Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2013 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 764

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2013/0810/И


Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг ** хороо Сонсголонгийн гудамж “АП***” ХХК-ны байр Ф***ХХК-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум **-р баг **-р хороолол ** байр ** тоот, регистрийн дугаар ****, Б***овогт О.Г***т холбогдох 

4836795 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ф***ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д***, хариуцагч О.Г***, хариуцагчийн өмгөөлөгч Ж*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д***шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
Дархан хотын иргэн Ц.Г***нь 2010 оны 04 дүгээр сараас 2011 оны 05 дугаар сар хүртэл манай байгууллагаас бичиг хэргийн бараа авч Дархан хотын зах дотор бичиг хэргийн лангуу ажиллуулан, борлуулалт хийдэг байсан юм. Манай компани бөөний үнээр бараа нийлүүлдэг, Ц.Г***нь түүнийг зарж дундаас нь өөртөө ашиг олох  ийм л гэрээг амаар байгуулсан юм. Ц.Г***нь Ф***ХХК наас 6973950 төгрөгийн бараа, “ХХ***”ХХК-наас 3523550 төгрөгийн бараа авсан. Ф***ХХК нь О.Г***өөс буцаагаад 2216685 төгрөгийн бараа, “ХХ***”ХХК нь 2594040 төгрөгийн бараа авсан. “Ф***” ХХК-д бараагаа зараад О.Г*** нь 850000 төгрөг шилжүүлсэн. Одоо  Ф***ХХК-д 3907285 төгрөг “ХХ***”ХХК-д 929510 төгрөг нийт 4836795 төгрөгийг О.Г***өөс гаргуулж өгнө үү гэв. 

Хариуцагч О.Г***, хариуцагчийн өмгөөлөгч Жаргалсайхан нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2010.04.06-нд “Ф***” ХХК-наас бараа авсан. Бараа авахаас өмнө би Олон улс худалдааны төвд лангуу түрээсэлсэн. Эдний барааг зарж борлуулдаг байсан. Тухайн үед орлого муу байсан. 850000 төгрөг өгсөн. Бусад үед түрээсийнхээ мөнгийг өгдөг байсан. Түрээсэнд нийт 723300 төгрөг өгсөн. Эднийх үлдэгдэл бараагаа аваад явахдаа ямар нэгэн акт үйлдээгүй, би гарын үсэг зураагүй. Би бүтэн 1 жил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалингаа бодсон миний тооцоогоор 2 сая гаруй төгрөг болж байгаа юм. Үүнийг нэхэмжилж байгаа мөнгөнөөс хасч тооцоод үлдэгдэл 1770130 төгрөгийг төлнө. Хос хараацайг сайн мэдэхгүй байна. Хэдийг шилжүүлснийг мэдэхгүй, бараа өгөхдөө гарын үсэг зураагүй, 2-3 жилийн дараа нэхэмжилж байгаа тул зөвшөөрөхгүй. Ямар нэгэн хэлцэл хийж, тохирсон тохироо байхгүй гэв. 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

    Нэхэмжлэгч “Ф***” ХХК нь хариуцагч О.Г***өөс “Ф***” ХХК болон “ХХ***”ХХК-ны зарагдсан барааны үнэ нийт 4836795 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

    Нэхэмжлэгч “Ф***” ХХК, хариуцагч О.Г*** нар нь 2010 оны 04 сараас аман хэлцэл хийж “Ф***” ХХК нь бичиг хэргийн барааг бөөний үнээр нь О.Г***т шилжүүлж О.Г*** нь тодорхой хугацааны дараа үнийг нь төлөх үүрэг хүлээж Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

    Талууд зээлээр худалдах- худалдан авах гэрээг бичгээр хийх шаардлагыг зөрчсөн байх боловч Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар …гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцох хуулийн заалтыг хангасан байх тул гэрээ байгуулагдсанд тооцож, худалдан авагч О.Г*** нь барааны үнийг төлөх үүрэгтэй байна.

    Хариуцагч О.Г*** нь “Ф***” ХХК-ны шилжүүлсэн бараанаас зарагдсан барааны үнэ болох 850000 төгрөгийг өгсөн “Ф***” ХХК нь энэ мөнгийн авсан бөгөөд энэ тал дээр зохигчид маргаагүй байна.

     Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч О.Г*** нь зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул худалдагч “Ф***” ХХК нь гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй, мөн дээрхи хуулинд зааснаар худалдагч нь учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй байна.

    Хариуцагч О.Г*** түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд “Ф***” ХХК-ны ажилтан Лхагвасамбуугаас авсан зарлагын баримтанд миний бие гарын үсэг зурж бараагаа авч байсан гэтэл гарын үсэг зураагүй буюу Лхагвасамбуу байгууллагаасаа авсан баримт байгаа тул үүнийг хасч тооцож өгөөч гэсэн боловч энэ нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт зааснаар худалдагч буюу Фипак ХХК нь гэрээ болон дагалдах баримт бичгийн хувийг худалдан авагчид шилжүүлэх үүргээ биелүүлж зарлагын баримтыг О.Г***т өгч байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргаж өгсөн зарлагын баримтуудаар тогтоогдож байх тул үүнийг нотлох баримтаас хасах үндэслэлгүй байна. 

    Мөн хариуцагч О.Г*** нь бүтэн 1 жил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалингаа бодсон миний тооцоогоор 2 сая гаруй төгрөг болж байгаа юм. Үүнийг нэхэмжилж байгаа мөнгөнөөс хасч тооцоод үлдэгдэл 1770130 төгрөгийг төлнө гэж байгаа боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн үндэслэл тогтоогдохгүй байна.

    Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийнэ мөн хуулийн 62.3 дахь хэсэгт зааснаар төлөөлүүлэгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүсэх хуулийн заалттай бөгөөд Ф***ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д*** нь “Ф***” ХХК-ныг төлөөлөхөөр шүүх хуралд итгэмжлэлээр оролцож байгаа бөгөөд “ХХ***”ХХК-ныг төлөөлөх эрхийг хуулийн дагуу аваагүй байна. Иймд “ХХ***” ХХК-ны нэрийн өмнөөс нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй тул нэхэмжилж байгаа 929510 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ф***” ХХК-наас нэхэмжилж буй зарагдсан барааны үнэ 4836795 төгрөгнөөс “ХХ***”ХХК-ны нэхэмжилж буй 929510 төгрөгийг хасч тооцоод 3907285 төгрөгийг хариуцагч О.Г***өөс гаргуулах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 262 дүгээр зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Г***өөс 3907285 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ф***” ХХК-д олгож, “ХХ***”ХХК-ны О.Г***өөс нэхэмжилсэн 929510 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 92340 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Г***өөс77466 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ф***” ХХК-д олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

Энэхүү шийдвэрийг зохигчид, түүний өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Д.АЛТАНТУЯА