Г.Ж-ы мэдүүлгээр нотлон тогтоогоогүй бөгөөд харин энэ хэргийн бусад гэрч болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч эмчийн мэдүүлгүүд, полиграф ашиглан асуулга явуулсан үр дүнгийн магадлагаа зэрэг нотлох баримтуудыг үндэслэн урьд болсон хэрэг учралыг сэргээн дүрслэх замаар хэргийн үйл баримт, хэргийн бодит үнэнийг тогтоосон гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч Г.Э-, гэрч Г.Ж- нар нь энэ хэрэгт хоёул яллагдагчаар татагдан шалгагдаж байсан, харилцан эсрэг сонирхолтой этгээдүүд гэж үзэж болох хэдий ч Г.Ж-ыг амь хохирогч П.Б-ы амь нас хохирсон хэрэгт холбогдолгүй гэж үзэж түүний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол хууль зүйн үндэслэлтэйн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд харилцан эсрэг сонирхолтой этгээдүүдийн мэдүүлгээр нөгөөг нь яллаж болохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй болно. Хэргийн оролцогчтой эсрэг ашиг сонирхол бүхий этгээдээс авсан мэдүүлэг нотлох чадварын хувьд харьцангуй сулд тооцогддог гэж үзэж байгаа нь хэргийн байдлыг нотлохгүй гэсэн үг биш гэж ойлгож болохгүй юм. Хэргийн газар гэрч Ц.Э-ийг хүүхдийн хамт ирэхээс өмнө Г.Э-, Г.Ж-, П.Б- нар л байсан бөгөөд тэр цаг үед болсон байдлыг тогтоохын тулд Г.Э-, Г.Ж- нараас мэдүүлэг авч хэргийн бодит байдалтай уялдуулан шүүгдэгчийн гэм бурууг нотлоход яллах талын нотлох баримтаар Г.Ж-ы мэдүүлгийг ашигласан.

Монгол Улсын Дээд шүүхээс хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаасан тогтоолд мөрдөгч, прокурорын зүгээс мөрдөн шалгах ямар ажиллагааг дутуу хийсэн, тодорхой ямар ажиллагааг нэмж гүйцэтгүүлэх, Эрүүгийн хуулийг хэрхэн буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ямар ноцтой зөрчил гаргасныг огт дурдаагүй атал анхан шатны шүүхээс “Улсын Дээд шүүхийн тогтоолд заагдсан ажиллагааг хийлгэхээр шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх шаардлагыг хангаагүй байна. Энэ гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий мэдүүлэг өгөх өөр гэрч байхгүй, гэмт хэрэг үйлдэгдсэн газарт үзлэг хийж, тогтоогдсон нөхцөл байдлыг тэмдэглэлээр бэхжүүлсэн, нөхөн үзлэгийг дахин хийсэн, амь хохирогчийн цогцост үзлэг хийх, задлан шинжилгээ хийлгэж нас барсан шалтгааныг тогтоолгох зэргээр энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л ажиллагааг хийсэн. Яллагдагч Г.Э-ыг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн түүнийг буруутгаж байгаа дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт мэдээлэл хавтас хэрэгт цуглараагүй байна. Түүнчлэн хэргийг хянан шийдвэрлэхэд полиграф ашиглаж асуулга явуулсан үр дүнгийн магадлагааг харгалзан үзэх боломжтой болно. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг тогтоож, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх, эсхүл шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол цагаатгах тогтоол гаргах зэргээр хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байтал нотолгооны ач холбогдлоо алдах тодорхойгүй ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШТ/57 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 

            Прокурор А.Азжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Г.Ууганбаатар прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тогтоосон. Улсын Дээд шүүхээс ямар ажиллагаа хийх, ямар ажиллагаа дутуу хийсэн талаар дурдаагүй. Гэтэл анхан шатны шүүх уг шийдвэрийг үндэслэл болгоод хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй тул шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэх боломжтой. ...” гэв.

           

Шүүгдэгч Г.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурор хэт нэг талыг барьж байна. Яллагдагчаар татаж байсан хүнийг гэрч болгож, түүний мэдүүлгээр намайг яллаж байна. Энэ хэргийн гол гэрчүүдээс мэдүүлэг аваагүй. Э- Ж-ы эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалздаг. Туул гэх хүн Ж- Б-ыг зодож байхыг харсан байдаг. Би согтуу байсан учраас энэ талаар мэдээгүй. Мөн Э-ийн 2 хүүхэд байсан. Эдгээр хүмүүсээс мэдүүлэг аваагүй. Прокурорын эсэргүүцлийг дэмжихгүй байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгч Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...энэ хэргийг 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Э-т мэдэгдсэн. Ж- нь хэргийн газраас ямар учраас зугтаасан бэ гэдгийг шалгах ёстой. 2 сар гаруй хугацааны дараа мэдүүлэг өгөхдөө би гаднаас нь сонссон гэдэг. Ж- иргэний үүргээ биелүүлээгүй. Хэргийг прокурорт буцааасан анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс мөрдөн байцаалт дутуу хийсэн байна гэх үндэслэлээр хэргийг хэд хэдэн удаа прокурорт буцааж байсан ч прокурор уг шийдвэрт заасан ажиллагааг огт хийдэггүй. Прокурорын яллах дүгнэлт нь 2019 онд бичиж байсан яллах дүгнэлтээс өөрчлөгдсөн зүйл байхгүй. Хэрэгт ямар нэгэн ач холбогдолгүй шилний хагархайг 10 сард цуглуулж авсан. Э-ын гэр 10 сард эзэнгүй байсан. Тухайн хугацаанд Ж- шилний хагархай аваачсан байх магадлалтай. Энэ талаар хэлэхээр уурлаад байдаг. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Прокуророос Г.Э-ыг 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 17 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын задгайд өөрийн амьдардаг вагончикт П.Б-тай маргалдаж, түүнийг хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь баруун зулай чамархай дух хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн аалзан хальсан доор цус харвалт, баруун чамархайн булчин, баруун дух, чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, баруун 3, 4, 5 дугаар хавирганд хугарал, хүзүү, баруун хацар, духанд зулгаралт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл учруулан алсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэргийг хянахад, Б.Э-т холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хэлэлцэж түүнийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэнийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлоор /3хх 142-151/ 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр давж заалдах шатны шүүх хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн /3хх 178-189/ бөгөөд харин Улсын Дээд шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 457 дугаартай тогтоолоор “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэт шалгаж тогтоохгүйгээр эсрэг ашиг сонирхол бүхий этгээдийн мэдүүлгээр шүүгдэгчийн гэм бурууг хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, хэрэгт авагдсан нотлох баримтаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. ...” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байна. /3хх 216-219/

         

             Хэргийн прокурорт буцааснаар өмнө гэрчийн мэдүүлэг өгсөн Г.Р, Ц.И, Г.Ж-, Ц.Э- болон Г.Э- нараас дахин мэдүүлэг авч хэргийг шүүхэд шилжүүлж /4хх 28-34/, анхан шатны шүүх хоёр удаа “...Улсын Дээд шүүхийн тогтоолд заагдсан ажиллагааг хийгээгүй. ...” гэх үндэслэлээр прокурорт буцааж /4хх 67-70, 224-227/, прокурор “...хэрэгт шалгавал зохих ажиллагаа хийгдсэн. ...” гэх үндэслэлээр мөн хоёр удаа улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн байна /4хх 80-82, 234-236/.

         

Мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн боловч нотлох баримтын зөрүүтэй байдал үүссэн тохиолдолд шүүх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийх боломжтой, түүнчлэн прокурор, өмгөөлөгч нар тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор хуульд зааснаар эрхээ хэрэгжүүлэн шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг хуралдаанд оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох боломжтой бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтэлгээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд Г.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт өгч хянан шийдвэрлэх боломжтой байх тул прокурор Г.Ууганбаатарын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШТ/57 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Г.Э-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл Г.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН