Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 272

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга Д.Мөнхням

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

иргэний нэхэмжлэгч Б.Ганзориг,

иргэний хариуцагч Э.Ундрах,  

шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2264) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Боржигон овогт Бямбасүрэнгийн Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2400 0082 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Бямбасүрэнгийн Мөнх-Эрдэнэ, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянцогт суманд 1989 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Төв аймгийн Баянцогт сумын 3 дугаар баг, Даргиат, Ноён Уулын 1 дүгээр гудамжны 02 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: НИ89041118.

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Б.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг Номин агуулахын урд талын замд Тоёота Приус загварын 10-82 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.4 “Эсрэг хөдөлгөөнтэй 4 буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Тоёота Кроун загварын 30-10 УНБ улсын дугаартай Б.Гантөгсийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Г.Алтанцэцэгийн биед хүнд гэмтэл, Тоёота Кроун загварын 30-10 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 11.500.000 төгрөгийн шууд, 12.485.000 төгрөгийн нийт, өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд 4.343.000 төгрөгийн шууд, 4.643.000 нийт хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, оролцогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

- Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 11 цаг 30 минутаас 12 цагийн хооронд Орбитоос 3 хүн аваад 5 шар дээр буулгах гээд 45 километр цагийн хурдтай явж байхад гэнэт Саната-6 загварын машин миний урдуур дараад ороод ирсэн. Тэгэхээр нь тойрч гарах үйлдэл хийж байхдаа 30-19 дугаарын автомашиныг мөргөсөн, авч явсан зорчигч нарыгаа түргэн тусламж дуудаж явуулсан” гэв.

- Иргэний нэхэмжлэгч Б.Ганзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Энэ ослын улмаас миний тээврийн хэрэгсэлд 12.500.000 төгрөгийг эвдрэл гэмтэл учирсан байгаа. Үүнээс даатгалаас 5.000.000 төгрөг орж ирсэн. Үлдсэн 7.485.000 төгрөгөө шүүгдэгч Мөнх-Эрдэнээс нэхэмжилж байна” гэв.

- Иргэний хариуцагч Э.Ундрах шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай банкны зүгээс иргэний нэхэмжлэгчид учирсан хохирол төлбөрийг төлөхгүй, яагаад гэхээр шүүгдэгч Мөнх-Эрдэний эцэг нь Төрийн банкнаас зээл авч энэ машиныг авсан байгаа. Тийм учраас энэ мөнгийг төлөхгүй, харин шүүгдэгч Мөнх-Эрдэнэ нь банканд төлөх мөнгөө цаг тухайд нь өгөөд байх юм бол ямар ч асуудал гарахгүй” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Г.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэрээсээ нөхөр Отгонбаярын хамт гараад гэрийнхээ хажуу талын автобусны буудлаас Тоёота приус загварын автомашинд 5 шарын буудал дээр буухаар 500 төгрөгөөр явахаар болсон. Манай нөхөр хойд суудал дээр, би жолоочийн хажуу талын суудал дээр суугаад хөдөлсөн. Тэгээд Номин агуулахын замаар баруунаас зүүн тийш явж байхад гэнэт урдуур эсрэг урсгалаас нэг машин орж ирэхэд жолооч нөгөө машины араар тойроод эсрэг урсгалд ортол өмнөөс явсан бараан өнгийн Тоёота Кроун загварын машинтай мөргөлдсөн. Миний түнхний аяга хэд хэд хугарсан гэсэн. Толгойдоо гурван оёдол тавиулсан. Би ойролцоогоор 1.200.000 орчим төгрөг эмчилгээнд гаргаад байгаа. Би хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Жолооч нэг их хурдтай яваагүй. Машины хөдөлгөөн багатай байсан...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 13-14),

2. Гэрч Ц.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр би эхнэр Алтанцэцэгийн хамт гэрээсээ гараад 5 шар хүртэл нэг хүний 500 төгрөгөөр явна гээд бас нэг залуугийн хамт хар өнгийн Тоёота приус загварын машинд суусан. Манай эхнэр жолоочийн хажуу талын суудал дээр, би жолоочийн хойд талд, нөгөө залуу миний эсрэг талд суугаад хөдөлсөн. Тэгээд Номин агуулахын урд замаар баруунаас зүүн гар тийш нэгдүгээр эгнээгээр явж байхад 50 орчим метрээс гэнэт цагаан өнгийн машин эргэхэд миний сууж явсан машины жолооч нөгөө машиныг мөргөхгүйн тулд жолоогоо дараад эсрэг урсгалд ороод эргээд баруун гар тийш дарах үедээ өмнөө явсан хар өнгийн Тоёота кроун загварын машинтай мөргөлдсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47),

3. Гэрч Б.Баярнэмэхийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн Орбитоос өглөө 10 цаг өнгөрч гараад Улаанбаатар хотын төв рүү...явсан. Тэгээд зам дээр гарч иртэл таван шар 500 төгрөгөөр явлаа гээд нэг хар өнгийн Toyota Prius маркийн авто машин зогсож байхаар нь суугаад явсан. Ингээд нөгөө машин Номин худалдааны төвийн урд 2-р эгнээгээр явж байхад урдуур нь гэнэтхэн мөнгөлөг саарал өнгийн машин эргээд миний сууж явсан машины жолооч шууд эсрэг урсгал руу ороод өмнөөсөө явж байсан Toyota Crown маркийн авто машинтай мөргөлдсөн…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 125, 126),

4. Иргэний нэхэмжлэгч Б.Ганзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би уг машиныг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 19.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Осол хэрэг гарсан тухай тухайн өдөр 11 цаг өнгөрч байхад мэдсэн. Манай дүү Гантөгс миний машиныг 5 шараас аваад Орбитод байдаг манай ажил дээр аваачиж өгөх гээд явж байсан. Миний машинд үнэлгээгээр 12.485.000 төгрөгийн хохирол учирсан. ...Гантөгс миний машиныг зөвшөөрөлтэй жолоодож явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18),

...Осол хэрэг гарсанаас хойш “Мандал” даатгалаас 5.000.000 төгрөг гаргаж өгөөд байгаа. ...Цаашид 7.485.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 120),

5. Гэрч Б.Гантөгсийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн ах Ганзоригийн эзэмшлийн Тоёота Кроун загварын 30-10 УНБ улсын дугаартай автомашиныг жолоодоод Сонгинохайрхан дүүргийн нутаг 5 шараас Орбит орохоор Номин агуулахын урд замаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун тийш хоёрдугаар эгнээгээр ойролцоогоор 20 км цагийн хурдтай машиндаа ганцаараа явж байхад яг урд явсан Соната-6 загварын автомашин гэнэт буцаж эргэх үйлдэл хийсэн. Яаж байгаа юм бол гээд бодоод байж байхад урдуур эргэсэн машины цаанаас хар өнгийн машин гарч ирээд миний машины чанх урд хэсэг рүү хүчтэй мөргөөд зогссон. Тэгээд машинаас буугаад иртэл нөгөө машинаас жолоочтойгоо нийлээд дөрвөн хүн буугаад ирсэн ба эмэгтэй нь гэмтчихлээ гээд хөдөлж чадахгүй байсан. Миний унаж явсан машинд 12.458.000 төгрөгийн хохирол учирсан. Би өмнөөс машин ирж байгааг ойролцоогоор 200 гаран метрийн зайнаас харсан. Нөгөө машины жолооч урдуур дарж эргэсэн Соната-6 машиныг мөргөхгүй гээд тойрч гарах гэж байгаад миний машиныг мөргөсөн байх аа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38),

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 1638 дугаар актад

“...2017.01.14-ны Мед траума КТГ-д:...тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан, бага зэргийн хавантай...баруун талд зулайн хэсгээр зөөлөн эдэд 2.0х2.1 см хэмжээтэй эргэн тойрондоо хаван хавдар бүхий +66HU нягтралтай цус хуралттай...2017.01.09-ны ГССҮТ-н КТГ-д:...зүүн ацетабулын арын багана хэд хэдэн тооны ясны хэлтэрхий үүсгэсэн зөрөө багатай бяцарсан хугаралтай...ДҮГНЭЛТ

1. Г.Алтанцэцэгийн биед зүүн ацетабулын /сүүжний тогоо/ арын багана хэд хэдэн тооны яс хэлтэрхий үүсгэсэн зөрөө багатай бяцарсан хугарал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1 дэх хэсэгт зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг үлэмж хэмжээгээр алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 59),

 

7. Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны  өдрийн 72 дугаар дүгнэлт:

“...Авто машинуудын гэрэл зургыг харахад оношилгоонд орох боломжгүй нь харагдана. Оношлогооны дүгнэлтгүй...ДҮГНЭЛТ

1. Toyota Prius маркийн 10-86 УБХ улсын дугаартай авто машины жолооч Бямбасүрэнгийн Мөнх-Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4 дэх заалт “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Toyota Crown маркийн 30-10 УНБ улсын дугаартай авто машины жолооч Батжаргалын Гантөгс Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл, заалт зөрчсөн гэх үндэлэлгүй байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 79, 80),

- Техникийн шинжээч Ш.Ариун-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Toyota Prius маркийн 10-86 УБХ улсын дугаартай авто машины жолооч Бямбасүрэнгийн Мөнх-Эрдэнэ ...тухайн осол хэрэг гарах үед тээврийн хэрэгсэл урдуур нь эргэхэд тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авч тоормоз гишгэсэн гэдэг боловч уг үйлдлээ бүрэн гүйцэт хийж дуусгалгүй эсрэг урсгалд орж...авто машинтай мөргөлдсөн байдаг. Тиймээс түүнийг зогсоох арга хэмжээг бүрэн авсан гэх үндэслэлгүй юм. ...Хэрэв уг урдуур нь дарж өнгөрсөн авто машинтай шүргэлцэж ямар нэг байдлаар хохирол учирсан бол зам тээврийн осол хэрэг гэх үзэх үндэслэлтэй. Тиймээс тухайн урдуур нь дарж эргэсэн гэх авто машины хувьд замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн захиргааны шинжтэй үйлдэл байх үндэслэлтэй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 121, 122),

 

8. Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өөрийнхөө эзэмшлийн Төрийн банкны нэр дээр байдаг Toyota Prius загварын 10-86 УБХ улсын дугаартай автомашиныг жолоодон Орбит захаас гараад 5 шар орох гээд явж байгаад замаас гурван хүн гар өргөхөөр нь автобусных нь үнээр буюу нэг хүний 500 төгрөгөөр аваад Номин агуулахын урд замаар нэгдүгээр эгнээгээр ойролцоогоор 40-45 орчим км цагийн хурдтай явж байхад эсрэг урсгалд явж байсан мөнгөлөг өнгийн Соната-6 загварын автомашин гэнэт урдуур дарж эргэхээр нь тэр машиныг мөргөхгүйн тулд хоёрдугаар эгнээ рүү дараад тормосоо гишгэтэл нөгөө машин тулаад ирсэн. Тэгэхээр нь би мөргөхгүйн тулд эсрэг урсгалд ороод эргээд эгнээндээ оръё гэж бодоод ортол өмнөөс хар өнгийн машин орж ирээд мөргөлдсөн. Би эсрэг урсгалд ирж байгаа Тоёота кроуныг харж амжаад нөгөө машиныг мөргөхгүй эсрэг урсгалд ороод гарчихна гэж бодсон. ...Урд тал руу хашлага даваад гарах гэтэл замын урд явган замаар хүүхдээ хөтөлсөн, хүүхдээ тэвэрсэн хоёр эмэгтэй явж байхаар нь эсрэг урсгал руу орчихсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90),

 

9. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 4-8),

- Хохирогчийн иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 16), шүүхэд гаргаж өгсөн хүсэлт (хавтаст хэргийн 117-120),

- Иргэний нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 20), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 21), авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт  (хавтаст хэргийн 65-67),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 99, 98), урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 101), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 95), жолоочийн согтуурал шалгасан магадлагаа (хавтаст хэргийн 96), тээврийн хэрэгсэл болон жолоочийн үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 94), цагдаагийн байгууллагын бүртгэл, мэдээллийн цахим cистемд бүртгэгдэж байсан талаарх мэдээлэл (хавтаст хэргийн 102-104), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 140, 141), барьцаат зээлийн гэрээ (хавтаст хэргийн 31-33), үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ (хавтаст хэргийн 27-30) болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, иргэний нэхэмжлэгч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг, Хүнсчдийн гудамж Номин агуулах худалдааны төвийн урд талын замд Toyota Prius маркийн 10-86 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дахь хэсэг “Тээврийн хэрэгсэл байрлан явах” гэсний 8.4 дэх заалт “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас эсрэг урсгалд явж байсан Toyota Crown маркийн 30-10 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж өөрийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Г.Алтанцэцэгийн биед хүнд гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэлд нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнд энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл судалгаа, технологийн төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй (хавтаст хэргийн 101) байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндэвтэр гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн болон бусад тусламж үзүүлсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь урьд өмнө нь гэрлэж байгаагүй, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн охин М.Мөнхгэгээгийн хамт Төв аймгийн Баянцогт сумын 3 дугаар багт ам бүл 2 оршин суудаг болох нь гэрлэлтийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул түүнийг хуульд зааснаар гурав хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг гэж үзэж түүнд оногдуулах хорих ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Хохирогч Г.Алтанцэцэг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд эмчилгээний зардал нэхэмжилсэнээс шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ баримтаар 190.000 төгрөг (хавтаст хэргийн 140), баримтгүй 500.000 төгрөг (хавтаст хэргийн 15),  250.000 төгрөг (хавтаст хэргийн 138) тус тус төлсөн болох нь хохирогчийн мэдүүлэг, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл зэргээр тогтоогдсон буюу нийт 940.000 төгрөгийг хохирогчид  төлсөн байна. Нөгөө талаар хохирогч Г.Алтанцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ “...Мөнх-Эрдэнэ надад учруулсан хохирлыг барагдуулсан...” гэсэн байх тул түүнийг хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Ганзоригийн эзэмшлийн Toyota Crown маркийн 30-10 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 11.500.000 төгрөгийн шууд, 985.000 төгрөгийн шууд бус хохирол буюу нийт 12.485.000 төгрөгийн хохирол учирсанаас “Мандал даатгал” ХХК-иас 5.000.000 төгрөгийг (хавтаст хэргийн 141) даатгалын нөхөн төлбөрт шилжүүлсэн байна. Иргэний нэхэмжлэгч Б.Ганзоригоос өөрт учирсан хохирлын үлдэх 7.485.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байх тул дээрх төлбөрийг гэм буруутай этгээд болох  шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэний жолоодож явсан Toyota Prius маркийн 10-86 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчээр “Төрийн банк” бүртгэлтэй байх ба тус байгууллагыг байцаан шийтгэх ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын эд хөрөнгийн хохирлыг хариуцах этгээд гэж үзэж иргэний хариуцагчаар татан оролцуулсан байна.

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...манай байгууллага нь Д.Бямбасүрэнд зээл олгосон. Тухайн иргэн нь зээлээр худалдан авсан автомашинаа  зээлийн барьцаанд барьцаалж нэр шилжүүлсэн хэдий боловч өөрөө автомашинаа эзэмшиж, ашиглаж байсан тул иргэний нэхэмжлэгч Б.Ганзоригийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж мэтгэлцсэн.

Шүүх хэрэгт цугларсан баримтаас үзвэл 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэн Д.Бямбасүрэн нь “Төрийн банк”-ны “Буянт ухаа” тооцооны төвөөс гэрээ байгуулж, 36 сарын хугацаатай 9.500.000 төгрөгийг зээлж, зээлийн барьцаанд “Toyota Prius” маркийн 10-86 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан, мөн өдөр байгуулсан “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.4.5 “хөрөнгийг эзэмших ашиглах, явцад бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлыг үүрэг гүйцэтгэгч буюу Д.Бямбасүрэн хариуцаж барагдуулахаар талууд тохиролцсон байна.

 Мөн барьцааны эд хөрөнгө болох дээрх тээврийн хэрэгслийг шүүгдэгч Бямбасүрэнгийн Мөнх-Эрдэнэ бодитоор ашиглаж байсан байна. Өөрөөр хэлбэл дээрх гэрээний тал болох Д.Бямбасүрэнгийн төрсөн хүү Б.Мөнх-Эрдэнэ нь тээврийн хэрэгслийг эзэмшиж ашиглаж байсан байхад “Төрийн банк”-ийг иргэний хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Иймд тус банкийг иргэний хариуцагчаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 829307 дугаартай жолоочийн үнэмлэх, “Toyota Prius” маркийн 10-86 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01111388 дугаартай гэрчилгээнээс бусад бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэн тул түүний 829307 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлж, 1111388 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгож, түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.