Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2026/ШЦТ/16

 

2025          12            30                                        2026/ШЦТ/16

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                       Хэргийн индекс: 307/2025/0638/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр,

Улсын яллагч Э.У.....

Шүүгдэгч Б.Д....... түүний өмгөөлөгч Ж....... нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........д холбогдох эрүүгийн 2518000000738 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .......т (РД: ..........), 1984 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт, Дархан-Уул аймгийн .......түр оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/345 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д..... нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д....... мэдүүлэхдээ: “...Би 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр өглөө эрт найзуудтайгаа уусан. Тухайн үед ******* найзтайгаа таараад найзынх нь сэтгэл санаа тиймэрхүү байна гэхэд манай найз “*******” буудалд орж ярилцаж сууя гээд орсон. Тэгээд ууж байгаад би хэсэг унтсан байсан. Тэгээд сэрсэн чинь ******* намайг чи доошоо буугаад машинд цэнэглэгч үзээдхээч гэсэн. Би машинд цэнэглэгч үзчихээд буцаж ороод хаалга татсан. Өөр өрөөний хаалга андуурсан. Гэтэл нэг залуу хутгаар төмс арилгаад сууж байсан. Намайг пизда минь өрөөгөөр яагаад хэсээд байгаа юм бэ? гэсэн. Би буцаад орохдоо тооцоо хийчих гээд ******* тооцоогоо хийх гээд гарсан. Тэр хооронд би өрөөндөө хэвтээд байж байсан. Би коридорт гарсан чинь *******ыг цохиж байсан. Намайг очихын завдалгүй дээд давхраас чирээд буусан байсан. Тэгэхээр нь би чи зүгээр байгаач гэхэд наанаа байж бай ямар овоо муу хоёр пизда вэ гээд төмс арилгаж байсан өрөө рүүгээ орчихоор нь хэрүүл маргаан хийгээд яах вэ? гэж бодоод, өрөө рүүгээ ороод цагдаад дуудлага өгсөн. Би 102 луу залгаад байсан чинь *******баатар хотын цагдаа руу дуудлага өгсөн байсан. Тэгээд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын 7037102 дугаар луу 2 удаа залгаж, манай найзыг зодоод буугаад ирэхээр чинь ална гэж манай найзыг заналхийлсэн талаар дуудлага өгөхдөө хэлсэн. Тэгээд цагдаа ирэхэд ийм учиртай, ийм боллоо гэхэд миний регистрийг асуугаад байхаар нь жаахан бухимдсан. Намайг гавласан. Архи уусан хүнийг ингээд дор үзээд, бид хоёрын амь насанд заналхийлсэн хүний талд ороод байгаа юм гэсэн. Тухайн үед төрсөн сэтгэгдэл. Тэгээд доошоо буухад манай найз шалан дээр нүцгэн хэвтэж байхад нь нэг нь зогсож байсан. Та нар цагдаа байж болно. Хүн бай л даа гээд хөлөөрөө жийж холдуулсан. Би нус цэрээ албаар хаяагүй. Намайг Цагдаагийн газар аваачаад, нэг нь бөгс дээр өвдөглөж суугаад, нэг нь толгой дээр өвдөглөж сууж байгаад гавтай гарыг маань татсаар байгаад дагзан дээр аваачсан. Би чи түрүүнийх шиг орилооч гэж тэр залууг хэлэхэд дахиад гавтай гарыг татсаар байгаад зулайны хавьцаа аваачсан. Тэгээд цээжинд цус амтагдаад, амаар дүүрэн шүлс ялгараад гаргахгүй байхаар шүлсээ хаяхгүй байсаар байгаад яалт ч үгүй хаясан. Миний эмзэг эрхтэн рүү өшиглөсөн. Царай нь харагдаагүй 2, 3 хүн ээлжилж, гарыг дагзанд татаад наасан. Тийм л зүйл болсон.” гэв.

Гэм буруугийн талаар:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...2025 оны 09 дүгээр сарын 23-ны 20 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулж байгаа ******* буудалд Б.....нар нь ярьж сууж байгаад буудлын ресепшнтэй таарамжгүй харилцаа үүсэж, зодоон цохион болсон учраас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Эргүүлээр ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтнууд очсон байдаг. Хэргийн газар дээр Э..... нар очоод тухайн нөхцөл байдалтай танилцаад, юу болсон, яасан талаар тодруулж байгаа байдал нь бичлэг болон хохирогч, гэрчүүдийг өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна. Алба хаагч нарын тавьж байгаа шаардлага ойлгомжтой байгаа. Энэ дуу бичлэгээс нь харж байхад аль аль нь дуу чангатай байна. Гэхдээ тавьж байгаа шаардлага хэн хэнийгээ сонсохгүй байгаа байдал, ажиглагдахаас гадна тухайн нөхцөл байдлыг үнэлээд болсон нөхцөл байдлыг тодруулах гээд байна. Цагдаагийн албан хаагчид нөгөө хамт байсан хүн нь нөхцөл байдлын хувьд ингээд регистрийн дугааруудаа хэлчхэж байгаа юм. Б.*******ын тухайд өөрөө дуудлага өгсөн гэдэг хандлага байдлаар цагдаагийн албан хаагчтай харилцаа үүсгэж байгааг харсан тийм нөхцөл байдал байна. Гэхдээ цагдаагийн алба хаагч ресейпшн рүүгээ дайрсан, тайван байж бай асуудлыг чинь шийдье гэхээр өндөр дуугаар харьцсан гэж байгаа. Дээрээс нь өөрөө цагдаагийн байгууллагын албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, регистрийн дугаараа өгөхгүй ийм нөхцөл байдал бол үүсгэсэн. Тэр цагдаагийн албан хаагчид үйл ажиллагаа явуулж байгаа хүрээнд доромж үгээр харьцсан зэрэг ийм байдлууд нь бол нөхцөл байдлыг бол одоо албан хаагч үнэлээд, биеийн үйл хөдлөл, хэлэмжээрээ бас харуулаад байна л даа. Ойлгож явж байна, ойлгож байна, нөгөө хүн ингээд яах гээд байгаа байдал нь юу гэж байна гэх мэтчилэнгээр маргаан нөхцөл байдал үүсгээд. Тэгэхээр Цагдаагийн албаны тухай  хуулиараа дахин одоо гэмт хэрэг зөрчлөөс цааш нь үргэлжлүүлэхгүй, гаргуулахгүй байх үүднээс тусгай хэрэгсэл болох гавыг хэрэглэсэн нөхцөл байдлууд бол тогтоогдсон. Шаардлагыг тавиад байхад биеийн хэлэмж үйлдлээрээ, дохио зангаа үзүүлэх байдлаар доромж байдлаар цагдаагийн албан хаагчтай харьцаж байгаа байдал харагдаж байгаа. Тэр асуудал шийдэгдэхгүй байгаа учраас цагдаагийн албан хаагч шаардлагаа тавиад тусгай хэрэгсэл хэрэглэчихсэн учраас аваад гарсан. Өрөөнөөс доошоо буухдаа албан хаагчийн биед халдаж харагдаж байна. Энэ үйлдлээрээ албан хаагчийн тавьж байгаа шаардлагыг биелүүлэхгүй байна. Энэ хүч хэрэглэн эсэргүүцэл үзүүлж байгаа ийм нөхцөл байдал хангалттай тогтоогдож байна гэж үзэж байна. Энэ гэмт хэргийн тухайд заавал бодитой, хохирол учирсныг шаардахгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэхээр эрх нь зөрчигдсөн юм уу гэдгийг бол тогтоох үүднээс дүгнэлт гаргуулсан. Эдгээр үйл баримтуудаар бол шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Б.*******ыг хууль сахиулагчийг эсэргүүцэж, хүч хэрэглэсэн нөхцөл байдал хангалттай тогтоогдож байна гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэдэг гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд албан үүргээ гүйцэтгэж байх явцдаа таблет төхөөрөмж нь унаад эвдэрсэн. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр  хохирол төлбөрийг тодорхой болгосон гэж үзэж байна. Төлбөрийг шүүгдэгчээр гаргуулах нь зүйтэй байна...” гэв.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж..... дүгнэлтдээ: “...Манай үйлчлүүлэгч шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт болсон үйл баримтын талаар тогтвортой мэдээлэл өгдөг. Нэг удаа өшиглөсөн болохыг хүлээн зөвшөөрдөг. Энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй буюу шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Улсын яллагчаас яллах дүгнэлтдээ Б.*******ыг цагдаагийн алба хаагч Э.... тавьсан хууль ёсны шаардлагыг түүний гар луу нь хөлөөрөө өшиглөж, хууль сахиулагчийг албан үүргээ мэдүүлэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэж ялласан байдаг. Тухайн үйлдлийг дахиад авч үзвэл шүүгдэгч Б.******* нь өөрсдийнхөө асуудлуудаас улбаалан гэмт хэрэг зөрчил үүсгэхээс, түүнд үл хохирохоос урьдчилан сэргийлэх, хамгаалуулах санаа зорилгоор цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд харилцаа хандлагын зөрчил үүссэн. Бид нар дуудлага өгсөн гэдгээ илэрхийлсэн боловч хэн дуудлага өгсөн нь хамаагүй гээд манай үйлчлүүлэгч хамт явж байсан хүмүүстэй ширүүн харилцаа хандлага үүсгэсэн байдаг. Б.******* болон хамт явсан найзынх нь эрхийг хязгаарлаж, шууд хүч хэрэглэн гарыг нь гавласан ийм зүйл тогтоогдож байгаа. Үүний улмаас Б.*******ын дургүйцэх нь гомдол нь төрүүлсэн нэг удаагийн өшиглөсөн үйлдлээр эвлэрч гарахдаа урд талд нь цаашаа харсан байдалтай байсан цагдаагийн албан хаагчийн гарт нь хүрсэн байдаг. Гартаа барьсан байсан таблет унасан ийм үйл баримт гарсан. Энэ үйл баримтыг үндэслэж Б.*******ыг яллаж байгаа. Шүүгдэгчийн үйлдлийг хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн гэж хэрвээ үзэхээр бол тухайн гэмт хэргийн зарим шинжийг хэлбэрийн төдийд агуулж байна гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд гэмт хэргийн ойлголт, шинжийг заасан. Эрүүгийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төлөө агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүй, нийгмийн аюулын хэм хэмжээ, нийгмийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, бодит хохиролд хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүй гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан. Тэгэхээр хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд тухайн үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохооргүй үйлдэл харагдаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” мөн хуулийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршигт гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тухайн үйлдлийн улмаас хохирол, хор уршигт учирсан болох нь тогтоогдоогүй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Мөрдөгчийн тогтоолын дагуу Галакси-5 А7 загварын төхөөрөмжийн дэлгэцийн зах зээлийн үнийн судалгааг 2025 оны 10 сарын байдлаар тус компанийн мэдээллийн сан, интернэт зар, үнэгүй цэг.мн болон бусад зарууд, авсан үнэ ханшийн мэдээлэл нэмсэн, зах зээлийн дундаж үнийн дүн 160,000 төгрөгөөр тогтоов гэж заасан байгаа. Шинжээчийн дүгнэлтээс харахад жижиг төрлийн бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнэлэмжийг судалгаан дээр үндэслэж таблетын дэлгэцийн нэрсийг тогтоосон. Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд таблетын дэлгэц нь цуурсан эсэх нь тодорхойгүй, тогтоогдоогүй. Үүнийг тогтоохоор шинжээч томилоогүй, мөрдөгч үзлэг хийсэн. Үзлэг хийхдээ хамгаалалтын наалт дээр үзлэг хийсэн гэж харагддаг. Дэлгэц нь цуурсан байна гэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа. Хэрвээ дэлгэц нь цуурсан байсан гэж үзэхэд хэзээ цуурсан бэ? ямар шалтгааны улмаас цуурсан бэ? тэр дэлгэцийг заавал солих шаардлагатай юм уу? шаардлагагүй юм уу? гэх мэтчилэн тогтоосон баримт, шинжээчийн дүгнэлт байхгүй. Тэгэхээр дэлгэц цуурсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Мөн шинжээчийн дүгнэлт гаргасан Онцгой үнэлгээ компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ юм уу, шинжээчийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй. Энэ нь тухайн компани болон шинжээчийн дүгнэлт гаргах эрхтэй эсэх, эрхийн хүчинтэй хугацаандаа гаргасан хүчинтэй хугацаанд хэзээ дууссан талаар нотлох баримт хэрэгт байхгүй. Иймд тус шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг тогтоох талаар хуульчилж өгсөн. Хэрэгт авагдсан нотлох баримт, мөрдөн шалгах ажиллагааг гэнэт нэг талыг барьж хийгдсэн байх тул цагаатгах, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй, яллах талын нотлох баримтууд хэрэгт цугларсан байгааг дурдаж байна. Энэ асуудал үүсэхэд тухайн үйлдэл гаргахад цагдаагийн ажилтнуудад буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэж байна. Шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг зөрчил үүсэхээс болон ямар нэгэн хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх, хамгаалуулах санаа зорилгоор цагдаагийн байгууллагыг дуудсан боловч зан харилцааны таарамжгүй байдал үүссэн. Бас эрхийг нь зөрчиж,эсэргүүцэл үзүүлээгүй байхад гавлаж, тусгай хэрэгсэл хэрэглэх журмаар зөрчсөн цагдаагийн алба хаагчийн буруутай үйл ажиллагаа хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Тус цагдаагийн албан хаагчийн биед ил харагдах гэмтэлгүй, дүгнэлт тогтоогдоогүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Хуульд зааснаар хүч хэрэглэн эсэргүүцэх гэдэг ойлголт нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан түүний тавьсан шаардлагыг үл тоож цохих, зодох, боох гэх мэт хууль сахиулагч руу чиглэсэн түүнийг гэмтээх гэсэн санаа зорилго идэвхтэй үйлдлээр илэрдэг бол шүүгдэгч Б.*******ын үйлдэлд хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг зориуд санаатай буюу хохирогчийг гэмтээх гэсэн зорилгоор хүч хэрэглэсэн үйлдлээр эсэргүүцсэн нөхцөл байдал хэрэгт цугларсан шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй гэж үзэж байна. Шүүгдэгч нь урьд нэг удаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Ийм учраас дахиад ямар нэгэн хэрэг зөрчилд орооцолдох бий гэхээс сэргийлээд Монгол Улсын иргэнийхээ хувьд хамгаалуулахаар үүссэн маргаантай асуудлыг цагдаагийн тусламжтайгаар эв зүйгээр шийдвэрлүүлж, тухайн газраас асуудалгүй гарахын тулд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн боловч цагдаагийн албан хаагч нар ирэнгүүтээ шууд буруутай этгээдүүдтэй харьцаж байгаа мэт харилцаа, хандлага үзүүлсэн нь илт харагдаж байна. Бодит байдал дээр цагдаагийн газарт дуудлага өгсөн боловч өнөөдөр шүүгдэгч Б.******* шүүхийн танхимд шүүгдэгч болоод ингээд зогсож байгаа нь логикийн хувьд алдаатай харагдаж байна. Түүний үйлдэл, үйл баримтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Цагдаагийн алба хаагч нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн болох нь хангалттай тогтоогдоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар түүний үйлдэл гэмт хэргийн шинжгүй болох нь нотлогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн тайлбарт эсэргүүцэл гэдэг нь энэ гэмт хэргийн шинжийг бүрдүүлэхдээ хууль сахиулагчийн ажил үүрэгт хөндлөнгөөс оролцох, хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байхаар бодит саад учруулах зэрэг шалтгаант холбоо үүсэх хэлбэрээр илэрсэн байхыг шаарддаг. Гэтэл шүүгдэгчийн үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй, үгүйсгэгдэж байна гэж үзэж байна. Хэл амаар дайрч доромжлох, худал хэлэх, төөрөгдүүлж мэдээлэл өгөх, тавьсан асуултад хариулахгүй байх, гүйж зугтаах, хамтран ажиллахаас татгалзах, бусдад сэрэмжлүүлэх, тавьсан шаардлагыг үл ойшоох гэх мэт үйлдлүүд нь гэмт хэрэг болохгүй гэж Эрүүгийн хуулийн тайлбарт тодорхой тайлбарлаж өгсөн. Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Б.*******ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах саналтай байна.” гэв.

Шүүгдэгч Б.*******ад холбогдох гэм буруугийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 20 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах “*******” буудалд хууль сахиулагч цагдаагийн байгууллагын алба хаагч Х.*******ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж өшиглөсөн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

Хохирогч Х.......2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...Миний бие 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 18 цаг 40 минутад эргүүлийн үүрэг аваад эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч ....... хамт 113 парольтой эргүүлийн үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Ингээд 20 цаг орчимд 102-с "******* буудалд зодоон болоод байна" гэх дуудлага мэдээллийн дагуу ....... хамт очиход Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулах “*******” зочид буудлын гадна очиход тухайн буудлын ресепшин гэх эрэгтэй хүн зогсож байсан. Ингээд 3 давхарт 301 тоот руу ороход үл таних 2 эрэгтэй хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, нэлээн согтолттой сууж байсан, биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Ингээд тухайн хүмүүсийн мэдээллийг авах зорилгоор регистрийн дугаар, овог нэрийг тодруулан асуухад нэг эрэгтэй нь .......регистрийн дугаартай ........гэх хүн байсан, харин нөгөө эрэгтэй нь өөрийн мэдээллийг хэлэхгүй ******* бид хоёрын бие рүү ойртоод доромж үгээр харааж, доромжлоод, хашхираад байсан мөн буудлын ресепшинтэй зодолдсон гэсэн тул тухайн хүнийг хэн гэдгийг тогтоох зорилгоор төв цагдаа руу тээвэрлэхээр болсон. Ингээд тухайн залуус нь хашхираад зогсохгүй байсан тул өрөөнөөс гаргах гэхэд эсэргүүцэл үзүүлээд бусдын эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул гав хэрэглэсэн. Ингээд өрөөнөөс авч гараад буудлаас гарах гэхэд миний араас регистрийн дугаар, овог, нэрээ хэлэхгүй байсан эрэгтэй хүн миний баруун гарны шуу хэсэг рүү нэг удаа өшиглөсөн, энэ үед миний барьж байсан албан хэрэгцээнд ашигладаг Galaxy Tab A7 загварын таблет газар унасан Уг таблетыг газраас аваад харахад дэлгэц хэсэг нь цуурсан байсан. Уг таблетны дэлгэц хэсэг болон бусад хэсэг ямар нэгэн эвдрэлгүй байсан. Дэлгэц нь цуурсан хэдий ч хэвийн ажиллаж байгаа. Тухайн хоёр залууг албаны ........УАА улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийн хойно суулгаад замын хөдөлгөөнд оролцож байхад регистрийн дугаар, овог нэрээ хэлэхгүй байсан эрэгтэй хүн дахин нэг удаа миний баруун гарын бугалга хэсэгт өшиглөсөн. Ийм учраас цагдаагийн байгууллагад хандаж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч С.... 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...Уг төхөөрөмжийг цагдаагийн алба хаагч нар албан үүрэг гүйцэтгэх үедээ албан хэрэгцээнд ашигладаг. Төхөөрөмжийн хувьд 665,700 төгрөгийн үнэлгээтэй байна. Энэ төхөөрөмж нь Ц..... гэх цагдаа, жолоочийн нэр дээр бүртгэлтэй хэдий ч төхөөрөмж хүрэлцдэггүй тул ээлжлэн ашигладаг. Холбогдох баримтыг мэдүүлэгтээ хавсарган өгье.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,

Гэрч Ж.*******ын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлсэн: “...Би тухайн өдрийн 18 цаг 40 минутаас эргүүлийн үүрэг аваад эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Э..... хамт 113 парольтой эргүүлийн үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Тухайн өдрийн 20 цаг орчимд 102-с “******* зочид буудалд зодоон болоод байна” гэх дуудлага мэдээллийн дагуу Э..... хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулах "*******" зочид буудалд очиход саарал өнгийн цамтай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эрэгтэй хүн буудлын гадаа зогсож байсан ба намайг зодчихлоо гэх яриа өгүүлэмжтэй байсан. Ингээд тухайн хүмүүсийн байрлаж байгаа буудлын өрөв рүү ороход архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хар өнгийн цамцтай эрэгтэй хүн сууж байсан. Ингээд тухайн газарт зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байсан тул холбогдогч нарын биеийн байцаалтыг шалгах шаардлагатай байсан ба саарал өнгийн цамцтай эрэгтэй хүн өөрийн регистрийн дугаарыг хэлж шалгуулахгүй байсан. Мөн тухайн хоёр хүн нь доромж үгээр харааж, тавьсан шаардлагыг биелүүлэхгүйгээр биед ойртож дахин зөрчил гаргаж болзошгүй байсан тул нэг бүрийн тусгай хэрэгсэл буюу гавыг хэрэглэж хөдөлгөөнийг нь хориод төв цагдаа руу тээвэрлэх гээд буудлаас гарах гэж байхад коридор хэсэгт миний хажууд явж байсан саарал өнгийн цамцтай эрэгтэй хүн *******ын баруун гар руу нэг удаа өшиглөхөд түүний барьж байсан албан хэрэгцээнд ашигладаг Galaxy Tab A7 төхөөрөмж газарт унасан. Ингээд тухайн хоёр эрэгтэйг албаны .............. ДАА улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгсэлд суулгаад төв цагдаа дээр авч ирж бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

Гэрч Г.Т...... 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...Миний бие 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулах ******* зочид буудалд байж байхад 16 цаг 06 минутад үл таних 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн 301 тоот өрөө рүү орсон. Тухайн хүмүүс нь анх буудалд орж ирэхдээ архи уугаагүй байсан бөгөөд гар утсаа цэнэглэчихээд буудлын тооцоо хийе гэж хэлсэн. Ингээд би 19 цаг өнгөрч байхад тооцоогоо асуух гээд өрөө рүү нь ороход 2 эрэгтэй хүн байсан ба архи уучихсан, согтолттой болчихсон байсан бөгөөд тооцоогоо асуухад "Хийчихнэ, тамхи аваад ирвэл хийнэ" гэх үед миний утас дуугараад би утсаар ярьж байхад тэр хоёр эрэгтэй хүн өрөөнөөсөө гарч ирээд коридорт зогсож байхад бараан өнгөтэй хувцастай эрэгтэй хүн миний нүүр хэсэг рүү хоёр удаа цохисон, ингээд би 1 давхар руу буугаад цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирээд 301 тоот өрөө рүү ороход тэр хоёр хүн цагдаа нарын өөдөөс хэрүүл хийгээд хэл амаар доромжлоод байсан. Цагдаа нар тухайн хүмүүсийн овог нэр регистрийн дугаарыг асуухад сараал цамцтай эрэгтэй хүн нь ерөөсөө хэлэхгүй байсан, ингээд цагдаа нар намайг гарч бай гэхээр нь би коридор хэсэгтээ зогсож байсан. Өрөөнд яригдаж буй яриа сонсогдож байсан бөгөөд цагдаа нарыг нь п элдэв янзаар хэлээд доромжлоод байсан. Ингээд удалгүй цагдаа нар тэр хоёр хүнийг буудлаас аваад гарсан. Тэр хоёр хүний хэн нэгэн нь цагдаа нарын биед халдсаныг хараагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

Гэрч Ө...2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлсэн: “...Миний бие Сэлэнгэ аймгийн Цагаан нуур суманд хадлангийн ажил хийж байгаад ******* найзын хамт 2025 оны 09 дүгээр сарын 22-ны орой 19 цаг орчимд Дархан суманд түлш авах зорилгоор ирээд гэр гэртээ хоноцгоосон. Ингээд маргааш нь буюу 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр түлшээ аваад ажлуудаа амжуулсан бөгөөд *******ын хамт ******* зочид буудал руу ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байдалтай орсон /хэдэн цагт орсон талаар мэдэхгүй байна/. Ингээд би буудлын тооцоо хийх байсан ба утас цэнэггүй болсон тул утсаа асааж байгаад хийе гээд өрөөндөө орсон өрөөндөө ороод *******тай 0,75 литрийн Хараа нэртэй архийг ууж дуусгаад, 2,4 литрийн хэмжээтэй "Сэрүүн” гэх нэртэй шилтэй пивоноос 1 савтайг ууж байхад буудлын ресепшин гэх эрэгтэй хүн өрөөнд орж ирсэн санагдаж байна, архи ууж дуусгаад ер нь бол тасарчихсан байдалтай байсан. Ингээд юу болсныг ерөөсөө санахгүй байна. Цагдаа нар ирснийг ч мэдэхгүй байна. Өглөө эрүүлжүүлэх байранд сэрсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

Гэрч Б.гийн 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 20 цаг 30 минутаас 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 08 цаг 30 минут хүртэлх хугацаанд төв байрны харуулын цагдаагаар ажиллаж байсан. Намайг үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 21 цаг болох гэж байхад *******, ******* хоёр гаднаас "Алба хаагчийн шаардлага эсэргүүцсэн, таблет хагалсан тул гэмт хэргээр материалжуулагдана, мөрдөгчтэйгөө уулзуулаарай” гэж хэлээд гавласан байдалтай 2 эрэгтэй хүнийг төв байрны 1 давхрын хүлээлгийн хэсэгт суулгасан. Тухайн хоёр хүний нэг нь цээж хэсгээрээ хувцасгүй тэр хүнийг нь ******* гэж байсан, нөгөө хүн нь саарал өнгийн малгайтай даавуун цамцтай ******* гэж байсан Тухайн хоёр хүн нь хүлээлгийн хэсэгт сууж байхдаа тэр хоёр хүн бие биедээ хандаад чанга дуугаар "Чам шиг ийм лайтай юмтай учраад энд ирчихлээ, өнөөдөр чамтай яах гэж уулзав аа, хоёулаа уулзаагүй бол энд ирэхээргүй байлаа" гээд хараалын үг хэлж байсан. Мөн тухайн хоёр хүн нь хажуугаар өнгөрч байсан алба хаагч бүрийг хал амаар доромжлоод хашхираад зогсохгүй байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулаад байсан. Энэ үед эргүүлийн офицер ахмад ........а өрөөнөөс гарч ирээд юу болсон талаар асуугаад", тайван байх, чимээгүй байх талаар шаардлага тавихад ******* нь шүлсээ шал руу хаяахад "Энэ бол албан байгууллага, нус цэрээ хаяахаар бол ариун цэврийн өрөө рүү ор гэж хэлэхэд ******* шаардлагыг хүлээж авахгүй байсан. Хэсэг хугацааны дараа ******* нь тайвшираад ******* нь хяналтаа алдаад хажуугаар өнгөрч байсан алба хаагч нар руу "Та нар пизда ажлаа хийж чаддаггүй юм уу, татварын мөнгөөр цалинждаг байж ажлаа хийж чадахгүй" гэх зэргээр босч байгаад миний сууж байгаа газарт ирээд толгойгоо миний толгой руу ойртуулаад бие халдаж болзошгүй үйлдлүүд хийж байсан, энэ үед ...... ах буцаж өрөөнөөс гарч ирээд *******ад суух талаар шаардлага тавихад эсэргүүцээд суухгүй босч алхаад, хараагаад байсан тул тайван суулгахын тулд сандал руу аваачаад суулгасан хэдий ч ******* нь сандалнаасаа унаад босохгүй тухайн газраа мөн л нус цэрээ хаяад байсан. Ингээд удалгүй тухайн хоёр хүнийг эрүүлжүүлэх байр руу авч явсан. Тухайн хоёр хүнийг зодож цохисон асуудал байхгүй, тэр хоёр хүмүүс их хэмжээний согтолттой, өөрсдийгөө хянах чадваргүй байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

Гэрч Д........ 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн: “...Би тухайн өдрийн 18 цаг 40 минутаас эргүүлийн үүрэг аваад эргүүлийн офицерын үүрэг гүйцэтгээд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын төв байрны 103 тоот өрөөнд сууж байсан. Тухайн өдрийн 21 цаг болох гэж байхад төв байрны хүлээлгийн хэсэг буюу нэг давхарт үл таних хүмүүсийн хашхирах, бусдыг доромжлох үг хэллэг сонсогдож байсан тул өрөөнөөсөө гараад эрэгтэй хүн, саарал өнгийн цамцтай нэг эрэгтэй хүн нэг давхарт суусан, орилж, хашхирсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, нус, цэрээ шал руу хаясан, гавлагдсан байдалтай байсан. Тухайн хоёр хүнд тайван байх, байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдах ёстой, асуудлыг нь шийдвэрлэж өгөх талаар тайлбарлаад буцаад өрөө рүүгээ орчихоод байж байхад тухайн хоёр хүн чимээгүй болохгүй байхаар нь буцаад өрөөнөөс гарахад саарал өнгийн цамцтай эрэгтэй хүн нь журам сахиулагч гийн урд тулаад оччихсон, түүний шаардлагыг биелүүлэхгүй орилж, хашхираад байсан, ингээд суух талаар шаардлага тавихад шаардлагыг биелүүлэхгүй орилж хашхирсан хэвээр байсан тул түүний гарнаас бариад сандал руу суулгасан, энэ үед тэр залуу сандалнаас өөрөө шалан дээр унасан, уначихаад босохгүй байсан, тухайн хүн гавтай байсан тул өчилт хийсэн, тусгай мэх хэрэглэсэн асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,

Б..... 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр сэжигтнээр, 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Өрөөндөө ороод 0.75 литрийн “Ногоон Экс” нэртэй архи болон 2.4 литрийн хэмжээтэй "Сэрүүн" нэртэй пивог ууж байгаад машинаас цэнэглэгчээ хайх гээд гараад буцаад буудал руу ороход ресепшин нь байсан ба "тооцоо авчих" гээд өрөө рүү хамт явсан (тухайн үед харанхуй болсон байсан/ Тэгээд би өрөөндөө ороод *******ад хандаад "тооцоогоо хийгээрэй" гээд орон дээр хэвтсэн, тэгээд гэнэт ресепшингийн дуу нь чангараад байхаар нь харахад *******ыг заамдаад шатны уруу чирж байсан. Ингээд би тэр хоёрыг салгачихаад өрөөндөө орсон. Би өрөөндөө орчихоод цагдаа дуудсан, удалгүй цагдаа нар өрөөнд орж ирснийг санаж байна. Цагдаа ирснээс хойш юу болсныг ерөөсөө санахгүй байна, миний бодлоор *******ыг зодчихоод байхад бид хоёрыг авч явах гэлээ, шалгах гэлээ гэсэн байх. Тэгээд архиндаа болоод ухаан санаа орж, гараад явсан. Миний санаж байгаагаар ******* бид хоёр цагдаагийн машинд сууж байсан, төв цагдаа дээр ирснээ санаж байна. Цагдаа дээр ирээд бухимдаад хашхирсан. Ингээд эрүүлжүүлэх рүү аваад явсан.

...орон дээр хэвтэж байхад ресепшин, ******* хоёр маргалдаад байсан, намайг өрөөнөөс гарахад ресепшин *******ыг юүдэн дээрээс нь доош дарчихсан байсан, би тэр хоёрыг салгасан чинь тар ресепшин та хоёрыг алнаа, харна гээд шатаар доошоо буусан. ******* түүний араас явах гэхэд тэр ресепшин *******ыг шатаар чирж байхаар би дахиад салгасан. Ингээд тэр ресепшин гал тогоо руугаа орохоор нь би зэвсэг аваад гараад ирэх бий дээ гэж бодоод *******ыг аваад өрөөндөө орсон тэгээд цагийнх нь тооцоог хийгээд гарахаар болсон ба би 7037102 руу залгаад цагдаа дуудсан байсан. Энэ хооронд ширээн дээр байсан архинаас хэд хэд татсан. Ингээд 30-40 минутын дараа цагдаа өрөөнд орж ирсэн. Цагдаа орж ирээд яасан ийсэн, яасын гээд хүйтэн хөндий хандаж байгаа юм шиг санагдсан. Ингээд бухимдаад бид нар өөрсдийгөө хамгаалах гэж цагдаа дуудсан гээд хэрүүл маргаан үүсгэсэн. Ингээд нэг цагдаа регистрийн дугаарыг асуухаар нь би та өөрөө албан тушаал, цол нэрээ хэл, тэгж байж би регистрээ хэлнэ гээд хэлэхгүй байсан, би цагдаагийн өөдөөс бага зэрэг хараалын үг хэлснээ санаж байна, ингээд манайг орон дээр унагааж гавлаад цахилгаан бороохойгоор цохиулсан, ингээд би бачуурсан байсан, би нэг шатан дээр унаснаа санаж байна, би шатан дээр унахдаа л хөл, гараараа цохисон гэж бодож байна, цагдаатай цохилцож зодолдсон зүйл байхгүй, ингээд төв цагдаа дээр ирсэн, өөр цагдаа нар байсан, нэг өрee pүү авч ороод гавтай гарнаас татсан, толгой дээр өвдгөлж сууж байгаад гарыг гавлаж байгаад толгойны ар хэсэгт хүрч мэдрэгдсэн, цагдаа нар ийм арчаагүй байж битгий далжиганаж бай гэж хэлж байсан, тэгээд эрүүлжүүлэх рүү аваад орж байсныг санаж байна. Гар долоон хоног хөндүүрлэсэн, өрөөсөн төмсөг хавдсан байсан, шүүх эмнэлэгт зовиургүй гэж хэлсэн чатаар эхнэр рүүгээ явуулсан зурar байгаа Цагдаа нарыг өөрийгөө хамгаалуулах гээд дуудахад цагдаа нар хүйтэн хөндий, гэмт хэрэгтэнтэй харьцаж байгаа мэт түрэмгийлж байгаа мэт санагдсан. Шүүх шинжилгээнд хамрагдах гэж байхад мөрдөгч Энхтөгөлдөр нарийн ширийн шинжилгээ удна, явуулахгүй гэж хэлэхээр нь би ажилдаа яараад ажилдаа явж чадахгүй юм байна гэж бодоод зовиургүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60, 86-87 дахь тал/,

“.......... ХХК-ийн ТХҮ-27/10/153 дугаартай шинжээчийн: “...Galaxy Tab A7 загварын төхөөрөмжийн дэлгэц...160,000 төгрөгийн үнэтэй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 75-77 дахь тал/,

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас Дархан сумын нутаг дэвсгэрт 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шөнийн авто эргүүлийн үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хуваарь, томилгоо /хавтаст хэргийн 142-144 дэх тал/,

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дуудлага мэдээллийн бүртгэл /хавтаст хэргийн 146-147 дахь тал/,

Эд мөрийн баримтаар хураагдсан цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерийн бичлэг бүхий CD зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгох ба Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавих эрхтэй, цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдлийг хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч Б.*******ын хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт Galaxy Tab A7 загварын төхөөрөмжийн дэлгэц цуурсан  төлбөрт 160,000 төгрөгийг нэхэмжилсэн.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Galaxy Tab A7 загварын төхөөрөмжийн дэлгэц, шилэн наалтны аль нь цуурсан болохыг үзлэгээр сайтар тогтоогоогүй, хөрөнгийн үнэлгээ хийсэн компани нь хуульд заасан тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, дэлгэц цуурсан эсэхийг нотолсон баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. Мөн хохирогч нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг Дархан-Уул аймгийн Дархан сумаас гарахыг хориглохоор тогтоох саналтай байна...” гэв.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: “...Хэргийн нөхцөл байдал цагдаагийн алба хаагчдын буруутай үйл ажиллагаа гэж үзэж байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө өгнө үү гэсэн саналтай байна. Хэрэв эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй бол 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв. 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан хувийн байдалтай байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүхээс шүүгдэгч Б.......... ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н......... оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг  дэвсгэрээс гарч явахыг хориглохоор тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч .........г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б........ 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б....... оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумаас гарахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б......... нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, иргэний нэхэмжлэгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оролцогч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.ИДЭР